Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ....-р багт оршин суух, /РД:.............., утасны дугаар ............/, С.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ............., “..........” гэх газар нутаглах, /РД:..........., утасны дугаар ............/, М.Г-д холбогдох

 

“Дутагдуулсан малын үнэ 2,500,000 төгрөг, бойлсон мал, махны жингийн зөрүүд 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, хариуцагч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Г-д 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 600 гаруй бог малыг зөөвөрлөж, 1,000,000 төгрөгийн хөлсөөр хариулуулахаар тохиролцож, тоолж хүлээлгэн өгсөн. Малаа хүлээлгэн өгөхдөө 11 дүгээр сарын сүүлээр, эсхүл 12 дугаар сарын эхээр буцааж авахаар тохиролцсон боловч 10 дугаар сарын 19-ний өдөр түүний хадам ээж нь ирээд “мал чинь 2, 3 хоног манай хүргэний хашаанд өвс, усгүй байлаа, хуц, ухнаа тавих гээд байна, танайх одоо малаа ав гэхээр нь юу яриад байгаа юм бэ? хариулна гэж хөлсөө бүрэн авчихаад манайд мэдэгдээгүй” гэж хэлээд М.Г-той утсаар холбоо барьж, тэр малыг үргэлжлүүлэн хариулахаар болсон. 12 дугаар сарын 04-ний өдөр очиж малаа тоолж авахад 15 хонь, 4 хурга, 6 ямаа, 6 ишиг,  дутсан. 8 эр хонь тавьсан боловч 2-ыг нь авсан. Малаа бойлсон бөгөөд мал турж эцсэн байсан тул жин бага татаж, маш их алдагдалд орсон. Тухайн үед малаа авахдаа мал турж эцсэн, жин бага, маш муу байна, дутаасан малаа гүйцээж авмаар байна гэхэд өгөх мал байхгүй, хэлдэг газраа хэл гэж байсан. Дутагдуулсан 32 тооны малыг мөнгөн дүнгээр нь тооцвол 2,500,000 төгрөг, жин бага, турж эцсэн малыг хүлээлгэн өгсөн жингээр бодож мөнгөн дүнгээр тооцвол 500 бог бойлсон бол нэг малаас хамгийн багаар бодоход 2 кг-ийн зөрүү 5,000,000 төгрөг болно. М.Г-гийн тавьсан 600 тооны бог малаас хурга, ишиг нийлсэн 100 тооны малыг өөр айлд тоолж өгсөн боловч үхээд дуусч байна. Хөрш айл нь хэлэхдээ “танай хурга, ишигийг сольж, өөрийн муу малаа оронд нь өгсөн байна” гэж хэлсэн. М.Г нь хүний эд хөрөнгөд хариуцлагагүй хандаж, хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж алдангид оруулсан тул нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би бага наснаасаа эхлэн мал маллаж, одоо ч гэсэн өөрийн хэдэн малаа маллан амьдарч байна. С.А-ыг сайн танина. 2019 оны намар 40-50 тооны бог малыг манай малд тавьсан. Үргэлжлүүлээд мал авчирч тавьсаар л байсан. Тавьсан мал нь 600 гаруй болсон. Би С.А-ын малыг сольж шилээгүй, надад тэгэх шаардлага байхгүй. Намар хуц, ухнаа тавих болж, 10 дугаар сарын 20-ны үеэр С.А-ын малаас өөрийнхөө малыг ялгасан. С.А 12 дугаар сарын 04-ний өдөр ирж малаа авсан. Би С.А-д “та хуц, ухна тавих үеэр малаа аваарай” гэж хэлж байсан боловч ирж аваагүй. Малаа хээлтүүлэгт оруулахын тулд ялгаад хариулсан. Айлын малыг хашаанд хашаад идүүлж уулгахгүй байсан асуудал байхгүй. Би С.А-ын малаас нь 10 хонь, 1 ямаа, 6 ишиг, нийт 17 тооны мал дутаасан нь үнэн. 32 тооны мал дутаагаагүйг С.А өөрөө мэдэж байгаа. Мал хариулгын талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Үнэ хөлсний талаар болон мал дутаасан тохиолдолд төлүүлэх талаар тохиролцоогүй. Намайг эзгүйд зарим малаа миний дүүд хүлээлгэн өгсөн байсан. Тэр дүү маань бичиг үсэг, тоо мэдэхгүй. 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл малыг нь маллаад байхад 1,000,000 төгрөг л өгсөн. Манай суманд хөлсний малыг сарын 300,000 төгрөгөөр хариулдаг. Би энэ хүний 600 гаруй малыг үнэгүй шахуу 2 жил хариулсан. Тэгээд ч би С.А-оос 250 гаруй малыг тоолж авч байсан. Миний дүүд хэдэн тооны мал хүлээлгэн өгснийг би мэдэхгүй, өөрийнх нь хэлсэн амаар л явж байгаа. Ирж малаа тоол гэж зөндөө хэлж байсан боловч ирдэггүй. Эцэст нь хэлэхэд албан ёсоор малаа тоо ёсоор хүлээлгэн өгөөгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй байж үндэслэлгүйгээр 7,500,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч М.Г нь нэхэмжлэгч С.А-той тохиролцсон ёсоор малыг нь малласан. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч М.Г-г 32 тооны мал дутагдуулсан гэдэг боловч үүнийг нотлох баримтгүй, харин хариуцагч 17 тооны мал дутагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 3 хонийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Үлдэгдэл 14 тооны малыг өгнө. Нэхэмжлэгч 600 гаруй мал хүлээлгэн өгсөн гэдэг боловч нарийн данс тооцоо байдаггүй. Ямар үндэслэлээр 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч С.А нь хариуцагч М.Г-д холбогдуулан “Дутагдуулсан малын үнэ 2,500,000 төгрөг, бойлсон мал, махны жингийн зөрүүд 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч С.А нь өөрийн 600 гаруй тооны бог малыг 2020 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд маллуулахаар, хариулгын хөлсөнд 1,000,000 төгрөг өгөхөөр хариуцагч М.Гтой амаар тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

                  Иргэний хуулийн 359 дүгээр 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” гэжээ.

Нэхэмжлэгч С.А хариуцагч М.Г-гоос учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй хэдий ч хариуцагчийн  хариулганд яг хэдэн тооны мал хүлээлгэн өгсөн, хэдэн тооны малаас 32 тооны мал дутаасан нь тодорхойгүй, мал хүлээлцсэн талаар данс бүртгэлгүй, хонь ямаа, ишиг хурга тус бүр хэд дутсан талаар нэг бүрчлэн заагаагүй, тус бүрийг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа талаар албан ёсны үнэлгээг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 Хариуцагч М.Г нь 32 тооны мал дутаагаагүй гэж маргах бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэсний дагуу 32 тооны мал дутаасан гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.

            Мөн нэхэмжлэгч С.А нь жин бага, турж эцсэн малыг хүлээлгэн өгсөн жин, мөнгөн дүнгээр тооцож, 500 бог бойлсон бол нэг малаас хамгийн багаар бодоход 2 кг-ийн зөрүү, нийт 5,000,000 төгрөг олох байсан гэж үзэж, хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.

            Нэхэмжлэгч С.А энэхүү шаардлагынхаа талаар “миний мал намар М.Г-д хүлээлгэн өгөх үед тарга хүч сайтай байсан. Малаа буцаан авч бойлох үед турж эцсэн байснаас мах нь жин дарахгүй, алдагдалд хүргэсэн. Түүний хадам ээж болон хөршүүд нь хэлэхдээ “ танай малыг хариулдаггүй, эзэнгүй орхидог, хашаанд өвс, усгүй 2, 3 хоног  хашаатай байдаг” гэж хэлсэн зэргээс үзвэл мал тарга хүчээ алдсан нь түүний маллагаатай холбоотой гэж үзэж байна.” гэж тайлбарладаг.

            Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажиллах процесс өөрөө байдаг онцлогтой.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж зааснаас үзвэл хариуцагч нь зохих хугацаанд нэхэмжлэгчийн малыг маллах үүргээ гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд харин мал эцэж турснаас нэхэмжлэгч мал, махаа борлуулахдаа алдагдал хүлээсэн нь гэрээний зүйл болон хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байгаагаас гадна нэхэмжлэгч нийт хэдэн тооны мал бойлсон, нийт хэдэн килограмм болсон, килограмм мах хэдэн төгрөгний үнэтэй байсан, хэдэн  төгрөгөөр зарж борлуулсан зэрэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

            Иймд хариуцагч М.Г-гоос “Дутагдуулсан малын үнэ 2,500,000 төгрөг, бойлсон мал, махны жингийн зөрүүд 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч С.А-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Г-гоос “Дутагдуулсан малын үнэ 2,500,000 төгрөг, бойлсон мал, махны жингийн зөрүүд 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЗУУ