Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 922

 

      2020        07           21                                           2020/ДШМ/922

Ц.М, Ц.Б, Б.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.А,

шүүгдэгч, хохирогч Ц.Б,

шүүгдэгч, хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1904 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай эсэргүүцлээр Ц.М, Ц.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 1906067850773 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................., 1976 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 1-733Б тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон;

2. ......................., 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 2 дугаар гудамжны 2294 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 дугаар байрны 36 тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон;

3. .........................., 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Баянгол гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 28 дугаар байрны 75 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Ц.Б, Б.А нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, автобусны буудал дээрх иргэн Ц.Мы эзэмшлийн ТҮЦ-ний эд зүйлсийг эвдэлж, 390.720 төгрөгийн хохирол учруулсан,

Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд иргэн Ц.Мы нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ц.М нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, автобусны буудал дээрх ТҮЦ-нд иргэн Ц.Бтай маргалдаж, улмаар хөлийг нь зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4-т Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн хохирогчоор өгсөн “...Би хойшоо хараад хөргүүрээс ундаа гаргаж байхад гэнэт хөлийг нэг зүйлээр цохиж байгаа юм шиг болсон. Тэгтэл хөл зүсэгдэн цус гарч эхэлсэн. Яг юу шидсэнийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ТҮЦ-ний залуу лангуугаа өшиглөн хагалж байсан бөгөөд тэр шилийг шидсэн юм болов уу гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 15-16/, Ц.Мы хохирогчоор өгсөн “... гаднаас Баярмаа, Нансаа 2 орж ирээд “Билгүүн хаана байна” гэж асуухаар нь байхгүй гээд хэлтэл “чи хэн юм, угаацны гуйлгачин” гэж хэл амаар доромжлоод байж байхад Баярмаагийн нөхөр Амараа орж ирэн намайг цамцаар боогоод байж байтал эхнэр Баярмаа салгасан. Тэгээд Баярмаа манай ТҮЦ-ний шилэн лангуу, халуун сав, хаалганы бариул, печ, кондейшн зэргийг эвдлэн танхайрч байхад нь 2 цагдаа орж ирсэн. Амараа миний нүүр рүү гутлаараа өшиглөсөн, бас ах, эгч 2 нь миний толгой руу цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 17-18/, “... Тэгсэн Амарсанаа гэх залуу “чи миний тогийг хулгайлсан байна” гэхээр нь “үгүй ээ, би тогийг чинь хулгай хийгээгүй, тогны утас нь хаанаас холбогдож байна, тэрийг үзчих” гэсэн чинь шууд тогийг маань тасалсан. Тэгсэн Амарсанаа хаалганы дээр үүдэнд хананд байсан эйр кондейшинийг татаж газар унагаагаад хагалчихсан. Баярмаа нь шилэн лангууг түлхэж унагаагаад хагалсан, хөргөгчин дээр байсан халуун савыг газар авч шидсэн, эвдэрсэн байгаа хөргөгчинд байсан бараануудыг гаргаж газар шидсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22/, “... Баярмааг шилэн лангуу руу өшиглөх үед би лангууны дотор талд байсан. Харин Нансалмаа, Амарсанаа, Баярмаа гурав үүдэнд байсан, тэр хавиар юм эвдээд байсан, би лангуунаас хөдлөөгүй...” гэх мэдүүлэг /хх 23-24/, гэрч Нансалмаагийн өгсөн “...Тэгээд намайг яваад очиход Баярмаа эгч хөргөгчнөөс ундаанууд гаргаж байсан, үүдэнд нэг танихгүй залуу зогсож байсан. Баярмаа эгчийг хөргөгчнөөс ундаа гаргаж байхад ТҮЦ-ний гадна хаалга хаах гээд байхаар нь би хаалгахгүй гээд үүдэнд нь зогсож байсан. Баярмаа эгч хөргөгчөө гаргах гээд хаалга руу татаад байсан, тэгсэн тэр залуу баруун талын лангууны газар шалан дээр унасан байсан хагархай шилийг аваад Баярмаа эгчийн хөл рүү шидсэн. Тэгсэн Баярмаа эгч орилоод хөлөө харсан чинь цус гараад зүсэгдсэн байсан. ...Баярмаа эгч, худалдагч залуу хоёр байсан. Газарт баахан юм асгарчихсан, энд тэнд ундаа асгарсан байсан. Намайг ирэхэд лангууны шил нь хагарсан байсан. Намайг ирэхэд Амарсанаа байгаагүй. ...ТҮЦ-д байсан эд зүйлсийг хэн эвдэлснийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 35-36/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-70/ зэргээс үзэхэд уг хэрэг үйлдэгдсэн ТҮЦ-д хэн хэн байсан, ямар эд зүйлс байсан, тэдгээрээс алийг нь чухам хэн, хэзээ эвдэлсэн, хохирогч Баярмаагийн биед хэн гэмтэл учруулсан зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар дээрхи гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байх тул тэдгээр оролцогчдыг харилцан нүүрэлдүүлж байцаах, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Мы хохирогчоор өгсөн “...Баярмаа нь хоёр шилэн лангууны нэгийг нь гараараа түлхэн унагаж хагалсан, нөгөө нэг шилэн лангууг хаалга руу харан зогсож байгаад баруун хөлөөрөө хойшоо тийрсэн чинь шилэн лангуу хагараад хөлөө зүсчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23-24/-т хоёр лангууг эвдэлсэн гэсэн байхад “Дамно” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн БЗ1-20-109 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 61-62/-д зөвхөн нэг лангууны үнийг тогтоосон нь илт зөрүүтэй байна. Түүнчлэн дээрх баримтууд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-70/-ээс үзэхэд модон хүрээтэй лангууны шил хагарсан байхад лангууны бүтэн үнэлгээг тогтоосон, мөн печь, эйр кондейшн, халуун сав зэрэг цахилгаан хэрэгслийг ашиглах боломжтой эсэхийг тогтоогоогүй учир тэдгээрийн үнэлгээ эргэлзээтэй байх тул эд зүйлсийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагатай байна. Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Ц.М, Ц.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Ц.М, Ц.Б, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор А.Бямбацэемаа бичсэн эсэргүүцэлдээ: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж тус тус хуульчилсан. Дээрхи хэргийн хүрээнд яллагдагч Ц.М нь Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэрч Б.Нансалмаа, хохирогч Ц.Б нарын мэдүүлэг, Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаархи шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог бөгөөд тухайн хэрэгт яллагдагч Ц.М нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийгөө гэмт хэрэг үйлдсэнийг нотлох үүрэггүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ц.Мы өөрт холбогдосон хэргийн талаар урьд хохирогчоор өгсөн мэдүүлгийг нь зөрүүтэй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Хэргийн үйл баримтын хүрээнд прокурорын зүгээс яллагдагч Ц.М нь шилээр хохирогч Ц.Бгийн хөлийг зүсч хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн тул эвдэрсэн гэх 2 лангууны нэгийг нь үнэлгээний байгууллагаар үнэлүүлж дүгнэлт гаргуулсан. Тодруулбал, тухайн эвдэрсэн гэх 2 лангууны 1 нь гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэж дүгнэн яллагдагч Ц.Б, Б.Амарсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хохирлыг тооцож яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүх хуулиар олгогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой юм. Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, хуралдааны тэмдэглэл зэргээр гэм буруугийн хуралдаанаар хэргийг хэлэлцсэн байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр буюу урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатга хэлбэртэй байна” гэж заасан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А, Ц.Б нарын өмгөөлөгч Н.Буянжаргал тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хохирлын үнэлгээг буруу тогтоосон гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Учир нь, шилэн лангууны үнэлгээг тогтоох юм уу, учирсан хохирлыг тогтоох ёстой юу. Өөрөөр хэлбэл печ, кондишн, лангуу зэргийг сэргээн засварлах боломжтой юу, хэрэв тийм бол үүнд гарах зардлыг үнэлэх ёстой байжээ. Мөн үнэлэгдэх он цаг нь тодорхойгүй чипсийг үнэлсэн гэх мэт шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал олон байна. Гэтэл мөрдөгч энэ асуултыг шинжээчид тавиагүй нь хэргийн талаар нотлох баримт цуглуулахдаа хэрэгт хамааралтай байдлаар асуултаа тодорхойлж чадаагүй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Печ, кондишн зэрэг цахилгаан барааг засварлах, 2 ширхэг шилэн лангууны хагарсан шилийг сольж шил хийхэд гарах зардлыг үнэлэх нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан гэмтсэн эд хөрөнгийг засах тухай зохицуулалтад илүү нийцнэ. Ингэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан зүйлчлэлийг хэрэглэх эсэхэд нэг мөр хариулт өгөх юм. Нөгөө талаар Ц.Мыг Баярмаагийн хөлийг шилээр зүсч хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж прокурор дүгнэсэн атлаа уг шилийг Баярмаа, Амарсанаатай бүлэглэн хагалсан гэж байгаа нь харилцан зөрүүтэй дүгнэлт болжээ. Амарсанаа болон Баярмаа нар лангууг хагалсан талаар Мэндсайханы мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн Амарсанаа болон гэрч Нансалмаа нар лангууг Баярмаа болон Амарсанаа нар хагалаагүй болохыг мэдүүлдэг. Ямар үндэслэлээр Баярмаа, Амарсанаа нарыг буруутгах, Мэндсайханы мэдүүлгийг дээрх 2 хүний мэдүүлгээс илүү үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Амарсанаа нь Мэндсайханы баруун шанаа хэсэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өшиглөсөн гэх үйлдлийн талаар маргахгүй боловч шинжээчийн дүгнэлтээр энэ байдлыг үгүйсгэсэн. Хэрэг явдал болсон өдрийн 15:30 цагт ТҮЦ-нд өшиглөж гэмтэл учруулсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020/ШЗ/1904 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Прокуророос Ц.Б, Б.А нарыг нэг лангуу эвдсэн гэж дүгнэлт хийж, уг лангууг хохирлын тооцоонд оруулан тооцсон. Харин нөгөө лангуу нь эвдрээгүй байсан учир хохирлын үнэлгээнд оруулаагүй. Гэтэл анхан шатны шүүх 2 лангуу эвдэрсэн байна гэж үзсэн.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр 2 лангууг эвдсэн гэж үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.А “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргээ үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Мы өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1904 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т тус тус зааснаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэж шүүгчийн захирамжид дурдсан. Миний үйлчлүүлэгч Б.Аг нүүрэн тус газар нь өшиглөж, хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Мөн Ц.Б, Б.А нар нь бүлэглэн ТҮЦ-ийн эд зүйл эвдсэн болох нь тогтоогдсон. Харин Ц.М Ц.Бтай маргалдаж гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй. Ц.М тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгсөн. Харин хохирогч Ц.Б, гэрч н.Нансалмаа нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Үнэлгээний асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой. Миний бие гэм буруугийн шатнаас шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд Ц.Мыг цагаатгах байр сууринаас оролцсон.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.М, Ц.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.М, Ц.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус хуулчилсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож чадаагүй байна.

 

            Бусдын эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүй болгож устгах, тухайн эд хөрөнгийг гэмтээх гэдэг нь тусдаа ойлголт бөгөөд Ц.Мы эд хөрөнгийн аль эд зүйл нь устсан, аль нь гэмтсэн болохыг нарийвчлан тогтоож, хохирлын хэмжээг тодорхойлох нь зүйтэй.

 

Хавтас хэргээс үзэхэд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 61-62/-д 12 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээ байх боловч эвдэрсэн, гэмтсэн эд зүйлийн үнийг эд зүйл тус бүрээр нарийвчлан тогтоож, устгасан, гэмтээсэн эд хөрөнгийн хэмжээг тогтоогоогүй байх тул энэ талаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэв.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1904 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ         

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ