Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

 

2024 оны 05 сарын 08-ны өдөр                                                Дугаар 2024/ШЦТ/61                                                                                 ******* сум

 

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга А.Золзаяа

             Улсын яллагч Б.Мөнхдөл,

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2428000870106 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* 16-07 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч ******* үсдэх толгой руу нь цохих зэргээр зодож хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил үйлдэх явцдаа иргэн ******* биед халдаж зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч ******* мэдүүлэгт: "...2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед миний төрсөн эгч гийн хүү Энхбат манай гэрт гүйж ирээд аав, ээжийг зодоод байна гэдгийг хэлсэн. ...би гэрээс гараад эгчийн гэрт орсон чинь хүргэн ах ******* миний эгчийн дээр гарчихсан нүүр рүү нь цохиж үснээс нь татаж чангаагаад зодож байсан тул Мөнх-Эрдэнийг татаж эгч тэр хоёрыг салгасан. ... Тэгээд ******* манай эгчийг цохих гэхээр нь би дундуур нь орсон. Тэгэхэд миний дээд үүдэн шүд гэмтэж хугарч унасан. ...Хүргэн ах Мөнх- Эрдэнэ тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн эгчийг ирэхэд хардаж, хэрүүл маргаан хийж улмаар зодож цохьсон. ...******* эгчийг цохих гэж байгаад миний шүд рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Тэрний улмаас миний үүдэн дээд шүд хугарсан...******* намайг цохиж улмаар шүд хугалсан. Миний шүдний эмчилгээнд гарах зардлыг ******* надад өгнө гэж ярьж байсан гэжээ. /хх-ийн 13-14, 54-57 дахь тал/

Гэрч мэдүүлэгт: "...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* 16-7 тоот хаягт байрлах төрсөн эгч Энхмаагийн гэрт очсон. Тэгэхэд уг хаягт цуг байдаг гийн гэрт хүмүүс чанга дуу гаргаж өөр хоорондоо хэрэлдэж байгаа дуу чимээ гарсан. Тэгээд шууд эгчийн гэрт ороход хүргэн ******* эгчийг зодсон. Мөн Энхмаа эгчийн шүдийг гэмтээсэн байсан. Би хорих гэтэл дийлэхгүй байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэжээ. /хх-ийн 59-60 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн "...******* биед зүүн дээд 2-р шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. ******* биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн чадварт 5% нөлөөлнө. ******* биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн чадварт 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

            Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 45 дахь тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 46 дахь тал/

             Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 09 сарын 24-ний өдөр өөрийнхөө гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ хардаж гэр бүлийн хэрүүл хийж биед нь халдсан юм. Тэр үед манай эхнэрийн дүү Энхмаа орж ирсэн. Намайг эхнэртэйгээ маргалдаж байхад дундуур орж Энхмаа хорьсон. Би Энхмаагийн нүүр рүү нэг удаа цохьчихсон. Түүний улмаас Энхмаагийн шүд унасан. Уг асуудлын дараа Энхмаагийн хохирол төлбөрийг барагдуулах талаар хэлсэн. 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл эмчилгээнд гарах зардлыг ажил хийж Энхмаад өгөх талаар хээлж ярьсан гэжээ. /хавтаст хэргийн 97 дахь тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөлд гаргасан “******* миний бие 2023 оны 09 сарын 24-нд эхнэрийн дүү Г.Энхмааг цохьсон нь үнэн. Шүдний төлбөрт 100.000 төгрөг төлсөн. Цаашид төлбөрийг төлж барагдуулна. Уучлалт гуйсан. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 113 дахь тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 114 дэх тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 116-117 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 114 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* 16-07 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч ******* үсдэх толгой руу нь цохих зэргээр зодож хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил үйлдэх явцдаа иргэн ******* биед халдаж зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 54-57 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” заасан.

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Энхмаа хүсэлтдээ “...Г.Энхмаа миний бие 2023 оны 09 сарын 24-ний өдөр шүдэндээ гэмтэл авсан. Хүргэн ах ******* нь надаас уучлалт гуйсан. Үлдсэн шүдний төлбөрийг ойрын хугацаанд өгнө гэсэн учир надад санал гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хавтаст хэргийн 112 дахь тал/ гэжээ.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Энхмаад 100.000 төгрөг төлсөн, шүдний эмчилгээтэй холбоотой зардлыг төлөхөөр тохиролцсон байх тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд  эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /хавтаст хэргийн 105 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 75 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******  шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д нь хохирогч Г.Энхмаад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй  болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ