Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2021/00047/и |
Дугаар | 198 |
Огноо | 2021-06-29 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 198
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ...................., .................... тоот хаягт оршин суух, /РД:................, утасны дугаар ..............., ................../, Ж.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ...................., ……………. тоот хаягт оршин суух, /РД:.............., утасны дугаар ............../, М.Э-т холбогдох
“Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу 2008 онд өргөдөл өгч тус сумын 8-р багийн нутаг дэвсгэрт хадан барилыг баруун хойд талд газар авсан болно. Ингээд авсан газартаа хашаа татаж, кадастрт оруулж газраа өмчилж авах гэхээр 8-р багийн иргэн М.Э газар чөлөөлж өгөхгүй элдэвээр загнаж доромжлоод болохгүй байна. Газрын даамал Г.Э болон дараагийн газрын даамал Д.Б нарт хүсэлт гаргаж “энэ хүн манай газар дээрээс нүүхгүй байна, манайх газраа авч өмчилж буумаар байна” гэж хэлэхэд “3 удаа мэдэгдэл хүргүүлсэн, бид нарыг ч мөн хэл амаар доромжлоод үг авахгүй байна. Та нар хуулийнх нь хүрээнд шийдвэрлүүл” гэсэн. Өөрт нь хэлэхэд удахгүй нүүгээд өгнө, хавар дулаан орохоор гэсэн боловч хичнээн жил нүүхгүй бидэнд чирэгдэл учруулж байгаа тул танай байгууллагад хандаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2008 онд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлөх хүсэлтээ гаргасан. Анх манайхыг газар авахаар өргөдөл өгөхөд тус газар нь чөлөөтэй байсан. Манайхыг газар авахад ЭЭ-ынн ээжийнх, тэдний зүүн урд талд Д-ийнх байсан. Одоо Сүхбаатар аймагт ажиллаж байгаа Э гэдэг хүүхэн тухайн үед манай сумын газрын даамлаар ажиллаж байсан. Тэр хүнээр газраа хэмжүүлж авсан. Тэгээд Э-ынн ээж М-т эгчид газрыг чөлөөлж өгөөрэй гэсэн. Тэгээд тэр хөгшин, Д-ийнх 2 манай газрыг чөлөөлж нүүсэн. Манайх газраа чөлөөлж 4 өнцөгт нь тэмдэглэгээ хийж орхисон. Тэгээд нэг мэдсэн чинь Э-ыннх хашаа татаад буучихсан байсан. Манай авсан газар, Засаг даргын захирамж гарчихсан шүү дээ гэсэн чинь танайх настай хүний газрыг авчихсан гээд элдэв муу үгээр доромжлоод нүүж өгөөгүй. Тэгж хэлчихээд би хөдөө яваад өгсөн. Тэгсэн М.Э манай нэг хүүтэй таарчихаад “яана аа, би эгч муухай загначихаж ээ, би газрыг нь чөлөөлж өгнө өө” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь би бас хүлээсэн. Газар чөлөөлж өг гэж хэлэхдээ “Чи залуу хүн байж, юмны наад цаад учрыг олохгүй, хөгшин настай хүмүүс учраа олоод нүүчихсэн байхад” гэсэн чинь “би ээжийнхээ газрыг эзэмшиж байна” гэсэн. Танайх газраа албан ёсоор авсан юм бол бичиг баримтаа аваад ир” гэхэд “бичигтэй бичиггүй та нарт хамаа байхгүй” гэсэн. Тэгээд хавар нь таараад чөлөөлөөд өгөх байлгүй дээ гэсэн чинь мөн л чөлөөлж өгөөгүй. Тэгээд газрын кадастрийн зураглалд оруулна гээд очихоор айлын хашаа, газар дээр нь айл байгаа учраас болохгүй гээд кадастрийн зураглал хийж өгөөгүй. Тэгээд дахиад хэдэн сарын дараа ирээд уулзахад “та нарыг энэ газар дээр бууж байхыг чинь харна аа, газрын албаны даргатай ярьсан” энээ, тэрээ гээд хэл амаар доромжлоод нүүгээгүй. Тэгэхээр нь бид нар газрын албаны хүнтэй уулзсан чинь “наад хүмүүс чинь нүүхгүй юм билээ, та нар ханддаг газар нь хандсан нь дээр дээ” гэсэн. Ийм учиртай болоод шүүхэд хандаж байна гэв.
Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн ....................ийн “Ж”-ын ..... тоот хаягт буюу нэхэмжлэгчийн дурдаж буй хаягт миний бие гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт 2006 оны 6 дугаар сараас эхлэн амьдарч өнөөдрийг хүрсэн. Манай гэр бүлийг анх энд буухад ганц ч айл байгаагүй бөгөөд манайх энэ газар буугаад өөрсдөө хашаа барьж, 15 жил амьдарч ирсэн. Нэхэмжлэгч Ж.Х нь энэ газарт хашаа барьсан байсан гэж худал нэхэмжлэл гаргасан байна. Манайх анх бууснаас хойш энэ газар нь албан ёсоор 8-р багийн газар нутагт харъяалагдаж, албан ёсны хаягжилт хийгдэж байсан. Манай гэр бүл нь тухайн газрыг өөрийн өмчлөлд авахаар өргөдөл гаргасан байсан боловч тухайн үеийн газрын даамал нь хэд хэдэн удаа солигдож бидний өргөдөл хаана байгаа нь мэдэгдэхгүй, шийдвэрлэсэн талаар хариу огт өгч байгаагүй. Манай гэр бүл өргөдлөө өгсөн учраас шийдвэрлэгдэх байх гэж ойлгож амьдарч ирсэн. Гэтэл гэнэт шүүхээс биднийг дуудаж энэ асуудлыг мэдсэн. Манай гэр бүл энэ хаяг дээрээ байнга буюу 15 жил амьдарч байтал бидний газар биш гэсэн өргөдөл өгснийг огт ойлгохгүй байна. Тэгээд ч иргэн Ж.Х-ын газар огт биш бөгөөд ямар нэгэн гэрчилгээ байхгүй. Мөн шүүхээр ямар асуудал шийдвэрлүүлэх гэж байгаа болон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн нэхэмжлээд байгаа газар маань 2008.8.22-ны өдөр олгосон захирамжтай. Хариуцагч М.Э-ын байгаа газар нэхэмжлэгч Ж.Х-ын газар болох нь хавтаст хэргийн материалаас харагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл М.Э-ын байгаа энэ газар бол Ж.Х-ын газар мөн гэдэг нь тогтоогддоггүй. 2-рт Г-ийн зүүн талд Хатанбаатарт өгөөд, Хатанбаатарын зүүн талд Шинэжилд өгсөн байдаг. Гэтэл 2007 онд энэ хоёр айлын дунд нь Амгаланбаатар гэдэг айлд өгсөн байдаг. Энэ газар хаачсан бэ? Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх нь тодорхой болно.” гэж байгаа юм. Тэгэхлээр газар өмчлүүлэх тухай захирамж гараад 15 жил өнгөрсөн ч энэ эрхээ баталгаажуулаагүй байна. Энэ хүмүүс энэ газар дээр огт амьдарч байгаагүй. Гэтэл хариуцагч бол 2006 оноос 15 жил амьдарч байсан. Нэхэмжлэгч маань ч өөрөө хэлж байна. Ээж, хүүхдүүд нь амьдарч байсан гэж. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлийг зааж өгсөн байдаг. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т эд хөрөнгө өмчлөх эрхийг бас зохицуулж өгсөн байгаа. Ингээд үзэхээр Ж.Х-ынх буучихсан юм аа гэдэг нь харагдахгүй байна. Мөн нөгөө талаас Ж.Хатанбаатар, М.Э-ынн газар давхцсан гэсэн давхцал харагдахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х-нь хариуцагч М.Э-т холбогдуулан “Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заасны дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” захирамжаа 1-р багийн иргэн Ж.Х-т 8-р багийн нутаг “Чулуунхороотын байр” Б.Г-ийн зүүн талд 35 х 30 = 1050м2 буюу 0.1 га газрыг олгохыг зөвшөөрчээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ж.Х нь маргаж буй газраа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаагүй байх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид газар өмчлөх эрх үүсээгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Ж.Хнь “бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч М.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э-т холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ