Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

 

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр                                               Дугаар 2024/ШЦТ/67                                                                    ******* сум

                                                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч *******,        

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,              

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000000103 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

   Холбогдсон гэмт хэргийн талаар:  

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдан зүүн далны дээд хэсэгт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Энхболд бид 2 манайд архи уусан. Согтуу маргаад би хутга бариад Энхболдыг хутгалсан байсан.

 

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед найз ******* хамт архи ууж хоорондоо маргалдсан. Тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Гэнэт л миний нурууны ар хэсэгт дүрчих шиг болохоор нь чи намайг хутгалчихлаа ш дээ гэсэн чинь гар нь сулрахад хутгыг нь гараас нь авч уутанд хийж халааслаад Шинэхүүг явъя гэхэд Шинэхүү явах тэнхэлгүй согтуу байхаар нь орхичихоод гэрээс нь гараад баруун тийш таксины зогсоол руу алхах замдаа худаг дээр хутгыг нь шидчихээд таксины жолоочийн утсаар найз Болдыг дуудаад Болдтой хамт эмнэлэг рүү явж зүсэгдсэн шархаа оёулсан. Миний зүүн далны дээд хэсэгт хутгаар дүрчихсэн, 2 см орчим л зүсэгдсэн байна гэсэн. Цаашаа гүн нэвтэрсэн зүйл байхгүй байна гэж эмч хэлсэн. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. /хавтаст хэргийн 16-22 дахь тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Тухайн өдөр ******* залгаад хүний утсаар ярьж байна, хүнд хутгалуулчихлаа эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн... Тухайн үед ажил дээр ажилтай байсан учраас эмнэлэг дээр хүргэж өгчихөөд явсан. Ажлаа амжуулчихаад буцаад очиход боолтоо хийлгэчихсэн очих газаргүй гэхээр нь гэррүүгээ аваад явсан. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: *******ын хамт өөрийн гэр болох Өмнөговь аймаг ******* сум 1-р баг хороолол 11-16 тоотод 2 шил архи хувааж уусан. Согтууруулах ундааг нэлээн хэтрүүлэн хэрэглэсэн байсан. *******ыг тухайн гэрт унт нэг бол гэр лүүгээ явж амар би гэртээ амарлаа гэж хэлсний улмаас бид хоёрын хооронд маргаан үүссэн. Маргааны улмаас уг гэрийн зүүн урд хэсэгт байх гал тогооны тавилга дээр байх хутгаар *******ын биед гэмтэл учруулсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. *******ын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хавтаст хэргийн 47 дахь тал/

 

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...*******ын биед нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. *******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хавтаст хэргийн 09-14 дэх тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-51 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 78 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 114 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдан зүүн далны дээд хэсэгт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-22 дахь тал/, гэрч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” заасан.

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* хүсэлтдээ “...******* миний бие Шинэхүү найзтайгаа маргалдаж 3-р сарын 29-нд зүүн далны хэсэгт хутгалуулсан. Одоо миний бие зүгээр, миний зүгээс санал гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хавтаст хэргийн 67 дахь тал/ гэжээ.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч *******од 200.000 төгрөг төлсөн байх тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 55 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 14,5 см, өргөн 2,3 см, нийт урт 26,5 см урттай шаргал өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь 9 хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Шинэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч ******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч ******* хохирогч *******од 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 14,5 см, өргөн 2,3 см, нийт урт 26,5 см урттай шаргал өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

           7. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ