| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2020/00468/И |
| Дугаар | 197 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ..................... айлын орон сууцны 2-3 тоотод оршин суух, /РД:………………/, Ж.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СҮА ЗД,
Хариуцагч: СҮА ЗДТГт холбогдох
“16 давхар барилгаас 5 дугаар давхарыг бүхэлд нь олгуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч ЗД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь 2021.01.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтдээ; 2013 онд СҮА ЗД-р ажиллаж байсан Ж.Б надтай ярьж миний өмчлөлийн Сүхбаатарын талбайн баруун талд “ГН” хүнсний дэлгүүр, газрыг чөлөөлж оронд нь 16 давхар худалдаа үйлчилгээний төв барья, аймгийн хөгжилдөө хувь нэмэр оруулаач гэсэн саналыг тавьсан. Бид харилцан ярилцаад 1 жилийн дараа 90м2 талбайг шинээр баригдах 16 давхар барилгын 1 давхарт давуу эрхээр би сонголт хийж авах эрхтэй, хэрвээ хугацаандаа ашиглалтад оруулаагүй бол хохирлыг нөхөн төлөхөөр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан У.Б “Арилжааны гэрээ”-г 2013.5.7-ны өдөр надтай байгуулсан.
Гэрээнд 2014.12.31-ний өдөр гэхэд барилгыг ашиглалтанд оруулна гэсэн боловч хугацаандаа ороогүй. Би дэлгүүрийн барилгаа барьцаанд тавьж зээл авч өөрийн хүнсний дэлгүүрийн бизнес эрхэлдэг байсан. Гэтэл 1 жилийн дараа орно гэж гэрээ хийгээд миний газар үл хөдлөх хөрөнгийг аваад 8 шахам жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд би барьцаа хөрөнгөгүйгээсээ болж хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч зөвхөн хүүнд нь /банкны зээлийн дундаж хүүгийн зөрүүгээр тооцвол/ 221,649,000 төгрөгийг төлсөн, мөн дэлгүүр ажиллуулж байсан байранд засвар хийсэн зэрэг надад тооцоолоогүй хохирлууд учирсан.
Тухайн үед би барьцаа хөрөнгө олж өгөөч гэж М.И даргатай уулзаж тусламж хүсч байсан.
Мөн уг барилга хугацаандаа ашиглалтад орсон бол би өөрийн хүнсний дэлгүүрийг томсгон супермаркет болгон ажиллуулж илүү их орлого олох бизнесээ тэлэх өргөн боломж байсан. Гэтэл бүх боломжийг минь хязгаарлаж, өндөр хүүтэй зээл авч их хэмжээний хүү төлөх, дэлгүүрийн зай талбайнаас болж олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдах боломжгүй бизнесээ тэлэх боломжгүй байдал, тухайн ажиллаж байсан дэлгүүрийн байр хүйтний улиралд халаалт муутай байснаас удаан хугацаагаар сууж ажиллахад хүндрэлтэй байсан зэрэг олон зүйлээрээ би хохирсон.
Засаг дарга Э-тай 2020 онд уулзаад ийнхүү хохирч байгаагаа хэлэхэд шүүхээр асуудлаа шийдүүл гэсэн. Шүүхэд би нэхэмжлэл гаргахад Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Арилжааны гэрээний 6.4-т 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барилгаа ашиглалтанд оруулж нэхэмжлэгчид 90м2 талбайг өгнө гэж тусгасан байдаг. Харамсалтай нь барилгын ажил гүйцэтгэж байсан компани, банкны хооронд маргаан үүссэний улмаас тус барилга нь ашиглалтад орохгүй явсаар байгаад өдий хүрсэн. Гэрээний үүргээ зөрчсөн тул 90м2 талбай дээр нэмж 45м2 талбайг олгох хуулийн боломж байна гэж үзээд нэхэмжлэгчид 135м2 талбайг өгье гэсэн. Яагаад 45м2 талбайг нэмж өгөх болсон бэ? гэхээр Иргэний хуулийн анзын зохицуулалтаар 50 хувь хүртэлх хувиар нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж болох юм байна гэж үзсэн” гэсэн тайлбар шүүхэд өгсөн.
Би барилгыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүйн хохиролд 45м2 талбай олгохыг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь миний дэлгүүрийн барилга үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр 100м2 байгаа. Гэтэл арилжааны гэрээн дээр 90м2 талбай гэж тавьсан. Тухайн үед би гэрээнд гарын үсэг зурахдаа уг нь 100м2 шүү дээ гэтэл хэмжиж үзэхэд 90м2 байсан гэж хэлж байсан. Би тухайн үедээ талбайгаа хүлээлцэхдээ 10м2 талбайгаа хөрөнгийн эрхийн гэрчилгээнийхээ дагуу нэмээд авч болно гэж бодсон. Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн хэмжээгээр тогтоох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Миний хувьд зөвхөн хүнсний дэлгүүр ажиллуулж амьдардаг хүн. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг учраас би тухайн баригдах барилгын 1 дүгээр давхарт давуу эрхээр талбайгаа сонгох, нэмж талбай худалдан авах бол 10 хувийн хөнгөлөлтэй үнээр худалдан авахаар анхнаасаа тохиролцсон. Гэтэл одоогийн байдлаар уг барилгын 1 дүгээр давхрын бүх талбай зарагдсан байж болзошгүй тухай мэдээлэл байна. Иймээс:
1. Сүхбаатар аймаг, БУ сумын Сүхбаатарын талбайн баруун талд баригдаж байгаа 16 давхар барилгын 1 дүгээр давхарт гэрээний дагуу байршлын сонголтыг давуу эрхтэй хийхээр 90м2 талбайн өмчлөх эрхийг олгох шийдвэрийг гаргаж өгнө үү.
2. ҮХЭХ-ийн бүртгэлд 100м2 гэж бүртгэсэн миний дэлгүүрийн барилгын талбайн хэмжээг Арилжааны гэрээнд 90м2 гэж 10м2 дутуу тусгасны механик алдаанаас үүдсэн хохирол 10м2 x 3,000,000=30,000,000 төгрөгийг,
3. Мөн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2014 онд талбайг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ зөрчснөөс болж миний бие барьцаа хөрөнгөгүйн улмаас өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс зээлж төлсөн хүүгийн хохиролд 221,649,000 төгрөгийг,
4. 8 жилийн хугацаанд хүнсний дэлгүүрээ супермаркет болгон өргөжүүлэх боломжийг минь хязгаарлаж олох ёстой байсан орлого, ашгийг үгүй болгосны “хохиролд 45м2 өгье” гэсэн хариуцагчийн өмнө гаргасан тайлбарын дагуу 45м2 -10м2 = 35м2 буюу 35м2 x 3,000,000 = 105,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2021.6.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд 626,649,000 төгрөгийн хохирол, эд хөрөнгийг СҮА ЗД, Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.
Нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий 16 давхарын 1 дүгээр давхарын 1м2-ийн үнэлгээг эрх бүхий үнэлгээчнээр хийлгээгүй байсан учир 1м2-ийн үнийг 3,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэлээ гаргасан.
1.”Линзийн-Өгөөж” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2102051 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг барилгын 1 дүгээр давхарын 1м2-ийн зах зээлийн үнэлгээг 2,900,000 төгрөгөөр үнэлсэн.
Мөн хариуцагч гэрээгээр олгох байсан 1 давхарын талбайг олгох боломжгүй, 5 дугаар давхарт 1м2 нь 1,567,300 төгрөгийн балансын үнээр талбай олгох боломжтой гэж эвлэрлийн санал гаргаж байсан учраас нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг 9 сая төгрөгөөр багасгаж, дараах байдлаар тодруулж байна.
Сүхбаатар аймаг, БУ сумын Сүхбаатарын талбайн баруун талд баригдсан 16 давхар “DG таур” барилгын 1 дүгээр давхарын 90м2 талбайн зах зээлийн үнэ 261,000,000 төгрөгт 5 дугаар давхарт балансын үнэ 1,567,300 төгрөгөөр тооцон тэнцэх 166.5м2 талбайг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулж өгнө үү.
2.Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанд гаргасан тайлбартаа “Арилжааны гэрээний 6.4-т 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барилгаа ашиглалтад оруулж нэхэмжлэгчид 90м2 талбайг өгнө гэж тусгасан байдаг. Харамсалтай нь барилгын ажил гүйцэтгэж байсан компани, банкны хооронд маргаан үүссэний улмаас тус барилга нь ашиглалтад орохгүй явсаар байгаад өдий хүрсэн. Гэрээний үүргээ зөрчсөн тул 90м2 талбайн дээр нэмж 45м2 талбайг олгох хуулийн боломж байна гэж үзээд нэхэмжлэгчид 135м2 талбайг өгье гэсэн. Яагаад 45м2 талбайг нэмж өгөх болсон бэ? гэхээр Иргэний хуулийн анзын зохицуулалтаар 50 хувь хүртэлх хувиар нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж болох юм байна гэж үзсэн” гэсэн тайлбар шүүхэд өгсөн. Мөн 2021 онд Засаг даргатай эвлэрлийн нөхцлийг ярилцаж байхад хохирол төлбөрт нийт 90+90м2 талбайг 5 давхарт олгох боломжтой гэж хариуцагчийн зүгээс эвлэрлийн санал гаргаж байсан.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1 дүгээр давхарын зах зээлийн үнэлгээг 1м2 нь 2.9 сая төгрөгөөр тогтоосон, манай дэлгүүрийн барилгын талбайн хэмжээг ҮХЭХ-ийн бүртгэлд 100м2 гэж бүртгэсэн байсан, Арилжааны гэрээний хавсралтын план зураг, гэрээний 1.2, 2.1, 3.4-д “хавсралтад заасан талбай бүхий, өөрийн өмчлөлийн барилгын хэмжээтэй адил талбайг олгох”-оор заасан.
Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 ба 4 дэх шаардлагыг дараах байдлаар 4.5 сая төгрөгөөр багасган тодруулж байна. Үүнд:
БУ сумын Сүхбаатарын талбайн баруун талд баригдсан 16 давхар “DG таур” барилгын 1 дүгээр давхарын 45м2 талбайн зах зээлийн үнэ 130,500,000 төгрөгт 5 дугаар давхарт балансын үнэ 1,567,300 төгрөгөөр тооцон тэнцэх 83.3м2 талбайг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулж өгнө үү.
3. Барьцаа хөрөнгөгүйн улмаас өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс зээлж төлсөн хүүгийн хохирлыг нэхэмжлэхдээ арилжааны банкны хүүгийн дунджийг 1.9 хувиар тооцон нэхэмжилсэн ба Үндэсний статистикийн https://www.1212.mn/tables.asph?tbl id=DT NSO 0700 018V1&LOAN RATE select all=0&LOAN RATESingleSelect= 1&YearM select all=0&YearSingleSelect=201407 201411 201501 201507 201512 201601 201603 201612 201701 201703 201704 201705 201712 201801 201803 201804 201805 201808 201811 201812 201901 201903 201904 201905 201906 201909 201910viewtype=columnchart нээлттэй мэдээллээс үзэхэд зээл авсан сар бүрийн зээлийн дундаж хүү 1.9 хувиас бага байна. Мөн зарим зээлдүүлэгч нар шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, ковидын эрсдэлтэй үед шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн учраас өмнө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан багасгаж байна. Үүнд:
Гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2014 онд талбайг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөнөөс болж миний бие барьцаа хөрөнгөгүйн улмаас өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс зээлж төлсөн хүүгийн хохиролд 117,103,980 төгрөгийг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулж өгнө үү.
Хариуцагч СҮА ЗДас нэхэмжлэх зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Нэргүй бол 2007 онд энэ дэлгүүрийг хүлээж аваад тасралтгүй 15-16 жил хүнсний бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хүн. 2013 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б гэдэг хүн утсаар яриад аймгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулмаар байна. 16 давхар барилга барих гэж байгаа юм. Чи газраа чөлөөлж өгөө, чамайг бол хохироохгүй, чиний энэ адил хэмжээний талбайг 16 давхарын 1 давхарт оруулна, дээрээс нь илүү талбай байх юм бол илүү талбайг нь хямдруулж худалдан авах боломжоор хангана гэж ярьсан байдаг. 1 жилийн дараа ашиглалтанд орно гэж хэлсэн байдаг. Ингээд тухайн үед өр зээлтэй, хэцүү байсан ч гэсэн арилжааны гэрээ гэдгийг нь байгуулсан. 3 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй хүн байгаа. Арилжааны гэрээг тухайн үед Тамгын газрын дарга Б-тэй байгуулсан. Б, Б дарга 2 газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ зэргийг нь авсан байдаг. Газрын гэрчилгээг нь сая өөрөө Г даргаас авсан байгаа, үл хөдлөхийн гэрчилгээ нь энэ хүмүүст байгаа. За ингээд 1 жилийн дараа ашиглалтанд ороогүй. Удаа дараа шаардсан, 7-8 жил болсон. Энэ хугацаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатарын талбайн баруун талд А намын байранд 42м2-д үйл ажиллагаа явуулж байсан. Үл хөдлөх хөрөнгийг нь нураасан учраас барьцаа хөрөнгө байхгүй. Банкин дээр очихоор барьцаа хөрөнгө нэхдэг. Тэгээд дандаа хувь хүмүүс, ломбард зэрэг өндөр хүүтэй газар очиж байсан. Эдгээрийн хүү нь 5-10%-ийн хүүтэй байсан. Ингэж бараа эргэлтээ хийж үйл ажиллагаагаа хийж байсан. Тухайн үед 1 жилийн дараа ашиглалтанд орсон бол энэ хүний бизнесийн үйл ажиллагаа арай өөр байх байсан. Өөрөөр хэлбэл дэлгүүрээ супер маркет болгох ч юм уу, аль эсвэл харьцангуй бага хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж байсан. Гэтэл энэ үйл ажиллагаанууд байхгүй болсон. Энэ хүн Э даргын үеэс эхлээд нэхэж эхэлсэн байдаг. За тэгэхээр юу гэж хэлдэг байсан гэхээр 1-3 давхарт боломжгүй болсон. 13 давхарыг нь барилга барьж байгаа компани нь өөрсдөө авахаар болсон гэдэг. Та 5 давхарт л авах боломжтой байна. Та 5 давхарт авчих гэсэн. Тэгэхээр нь за би тэгвэл 5 давхарт авья аа гээд эвлэрлийн гэрээ хийчихье ээ гэсэн чинь эвлэрлийн гэрээ хийхгүй ээ, чи тэр шүүхээрээ шийдвэрлүүлж ир гээд хийдэггүй. За нэг иймэрхүү л юм болсон. Өмнө хурал дээр Б дарга юу гэж хэлдэг байсан бэ гэхээр арилжааны гэрээний дагуу бол манайх гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн. Бид нар 90м2+45м2 талбайг өгнө өө гэж мэдүүлж хэлдэг. Энэ нь албан бичгээр хавтаст хэрэгт авагдсан байгаа. 145м2+49500000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нь ингэж хөндөгдсөн. Ингээд м2-ыг нь судлаад үзэхээр тухайн үед Б 1,700,000 төгрөг гэж байсан бол, одоо шилэн данс бусад баримт бичгийг нь судлаад үзэхээр 1567300 төгрөгийн үнэтэй м2 нь гэж гарсан. Ингээд 1 давхарын м2-ын үнэлгээ хийлгүүлсэн. Яагаад гэхээр 1 давхарын талбайг өгөх боломжгүй гэсэн учраас үнэлүүлээд 5 давхарт нь office-ийн талбай авья аа гэдэг байдлаар үнэлгээ хийлгүүлсэн. Анх бид нар 3,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол үнэлгээгээр 2,900,000 төгрөг болж буурсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгөөр бууруулж байгаа юм. Ингээд 1 давхарын 90м2-ыг 2,900,000 төгрөгөөр бодохоор 261,000,000 төгрөг болж байгаа юм. 261,000,000 төгрөгөөрөө тохирох буюу балансын үнээрээ 1,567,300 төгрөгөөр тооцож бодоод 166,5м2 талбайг нэхэмжилж байгаа юм.
2-рт Б бол бид та нарыг хохироосон нь үнэн, гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн, тийм учраас 45м2 талбайг нэмж өгье өө гэдэг тайлбар гаргадаг. Энэ нь хавтаст хэрэгт ч байгаа. Мөн дараа нь Засаг дарга 90м2+90м2 гэдэг нөхцөл тавьж байгаа. 90м2-ыг нь 1 дүгээр давхарт өгөх ёстой байсан талбайгаар 5 давхарт өгье, 2 дугаар 90м2-ыг нь болохоор 5 давхарт хохиролд чинь өгье гэсэн санал тавьж байгаа юм. Бидний хувьд хохиролд 90м2 өгье гэдгийг зөвшөөрч байгаа юм. Бид үүнийгээ нэхэмжлэх үүднээс 45м2 талбай авах ёстой байсан. Үүнийгээ 2,900,000 төгрөгөөр бодоод 130,500,000 төгрөг болж байгаа юм. Ингээд 5 давхарт 83.3м2 талбай гэж нэхэмжилж байгаа юм. Мөн 100м2 байсныг 90м2 болгоод гэрээн дээр биччихсэн байгаа. Гэрээний хавсралт дээр “ГН” дэлгүүрийг план зургийг гараар зураад гаргахдаа 49,64 м2 гэж тавьсан байна лээ. Гэрээний агуулгаас харахаар бас л гэрээний хавсралтаар заасан хэмжээгээр, өмчлөлийн хэмжээгээр гэсэн агуулгаар гэж гараад байгаа юм.
Барьцаа хөрөнгөгүйн улмаас учирсан хохирол гэж байгаа. Үүнийг бол БУ сумынхан бараг бүгд мэднэ. Энэ хүн зөвхөн хүнсний бизнес эрхэлдэг. Энэ хүний барьцаа хөрөнгийг 2013 онд нураасан байдаг. Энэ хүн удаа дараа Идэрбат дарга дээр орж барьцаа хөрөнгө олоод өгөөч гэж гуйхад “боломжгүй байна, та удахгүй сайхан юманд орно” гэсэн байдаг. Таныг хохироохгүй гэж хэлсэн байдаг. Сайн сайхан юманд оруулна. Танд хөнгөлөлттэй үнээр өгнө гээд явуулаад байсан байдаг. Үүнийнхээ хохиролд бодитоор 200 гаруй сая төгрөг нэхэмжилж байна. Бид зээл авсан хүмүүсээс гэрчлээд өгөөч гэхэд гэрчүүд бид нар тусгаарлалтанд байна, эсхүл бид нар шүүх дээр очихгүй гэж хэлдэг. Тэгэхээр нь наториатчаар хууль сануулаад үр дагаварыг нь тайлбарлуулаад гэрчийн мэдүүлгийг адилтгах хэмжээнд гэрчийн мэдүүлэг авахуулсан. Зарим нэг нотлох баримтыг гаргаж өгсөн. Зарим нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээр болгож гаргаж өгсөн. Ломбарднаас авсан баримтууд нь мөн нотлох баримтын хэмжээнд гаргаж өгсөн байдаг. Хүнсний бизнес эрхэлдэг хүмүүс ихэнхдээ бэлэн мөнгөөр наймаа хийдэг, бэлэн мөнгөөр бараагаа худалдан авдаг хүмүүс байдаг. Бэлэн мөнгөөр бараа авдаг, эсхүл зээлээр авдаг. Бид нар ийм бодит хохирол дээрээ 221,649,000 төгрөг анх нэхэмжилсэн. Үүнээсээ бууруулан 117,103,980 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь 104,545,020 төгрөгөөр бууруулж байна гэсэн үг юм. СҮА ЗДас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Энэ хүний амьдралын талаар болон хувийн байдлын талаар ярья гэж бодож байна. Өнөөдөр 2 хүний газрыг авсан. Гэтэл нэг хүнд нь 4 дүгээр давхарыг бүхэлд нь өгсөн. Энэ 2 хүний газрын хэмжээ адилхан шахам байсан. Өнөөдөр 1 хүнийх нь хохирлыг ингэж барагдуулчихаад нөгөө хүнийх нь асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь ойлгомжгүй юм. Өнөөдөр нэхэмжлэгч нь өөрөө эвлэрье гээд явж байгаа хүнийг өөрөө эвлэрлийн гэрээ юмаа бариад явж байхад гэхэд үгүй ээ бид нар дараа нь янз бүрийн асуудалд орно, чи зөвшөөрчихлөө гэнэ гэж хэлдэг. Энэ нь хариу тайлбараас нь ч харагддаг. Энэ хүний талбайг авчихаад юу ч өгөхгүй юм шиг ядахдаа Б дарга шиг бичээд 90м2-ийг чинь өгье өө гэсэн бол арай өөрөөр хардаж болох байсан. Мөн удаа дараа явж байна. Мөн хоёрын хоёр охиноо сургуульд сургах гэж яаж зүдэрч байна. Яаж хүнээс мөнгө зээлж байна. Яаж төлөх гэж зүдэрч байгааг БУын ард түмэн бараг бүгд мэднээ. 2 дугаарт 100м2 талбайгаа өгөөд 90м2 талбай дээр гарын үсэг зурсан байдаг. 90м2 дээр гарын үсэг зурсан гэрээгээ бариад орсон чинь “чи одоо байжил байл даа. Чамайг хохироохгүй, болно ш дээ, чи юунд нь ингээд яваад байдаг юм бэ” гээд гаргасан байдаг. Иймээс бид нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч СҮА ЗД шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргаар Ж.Б ажиллаж байх үед буюу 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр аймгийн ЗД-н Тамгын газрыг төлөөлж Хууль, эрх зүйн даргаар ажиллаж айсан У.Б иргэн Ж.Н-тэй арилжааны гэрээ байгуулсан байдаг ба гэрээний 6.4-т заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 давхар барилгыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид 90м2 талбайг өгнө гэж тусгасан.
Гэтэл барилгын ажил гүйцэтгэж байсан компани, “Г” банкны хооронд маргаан үүссэний улмаас асуудал хүндэрч 16 давхар барилга шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдагдсан байдаг.
Тус барилгыг одоо үргэлжлүүлэн барьж байгаа “ДЖФ” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас дуудлага худалдаагаар тус барилгыг худалдаж авсан бөгөөд уг компанитай аймаг орон нутгийн зүгээс ямар нэгэн гэрээ байгуулаагүй тухайн үеийн аймгийн удирдлагууд барилгатай холбоотой маргаанд хэргийн оролцогчоор оролцоогүй тул нэхэмжлэгчийг нэгдүгээр давхарт сонголт хийлгэх хууль зүйн боломжгүй болсон ба тухайн компанийн зүгээс 1-3 давхрыг худалдахгүй гэсэн хатуу байр сууриа илэрхийлсэн.
Мөн анх гэрээгээр харилцан тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн м/кв 100 бус 90 м/кваар гэрээнд туссан тул 10м/кв талбайг нэмэгдүүлэн шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн Ж.Н нь арилжааны гэрээнд тохиролцсоны дагуу дэлгүүрийн зориулалтаар адил байршилтай А намын үйл ажиллагаа явуулж байсан байрыг үнэ төлбөргүйгээр өнөөдрийг хүртэл ашиглан “ГН” дэлгүүр үйл ажиллагаагаа хэвийн явуулан ажиллаж байна.
Хохирол нэхэмжилсэн асуудал дээр шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын хүрээнд нэмэлтээр дахин тайлбар хүргүүлнэ гэжээ.
Хариуцагчийн СҮА ЗДТГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн ЗД-н зүгээс гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн ЗД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н нь 2014 оны 5 дугаар сарын 14-нд аймгийн Засаг дарга болон аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга У.Б нартай арилжааны гэрээ байгуулсан байдаг. Дэлгүүр, газраа чөлөөлж өгсөн байдаг. Дэлгүүрийн газар дээр барилга барих компани, “Г” банкны хооронд маргаан үүссэний улмаас 16 давхар байр баригдахгүй үйл ажиллагаа нь зогссон. Шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “Ди Жи Фрэндс” ХХК уг дуудлага худалдаанд ялж барилгын ажиллагааг дуусгасан байдаг. Энэ компани бол 1-3 дугаар давхарыг бол өөрийн мэдэлд авч, 4-12 давхарыг нь аймгийн ЗД-н Тамгын газар худалдсан. Тэгэхээр Ж.Нтэй байгуулсан гэрээнд зааснаар 1 давхарт олгох боломжгүй болсон. Ингээд 5 давхарт байрлах талбайгаас өгөхөөр тохиролцсон. Гэрээгээр анх тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг 100 м2 гэсэн байдаг ч арилжааны гэрээгээр бол 90м2 гэж тохиролцож гарын үсэг зуралцсан байна. Анх гэрээ байгуулахдаа яагаад дутуу бичсэн юм бол гэдгийг миний хувьд мэдэх зүйл алга. Эрх бүхий компани нь ирээд л ингэж тусгасан байх гэж бодож байна. Мөн Ж.Нд тус газрын хамгийн урд талд байрлах А намын байранд “ГН” дэлгүүрийн үйл ажиллагааг явуулах эрх өгсөн. Ингэж өгөхдөө дулаан цахилгааны төлбөрийг даасан байдаг. Гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн. 90м2 талбайг 5 давхарт өгье гэж тохиролцсон. Мөн иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т зааснаар хохиролд 45м2 талбайг олгох боломжтой. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “90м2 талбайг 5 давхарт өгөх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т зааснаар хохиролд 45м2 талбайг олгох боломжтой. Харин барьцаа хөрөнгөгүйн улмаас хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авсны улмаас хохирсон гэж байна. Дэлгүүр буюу аж ахуйн нэгжид зарцуулахаар хувь хүмүүсээс зээл авсан бол тайлан баланс дээр тусгах ёстой байгаа. Гэтэл 2013 оноос 2020 оны хоорондох тайлан баланс дээр огт тусгагдаагүй байгаа юм. Борлуулалтын орлого нь тогтмол өсөж байсан байдаг. 2013 оны тайлан баланс 26,530,000 төгрөг гэж байсан бол 2018 оны жилийн эцсийн тайлан балансыг 32,000,000 төгрөгөөр хаасан байдаг. Үндсэн хөрөнгө нь одоогоор буюу 2020 оны жилийн эцсийн тайлангаар балансад нь тусгагдсан хэвээр байгаа. Дансны өглөгө бол 2020 оны байдлаар 33,000,000 төгрөг байгаа. Гэхдээ үүнийг бууруулаад явж байсан байдаг. Иймд хувь хүмүүсээс зээлсэн мөнгийг аймгийн ЗДТГ-н дарга төлөх боломжгүй юм. Хувь хүмүүсээс хувь хүнд зээлүүлсэн бол тайлан балансдаа тусгасан байх ёстой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь СҮА ЗД-д холбогдуулан “16 давхар барилгаас 5 дугаар давхарыг бүхэлд нь олгуулах тухай” нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ЗД-н Тамгын газрыг татаж,
-нэхэмжлэлийн шаардлагаа СҮА ЗД болон ЗД-н Тамгын газраас “Сүхбаатар аймаг, БУ сумын Сүхбаатарын талбайн баруун талд баригдаж байгаа 16 давхар барилгын 1 дүгээр давхарт гэрээний дагуу байршлын сонголтыг давуу эрхтэй хийхээр 90м2 талбайн өмчлөх эрхийг олгох шийдвэрийг гаргуулах,
-үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 100м2 гэж бүртгэсэн дэлгүүрийн барилгын талбайн хэмжээг “Арилжааны гэрээ”-нд 90м2 гэж 10м2 дутуу тусгасны механик алдаанаас үүдсэн хохирол 10м2 x 3,000,000=30,000,000 төгрөгийг,
-мөн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2014 онд талбайг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ зөрчснөөс болж барьцаа хөрөнгөгүйн улмаас өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс зээлж төлсөн хүүгийн хохиролд 221,649,000 төгрөгийг,
-8 жилийн хугацаанд хүнсний дэлгүүрээ супермаркет болгон өргөжүүлэх боломжийг хязгаарлаж олох ёстой байсан орлого, ашгийг үгүй болгосны “хохиролд 45м2 өгье” гэсэн хариуцагчийн өмнө гаргасан тайлбарын дагуу 45м2 -10м2 = 35м2 буюу 35м2 x 3,000,000 = 105,000,000 төгрөг гаргуулах” гэж өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулж;
-Сүхбаатар аймаг, БУ сумын Сүхбаатарын талбайн баруун талд баригдсан 16 давхар “DG tower” барилгын 1 дүгээр давхарын 90м2 талбайн зах зээлийн үнэ 261,000,000 төгрөгт 5 дугаар давхарт балансын үнэ 1,567,300 төгрөгөөр тооцон тэнцэх 166.5м2 талбайг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулах,
- нэхэмжлэлийн 2 ба 4 дэх шаардлагыг дараах байдлаар 4.5 сая төгрөгөөр багасган “DG тower” барилгын 1 дүгээр давхарын 45м2 талбайн зах зээлийн үнэ 130,500,000 төгрөгт 5 дугаар давхарт балансын үнэ 1,567,300 төгрөгөөр тооцон тэнцэх 83.3м2 талбайг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулах,
-гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2014 онд талбайг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөнөөс болж барьцаа хөрөнгөгүйн улмаас өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс зээлж төлсөн хүүгийн хохиролд 117,103,980 төгрөгийг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулах” гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч СҮА ЗД-с нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Сүхбаатар аймгийн ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэлийн шаардлагаас 90м2 талбайг 5 давхарт олгох, хохиролд 45м2 талбайг 5 давхарт олгох боломжтой. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ” гэж, 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Ж.Н болон хариуцагч СҮА ЗДТГ нь харилцан тохиролцож 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр худалдагч тал Ж.Н нь Сүхбаатар аймгийн БУ сумын 7-р багт байрлах “ГН” хүнсний дэлгүүрийн барилга, газрыг өмчлөх, эзэмших эрхээ худалдан авагч тал СҮА ЗДТГт шилжүүлэн өгч тус газрыг чөлөөлөх, худалдан авагч тал нь 16 давхар үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулж, тус барилгаас 90м2 талбайг 1 дүгээр давхарт давуу эрхтэйгээр Ж.Нн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтад орох эцсийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл болон хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.”, 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.” гэж зохицуулсан байна.
Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.” гэж, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж заажээ.
Нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээний “Линзийн-Өгөөж” ХХК-тай байгуулсан 21/03/51 тоот гэрээний дагуу хөрөнгийн үнэлгээчин Ц.Энхжаргал БУ сумын 7-р багт байрлах “DG tower” байрны 1 дүгээр давхарын м2-ын зах зээлийн үнийг 2,900,000 төгрөгөөр тогтоосон 2021.05.11-ний өдрийн 2102051 дугаартай тайланг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.
16 давхар буюу төрийн захиргааны хоёрдугаар байр “DG tower”-ийн 4-13 давхар 2871,1м2 талбай бүхий 4,500,000,000 төгрөгийн өртөгтэй үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч аймгийн ЗДТГ-н эзэмшилд байдаг болох нь Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор, уг барилгын 1м2 нь 1,567,3 төгрөгийн өртөгтэй үндсэн хөрөнгө болох нь Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон эд хөрөнгийн үнэлгээний талаар маргахгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-т “худалдаа үйлчилгээний барилга ашиглалтад орж “Б” тал буюу Ж.Н өөрийн өмчлөх талбайг хүлээн авах хүртэл Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “А нам”-ын байранд түрээсийн төлбөргүйгээр /халаалт, ус, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлыг “Б” тал хариуцана./ хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломж, нөхцлийг бүрдүүлэх талаар зохицуулсан бөгөөд хариуцагч тал энэхүү үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хувь хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлснийг хариуцагч дээрх гэрээний үүргийг зөрчсний улмаас үүсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул барьцаа хөрөнгөгүйн улмаас өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс зээлж төлсөн хүүгийн хохиролд 117,103,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас Сүхбаатар аймаг, БУ сумын 7-р багт баригдсан 16 давхар “DG tower”-ын 1 дүгээр давхарын 90м2 талбайн зах зээлийн үнэ 261,000,000 /90м2 х 2,900,000 = 261,000,000/ төгрөгт 5 дугаар давхарт балансын үнэ 1,567,300 төгрөгөөр тооцон тэнцэх 166.5м2 талбай, 45м2 талбайн зах зээлийн үнэ 130,500,000 төгрөгт 5 дугаар давхарт балансын үнэ 1,567,300 төгрөгөөр тооцон тэнцэх 83.3м2 талбай, нийт 249.8м2 талбайг Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ж.Нд олгож, 117,103,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,431,420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 391,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,115,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 227 дугаар зүйлийн 227.4, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас Сүхбаатар аймаг, БУ сумын 7-р баг орших “DG tower”-ын 5 дугаар давхарт 249.8м2 талбайг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117,103,980 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч СҮА ЗД-с нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,431,420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн ЗД-н Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,115,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ