Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн .............., ...... айлын...... дугаар байрны .... тоот хаягт оршин суух, /РД:.........., утасны дугаар .........../, Н.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, ......... байрны ...... тоот хаягт оршин суух, /РД:........, утасны дугаар ......../, Р.Г-т холбогдох

 

Мөнгөн аяганы үнэ 2,500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Миний бие шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа болсон үйл явдлын он, сар, өдрийг хойшлуулж 2015 оны 5 дугаар сард гэж бичсэн байна лээ. Хариуцагч Р.Г-ын хүү Г.Г нь 2011 оны 3 дугаар сард манай хүү Ц.Б-тай машины наймаа хийж, ийнхүү наймаа хийснээсээ хойш 2 хоногийн дараа машины үнэ 3,500,000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон байдаг. Гэтэл 2 хоногийн дараагаар Р.Г манай гэрт ирж манай хүү Г.Г нь танай хүүтэй наймаа хийсэн байна, манай хүүхдийн мэддэг зүйл гэж байхгүй, машинаа 4,000,000 төгрөгөөр үнэлж зарна гэхээр нь тэгвэл зөвшөөрөхгүй, машинаа ав гэхэд Р.Г нь машиныг авахгүй, заавал 4,000,000 төгрөгөөр зарна гээд байсан. Тэгэхээр нь миний бие тэгвэл би 10 хоногийн дотор 4,000,000 төгрөгийг аваачиж өгье, гэхдээ машиныг чинь гэрт чинь аваачиж тавья гэсэн. Гэтэл Р.Г нь машин, дээрээс нь мөнгөн аягаа барьцаанд тавь гэсэн. Ингээд машиныг нь Р.Г-ын хашаанд аваачиж тавихдаа мөнгөн эмээл, их гарын мөнгөн аягаа цуг тавьж, мөнгөө өгөхдөө эмээл, аягаа буцааж авахаар тохиролцсон. Ингээд 7 хоногийн дараа миний бие 3,870,000 төгрөгийг бэлнээр өгч машин, эмээлээ авсан. 4,000,000 төгрөгөөс үлдэх 130,000 төгрөгийг 2 хоногийн дараа гүйцээж төлье, тэгэхдээ мөнгөн аягаа авья гэж ярьсан. 2 хоногийн дараа үлдэгдэл 130,000 төгрөгөө бэлнээр өгч мөнгөн аягаа авья гэхэд хүү Г. нь хэлэхдээ мөнгөн аягыг чинь Улаанбаатар хот руу хүнд зарчихсан гээд 130,000 төгрөгийг авахгүй байсан. Хариуцагч Р.Г нь миний мөнгөн аягыг пивор, одоогийн 150,000-200,000 төгрөгний аяга байсан гэж худлаа ярьж байна. Миний мөнгөн аяга бол манай өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эртний Дарьганга хийцийн аяга юм. Дотор нь хонины дал бүтэн эргэдэг /том/, хээгүй, цулгай мөнгөлсөн аяга байсан. Иймд энэ мөнгөн аягаа 2,500,000 төгрөгөөр үнэлж байгаа ба Р.Г-аас их гарын мөнгөн аяганы үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

.

Хариуцагч Р.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Манай хүү Г.Г Н.Ц-тэй 2011 оны 4 дүгээр сард микро автобусны наймаа хийж, 4,500,000 төгрөгөөр худалдахаар болсон. Н.Ц мөнгийг 1 сарын дараа бөөнд нь өгнө гэсэн. Маргааш нь хоёулаа Дорноговь аймаг явья, би чамайг шорооны машины жолоочоор ажилд оруулья, ах нь хүнтэй уулзчихсан, ажил бэлэн болсон гэж хэлээд манай хүүг машинтай нь аймаг руу дагуулж явсан. Аймагт ирээд Ц машинаа өгөөд Дорноговь аймаг руу явсан юм билээ. Дорноговь аймагт очсон чинь Ц ажил төрлийн талаар ярьсан ч юм байхгүй, 20-иод хоноод буцаж ирээд машиныхаа мөнгийг нэхэхэд нь өгөөгүй тул би Ц-тэй очиж уулзсан. Чи чинь хүний тэрэг 2-3 сар уначихаад яагаад үнийг нь өгөхгүй байгаа юм бэ? гэхэд дүү нь даруйхан өгнө, та энэ эмээл, аяга хоёрыг авч бай, дүү нь худал хэлэхгүй гэсэн. Эмээл нь бага гарын муухан эмээл байсан, аяга хар пивор, ээдэмцэр цулгуй, ямар ч чимэг байхгүй аяга байсан. Аяга нь тэр үедээ 200,000-аад төгрөгний багцаатай, эмээл нь 2,000,000 төгрөгний багцаатай байсан болов уу гэж бодож байна. Тэгээд 2-3 сарын дараа 2,500,000 төгрөг авчирч өгөөд эмээлээ аваад явсан. Үлдсэн 2,000,000 төгрөгийг хэзээ өгөх вэ? гэж асуухад удахгүй өгнө гээд аягаа орхиод явсан. Тэрнээс хойш Цэндсүрэн надтай ер нь уулзаагүй 10 жил болжээ. Би Цэндсүрэнд хүүг ажилд оруулаагүй, мөнгө төгрөгийг нь өгсөнгүй гэж ганц ч хэлээгүй. Би тэргийг нь авчирч хашаандаа хийгээгүй, тэгж худлаа ярьж болохгүй. Одоо ийм юм ярьж байгаад сэтгэл дундуур байна, Цэндсүрэн бид хоёр ойрхон хамаатан улс. Би ер нь наад хүнээс чинь 2,000,000 төгрөгний авцаатай хүн. Би 10 жил болсон юмыг дахин ярихгүй. Энэ өргөдлийг Ц-г бичээгүй байх гэж бодож байна. 2011 оны 4 сард хийсэн наймааг 2015 оны 5 сар гэж худлаа бичсэн байна. Хэдэн онд наймаа хийсэн нь машиных нь бичиг баримтан дээр байгаа байх. Нэхэмжлэлдээ олон худлаа зүйл бичсэн байна.

Наймаа хийх үед манайх өвөлжөөндөө байсан. Манайх Мартын 8-н өнгөрөөгөөд л хаваржаандаа буудаг байсан. Хаваржаалаагүй байсныг бодоход 4 сар ч биш 2011 оны 3 сард хийсэн наймаа юм. Бүтэн 10 жил өнгөрчээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Р.Г-т холбогдуулан Мөнгөн аяганы үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж,

-хариуцагч Р.Г ...барьцаа болгож үлдээсэн аяга нь ээдэмцэр, цулгуй, ямар ч чимэг байхгүй аяга байсан. Тухайн үеийн үнэ нь 200,000 төгрөгний багцаатай байсан болов уу гэж бодож байна. Тухайн үед эмээлтэй нь цуг шуудайнд хийсэн байснаас аяга нь хагарсан тул хаясан. Одоо ч гэсэн 2,500,000 төгрөгний үнэтэй аяга чинь хачин сайхан эд байна биз дээ. Тийм учраас аяганы үнэд нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид худалдсан гэх машины үнийг төлөх хугацаагаар барьцаа болгож мөнгөн аяга тавьсан гэх үйл баримтын талаар маргахгүй байх ба аяганы хэлбэр, хэмжээ, хийц, үнийн талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Р.Г-аас эд хөрөнгөө шаардах эрхтэй байх боловч тухайн мөнгөн аяга Дарьганга уран дарханы хийцтэй, их гарын, хээгүй цулгай, 2,500,000 төгрөгний үнэтэй аяга байсан гэдгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болох нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж заасны дагуу нотлох баримтын үндсэн дээр мэтгэлзэх үүргээ шүүх хуралдаанд хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Н.Ц-гийн хариуцагч Р.Г-аас мөнгөн аяганы үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-гийн хариуцагч Р.Г-аас мөнгөн аяганы үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-дзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ