Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/944

 

Б.Э-, Б.С-т холбогдох

       эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

яллагдагч, хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Тамир,

яллагдагч, хохирогч Б.С-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/1351 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Б.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 1908041590814 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.Э-, 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн захирагчийн албанд ариутгагч ажилтай, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Б.С-, 2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжны 13 тоотод байрлах хашаанд иргэн Б.С-тай “...ээжийг маань мөнгө хулгайлсан гэж хэллээ, ээжийг байхгүйд мөнгө нэхлээ...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар нь алгадаж, шалны модоор гар луу нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 5 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Б.С- нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжны 13 тоотод байрлах хашаанд иргэн Б.Э-тай “...ээжээс ажлын хөлс болох мөнгөө өгөхгүй, хашаанаас хөөлөө...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: “...Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эмнэлгүүдийн өвчний түүхүүд дээр тавигдсан онош, удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтүүд /9563, 569/ дээрх оношнууд зөрсөн шалтгаан үндэслэлийг тодруулах зорилгоор ЭМЖЖ эмнэлгээс дээрх онош, шинжилгээ бүхий СиДи-г авч, дахин нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж Б.Э-ын эрүүл мэндэд ямар хохирол, хор уршиг учирсан болохыг бүрэн, нэг бүрчлэн тогтоох нь зүйтэй.

            2. Тухайн үйл баримт нь хашаанд эсхүл гэр болсон алин болохыг тогтоох, улмаар гэр болон хашааны хаалганы цоож түгжээ эвдэрсэн байсан эсэх, уг үйл явдал нь хэдэн цагийн орчимд болсон болох, мөн дээрх нэр бүхий цагдаа нар нь үзлэг хийж, бичлэг, зургаар бэхжүүлэн авсан бол уг баримт, бичлэг нь хэрэгт яагаад хавсаргагдаагүй болохыг шалгаж тогтоох шаардлагатай.

            3. Яллагдагч Б.Э-, Б.С-, гэрч нарын мэдүүлэгт дурдсанаар тухайн үйл баримт нь орой, шөнийн цагаар иргэн Б.Э-ын амьдарч буй хашаа, цаашилбал түүний гэрт ч болсон байхыг үгүйсгэхээргүй байх бөгөөд иргэн Б.Э-ын зөвшөөрөлгүйгээр Б.С-, түүний найзууд нь тэдний хашаа, гэрт нэвтрэн орж бусдын хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан эсэх асуудал байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

            4. Өмгөөлөгчийн тайлбар, саналд дурдсан асуудлууд нь холбогдох баримт хийгээд цаг хугацааны хувьд тохирч байх тул прокурор нь оролцогчдоос тус хэрэгтэй холбогдуулан хүсэлт гаргасан байхад хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн, улмаар дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвантавдугаар бүлэгт заасан оролцогчдын “хүсэлт, гомдол” гаргах эрхийг зөрчсөн шинжтэй байна. Иймээс цаашид оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж байх нь зүйтэй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

          Прокурор Р.Очирсүрэн тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

          1. Хэрэгт хяналт тавьж буй прокуророос 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон прокурорын тогтоолыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлэхдээ тухайн хэргийн мөрдөгчөөс Б.Э-ын өвчний түүхтэй холбоотой ЭМЖЖ эмнэлгээс тавигдсан онош, ГССҮТ болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх бүхий 29 хуудас баримтуудыг хэргээс хуулбарлан авч, мөн Б.Э-аас ЭМЖЖ эмнэлгийн тавигдсан онош, гарын зүүн тохойн үеийн 2 байрлалын рентген зураг болон 1 ширхэг СиДи, гавал тархины КТГ /1 ширхэг СиДи/, хамар дайврын КТГ /1 ширхэг СиДи/ зэргийг дүгнэлт гаргуулахаар /хх 192/ хүргүүлсэн. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 569 дугаартай дүгнэлт гарсан болно. Иймд өмгөөлөгч Г.Тамираас гаргасан “Б.Э-ын биед тархи нугасны хатуу хальсны язрал, тархи нугасны шингэн гаралт бүхий өвчтэй” болсон нь ЭМЖЖ эмнэлэгт хийлгэсэн шинжилгээгээр тогтоогдсон, улмаар уг шинжилгээг СиДи дээр буулгаж авах гэсэн боловч их мөнгө шаардсан тул Б.Э- авч чадаагүйгээс сүүлийн дүгнэлт үндэслэл муутай гарсан” гэсэн санал, тайлбарыг үгүйсгэж байна. Өмгөөлөгчийн дээр дурдсан асуудлыг хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, тодруулах боломжтой.

            2. Насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлгээр тухайн гэмт хэрэг нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжны 13 тоотод байрлах Б.Э-ын хашаанд болсон болох нь тогтоогдсон. Харин хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нар бичлэг хийсэн болох нь тогтоогдоогүй ба яллагдагч Б.Э-, Б.С- нар нь тухайн үед харилцан маргалдаж, нэгнийхээ биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөн энэ талаар хохирогч, шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж асуух боломжтой. Яллагдагч Б.С- нь Б.Э-ын нүүрэн тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлдээ маргаагүй учир шүүгчийн захирамжид дурдсан хэрэгт авагдаагүй, хэргийн газрын дуудлагаар очсон цагдаа нарын үзлэг хийж, бичлэг, зургаар бэхжүүлэн авсан баримт, бичлэг нь хэрэгт яагаад хавсаргагдаагүй болохыг тогтоох гэсэн заалт хууль зүйн үндэслэлгүй, тухайн хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна.

            3. Хэрэгт авагдсан хохирогч Б.С-, насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбаяр, гэрч С.Алтанцэцэг нарын мэдүүлгээр Б.С- нь ажил хийсэн ажлын хөлсөө авахаар С.Алтанцэцэгийн гэрт очиж түүний охин болох Б.Э-тай уулзаж, мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдаж зодолдсон үйлдэл тогтоогдсон ба харин Б.С-, түүний найзуудын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинж, санаа зорилго хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

            4. Яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч Г.Тамирын хувьд хэргийн материалтай танилцаад хэрэгт хяналт тавьж буй прокурорт “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 569 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Б.Э-ын биед хөнгөн гэмтэл учирсан гэж илтэд үндэслэлгүй, эргэлзээтэй дүгнэлт гаргасан байна. Мөн Б.С- болон түүний 2 найз нь хохирогч Б.Э-ын гэрт хууль бусаар нэвтэрч байгаа үйлдэлд ямар үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан ба тухайн хүсэлтийг хүлээн авч хянаад, хүсэлтэд дурдсан зүйлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байх тул өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариу мэдэгдэх хуудсаар хариу өгч, яллагдагч нарт яллах дүгнэлтийг гардуулж, хэргийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно.

            Прокурорын шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг яагаад хангаагүй талаар дурдахад тухайн Б.Э- нарт холбогдох хэрэг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд шилжсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ гэсэн заалтыг баримтлан дээд шатны прокурорт өмгөөлөгч Б.Тамираас гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад дээрх заалтын дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

            Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

            Хохирогч, яллагдагч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хажууд айлын залуу болсон асуудлыг харсан. Гэтэл түүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн цагдаагийн хоёр ажилтан манай гэрт ирж бичлэг хийсэн атлаа уг бичлэгээ хэрэгт хавсаргаагүй. Сүүлд 5 дугаар сарын 22-ны өдөр шалны модыг эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн үед би “Манай хашааны хаалгыг эвдчихсэн байгаа, үүнийг шалгаад баримтжуулж зэргийг нь авахгүй юм уу, эсхүл надад авсан зураг нь байгаа, үүнийг хэрэгт хавсаргаж өгөөч” гэхэд “Прокуророос зөвшөөрөөгүй” гэж хэлсэн. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Хохирогч, яллагдагч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

            Хохирогч, яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, хавтас хэргийн 31-34 дүгээр талд Б.Э-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн баримт авагдсан. Мөн Б.Э-ын тархи нугаснаас шингэн гарсан болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “ЭМЖЖ” эмнэлэг тогтоосон. “ЭМЖЖ” эмнэлгийн зүгээс тархи, нугасны шингэн алдалттай гэсэн оношийг цаасаар гаргаж өгөх боломжгүй, зөвхөн СиДи-н дээр 300.000 төгрөгөөр хуулбарлаж өгөх боломжтой гэсэн. Гэвч Б.Э- үүнийг авч чадаагүй. Мөрдөгч бүрэлдэхүүнтэй шинжээч томилохдоо шинжилгээний объектыг бүрэн гүйцэд явуулаагүйн улмаас шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Шүүхээс шинжээч томилох асуудлыг шийдвэрлэж болох боловч “ЭМЖЖ” болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарыг гэрчээр асуух ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Мөн Б.Э- нь тухайн хэрэг гардаг өдрийн 22 цагийн үед гэртээ байсан. Б.С- нь хоёр найзын хамт гэрийнх нь хаалгыг нүдэж онгойлгоод Б.Э-ыг зодсон. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаад бичлэг хийсэн байсан. Энэ нь хавтас хэрэгт авагдаагүй. Мөн тухайн үед очсон хоёр цагдаагийн ажилтнаас гэрчийн мэдүүлэг аваагүй. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр прокурорт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокурор 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудас ирүүлснийг миний бие 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гардаж аваад мөн өдрөө дээд шатны прокурорт гомдол гаргасан. Гэтэл прокурор яллах дүгнэлт гардуулсны дараа хүсэлт өгсөн мэтээр буруу тайлбарлаж байна. Би 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт гаргасан байхад хүсэлтийн хариуд гомдол гаргах эрхийг маань зөрчиж 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр яллах дүгнэлтээ миний хүсэлтийн хариутай хамт гардуулсан. Үүнийг дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Хохирогч, яллагдагч Б.С-ын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Э-ыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжны 13 тоотод байрлах хашаанд иргэн Б.С-тай “...ээжийг маань мөнгө хулгайлсан гэж хэллээ, ээжийг байхгүйд мөнгө нэхлээ...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар нь алгадаж, шалны модоор гар луу нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 5 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            Б.С-ыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжны 13 тоотод байрлах хашаанд иргэн Б.Э-тай “...ээжээс ажлын хөлс болох мөнгөө өгөхгүй, хашаанаас хөөлөө...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...Б.Э-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг эргэлзээгүй тогтоох зорилгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, тухайн үйл явдал хашаанд эсхүл гэрт болсон аль нь болохыг тогтоож, хэрэгт хавсаргавал зохих ач холбогдол бүхий баримт мэдээлэл, бичлэгийг хавсаргах, Б.С- болон түүнтэй хамт явсан хүмүүсийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх асуудлыг зөвтгөх боломжтой эсэх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүнтэй холбогдсон бусад асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Б.Э-, Б.С- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрх бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

Анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”, мөн хэсгийн 6.9 дэх заалтад “шүүх хуралдааны товын талаархи санал, хүсэлт;” гэж тус тус заасныг баримтлан талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон явуулж, улмаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус давхар баримталсан нь төдийлөн зохимжгүй болсныг цаашид анхаарвал зохино.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/1351 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэх хүртэл Б.Э-, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                              ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН