Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2021/00064/и |
Дугаар | 171 |
Огноо | 2021-06-15 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 171
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг ............ “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-ын 1-р бүсэд байрлах, /РД:............, утасны дугаар ............/, “У.Т.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ холбогдох
“Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х.Ү” ХХК-ийн үнэлгээчин Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “С.П” ХХК-ийн 65 хувийг эзэмшдэг. Гэтэл “С.П” ХХК дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийг нь манай хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт хохирол учруулах хэмжээнд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна.
Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “Х.Ү” ХХК-ийн үнэлгээчин Д.Г-н гаргасан “С.П” ХХК-ийн эзэмшлийн ............, Тэжээлийн 301 тоот 1000 м2 үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийг 484,583,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Үнэлгээ тогтоолгосон үйлдвэрийн барилга 2017 онд баригдсан. 1000м2 талбай бүхий 2 давхар, хүчин чадлын хувьд 38 хүн ажиллуулах боломжтой. Сүхбаатар аймагт орон сууцны үнэ м2 нь 1,500,000 төгрөгийн үнэтэй байгаа. Компанийн 2017, 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн П.М.А” ХХК-ийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 2017 онд 589,983,466 төгрөгийн, 2018 онд 764,563,978 төгрөгийн нийт хөрөнгөтэй гэж гарсан байдаг. Иймд зах зээлийн үнэлгээнээс хэт хямд үнэлсэн гэж үзэж байна гэв.
Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль ёсны төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 34 тоот шүүгчийн захирамжаар С.Б сумын 1 дүгээр багт байрлах “С.П” ХХК-иас 82,635,526 төгрөгийг төлбөрийг гаргуулж “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-121300462 дугаарт бүртгэлтэй, С.Б сумын 1-р баг, Тэжээлийн аж ахуйн гудамж, 301 тоот хаягт байрлах 1000м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19170353/06 дугаартай хураах тогтоол үйлдэн хурааж,
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Д.Г-ыг томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан.
Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан.
Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах 82,635,526 төгрөгийн гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулж зохих ажиллагаануудыг хийсэн. Шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, талуудад 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэснийг зөрчсөн. Манай байгууллага нь үнэлгээ гаргадаггүй. Мэргэжлийн байгууллагад хандаж үнэлгээг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Х.Ү” ХХК-ийн үнэлгээчин Д.Г тайлбарлахдаа: Эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа нийт хөрөнгийн байдалтай газар дээр нь очиж танилцсан. Барилгын зурагаараа 1000м2 талбай бүхий, 2 давхар барилга, хатуу болон зөөлөн оёдлын машин, хэрээсний машин, товчны нүх гаргагч, товч хадагч төхөөрөмж зэрэгт үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч компанийн санхүүгийн тайлангаар 764 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй гэж тайлбарлаж байна. Бид компанийн нийт хөрөнгөд үнэлгээ гаргаагүй. Тогтоолд дурдсан барилга, тоног төхөөрөмжид л үнэлгээ хийсэн. Санхүүгийн тайлангийн үнэлгээ, зах зээлийн үнэлгээ гэдэг нь хоорондоо ялгаатай ойлголт юм. Сүхбаатар аймагт орон сууцны үнэ м2 нь 1,500,000 төгрөг гэж байна. Орон сууц нь хийцлэлийн хувьд өөр өөр байдаг. Манайх үл хөдлөх хөрөнгө буюу барилгын үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртөгийн хандлага хоёрыг ашиглаж гаргасан. Техник тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргахдаа элэгдэл хорогдлыг хасч тооцсон. Өртөгийн хандлагыг баримтлахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалын хавсралтаар барилгын нийт хүчин чадлын норматив өртөг гаргах аргачлалыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Зах зээлийн хандлагыг хамгийн сайн илэрхийлдэг хандлага гэж үздэг. Зах зээлийн хандлагаар хийе гэхээр тухайн барилга байгууламжтай адил тийм барилга, байшин байхгүй байсан. Тухайн орон нутагт үйлчилгээний барилга, байшин м2 нь 8-12 төгрөгөөр түрээслэгдэж байна. Тэр зөрүүг нь гаргаж үзээд орлогын үнэ цэнийг тогтоосон. Оёдлын тоног төхөөрөмжийн хувьд “Бөмбөгөр” худалдааны төв, 1 дүгээр хорооллын худалдааны цэгүүдэд худалдаалагдаж байгаа тоног, төхөөрөмжийн зах зээлийн үнэтэй харьцуулсан байдаг. Ашигласан жилээ тооцож, элэгдлийг 20 хувиар тооцсон. Ингээд нийт үнэлгээ нь 484,583,000 төгрөг болж гарсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У.Т.Т” ХХК нь хариуцагч ............ холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.16-ны өдрийн 147/ШШ2019/00034 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “СХҮТП” ОНӨААТҮГ, хариуцагч “С.П” ХХК нар нь 131,712,240 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхээс 2019.8.12-ны өдөр 201 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.10.07-ны 19170353 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.
“СХҮТП” ОНӨААТҮГ-т төлөх 82,635,526 төгрөгийг 2019.10.18-ны өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5644031270 тоот дансанд тушаахыг төлбөр төлөгчид 2019.10.08-ны өдрийн 19170353/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр хүргүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Ж.Х нь 2019.12.16-ны өдөр 19170353/04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол үйлдэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн С.Б сумын 1-р баг, Тэжээлийн аж ахуйн гудамжны 301 тоотод байрлах, 1000 м2 талбайтай, 2 давхар, улсын бүртгэлийн Ү-1213004062 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон оёдлын тоног, төхөөрөмжүүдийг битүүмжилж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020.01.06-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахын мэдэгджээ.
Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тул 2020.3.02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч “Эд хөрөнгө хураах тухай” 19170353/06 дугаартай тогтоол үйлдэж дээрх эд хөрөнгүүдийг хураасан байна.
Төлбөр төлөгчийн хууль ёсны төлөөлөгч П.Г нь дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө 593,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг ............ хүргүүлжээ.
Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцож тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020.3.04-ний өдрийн 19170353/07 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол” үйлдэж төлбөр төлөгчийн өмч болох С.Б сумын 1-р баг, Тэжээлийн аж ахуйн гудамжны 301 тоот хаягт байрлах 1000 м2 талбайтай, Ү-1213004062 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон үйлдвэрийн тоног төхөөрөмжид үнэлгээ тогтоолгохоор “Х.Ү” ХХК-ийн үнэлгээчин Д.Г-ыг шинжээчээр томилсон байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, “Х.Ү” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, ............ хүргүүлжээ.
“Х.Ү” ХХК-ийн үнэлгээчин Д.Г-ыг гаргасан 2020.3.16-ны өдрийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2020.4.07-ны өдрийн 3/450, 3/451, дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тус тус танилцуулж, тэмдэглэл үйлджээ.
Нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, мөн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2021.01.26-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд шүүх хариуцагч ............ холбогдох “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “У.Т.Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ............ холбогдох “Х.Ү” ХХК-ийн 2020.3.16-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “У.Т.Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ