Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

 

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр                                        Дугаар 2024/ШЦТ/75                                                                  ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч *******, өмгөөлөгч Б.Дугармаа,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000000099 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Гурван сайхан хороололд баригдаж байгаа барилгыг барьж буй Хүннүгийн говь ХХК-ийн багажны өрөөнөөс ногоон тотал нэртэй том молдок /газар ухагч/ 1 ширхэг, саарал өнгийн ingen нэртэй жижиг молдок /газар ухагч/ 1 ширхэг, улаан өнгийн жижиг гриндер /тасдагч багаж/ 1 ширхэг, лазер тэгш ус 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хувиараа барилгын ажил эрхэлдэг. Шинэ нисэх онгоцны буудлын тэнд цэвэр усны үйлдвэр баригдаад би гипсэн хана, тааз хийж байсан. Шөнө 3 цагийн үед ******* гэх залуу Төв аймгийн Сэргэлэнгээс хурдны адуу авахаар боллоо, та хүрээд ирэх боломж байна уу? гээд холбогдсон. Тэгээд ямар шалтгаанаар холбогдсон бэ? гэхэд Өмнөговь аймагт өдрийн 150.000 төгрөгийн цалинтай ажил буцалж байна. Хүн олдохгүй байна, таныг ажилд оруулаад өгье, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд нисэх онгоцны буудлаас наашаа постон дээр явган гараад ирэхэд таараад аваад явсан. Ирсний маргааш нь шинэ сургуульд ажиллана, чулуу наах ажил байна, 2.400.000 төгрөгийн ажил байгаа, би найзыгаа өдрийн 100.000 төгрөгөөр ажиллуулахаар дуудсан байгаа. Үлдсэн мөнгийг 2-уулаа хуваагаад авна гэж хэлсэн. Тэндээсээ хоол хүнсээ хасаад нэг хүний 700,000 төгрөг авах юм байна гэсэн зорилготой ажилласан. 5 хоног ажиллаад ажлаа хүлээлгэж өгөх болоход тэр залуу та ор гээд өөрөө орохгүй байсан. Тэгэхээр нь чи анх ажил олсон биз дээ? хамт оръё гээд ороход бидний хийсэн ажил 2.400.000 төгрөг биш 1.411.000 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Тооцоолоод бодоод үзэхэд 600.000 төгрөгийг түрүүлж аваад хувьдаа ашигласан байсан. Түүнээс 814.000 төгрөг үлдээд үүнээс 350.000 төгрөгийг надад өгөөд нөгөө туслах залууд 250.000 төгрөг өгөөд өөрөө 211.000 төгрөг авсан. Тэгээд бодоод үзэхэд нөгөө залуу 811.000 төгрөг, туслах залуу 250.000 төгрөг, би 350.000 төгрөг авсан болсон. Үлдсэн цалинг маргааш хийнэ гэж байна гээд тусалсан залууг хуураад явуулсан. Уг мөнгөнөөс би 50.000 төгрөгөөр утсаа сунгаад, 150.000 төгрөгийг бие муутай эхнэр рүүгээ эм тариагаа ав гээд шилжүүлээд 150.000 төгрөг үлдсэн. Тэрүүгээрээ би ахынд очихдоо жоохон чихэр, жимс авч өөрөө мөн хоол идсэн. Тэгээд үлдсэн мөнгөө үрээд дууссан. Буцъя гэхэд замын Зардалгүй болсон. Хүннү компани ******* бид 2-т тусгай өрөө гаргаж өгсөн байсан. Бас янз бүрийн багаж хэрэгтэй байна гэхэд бүгдийг нь авч ирсэн. Тэр нь компанийн эд зүйл гэдгийг мэдээгүй, өөрөө авч ирсэн гэж бодсон. Тухайн өрөөний түлхүүрийг би хариуцаж байсан учраас замын зардал хийгээд явчихъя гээд багажийг аваад Номин худалдааны төвийн урд байх Alphard явдаг зогсоол дээр очоод зохицуулагч гэх нэг ахад би энд таних мэдэх хүн байхгүй, ийм байдалд орсон, үүнийг 100.000 төгрөгт авчих, гэхдээ би буцааж авна шүү гэж хэлээд 100.000 төгрөг аваад зардал хийгээд унаанд суусан. Тэгээд Луус сум руу ороод сүлжээ орохоор нь ******* рүү залгаад ах нь чамаас авах ёстой цалингийн зөрүүндээ багажийг аваад Болд гэх 88333381 гэсэн дугаартай хүнд үлдээсэн шүү. 100.000 төгрөг төлөөд аваарай гэж хэлсэн. Гэтэл ******* намайг хулгай хийгээд аваад явсан байна гээд цагдаагийн газарт хандсан. Тухайн үедээ би байгууллагын эд зүйл гэж мэдээгүй, мөн хууль бусаар аваагүй. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэгт: Би 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн үед ажлын байр болох Өмнөговь аймаг ******* сум 1-р багт баригдаж байгаа шинэ сургуулийн барилгын талбай дээр ирэхэд манай ажилтан надад 2 ширхэг молдок /газар ухагч/, 1 ширхэг криндер /тасдагч/, 1 ширхэг лазер тэгш ус алга болсон байна гэж хэлсэн би тухайн багаж байсан газар очиж үзэхэд байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн багаж Хүннүгийн Говь ХХК-ны эзэмшлийн багаж байсан. 1 ширхэг Total нэртэй молдок /газар ухагч/-ыг аймгийн төвөөс 750.000 мянган төгрөгөөр авсан, Ingen нэртэй молдок /газар ухагч/-ыг Улаанбаатар хотоос 300.000 мянган төгрөгөөр авсан, криндер /тасдагч багаж/-ыг 150.000 мянган төгрөг, лазер тэгш усыг 350.000 мянган төгрөгөөр авч байсан. Дотор засал хийж байсан ******* ажилдаа ирээгүй огт холбоо аваагүй алга болсон. Улаанбаатар хотоос ирээд 5 хоног ажиллаж байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байсан. Түүнээс хойш холбоо аваагүй. ...Манай байгууллагаас хулгайд алдагдсан эд зүйлүүдийг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 18-19, 22 дахь тал/

            Иргэний нэхэмжлэгч мэдүүлэгт: Би хот худалдааны төвийн зогсоол дээр 2024 оны 04 дүгээр сарын эхээр очоод байж. байхад нэг цагаан өнгийн такситай нэг эрэгтэй хүн ирсэн тэр хүнийг 50 орчим настай болов уу гэж харсан таксины жолооч нь нэг эмэгтэй байсан би бас танихгүй хүн байсан. Таксигаар ирсэн хүн би Улаанбаатар хотоос барилгын ажил хийх гэж ирсэн чинь хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таарахгүй Улаанбаатар явах гэж ирлээ надад замын зардал байхгүй байна. Надад миний ажлын багаж байна гээд нэг том молдок, нэг жижиг молдок, нэг жижиг гриндер буюу тасдагчийг машинаас гаргаж ирж үзүүлээд нэгийг нь зардалдаа өгөөд явчихъя гэхээр нь би та хаанаас хулгай хийгээд ирэв гэж асуухад би тийм хулгай хийхээр хүн байна уу би өөрөө ийм багажтай явж барилга дээр ажилладаг хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд та надад 200.000 төгрөг өгчих би эргэж ирээд төлнө та барьцаанд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би эвдэрхий юм өгчихөөд сүүлд нь надаас бүтэн юм өгсөн гээд нэхээд байх вэ гэж хэлээд автобусны зогсоолын барилга дээр орж тогонд шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байсан. Тэгсэн нөгөө хүн надаас 200.000 төгрөг өгчих гээд байхаар нь би замын зардал хоолны мөнгө болох 100.000 төгрөг л өгнө бусдаар бол авахгүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн 100.000 төгрөг аваад явъя гэж хэлээд надад багажаа үлдээгээд Улаанбаатар хот руу Жаргалбаяр гэдэг жолоочид суугаад яваад өгсөн. Би 100.000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд би нөгөө багажийг нь машиндаа тавиад байж байхад удалгүй нөгөө нөхрийн ажлаас нь гээд хүмүүс сураад хүрээд ирсэн. Тэгээд би багажийг нь үзүүлсэн чинь манай ажлаас алга болсон багаж мөн байна гэсэн. Тэгээд хэд хоногийн дараагаар цагдаагийн газраас надаас багажийг хурааж авсан ийм зүйл болсон юм гэжээ. /хавтаст хэргийн 25 дахь тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Mиний бие Шүүхээс 5 удаагийн ял шийтгэл авч байсан. Одоо Улаанбаатар хот СХД-ийн .. тоотод эхнэр хүүхдийн хамтаар оршин сууж байна гэжээ. /хавтаст хэргийн 42 дахь тал/

Дамно ХХК-ийн 2024 оны 04 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: нийт 702.000 төгрөг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-13 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142 шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-67 дахь тал/

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-74 дэх тал/

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 77-86 дахь тал/

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 87-100 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Б.******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Гурван сайхан хороололд баригдаж байгаа барилгыг барьж буй Хүннүгийн говь ХХК-ийн багажны өрөөнөөс ногоон тотал нэртэй том молдок /газар ухагч/, саарал өнгийн ingen нэртэй жижиг молдок /газар ухагч/, улаан өнгийн жижиг гриндер /тасдагч багаж/, лазер тэгш ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг /хавтаст хэргийн 14-22 дахь тал/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

            Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч “Хүннүгийн говь” ХХК-ийн эзэмшлийн ногоон тотал нэртэй том молдок /газар ухагч/, саарал өнгийн ingen нэртэй жижиг молдок /газар ухагч/, улаан өнгийн жижиг гриндер /тасдагч багаж/, лазер тэгш ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Хүннүгийн говь ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч 702.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 04 сарын 11-ний өдрийн шинжээчийн “нийт 702.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/-ээр  тогтоогдсон.  

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* хохирогч Хүннүгийн говь ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч багаж, эд зүйлсийг бүрэн гүйцэт хүлээлгэсэн өгсөн болох нь Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-13 дахь тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Болдод 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг,  хэрэгт ирүүлсэн депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайдурьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст””Бүртгэлтэй” /хавтаст хэргийн 57 дахь тал/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142 шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-100 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас  5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт удаа дараа холбогдон хорих ялаар шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялыг оногдуулах, тус хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн зүгээс “...Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу учруулсан хохирол төлбөрөө төлсөн, мөн тухайн нөхцөл байдлыг андуурсан байдал харагддаг. Яагаад гэвэл эдгээр багажийг х  гэж ойлгож байдаг.  ******* илүү цалин аваад энэ хүнд цалинг нь дутуу олгосон учраас дутуу цалингаа *******эс авъя гэсэн ойлголттойгоор энэ үйлдлийг хийсэн байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн юм уу? андуурснаас ийм үйлдэл гаргасан байх боломжтой байна гэж харж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрөө хөнгөн гэмт хэрэг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын зүгээс .”..Хийсэн хэргээ хүлээж байгаа. Маргах зүйл байхгүй. Ар гэрийн гачигдлыг ойлгож хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг тус тус  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн, андуурсны улмаас тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд үл нийцэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь хуулийн зорилго зарчим, шүүгдэгчийн гэм бурууд нийцнэ гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.******* зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.******* зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* Хүннүгийн говь ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч багажийг бүрэн гүйцэд хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Болдод 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ