Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн

Нарийн бичгийн дарга Г.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, прокурорын ялын санал бичиж  ирүүлсэн Цахар овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнд холбогдох 201613010087 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  аймгийн  суманд  оны дугаар сарын-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн  сумын  багт оршин суудаг,  хянан харгалзсан, Цахар овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэн /РД:ИВ82120713/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Б.Пүрэвсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Мөнхтогтох, Н.Бат-Амгалан, Ш.Дашзэвэг, Ч.Батсүх нарын эзэмшлийн 5 морийг хулгайлж, бусдад 5.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Мөнхтогтох, Н.Бат-Амгалан, Ш.Дашзэвэг, Ч.Батсүх нарын эзэмшлийн 5 морийг хулгайлж, бусдад 5.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байх ба гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар хохирлын талаар маргаагүй болох нь: 

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 12 сарын 20-ны орой 19 цагт сумын төвөөр явж байтал Н.Бат-Амгалан, Л.Мөнхтогтох, нар согтуу явж байсан. Тэгээд нэг шил архи уугаад тэр хоёр малаа хотлуулна гээд яваад өгсөн. Би гэрлүүгээ буцсан. Н.Бат-Амгалан, Л.Мөнхтогтох хоёр явахдаа араас ирээрэй гэсэн. Тэгээд гэртээ хариад дулаан хувцсаа өмсөөд гарч явсан. Л.Мөнхтогтохын гэрийн гадаа очсон чинь эхнэртэйгээ муудалцаад байгаа бололтой эхнэр нь уйлаад, дуу чимээ гараад байсан. Тэгэхээр нь би орж чадаагүй. Уг нь би ороод морийг нь гуйя гэж бодсон юм. Тэгээд маргалдаж байхаар нь орж чадалгүй гадаа уяатай байсан морийг нь аваад Асгат сумын төв рүү гэртээ ирээд эхнэрээсээ мөнгө гуйтал өгөөгүй. Тэгэхээр нь би уурлаад гараад явсан. Дээрээс унаж ирсэн 1 морь удаан унасан, тэгээд ч явахгүй байсан болохоор Ш.Дашзэвэгийн хүрэн халзан морийг аргамжаанаас нь тайлж авсан. Н.Бат-Амгалан, Л.Мөнхтогтох нарын морь бүр явахгүй байсан. Тэгээд зам дагаад явж байгаад Ч.Батсүхийн аргамжаатай хоёр морин дээр ирсэн. Тэр хоёр морь яг замын хажууд байсан. Ш.Дашзэвэгийн морийг эмээлэх гэсэн чинь эмээлүүлэхгүй байхаар нь би Батсүхийн саарал алаг морийг эмээлээд явж байгаад Жарантай голын гүүрэн дээр ирээд Н.Бат-Амгалан, Л.Мөнхтогтох, Ч.Батсүх нарын морийг сул тавиад, эмээлийг нь дэрсний хажууд боогоод тавьсан. Ш.Дашзэвэг ахын хүрэн халзан морийг хөтлөөд, Ч.Батсүх ахын саарал морийг хөтлөөд Нөмрөг явсан. 14 цагийн үед Нөмрөгт орж ирээд Мооно /Ч.Нямжаргал/-руу утсаар ярьж дүү нь хоёр морьтой ирлээ, мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, хавар ноолуурнаас өгье гэсэн чинь “надад мөнгө байхгүй” гэсэн. Би байнга замаараа орж гардаг болохоор тоглоод хоёр морь авах уу, би зармаар байна гэсэн. Тэгтэл үгүй гэсэн. Тэгэхээр нь би мал авч байгаа хүн байна уу гэтэл мэдэхгүй гэсэн. Өвс байна уу мориор буцах хэцүү байна гэсэн чинь чи мөнгөгүй юм чинь би яах юм, орой болохоор тавьж хөө, гүйгээд сүрэгтээ очих байх гэсэн. Тэгээд би орой тавиад хөөсөн. Ч.Батсүх, Ш.Дашзэвэг, Н.Бат-Амгалан, Л.Мөнхтогтох нарын морьдыг зөвшөөрөлгүй авч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-51 дүгээр хуудас/, 

Хохирогч Ч.Батсүхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би морьдоо 2016 оны 12 сарын 21-ний шөнө аргамжаанаас алдсан байсан. Өглөө 10 цагийн үед манай дүү Ч.Батмагнай мэдээд бид хоёр хамт морины мөрийг нь дагаад явсан. Бид хоёр мөр дагаж яваад хээр алаг морио олсон. Хээр алаг морьтой хамт хүрэн морь, халтар морь байсан. Тэгээд хүрэн морины эзнийг таньдаг болохоор эзэн рүү нь утасдаж хэлсэн. Тэгээд цааш мөр хөөгөөд явж байтал бензин дуусах гээд байхаар нь Түдэвтэй сум орж бензин авсан. Тэгээд дараа нь Нөмрөг сумын хэсгийн төлөөлөгчид морь алдсан талаараа хэлж, хамт мөр хөөж яваад төвийн зах хүргээд алдсан. Би 2016 оны 12 дугаар сарын 27-нд алдсан морьд болох хээр алаг морь, саарал алаг морьдоо олж авсан. Адуу эрж хайсан бензин тосны үнэ болох 160.000 төгрөгийг авсан. Одоо нэхэмжлэх зүйл санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг/хх-9 дүгээр хуудас/

Хохирогч Н.Бат-Амгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мөнхтогтох бид хоёр Мөнхтогтохынд очоод эмээлтэй морио гэрийнх нь ард талын амбаараас уячхаад гэрт орж гал түлж, хоол хийсэн. Хоолоо хийж байтал Мөнхтогтохын эхнэр орж ирээд мориныхоо эмээлийг аваач гэж хэлсэн. Тэгээд хоолоо идчихээд гарч хартал 2 морь алга болсон байсан. Би 2016 оны 12 дугаар сарын 29-нд алга болсон морио олж авсан. Одоо санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-13 дугаар хуудас/

Хохирогч Л.Мөнхтогтохын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бат-Амгалан бид хоёр манайд очоод эмээлтэй морио гэрийн нь ард талын амбаараас уячхаад гэрт орж гал түлж, хоол хийсэн. Хоолоо хийж байтал манай эхнэр орж ирээд мориныхоо эмээлийг аваач гэж хэлсэн. Тэгээд хоолоо идчихээд гарч хартал 2 морь алга болсон байсан. Би 2016 оны 12 дугаар сарын 29-нд алга болсон морио олж авсан. Одоо санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг./хх-17 дугаар хуудас/

Хохирогч Ш.Дашзэвэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би урьд шөнө Улаанбаатар хотоос ирсэн. Тэгсэн өглөө манай хүүхэд морь алга байна гэсэн. Тэгэхээр нь яасан бэ гэтэл “..морьтой хүн ирээд аваад явсан байна..” гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Морио авчихсан байгаа...”гэжээ. /хх-22 дугаар хуудас/

Гэрч Ч.Нямжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Б.Пүрэвсүрэн нь 4-5 цагийн үед ирсэн. Ирэхдээ ганцаараа явган ирээд би хүнээс 2 морь авах байсан юм, та авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хоёр морь чинь хаана байна гэтэл танай хашааны хойд талын хашаанд уячихсан байгаа гэсэн. Тэгэхээр нь би очиж үзье гээд хамт очоод үзсэн чинь саарал алаг морь, хүрэн морь эмээлгүй уяатай байсан. Тэгээд би ийм хоёр сайхан морийг авахгүй, хулгайн морь биш биз гэж асуусан. Тэгээд би энэ хоёр морийг авахгүй учир аваад явна уу? унаад явна уу? өөрөө мэд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Завхан аймгийн Асгат сумын эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын шинжээчдийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, хохирогч Ч.Батсүх, Н.Бат-Амгалан, Л.Мөнхтогтох, Ш.Дашзэвэг нарын хүсэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, шүүхээс уг ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Иймд шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг 2016 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын санал болгосон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нар хохирлын талаар маргаагүй, шүүгдэгчээс баримтаар ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн  хувьд ногдох эд хөрөнгө болох эм хонь 3 толгой, эр, эм ямаа 10 толгой, нийт 13 тооны малыг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цахар овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнг бусдыг эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг 110 /нэг зуун арав/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Пүрэвсүрэн нь албадан ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн хувьд ногдох эд хөрөнгө болох эм хонь 3 толгой, эр, эм ямаа 10 толгой, нийт 13 тооны малыг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд өмнө нь авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН