Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 1*******/2024/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Архангай аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн сум, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

******* /РД: /

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт **** өдрийн 20 цагийн орчим **** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гадагш хөөж гаргахдаа шатнаас түлхэж унаган газар унасан байх үед нь нүүр рүү нь өшиглөж 2 шүдний бүрэн хугарал, 1 шүдний уг хэсгийн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн: Дэлгүүрт ****, *** нар согтуу орж ирсэн. Дэлгүүрт үйлчлүүлэгч байхад лангуун дээрээс архи аваад задалж уугаад надад агсам тавиад байсан. Архиа уучхаад *** архи руу явахаар нь би дэлгүүрээс гар гэж хэлээд гаргасан. Би санаатай тийм үйлдэл хийгээгүй. Гэхдээ шүд нь унасан болохоор би гэм буруутай гэв.

Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн: **** орой би машин засаж хэдэн төгрөг авсан. Дэлгүүрт өртэй байсан өрөө өгөөд хүүхдүүддээ тараг, сүү авсан. Энэ хүнээс би архи булааж аваагүй мөнгөө төлөөд авсан. Би согтуу байсан. **** маргалдсан. **** намайг татаж гаргасан. Намайг гадаа гаргаад **** нүүр хэсэг, гэдэс рүү өшиглөсөн. Миний шүд хугараад амнаас цус гарсан. **** эмчилгээ хийлгэсэн зардалд 9,689,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дэлгүүр дотор нь архи задлаад уусан чинь **** бид хоёрыг хөөсөн бас дэлгүүр дотор байж байхад 10 гаруй жилийн өмнө л таарамжгүй харилцаатай болсон юм шиг байсан. Хотонт сумын 70 жилийн ой болж байхад **** хүний морь гуйж унаад явж байсан чинь *** гэх дэлгүүрийн эзэн ирээд чи миний алдсан морийг унаад явж байна гэж уурлаад эмээлийг нь үүрүүлээд хүний нутагт явган үлдээсэн гэх утгатай зүйл яриад л маргаад байсан. Дэлгүүр дотроос бид хоёр хөөгдөөд гадагшаа гарсан *** ч цуг гарсан үүдэнд ***, *** хоёр зууралдаад үлдсэн би ч гэр рүүгээ орчихсон гэртээ ороод 5-10 минут болоогүй байхад **** араас залгаад *** ахаа *** намайг зодчихлоо гэж хэлсэн. Би гадагш гараад очсон чинь **** шүднүүд нь унаад нүд нь хөхөрсөн цустайгаа холилдоод байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

Насанд хүрээгүй гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр би Өвөрхангай аймгийн сумын **** багт байрлах нутгийн хүмүүсийн хэлж сурснаар **** хойд талын **** сууж байсан. Баруун зүүн хойд талд байдаг дэлгүүр дотроос дэлгүүрийн эзэн эрэгтэй, манай нөгөө ангийн хүүхдийн аав **** ах бас нэг танихгүй эрэгтэйн хамт 3 хүн гарч ирсэн. Дэлгүүрийн эзэн эрэгтэй **** ахын доош түлхэж унагаасан. Миний танихгүй нэрийг нь мэдэхгүй ахыг дэлгүүрийн эзэн ах чирээд доош буулгасан. ...**** ах түлхүүлж газарт унаад арай босоогүй байхад дэлгүүрийн эзэн эрэгтэй **** ахын нүүр хэсэгт 1 удаа, дараа нь гэдэс хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. ****э ахтай хамт явж байсан эрэгтэй түрүүлээд яваад орсон. Би **** ахыг ойроос харсан чинь 2 гартаа нэг нэг ширхэг шүд барьчихсан байсан, бас амнаас нь цус гараад нүд нь гэмтчихсэн байсан. **** ажиллуулдаг ах тэнд удаж байгаа бараг мэдэхгүй хүн гэж байхгүй, зүс хараад шууд л танина гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/,

Өвөрхангай  аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай: “...1. *** биед дээд эрүүний 11, 21 дүгээр шүдний бүрэн хугарал, 22 дугаар шүдний цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоохын 4.11.52.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 тал/,

**** дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 50-52 тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хоёр.  Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийн хувьд:

Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн сумын **** нутагт байрлах **** үйл ажиллагаа явуулдаг **** дэлгүүрт 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим **** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гадагш хөөж гаргахдаа шатнаас түлхэж унаган газар унасан байх үед нь нүүр рүү нь өшиглөж 2 шүдний бүрэн хугарал, 1 шүдний уг хэсгийн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч **** ...**** намайг татаж гаргасан. Намайг гадаа гаргаад **** нүүр хэсэг, гэдэс рүү өшиглөсөн. Миний шүд хугараад амнаас цус гарсан гэх мэдүүлэг ,

гэрч **** ...дэлгүүр дотроос бид хоёр хөөгдөөд гадагшаа гарсан **** ч цуг гарсан үүдэнд ***, *** хоёр зууралдаад үлдсэн би ч гэр рүүгээ орчихсон гэртээ ороод 5-10 минут болоогүй байхад *** араас залгаад *** ахаа **** намайг зодчихлоо гэж хэлсэн. Би гадагш гараад очсон чинь **** шүднүүд нь унаад нүд нь хөхөрсөн цустайгаа холилдоод байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

насанд хүрээгүй гэрч **** ...тухайн өдөр би Өвөрхангай аймгийн сумын ***** байрлах нутгийн хүмүүсийн хэлж сурснаар **** хойд талын **** үүдэнд сууж байсан. Баруун зүүн хойд талд байдаг дэлгүүр дотроос дэлгүүрийн эзэн эрэгтэй, манай нөгөө ангийн хүүхдийн аав **** ах бас нэг танихгүй эрэгтэйн хамт 3 хүн гарч ирсэн. Дэлгүүрийн эзэн эрэгтэй **** ахын доош түлхэж унагаасан. Миний танихгүй нэрийг нь мэдэхгүй ахыг дэлгүүрийн эзэн ах чирээд доош буулгасан. ...**** ах түлхүүлж газарт унаад арай босоогүй байхад дэлгүүрийн эзэн эрэгтэй **** ахын нүүр хэсэгт 1 удаа, дараа нь гэдэс хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. **** ахтай хамт явж байсан эрэгтэй түрүүлээд яваад орсон. Би **** ахыг ойроос харсан чинь 2 гартаа нэг нэг ширхэг шүд барьчихсан байсан, бас амнаас нь цус гараад нүд нь гэмтчихсэн байсан. дэлгүүр ажиллуулдаг ах тэнд удаж байгаа бараг мэдэхгүй хүн гэж байхгүй, зүс хараад шууд л танина гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 тал/,

**** дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч **** хохирогч *** шатнаас түлхэж унаган газарт унасан байхад нь хөлөөрөө түүний нүүр хэсэгт өшиглөсөн санаатай үйлдлийн улмаас хохирогч *** биед дээд эрүүний 11, 21 дүгээр шүдний бүрэн хугарал, 22 дугаар шүдний цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруутай гэв.

Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч **** шүүх хуралдаанд миний 3 шүдийг хугалсан үүний улмаас би эмчилгээ хийлгэж имплант суулгац хийлгэсэн. Эмчилгээний зардалд 9,689,000 төгрөг зарцуулсан. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлж 8,573,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулна.  Нийт 18,262,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Энхдент шүдний эмнэлэгт 3 шүд хугарсандаа имплант суулгуулсан байх ба шатахууны зардалд 130,000 төгрөг, эмийн сангаас авсан эмийн зардалд 59,400 төгрөг, имплант суулгах төлбөрт 9,500,000 төгрөг зарцуулсан нь тогтоогдож байна.

Иймд эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөр, зардалд 9,689,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж, 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ыг тогтоосон байна.

Өвөрхангай  аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай: “...1. *** биед дээд эрүүний 11, 21 дүгээр шүдний бүрэн хугарал, 22 дугаар шүдний цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоохын 4.11.52.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон байх бөгөөд дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг “хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтлийн улмаас хохирогчид учирсан өвдөлт, шаналал зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан нөхөн төлбөрийг тогтоосон болно.  

Гэмт хэрэг үйлдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 6,600,000 төгрөг байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор, нөхөн төлбөрт 6,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, болон ажилгүй байсан хугацааны цалин бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Дөрөв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж  шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

Тав. Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман  зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч **** хохиролд 9,689,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 6,600,000 төгрөг нийт 16,289,000 төгрөгийг гаргуулан хохирогч **** олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА