| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0064/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/57 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сумъяагийн Соёл-Эрдэнэд холбогдох 2428000000055 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь 2024 оны 02 дугааp сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бум-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн лангуунаас Б.Юмсүрэнгийн эзэмшлийн Samsung galaxy A-80 маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Соёл-Эрдэнийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Юмсүрэнгийн мэдүүлэгт: Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р багт байрлах Бум-Эрдэнэ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад өдөр 14 цагийн үед дэлгүүрийн бараа өрж байгаад лангуун дээр өөрийн эзэмшлийн Samsung Galaxy А-80 маркийн хар өнгийн гар утсаа үлдээгээд буцаад ирэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан. Би тухайн гар утсыг 2022 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд байдаг "Нарлаг" гар утас худалдааны дэлгүүрээс 980.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй ажиллагаа хэвийн гар утас байсан. Би дэлгүүрийн лангууны доор хэсэгт байрлах тавиур дээр үлдээсэн. Тэгээд өөр лангуун дээр очиж байж байгаад иртэл байхгүй болчихсон байсан. Тухайн үед надаас цагаан сарын үе байсан болохоор ачаалал их хүн их байсан. Би яг ямар хүн авсан талаар мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Юмсүрэнгийн мэдүүлэгт: Миний гар утсыг ашиглаагүй байсан. Кодыг нь тайлаагүй яг хэвээрээ байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байгаагүй. Би алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. /хавтаст хэргийн 23 дахь тал/
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би дэлгүүрт бараа үзэж байтал дэлгүүрийн гэр ахуйн барааны хэсэгт лангуун дээр гар утас байж байсан. Тэгээд тухайн гар утасны ойр хавьд нь хүн байхгүй байсан. Тэгээд хэсэг хугацаанд ажигласан чинь тухайн гар утас лангуун дээр байгаад байсан хүн ирж авахгүй байхаар нь нэг хүн утсаа орхиод явсан юм байна гэж бодоод уг гар утсыг авсан. Би уг гар утсыг тухайн үед олсон гэж бодож байсан юм. Тэгээд гэртээ хариад гар утас руу хэн нэгэн хүн залгахыг хүлээсэн. Тэгээд оройн 22 цаг хүртэл тухайн гар утас руу хэн нэгэн хүн залгаагүй огт утас нь дуугарахгүй байхаар нь тухайн гар утасны сим картыг салгасан юм. Тухайн гар утас хэн гэж ямар хүний утас гэдгийг би мэдэхгүй. /хавтаст хэргийн 42 дахь тал/
Дамно ХХК-ийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: А-80 маркийн гар утас 350.000 төгрөг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч О.Бат-Аюушид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно,
мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь 2024 оны 02 дугааp сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бум-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн лангуунаас Б.Юмсүрэнгийн эзэмшлийн Samsung galaxy A-80 маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Юмсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн шинжээчийн А-80 маркийн гар утас 350.000 төгрөг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэх дүгнэлт, Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дахь тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь хохирогч Б.Юмсүрэнгийн эзэмшлийн Samsung galaxy A-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Юмсүрэнд 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/-ээр тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ хохирогч Б.Юмсүрэнгийн А-80 маркийн гар утсыг хохирогч Б.Юмсүрэнд хүлээлгэсэн өгсөн болох нь Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дахь тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Соёл-Эрдэнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ хувийн байдлын тухайд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст””Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс ...шүүгдэгч С.Соёл-Эрдэнийг өөрийн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрөө төлсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнд холбогдох хэргийг нэг жилийн хугацаагаар тэнсэж оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал, дүгнэлт,
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн зүгээс ...хэлэх зүйлгүй гэх тайлбар тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тус тус хуульчилсан.
Шүүх шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Сумъяагийн Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Юмсүрэнд гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ