Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Мийн Жт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С е овогт Мийн Ж, 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг гэх, тус аймгийн Ц сумын 08 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 000 дугаар сарын 00-ны өдрийн 00000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, РД:00000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн У сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Нд “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчихаад өгье” хэмээн хуурч, түүний “Redmi 10” загварын гар утсыг нь авч залилж, 380.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “...тухайн үед хохирогч А.Нн гар утсыг хүнтэй ярьчхаад өгнө” гэж аваад явчихсан. Архи ууснаас болж гэмт хэрэг үйлдсэн, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн С.Сгаас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, иргэн М.Жоос хурааж авсан “Redmi 6”  загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, иргэн К.Баас хурааж авсан “Redmi 10” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, хохирогч А.Нд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Redmi 10” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/, иргэн К.Бд “Redmi 6” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,  хохирогч А.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21, 24 дэх тал/, гэрч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч К.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, иргэний нэхэмжлэгч К.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, шинжээч “А” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0000000000 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-54 дэх тал/, яллагдагч М.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, яллагдагч М.Жын иргэний нэхэмжлэгч К.Бд 95.000 төгрөгийг төлж өгсөн тухай Хны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 134 дэх тал/, шүүгдэгч М.Жын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Жын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Хэргийн үйл баримт.

4. Шүүгдэгч М.Ж нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн У сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Нд “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” хэмээн хуурч, түүний “Redmi 10” загварын гар утсыг нь авч залилж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Иргэн С.Сгаас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

4.2. Иргэн М.Жоос хурааж авсан “Redmi 6”  загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

4.3. Иргэн К.Баас хурааж авсан “Redmi 10” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

4.4. Хохирогч А.Нд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Redmi 10” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

4.5. Иргэн К.Бд “Redmi 6” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, 

4.6. Хохирогч А.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2023 оны 07 дугаар сарын 13-ны үед У суманд оршин суудаг ах Ж.Сн гэрт зочилж очсон. Хэд хоног тэдний гэрт байсан юм.

2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус сумын дэлгүүр орж, гудамжаар найзын хамт явсан. Найз болох А.Бийн хамт ярилцаж хэдэн шар айраг уусан юм. Би дэлгүүрийн хажууд ченж болох Бын хажууд байхад үл таних залуу ирж бидний хажууд сууж байсан. Хэсэг хугацааны дараа Б явчихсан. Миний хажууд сууж байсан үл таних залуу надад “дэлгүүрийн хойд хэсэгт очиж сууя” гэхээр нь “за” гээд түүнтэй хамт дэлгүүрийн хойно очсон. Нөгөө залуу надад хэлэхдээ “өнөөдөр гэрлэх гэж байгаа, Бын хүүхдийн найз нь байгаа юм, чи таних уу” гэсэн. Миний бие “Бтай худ юм, түүний хүүхдийн хуримын найранд очно” гэж ярилцаж байхад халааснаас нэг шил архи гаргаж ирж надад хийж өгсөн юм. Би уг архийг амсаж өгсөн. Тэгж байхад надаас гар утас асууж “хүнтэй ярьчхаад өгнө” гэж авчхаад дэлгүүрийг тойрч зогсож байсан ба хэсэг хугацааны дараа зугтаад явчихсан байна. Тэгээд түүнийг хайгаад олоогүй. Үл таних залуу Бын хүүхдийн хуримын найранд очно гэж хэлсэн болохоор орой нь тэнд очсон юм болов уу гээд  очиж асуусан, хэн ч танихгүй гэсэн ба нөгөө залуу худал хэлсэн байв.

Миний бие К улсаас ирсэн учраас уг залууг огт танихгүй залуу байсан. Тэгээд хэд хоног У сумын гудамжинд ирэх болов уу гэж асууж сурагласан боловч хэн ч танихгүй залуу байсан тул цагдаад болсон асуудлыг хамаатан ах болох С.С мэдэгдэж гомдол гаргасан байна. Миний гар утсыг авч зугтсан залууг олж намайг хохиролгүй болгож өгнө үү.

...миний утас хар гэртэй, цайвар өнгийн, Redmi 10 загварын, 2022 онд үйлдвэрлэсэн утас байсан.

...би өөрийн “Redmi 10” загварын гар утсыг хэсгийн дарга А.Аээс бүрэн бүтэн хүлээж авсан. Гар утасны ажиллагаа хэвийн байгаа ба өөрөө одоо ашиглаж байна. Надад хохиролтой холбоотой өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21, 24 дэх тал/,

4.7. Гэрч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед байх А.Н сумын төвийн А намын байрны хажууд үл таних залуугийн хамт сууж байсан тул гэр лүү явъя, адуу нядлах гэж байгаа гэж хэлэхэд “та явж бай, би таны хойноос очно” гэсэн тул би гэр лүү явчихсан. Би гэрт очиж нөхөр, хүүхдүүдийн хамтаар адуу нядалж байхад нэг их удалгүй А.Н ирж “нөгөө миний хажууд сууж байсан үл таних залуу миний гар утсыг асууж аваад зугтаад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

4.8. Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 16-17 цагийн үед сумын төвийн дэлгүүрийн хажууд түүхий эд авч байсан юм. Миний хажууд тус сумын цахилгаанчин, монтёр ажилтай А.Б болон түүний хажууд үл таних залуу хамт ирсэн. Тэр хоёр архи уусан байдалтай байсан ба А.Б надтай хэрүүл маргаан үүсгэх шинжтэй байхаар нь цагдаа нарт мэдэгдсэн байсан. Нэг удаагүй А.Б явчихсан ба түүний хажууд байсан залуу надад ойрхон сууж байсан. Түүний хажууд бас нэг үл таних залуу ирж сууж байсан. Тэр хоёр найр хийх гэж байсан Бын найранд очих талаар ярилцаж сууж байсан. Тэдний хажууд түүхий эдийн ченж Сн эхнэр ирж А.Бийн хамт явж байсан. Каас ирсэн гэх залууд гэрт явъя адуу нядлах гэж байна гэж хэлсэн боловч тэр залуу яваагүй, нөгөө нэг үл таних залуугийн хамт ярилцаж үлдсэн. Би удалгүй гэртээ явчихсан. Орой нь Бын найранд очсон байхад нөгөө К улсаас ирсэн залуу найранд тааралдаж надад “миний хажууд байсан залуу миний гар утсыг авч зугтсан байгаа, та таних уу гэсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

4.9. Гэрч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хадам дүү М.Жыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сумын төвд хүргэж явсны дараа манай гэрт ирээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

4.10. Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт К улсаас ирсэн найз болох А.Н ирсэн  юм. Гэрт ирсэн тул хоол хийж, нэг шил архи задалж хоёулаа хувааж уусан. Дараа нь А.Н бид хоёр гэрээс гарч дэлгүүр очиж дахиж нэг шил архи авч уусны дараа сумын төв хэсэгт дэлгүүрийн хажууд ирж түүхий эд авч байсан Б гэгч хүнтэй би үг зөрсөн байхад дүү маань ирж намайг гэрт дагуулж явсан. Найз А.Н тэнд хүмүүсийн хажууд үлдсэн байсан. Маргааш өглөө нь Нн хадам эгч нь миний утас руу залгаж “өчигдөр Нн утсыг хэн авч явсан бэ, чи ирж олж өг” гэсэн юм. Миний бие А.Нн хамт явахад бидний хажууд өөр хүн байгаагүй гэдгийг хэлсэн. А.Нтай уулзахад “чамайг явсны дараа үл таних залуу ирж надтай ярилцаж байгаад гар утсыг минь ярихаар аваад зугтсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

4.11. Гэрч К.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие арав гаруй хоногийн өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын сүүлээр байсан, өдрийг нь мэдэхгүй байна, Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр “З” дэлгүүрээс юм авахаар орсон. Уг дэлгүүрээс хүнсний зүйл авахаар явж байхад нутгийн таньдаг залуу болох М.Жтай тааралдсан юм. Бид хоёр дэлгүүрээс юм аа авч, гадаа хамт гарч ярилцаж байхад М.Ж нь хар өнгийн, “Redmi 10” загварын, 2022 онд үйлдвэрлэсэн гар утсаа зарна, мөнгөний хэрэгцээ гарч байна. Хот руу явах гэж байна, зочид буудалд хонох мөнгөгүй, миний гар утсыг худалдаж авах уу гэсэн. Миний бие М.Жт хандаж миний “Redmi 6” загварын гар утас болон 80.000 төгрөг өгье, “Redmi 10” загварын гар утсаа солих уу гэхэд “үгүй” гэж хэлсэн юм. Бид хоёр хоёр тийшээ салж явах үед миний гар утасны дугаарыг асууж хадгалж авч явсан. Би гэрт очсон хойно үл таних дугаараас залгасан тул авахад М.Ж байсан ба ломбардууд хаасан байна, гар утсаа зарж амжаагүй, талбай дээр байна, чи талбайд ирж миний гар утсыг худалдаж авах уу гэсэн. Миний бие тэгье гэж гэрээс гарч такси авч талбайд очиж М.Жтай уулзаж түүний “Redmi 10” загварын гар утсыг худалдаж авахаар болж өөрийн “Redmi 6” загварын хуучин гар утас, 95.000 төгрөг, таксины мөнгө 5.000 төгрөг нийт 100.000 төгрөг өгч авсан. М.Ж болохоор өөрийн гар утас гэж хэлсэн тул худалдаж авсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

4.12. Иргэний нэхэмжлэгч К.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийн “Redmi 6” загварын гар утсыг анх хураалгасан хэвээр нь авсан, одоо өөрөө хэрэгцээндээ ашиглаж байна. Би М.Жт гар утас авах үедээ нэмж өгсөн 95.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

4.13. Шинжээч “А” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0000000000 дугаартай “...2023 оны 07 дугаар сарын байдлаар “Redmi 10” загварын, 2022 онд үйлдвэрлэгдсэн..., ...гар утас 380.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-54 дэх тал/,

4.14. Яллагдагч М.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр У сумын төвд А.Н гэх хүнтэй танилцаж нэг шил архи хувааж уусан. Тэгээд тэр согтчихоор нь түүнд “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гэж худал хэлээд утсыг нь буцааж өгөхгүй гар утсыг нь аваад аймаг руу замын унаанд суугаад явчихсан. Тэгээд аймагт ирээд уг утсыг зарна гэж бодоод гүүрний наана машинаас буугаад “З” дэлгүүрийн урд Ц сумын иргэн зүс таних К.Бтай тааралдаж түүнийг гар утас худалдаж авах уу гэхэд тэрээр өөрийн барьж байгаа гар утас дээрээ 80.000 төгрөг нэмж өгье гэхээр нь би бага байна гээд өгөөгүй, гэхдээ түүний гар утасны дугаарыг нь асуугаад авсан. Тэгээд аймгийн төв рүү орж ломбардуудаар явахад хаалттай байхаар нь буцаагаад К.Б руу залгаад “чи миний утсыг авна гэвэл талбай дээр хүрээд ир” гэж дуудсан, тэр ч удалгүй таксигаар ирсэн ба надад өөрийн барьж байсан “Redmi 6” загварын гар утас дээрээ 95.000 төгрөг нэмж өгөөд надаас “Redmi 10” загварын гар утас аваад явсан юм. Би түүнээс авсан мөнгөөрөө өөрөө хоол авч ирээд архи авч уугаад дуусгасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Жоос “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.Жын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ тус тус гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн  талаар мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдэл хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

8. “Залилах” гэмт хэргийн субьектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

9. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Ж нь хохирогч А.Нд өөрийгөө “өнөөдөр хүүхдийнхээ хурим найрыг хийх гэж байгаа Бын худ, түүний хүүхдийн найранд очно” хэмээн танилцуулж, улмаар “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гэж хуурч, хохирогчийн “Redmi 10” загварын гар утсыг авч 380.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогджээ.  

10. Түүнчлэн шүүгдэгч М.Ж нь хохирогч А.Нгаас хуурч авсан “Redmi 10” загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч К.Бы “Redmi 6” загварын гар утсаар сольж,  95.000 төгрөг нэмж өгсөн байдал нь шүүгдэгч өөрийн мэдэлд залилан авсан хохирогч А.Нн гар утсыг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх субъектив санаа зорилготой үйлдсэн байна.

11. Шүүгдэгч М.Жын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Жыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Жын хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

15. Шүүгдэгч М.Жын үйлдсэн “Залилах” гэмт хэргийн улмаас хохирогч А.Нд 380.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч К.Бд 95.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Нн “Redmi 10” загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч К.Баас хураан авч, бүрэн бүтэн буцаан өгсөн, мөн шүүхийн шатанд шүүгдэгч М.Ж нь иргэний нэхэмжлэгч К.Бд 95.000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Жыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг нөхөхөд хүрсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Харин Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 1785 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг гэмт хэрэгт нь түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд оногдуулсан хоёр ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэх” дүгнэлтийг,

17. Шүүгдэгч өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн гаргаж байгаа 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь хүүхдийн тэтгэлэг төлдөг, тухайн үед гэрлэлтээ цуцлуулж явж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг өөрөө тайлбарлаж хэлсэн. Түүний урьдах шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудал дээр улсын яллагчтай санал нэг байна. Шүүгдэгчид оногдуулах торгох, хорих ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо барагдуулсан байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус ялыг эдлүүлэхээр шийдвэрлэх” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Жын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч М.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

19. Шүүгдэгч М.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.  

20. Шүүгдэгч М.Ж нь хувийн байдлын хувьд 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Дээрэмдэх” гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “...согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

21. Шүүгдэгч М.Ж нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

22. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь, шүүгдэгч М.Ж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, орлого олж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүхээс шүүгдэгч М.Жын хувийн байдлыг харгалзан үзсэн болно.  

23. Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С е овогт Мийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5. “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5. “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заажээ.

25. Шүүгдэгч М.Ж нь шүүхийн өмнөх шийтгэх тогтоолоор тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, архидан согтуурч хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тул түүнд хуульд заасан журмаар ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С е овогт Мийн Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

27.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 3. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасныг журамлан шүүгдэгч М.Жт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 жил 10 хоногийн хугацаагаар тогтоов.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч М.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр түүнд оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

29. Шүүгдэгч М.Жт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Жын цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

30. Шүүгдэгч М.Жоос гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

31. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Жт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С е овогт Мийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 2022/ШЦТ1785 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С овогт Мийн Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Жт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жт оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жын цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

8. Шүүгдэгч М.Ж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Жт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТА.