| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0094/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
2024 оны 05 сарын 10-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/65 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Б.Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц******* овогт ******* ******* холбогдох 2428000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, чих, нүүр хэсэгт цохиж, хавирч унагаасны улмаас биед баруун зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын урд хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч ******* мэдүүлэгт: “Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа, намайг эмнэлэгт очсоны дараа маргааш өглөө нь Чандмана-Эрдэнэ өөрөө ирж уулзаж надаас уучлалт гуйж би таныг зодчихсон юмаа гэсэн. Чандмана-Эрдэнэтэй хамт гарсан. Надад гомдол саналгүй..." /ХХ-ийн 3-8-р хуудас/
Гэрч ******* мэдүүлэгт: "... уг зодуулсан гэх хүний биеийн байдалд үнэлгээ хийхэд нүүр хэсэг, хоёр нүд хавдсан хамраас цус гарсан байдалтай мөн зүүн хөмсөгний дээд доод талд зүсэгдсэн шархнаас цус гарсан байдалтай байсан..." /хавтаст хэргийн 9-11 дэх тал/
Гэрч ******* мэдүүлэгт: “Би эхнэртэйгээ хамт явсан Чандмана-Эрдэнэ Энхболд хоёр харьж амарлаа гээд үлдсэн”. / хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Гэрч ******* мэдүүлэгт: “...Чандмана-Эрдэнэ эгээ би маргалдаад зодчихлоо гэсэн..." / хавтаст хэргийн 14-15 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "******* биед баруун зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын урд хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З. ******* биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. ******* биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Шүүгдэгч Б.Чандмана-Эрдэний мэдүүлэгт: Тухайн үед нэг нэгнийхээ үгийг даалгүй маргалдаж би Энхболдын бие эрх чөлөөнд халдсан миний буруу. /хавтаст хэргийн 48-50 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 57 дахь тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэд гаргасан “******* миний бие 2024 оны 04 сарын 12-ны өдөр ******* биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 67 дахь тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 114 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Чандмана-Эрдэнийн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, чих, нүүр хэсэгт цохиж, хавирч унагаасны улмаас биед баруун зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын урд хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Чандмана-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” заасан.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Энхболд хүсэлтдээ Ноён сумын Сайран багийн оршин суух хаягтай А.Энхболд миний бие *******д нэхэмжлэх зүйлгүй ямар нэгэн санал гомдол байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хавтаст хэргийн 65 дахь тал/ гэжээ.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Энхболдод 2.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 57 дахь тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 53 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Б.Чандмана-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Б.Чандмана-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Чандмана-Эрдэнийг гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц******* овгийн ******* Чандмана-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч А.Энхболдод 2.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ