Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор  Г.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч М.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж овогт Мы Рд холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Мы Р, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн Д суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ээж, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Д сумын 06 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Р нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү болох Т.Кыг 2020 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан байхад улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэхгүйгээр хүүгээ амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3.900.000 төгрөг, мөн Коронавирусын үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт Засгийн газраас олгосон нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг Т.Кы нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар.

1. Шүүгдэгч М.Р мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн хохиролд 1 сая төгрөг төлсөн ба үлдсэн 3.200.000 төгрөгийг төлж өгөх болно” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч М.Ры үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэргийн хохиролд 3.200.000 төгрөг гаргуулах нь зүйтэй” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч М.Рд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

4. Шүүгдэгч М.Р нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү болох Т.Кыг 2020 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан байхад улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэхгүйгээр хүүгээ амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3.900.000 төгрөг, мөн Коронавирусын үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт Засгийн газраас олгосон нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг Т.Кы нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч М.Ры үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О, гэрч Х.Б, С.Р, Х.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 8-9, 70-71, 11, 13, 15 дахь тал), иргэн Ж.Т иргэний бүртгэлийн 00000000, бүртгэлийн 000000000 дугаартай 0000000000 регистрийн дугаартай Х овогт Т овогтой Кы төрсний гэрчилгээг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Б аймаг дахь Тны салбараас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 47/167а дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 24-26 дахь тал), Т.Кы төрсний гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), иргэн Х.Баас “Хүүхдийн судалгаа” гэх баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 30-33 дахь тал), Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 88 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 36 дахь тал), Б аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 1/232 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 38-40 дахь тал), Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 283 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

7. Шүүгдэгч М.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

8. Энэ хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд нийт 4.200.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.Р нь 1.000.000 төгрөг төлж өгсөн /хавтаст хэргийн 81 дэх тал/ байх ба үлдсэн 3.200.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байна.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс үзэхэд дээрх хохирол нийгмийн халамжийн сангаас олгогдсон болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Раас гэмт хэргийн хохиролд 3.200.000 төгрөг гаргуулан нийгмийн халамжийн санд олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Ры хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Иймд шүүгдэгч М.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

13. Шүүгдэгч М.Р нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Т.Кы төрсний гэрчилгээг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Мы Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Рыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Рд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Рд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Д сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Д сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Раас гэмт хэргийн хохиролд 3.200.000 төгрөг гаргуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн санд олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Т.Кы төрсний гэрчилгээг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Х.Т