| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 108/2019/0098/Э |
| Дугаар | 2020/ДШМ/943 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2020/ДШМ/943
Д.Х-, Н.С- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогч, шүүгдэгч Н.С-,
шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр, М.Энхжаргал, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч С.Соронзонболд, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Х-, Н.С- нарт холбогдох эрүүгийн 1807006610082 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д.Х-, 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 466 дугаартай захирамжаар нийт эдлэх ялаас 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг өршөөн хассан ба мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2. Н.С-, 1990 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Д.Х- нь Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 13-96 тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Н.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зэвсэг болох хутгаар зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн үзүүр хэсгийг зүсэж тайрсан, мөн цээжин тус газар луу нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Н.С- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 13-96 тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Д.Х-тэй маргалдан улмаар баруун гарын 3 дугаар хурууны /дунд хурууны/ 1 дүгээр үеийн үзүүр хэсэгтээ хутгаар зүсүүлэн гэмтэл авсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор болон 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “миний хуруу гар гэмтээгүй, тасарсан асуудал байхгүй, цээжин хэсэгтээ мэсийн гэмтэл авснаас өөр авсан гэмтэлгүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Х-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Н.С-ийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.Х-ийг 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.С-өд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар биелүүлэхийг даалгаж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х-ийн 2019 оны 8 дугаар сарын 7-ноос 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.С-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Х- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэмт хэрэгт холбогдсоноор хайртай дотны ах, эгч, дүүс болон өнчирч хоцорсон 08 сартай ганц охиноо давхар яллаж байгаадаа харамсаж байна. Иймд надад оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэжээ.
Хохирогч, шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хохирогч Н.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлэгтээ зөвхөн цээжинд учирсан гэмтлийн талаар дурдсан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо мөн адил “Миний зүүн гарын хуруу тасарсан асуудал байхгүй” хэмээн тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээч С.Төгсбуян нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтдээ “...зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдал ... цаашид хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна...” гэдэг. Ингээд хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж шинжээч С.Төгсбуянгаас мэдүүлэг авахад “...тухайн үед би зөвхөн сторыг үзэж дүгнэлт гаргасан. Стор дээр зүүн сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдал гэж бичигдсэн байсныг 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдал гэж санамсаргүй бичиглэлийн алдаа гаргасан...” гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 198 дугаартай дүгнэлтэд “Н.С-ийн баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үеийн үзүүр хэсэг хумс нь урагш дотогш махийсан ба тухайн хэсэгт гэмтэл авч байсан байна. Уг хэсэгтээ тайрагдалгүй байна.” гэсэн байхад анхан шатны шүүх шинжээч С.Төгсбуянгийн дүгнэлтэд үндэслэн Н.С-ийг гэм буруутайд тооцсон нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Тасарсан хурууны урт 2 см орчим байсан. Гэвч шинжээч С.Төгсбуян шүүх хуралдаанд “...хүний хуруу эргэж төлждөг...” гэж эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн. Шинжээч С.Төгсбуян улаан цайм хүний баруун гарыг зүүн гар гэж худал дүгнэлт гаргасанд хариуцлага тооцоогүй атлаа түүнийг улам өөгшүүлж шүүх хуралдаанд оролцуулж худал дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Хохирогч хуруугаа тайрууллаа гэж гомдол гаргаагүй, яллагдагч энэ талаар хэргээ хүлээгээгүй, шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй, хуруу нь бүрэн бүтэн болсон, хохирогчийн мэдүүлэг тогтвортой, цээжинд хутгалуулснаас өөр гэмтэл байхгүй гэж мэдүүлсээр байтал хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэдгийг чухам ямар нотлох баримтаар нотлоод байгаа нь эргэлзээтэй. Тасарсан хуруу алга болсон. Хэнийх болохыг шинжилгээнд явуулж тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6 дахь заалтууд буюу нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй тул Н.С-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Д.Х- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд шүүх хуралдаанд энэ талаараа илэрхийлсэн болно. Тэрээр хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч Н.С- нь гомдол саналгүй болсон. Мөн Д.Х- нь 08 сартай охины хамт амьдардаг ганц бие эцэг. Эхнэр нь 2019 онд өвчний улмаас нас барсан. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарахад хохирогчийн Н.С-ий зүй бус харилцаа нөлөөлсөн талаар тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн. Мөн Д.Х-ийн хувийн байдлын талаар өмгөөлөгч Ж.Батбаяр тодорхойлж хэллээ. 08 сартай хүүхдийн хувь заяаны асуудал туйлын хүнд болоод байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тасарсан хуруу хэний, ямар хуруу болох нь тодорхойгүй. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 975 дугаартай магадлалаар тодорхой субъектүүдийг шалгах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл зөвхөн цагдаагийн ажилтанд арга хэмжээ аваад бусад хүмүүсийг шалгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд Н.С-ийн хуруу тасарсан эсэх асуудал яригдсаар байгаад дууссан учир гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа мэт харагдах байх. Гэхдээ Д.Х- нь гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа бөгөөд хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг болон түүний ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Хохирогч, шүүгдэгч Н.С- “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 5 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч, шүүгдэгч Н.С- нь “зүүн талын цээжний хөндий рүү нэвтэрч хутгалагдсан шарх, цээжний хөндийн цус хуралт”, мөн “баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үеийн үзүүр хэсгийн тайрагдал” гэсэн оноштойгоор эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдал гэмтлийн улмаас түүний хумс унаж, дахин ургахдаа бүтэц алдагдаж зузаарч, дотогш махийж ургасан болох нь тодорхой харагддаг. Энэ нь шинжээч Батцэнгэлийн “...тодорхой хэмжээний тайрагдал үүсч, арьсгүй шархийг нийлүүлж оёдол хийх боломжгүй болохоор тосон сетк тавьж боосон” гэсэн мэдүүлгээр тогтоогддог. Мөн хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн ажилтан болох гэрч Мөнхбат, Сүхбаяр нар “...хэргийн газарт үзлэг хийх явцад том өрөөний хивсэн дээрээс хурууны үзүүрийн цустай тайрагдал хэсэг илэрсэн...” гэж мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Н.С-ийн хуруу тухайн үед тайрагдсан болох нь тогтоогдож байна. Харин тэрээр хохирогчоор мэдүүлэхдээ энэ байдлыг үнэн зөв мэдүүлээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд урьд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ДШМ/975 дугаартай магадлалын заалтуудад ач холбогдол өгч, хэрэгжүүлжээ.
Иймээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй гэж үзэв.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
- хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гэрээс гарахдаа Х- “Та хоёр гал түлж байгаарай” гэж хэлсэн. Х-ийг ирэхэд Ганбаяр бид хоёр унтаж байсан. Тэгтэл Х- “Бос л доо, та хоёр галаа түлчихгүй яасан юм бэ” гэж байсан. Тэгэхээр нь би “Албатай юм уу, өөрөө түлэхгүй юу” гээд хоорондоо муудалцаад Х-ийн шанаа хэсэгт цохисон. Х- “Чи гэрт ирчихээд хүн дээрэлхэхгүй шүү” гээд бид хоёр гал тогооны өрөөнд ноцолдоод би доор нь ороод унасан. Тэгтэл цээж халуу дүүгээд “Больё оо” гэтэл Х- дээрээс боссон. ...” /1хх 16-17/,
- “...тухайн үед болсон асуудлын талаар би одоо санахгүй байна. Цэргийн госпитал дээр очиход миний баруун гарын дунд хурууны үзүүр гэмтсэн бололтой тосон сетк тавиад боочихсон байсан. Эмнэлэгт хэвтээд хэд хоноод уг дунд хурууны боолтоо авахад жаахан шалбарчихсан байснаас тасарсан тайрагдсан зүйл байхгүй байсан. Хумс нь бүтэн байсан ба тосон сеткэндээ болоод хөндийрөөд хумс өөрөө унаж, хэдэн сарын турш ургаж хэвийн болсон. ...” /1хх 242/,
- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн “Миний хуруу, гар гэмтээгүй. Тухайн үед цээжиндээ гэмтэл авсан. ...” /1хх 202/,
- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би “Оюу Толгой”-н уурхайд ажиллаж байхдаа хуруугаа гэмтээж байсан. Тухайн үед уурхайн эмнэлэгт үзүүлээд тосон эмчилгээ хийж байсан. Би хуруу үеэрээ тасраагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа цээжиндээ анхаарлаа хандуулж байсан. Надаас хурууны талаар асууж байгаагүй. Хэргийн газар байсан хурууны тайрдас хэсэг минийх биш.” /2хх 198-199/ гэсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...уг архиа дуусгаад би Үүрцайхыг гэрт нь хүргэж өгөхөөр гарсан. Гарахдаа би Ганбаяр, С- хоёрт “Галаа түлчихээрэй” гэж хэлсэн. Удалгүй буцаад ороод иртэл тэр хоёр нэг нь орон дээр, нөгөө нь газар хэвтэж байхаар нь би “Галаа түлчихгүй яасан юм бэ” гэхэд С- “Албатай юм уу” гээд босож ирээд муудалцаж намайг 1 удаа өшиглөөд, 2 удаа цохисон. ... би ширээн дээр байсан хутгыг санаандгүй авсан байсан. Тухайн үед үед ноцолдож байгаад С-ийг дарж унагаах явцдаа цээжин хэсэгт нь зүсчихсэн. Би тухайн үед мэдээгүй, гэнэт С- орилохоор нь сандраад боссон. Босоод хартал С- цээжин хэсэгтээ гараараа дарчихсан, тухайн хэсгээс нь цус гарчихсан байсан. С- босч ирээд шууд гараад явсан. Би тухайн үед цус хараад их сандарсан байсан болохоор айгаад гараад зугтаасан. ...” /1хх 65-68/,
анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...найздаа хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Энэ гэмтлийг би санаатай учруулаагүй. Би шовх үзүүртэй төмс арилгагчаар мод зүсэж байснаа маргалдаад унасан. ...” /2хх 195/ гэсэн мэдүүлгүүд,
- гэрч З.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд би тэр гурвын ууж байсан архинаас ууж байгаад тасраад орон дээр нь унтаад өгсөн. Тэгсэн чинь С-, Х- нар хоорондоо бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Х-, С-ийг “Би та хэдэд дуугүй байдаг шүү, давраад байгаарай” гээд байх шиг байсан. С- болохоор “Боль доо хөгшөөн, хутгаа боль л доо” гээд орилоод байсан. ...” /1хх 27-29/,
- гэрч К.Розагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х- өөрийн 885200** дугаарын утсаар над руу залгаад “Намайг битгий орхиоч, намайг битгий хаяач, хоёулаа цуг амьдарна шүү, надад чамаас өөр хэн ч байхгүй, би хэрэг хийчихлээ” гээд яриад байхаар нь “Юу болсноо надад хэлээч” гэж хэлсэн. ...” /1хх 22-24/,
- гэрч П.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...23 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг нэг хүн балбаад орилж, хашхираад “Авраарай” гээд байхаар нь би гэрээсээ гарч очиход хашаа налаад хэвтчихсэн орилоод байсан. Сайн харахад манай гудамжинд байсан С- гэх залуу “Эгчээ би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа, түргэн хоёр луу залгаж дуудлага өгсөн. С-ийн гар хуруу нь нэл цус болсон байсан ба би цамцыг нь сөхөж үзэхэд цээж хувцас хунар нь цус болсон байсан. Удалгүй цагдаа, түргэн ирж авч явсан. ...” /1хх 41-43/,
- гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 13-96 тоотод хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагыг хүлээн авч уг тоот хашаанд байрлах сууц байшинд хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүр хэсэг илэрснийг жижүүрийн бүрэлдэхүүнд авчирч хүлээлгэн өгсөн болно. ...” /1хх 249/,
- гэрч Ш.Сүхбаярын мөрдөн шалгах ажиллаагааны үед өгсөн “...үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүрийн цустай шинэ тайрагдсан хэсэг илэрсэн. Түүнийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авч, Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлахад авчирч хүлээлгэн өгсөн болно. ...” /2хх 1/,
- гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С-ийн гарын хурууг харуулсан гэрэл зургийг үзэхэд зүүн гарын дунд хуруу гэмтэлгүй эрүүл байна. Харин баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдал үүссэн байна. Энэ нь төлжиж эдгэрсэн байдал харагдаж байна. Гэмтсэний улмаас хумс унаж дахин ургахдаа хурууны үзүүр тайрагдаж бүтэц алдагдсаны улмаас зузаарч дотогш махийж ургасан болох нь тодорхой байна. Уг оношийг би бичсэн бөгөөд баруун гарын дунд хурууг зүүн гарын дунд хуруу гэж андуурч бичсэн байна. ...” /1хх 246-248/,
- шинжээч С.Төгсбуянгийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...Болсон хэрэг дээр 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан гэх товч утга дурдсан байна. Дүгнэлтэд С-ийн цээжний зүүн өмнөдийг нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн ургадалт, зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайралт цаашид хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд ордог. ... шинжээчийн дүгнэлт, өвчний түүхийг үзээд дахин дүгнэлт гаргахдаа хурууны гэмтлийг зөвтгөж гаргасан. Хуруу огт гэмтэлгүй биш, хурууны энэ гэмтлийг тайрагдал гэж үздэг. ...” гэсэн мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-8/,
- гэрч Г.Ганбаяр, хохирогч Н.С- нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 236-238, 241-244/,
- хэргийн газраас олдсон архины шилэн дээрээс илрүүлсэн гарын мөр Д.Х-ийн баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байгаа болохыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08/002 дугаартай дүгнэлт /1хх 52-53/,
- хохирогч Н.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №08 шэ/23 дугаартай “Н.С-ийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт, зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдалт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” /1хх 47/ гэх,
2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 198 дугаартай “...08 шэ/23 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Н.С-ийн баруун гарын 3 дугаар хурууны /дунд хурууны/ 1 дүгээр үеийн үзүүр хэсэгт хумс нь урагш дотогш махийсан ба тухайн хэсэгт гэмтэл авч байсан байна. Уг хэсэгт тайрагдалт үгүй байна. Зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн тайрагдалт гэмтэл үгүй байна. Н.С-ийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн зүүн талд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүү бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /2хх 8-10/ гэх дүгнэлтүүд,
- хохирогч Н.С-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 17-ны өдрийн хооронд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /2хх 33-40/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад, Д.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 13-96 тоотод бусадтай хамт архидан согтуурч, улмаар Н.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгаар түүний зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн үзүүр хэсгийг зүсэж тайрсан, мөн цээжин тус газар луу нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Н.С- нь тухайн үед зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн үзүүр хэсэгтээ гэмтэл авсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад /үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж/ хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “миний хуруу гар гэмтээгүй, тасарсан асуудал байхгүй, цээжин хэсэгтээ мэсийн гэмтэл авснаас өөр авсан гэмтэлгүй” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-, Н.С- нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргасан хохирогч, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.
Иймээс хохирогч, шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч С.Соронзонболдын “...хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.С-ийг зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Д.Х-эд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээнд 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр, Н.С-өд тухайн зүйл, хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Шүүх гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь хуульд нийцэх ба ингэхдээ хохирогчийн гомдол санал, хохирол хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Хэдийгээр шүүгдэгч Д.Х- нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа илэрхийлсэн байх боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад, “...хутга хэрэглээгүй, санаатайгаар хүнд гэмтэл учруулаагүй, хуруу тасарсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн үйл баримт, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар маргаснаас үзэхэд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Нөгөөтээгүүр, шүүгдэгч Д.Х- нь урьд дээрэмдэх, танхайрах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж байсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэгт шүүх дүгнэлт өгч, ял шийтгэл оногдуулжээ.
Иймээс “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Ж.Батбаярын нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, анхаарч үзэлгүй орхигдуулсан дараах асуудал байна.
Шүүгдэгч Д.Х-ийн хамтран амьдрагч К.Роза нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нас барсан, тэрээр одоо ам бүл 2; 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Р.Акмаралын хамт амьдардаг гэх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан К.Розагийн нас барсны бүртгэлийн лавлагаа /2хх 121/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 216/, оршин суугаа газрын тодорхойлолт /2хх 118/ зэргээр тогтоогдсон байхад бага насны хүүхэд буюу 08 сартай Р.Акмаралд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгүүлсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэх эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж,
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус заасан.
Иймээс шүүгдэгч Д.Х-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Р.Акмаралд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч С.Соронзонболд, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.Х-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Р.Акмаралд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч С.Соронзонболд, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН