Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор  Г.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дгийн Хт холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Дгийн Х, 1977 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Б аймгийн Ө сумын “Р” өрхийн эрүүл мэндийн төвд галч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 01 дүгээр нутаг дэвсгэр, өөрийнхөө гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Атай “...нүүрс буулгахаар хүмүүс ирэхэд надад хэлсэнгүй...” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар.

1. Шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Д.Хын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

4. Шүүгдэгч Д.Х нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 01 дүгээр нутаг дэвсгэр, өөрийнхөө гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Атай “...нүүрс буулгахаар хүмүүс ирэхэд надад хэлсэнгүй...” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Хын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн Б.Жаас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч С.А, гэрч М.М, Б.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 06, 08, 14-15, 18 дахь тал), шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Х  2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг бүрэн агуулжээ.

7. Шүүгдэгч Д.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

8. Энэ хэргийн улмаас хохирогч С.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Хын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.Х нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

12. Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Дгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.Т