Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн .................. “............” хотхоны ......... тоотод оршин суух, /РД:..........., утасны дугаар........./, Б.Я-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г-т холбогдох

 

“Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “...........” ХХК-ийн үнэлгээчин М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие шүүхийн шийдвэрээр төлбөр авагч нарт 15,224,728 төгрөгний төлбөртэй бөгөөд үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өөрийн эзэмшлийн Ү-1213001162 дугаартай .................., “......”-ын ........тоотод байрлах үйлчилгээний төвийг шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр “.............” ХХК 34,534,708 төгрөгөөр үнэлсэн. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ байрыг худалдан авч өөрийн үйлчилгээний төвийн нэг давхараас 2 давхар руу шат гаргаж засвар үйлчилгээ хийсэн. Манай үйлчилгээний газар аймгийн төвд А зэрэглэлийн газарт байрладаг. Үйлчилгээний газар, байршил сайтай газрын үнэлгээ маш бага байна. Зах зээлийн ханшаар байршилаас шалтгаалж үйлчилгээний зориулалттай байр ойролцоогоор м2 нь 2,000,000-3,000,000 төгрөгний хооронд байна. Гэтэл миний үйлчилгээний төвийн м2-ын үнийг багаар бодож үнэлгээг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтийн дагуу миний эзэмшлийн Ү-............... дугаартай ..................т орших “Шарга”-ын 36 тоотод байрлах үйлчилгээний төвийг үнэлсэн “.............” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч Б.Я-ийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн .................., “шарга”-ын 36 тоотод байрлах үйлчилгээний төвийг хураан авч, “..............” ХХК-иар үнэлгээ гаргуулж, уг байрны зах зээлийн үнийг 34,534,708 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Учир нь нэхэмжлэгч уг байранд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж зээлээ дардаг, А зэрэглэлийн газар байрладаг. Энэ байрыг буулгаж шинээр байр барилаа гэж бодоход зөвхөн газар нь л 2 өрөө байрны үнэ хүрнэ. Гэтэл энэ үнэлгээгээр өнөөдөр нэг өрөө байрны ч үнэ хүрэхгүй, 34,534,708 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд “.............” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль ёсны төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Б.Ягаанцэцэгээс шүүхийн шийдвэрээр 16,631,704 төгрөгийг гаргуулан хуулийн этгээд болон иргэнд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй .................., “........”-ын ... тоот хаягт байрлах 27,5 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19170380, 19170362, 19170156/04 дугаартай хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Ц.Энхжаргалыг томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгосон.

Төлбөр төлөгч Б.Я үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж иргэний хэргийн анхан шатны шүүхээс шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосон. Иймд дахин шинжээч томилж, хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин М.Т-ыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан.

            Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан.

            Иймд Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч Б.Я-т холбогдох 3 төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах 16,638,700 төгрөгийн гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 18, 19, 04-ний өдрүүдэд хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан. Шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, талуудад 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч Б.Я нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэснийг зөрчсөн. Манай байгууллага нь үнэлгээ гаргадаггүй. Мэргэжлийн байгууллагад хандаж үнэлгээг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “.............” ХХК-ийн үнэлгээчин М.Т тайлбарлахдаа: Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 19170156/06, 19170380/06,19170362/06 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Сүхбаатар аймгийн .................., “.....а”-ын .... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох үнэлгээчнээр томилогдсон. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай туслах ажилтан Одбаяр газар дээр нь үзлэг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхдээ Б.Я-тэй гэрээ байгуулсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үнэлгээ бол Сүхбаатар аймгийн .................., “Шарга”-ын 36 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой. Тэрнээс биш газар бол хамаагүй. Миний хувьд дээрх тогтоолын дагуу үнэлгээ тогтоосон. Тогтоолд газрыг үнэлэх талаар заалт байхгүй. Үнэлгээг тогтоохдоо Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын дагуу нэгж нормативын тохируулга хийж үнэлсэн. Үүнд 5 итгэлцүүр байдаг. Хамгийн өндөр итгэлцүүрээр үнэлсэн. Зах зээлийн үнэлгээгээр үнэлэх боломжгүй тул өртгийн аргаар үнэлсэн. Миний хувьд иргэн Б.Я-ийн ямар нэгэн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г-т холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.7.19-ний өдрийн 147/ШЗ2019/00802 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Я нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,600,000 төгрөгийг Э.Э, Б.Н нарт төлөхөөр эвлэрсэн тухай “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулж,

 

- 2019.8.20-ны өдрийн 147/ШШ2019/00335 дугаартай шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,324,728 төгрөгийг Э.Н төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

-мөн шүүхийн 2019.3.27-ны өдрийн 147/ШЗ2019/00387 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаандаа төлөөгүй шимтгэл, алданги 5,706,976 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн 5630082185 тоот дансанд төлүүлэх тухай Актыг баталгаажуулж шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч Б.Я нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхээс 2019.3.27-ны өдөр 147/ГХ2019/00088, 2019.9.17-ны өдөр 227, 2019.10.09-ний өдөр 147/ГХ2019/00268  дугаартай гүйцэтгэх хуудас тус тус бичигдэж, Ш.Ш.Г.Г 19170362, 19170380, 19170156 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

            Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.04-ний өдрийн 10/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолоор төлбөр төлөгч “Наран хөх тэнгэр” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2019.8.01-ний өдрийн 168 дугаар тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

 

Б.Н нарт төлөх 8,600,000 төгрөгийг 2019.10.25-ны өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5644031270 тоот дансанд тушаахыг төлбөр төлөгчид 2019.10.15-ны өдрийн 19170362/01, Э.Н төлөх 2,324,728 төгрөгийг 2019.10.28-ны өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5644031270 тоот дансанд тушаахыг төлбөр төлөгчид 2019.10.11-ний өдрийн 19170380/01, Нийгмийн даатгалын хэлтэст төлөх 5,706,976 төгрөгийг 2019.10.18-ны өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5644031270 тоот дансанд тушаахыг төлбөр төлөгчид 2019.10.11-ний өдрийн 19170156/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр хүргүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Ц.Х нь 2019.11.28-ны өдөр 19170362/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол үйлдэж, төлбөр төлөгч Б.Я-ийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн .................., “.......”-ын ...... тоотод байрлах, 27.5 м2 талбайтай, 2 өрөө, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1213001162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2019.12.19-ний өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахын мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тул 2019.12.23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч “Эд хөрөнгө хураах тухай” 19170380/04, 19170156/04, 19170362/04 тогтоол үйлдэж дээрх эд хөрөнгийг хураасан байна.

 

Төлбөр төлөгч Б.Я нь үл хөдлөх эд хөрөнгөө 80,000,000 төгрөгөөр  үнэлэх саналыг Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г-т хүргүүлжээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцож тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020.6.09-ний өдрийн 19170156/06, 19170380/06, 19170362/06 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол” үйлдэж төлбөр төлөгч Б.Я-ийн өмч болох Сүхбаатар аймгийн .................. “--”-ын ----- тоот хаягт байрлах 27.5 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай Ү-1213001162 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “........” ХХК-ийн шинжээч М.Т-ыг томилсон байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, “........” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г-т хүргүүлжээ.

 

“.........” ХХК-ийн үнэлгээчин М.Т-ны гаргасан 2020.6.15-ны өдрийн ТХҮС/20-032 дугаартай үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч Э.Н, Б.Н, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон төлбөр төлбөгч Б.Я нарт 2020.6.26-ны өдрийн 1/390, 1/932, 1/933 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тус тус танилцуулж, тэмдэглэл үйлджээ.

 

Нэхэмжлэгч Б.Я нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаарзүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, мөн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2021.01.22-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Үнэлгээчин дараах эрх эдэлнэ”, 13.1.1-т “хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох" гэж тус тус заажээ. 

 

Иймд үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийх өртгийн хандлагын аргыг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүх үгүйсгэх боломжгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г-т холбогдох “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Я-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь Ш.Ш.Г.Г-т холбогдох “.............” ХХК-ийн 2020.6.15-ны өдрийн ТХҮС/20-032 дугаартай “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ