Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 04

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүгч Б.Ихтамир, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Улсын яллагч Б.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Г.Сэргэлэн,

Хохирогч Б.Төгсбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шинжээч Б.Сэргэлэнбаяр

Гэрч Т.Пүрэвдорж

Шүүгдэгч Ц.Мөнхбат

Нарийн бичгийн дарга Г.Баттулга нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Цэрэндоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201613010082 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хорооллын 8-3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй Хариад овогт Цэрэндоржийн Мөнхбат /РД:ИЗ86110158/  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Төгсбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Төгсбатын гэдсэн тус газарт өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Төгсбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэдсэн тус газарт өшиглөснөөс түүний нарийн гэдэс задарч, үүний улмаас хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл үүсэж, бие махбодид нь хүнд зэргийг гэмтэл учруулсан болох нь

Хохирогч Б.Төгсбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамгийн сүүлд Дамба гуайн гэрт Г.Баянмөнх бид хоёр нэг шил архи хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан. Гэрийнхээ гудамжны үзүүрт мотоциклтой хүн явахаар нь “хөөе зогс, намайг хүргээд өг” гэхэд мотоциклтой хүн өнгөрч явснаа буцаж ирээд “Юу гээд байгаа юм бэ? Хүн зүгээр явуулахгүй мотоциклын ард сууж явсан хүүхэд өшиглөж авлаа” гээд намайг заамдаж аваад гэдэс рүү өшиглөхөд би багтраад унасан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй. Тухайн үед манай хүү Т.Раднаасэнгэ хашааныхаа үүдэн дээрээс намайг хүнд цохиулж байхыг харчихаад над руу ирэхэд нөгөө мотоциклтой хүн манай гудамжны хашаа руу орохыг харсан байсан. Манай хүү тэр хашаанд очоод Ц.Мөнхбатыг дагуулж ирээд намайг харуулахад миний нүүрийг харчихаад зүгээр байна гээд буцаад явсан гэсэн. Манай хүү намайг авч явж чадахаа байгаад ээжийгээ дуудаж намайг гэрт оруулсан байсан. Би тэр шөнө 3 цагийн үед эмнэлэгт машинтай очсон.  Манай эхнэр эмнэлэг рүү ороод эмч байхгүй байна гээд өвчин намдаах эм авчрахаар нь уусан. Би машинаас буугаагүй. Тэр шөнө огт унтаж чадаагүй, шөнөжин гэдсээр хатгуулж өвдөөд унинаас зүүгдэж үүр цайлгасан. Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад их эмч Б.Ариунзаяа ирж үзээд өвчин намдаах тариа хийсэн. Намайг өвчин намдахаар нь эмнэлэг дээр очиж үзүүлээрэй гээд явсан. 14 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр очиж эмч Б.Шинэбилэг, Б.Ариунзаяа хоёрт үзүүлсэн. Надад гелизем тавьсан. Б.Шинэбилэг эмч эм бичиж өгсөн. Би тэр шөнө арай дээр хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө дахиад өвдөлт өгөөд намдахгүй байхаар нь орой ажил тарах үед дахин эмнэлэгт очиж Б.Шинэбилэг эмчид үзүүлэхэд Тосонцэнгэл сум руу яв гээд эмнэлгийн машинаар хүргүүлсэн. Тосонцэнгэл суманд шөнө 22 цагийн орчим ирсэн. Мэс заслын эмч Т.Пүрэвдорж гэдэг залуу яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гээд аймгийн төвөөс эмч дуудсан. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 7 цаг өнгөрч байхад хагалгаанд орсон. Хагалгаа хийсэн эмч нар нарийн гэдэс цоорсон, гэдэс нилэнхүйдээ бохирлогдсоноос түгжрээ үүсэж, давсаг, түрүү булчирхай, олгой бүгд үрэвсэн байсан гэсэн онош тавьсан. н.Даваажавын хүүхэд Ц.Мөнхбат гэдэг залуу намайг өшиглөж биед гэмтэл учруулсан. Ц.Мөнхбатын ар гэрээс 1.500.000 төгрөг өгсөн. Улаанбаатар хот явж эмнэлэгт хэвтсэн, эмчилгээ хийлгэсэн болон эм тариа, замын зардалд 896.800 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх болно. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Р.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед гудамжинд манай нөхрийн дуу гараад байхаар нь хүүхдээ “Аав чинь ирж байх шиг байна, урдаас нь гар” гээд гаргасан. Манай хүүхэд 30 орчим минутын дараа утсаар залгаад “Аав гудамжинд хүнд цохиулаад босож чадахгүй бөөлжөөд байна, та гараад ирээч” гэхээр нь очиход Ц.Төгсбат дөрвөн хөллөөд орилоод байж байхаар нь “Аав чинь яагаад босож чадахгүй байгаа юм бэ?” гэхэд манай хүүхэд “Аавыг нэг мотоциклтой хүн цохисон. Тэр хүн гудамжны 3 дахь хашаа руу орсон” гэсэн. Манай нөхөр “Гэдэс хатгуулж өвдөөд, гэдэс дотор нэг юм тасарчихсан юм шиг байна” гээд байсан. Тэр шөнө 03 цаг өнгөрч байхад эмнэлэгт авч очсон бөгөөд манай нөхөр машинаас буугаагүй. Эмнэлэг дээр эмч байгаагүй учраас үзүүлж чадаагүй, ээлжийн сувилагч Г.Жаргалсайханаас өвчин намдаах эм авч өгсөн. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 04-ний өглөө их эмч Б.Ариунзаяаг авчирч үзүүлэхэд өвчин намдаах тариа хийгээд өвчнөө намдахаар нь эмнэлэг дээр очиж үзүүлээрэй гээд явсан. 12 цаг өнгөрч байхад эмнэлэгт очиж Б.Шинэбилэг эмчид үзүүлэхэд эм бичиж өгсөн. Эмийг 2 өдөр уугаад 1 дэх өдөр ир гэсэн боловч манай нөхрийн бие сайжрахгүй байхаар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлэгт дахин үзүүлэхэд Тосонцэнгэл сум руу яв гээд эмнэлгийн машинаар хүргүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа аймгийн төвөөс ирсэн Д.Заагаа эмч танай нөхрийн нарийн гэдэс цоорч, гэдэс дотор нилэнхүйдээ бохирдож давсаг, олгой үрэвссэн байхаар нь олгойг авчихлаа гадны нөлөөтэй байна гэж хэлсэн. ..” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Т.Раднаасэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед гудамжинд аавын дуу гарахад ээж “Аав чинь ирж байх шиг байна” гэхээр нь хашааны үүднээс хартал хашааны өнцгийг тойроод аав ирж байгаа харагдсан. Гэтэл нэг мотоциклтой хүн урд талын хашааг тойроод манай аавын хажуугаар өнгөрч явснаа буцаж ирээд мотоциклоосоо бууж манай аавыг цохиж унагахыг мотоциклын гэрэлд харагдсан. Аав руу очиход хоёр гараараа газар тулчихсан дөрвөн хөллөөд ёолоод байхаар нь босгох гэхэд улам орилоод босож чадахгүй байсан. Би зодсон залуугийн орсон хашаа руу очиход танихгүй ах, эгч хоёр галын түлээ тэврээд явж байхаар нь “Танай хашаа руу сая орсон мотоциклтой хүн хаана байна” гэж асуухад дунд талын гэр лүү ороод нэг залууг гаргаж ирэхээр нь аав руу дагуулаад очиход аав орилоод хэвтэж байсан. Тэр хүмүүс нүүр ам нь зүгээр байна гээд яваад өгсөн. Би аавыг босгох гээд өргөхөөр эвхэрч хэвтчихээд орилоод байхаар нь ээжийг утсаар дуудсан. Ээж бид хоёр аавыг хүчээр өргөөд гэрт оруулж хувцсыг нь тайлахад зүүн талын гуян дээр нь хөхөрсөн байсан. Аав үхлээ гээд сууж, хэвтэж чадахгүй шөнөжин орилж хоносон. Маргааш өглөө Б.Ариунзаяа эмчийг авчирж үзүүлэхэд өвчин намдаах тариа хийсэн. Өвчин намдахаар нь эмнэлэг дээр очиж үзүүлээрэй гээд явахаар нь сургуулийн эмч н.Цогзолмаа эмчийг авчраад үзүүлэхэд олгой юм уу түгжрээ байна яаралтай Тосонцэнгэл сум руу явах хэрэгтэй гэж хэлсэн. Аав 13 цагийн орчим ээжтэй хамт сумын эмнэлэг рүү яваад 18 цагийн орчим ирсэн. Тэр шөнө бас унтаж чадахгүй хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө гэртээ өнжөөд орой 17 цаг өнгөрч байхад Үржил багийн эмч н.Дунжаа эмчийг дуудаж үзүүлэхэд яаралтай Тосонцэнгэл сум руу явуул гээд өөрөө түргэн дуудсан.  19 цагийн үед аав Тосонцэнгэл сум руу эмнэлгийн машинаар явсан. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэг дээр жижүүрийн сувилагчаар ажиллаж байсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад Б.Төгсбат гуайн эхнэр Р.Наранчимэг ирээд “Б.Төгсбатын гэдсээр хатгуулж өвдөөд, эмчид үзүүлэх гэсэн юм” гэсэн. Тэр үед эмч байхгүй байсан болохоор би өвчин намдаах эм өгөөд явуулсан. Р.Наранчимэг гуай “Нөхөр гадаа машин дотор байгаа, машинаас бууж чадахгүй байна” гэж хэлсэн. ...2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой ажил тарсны дараа Үржил багийн эмч н.Дуламжав Б.Төгсбат гуайг дагуулчихсан эмнэлэг дээр ирсэн байсан..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед Б.Төгсбатыг гэрт нь очиж үзэхэд биеийн байдал хүндэвтэр, зовиур шаналгаатай, гэдэс дүүрэнг, хэвлийн хэсгээр эмзэглэл ихтэй, зүрх дэлсэлт ихтэй байсан. Тухайн үед өвчин намдаах тариа хийсэн. Өдөр Б.Төгсбат эмнэлэг дээр ирчихсэн явахаар нь “Юу болж байна, бие гайгүй юу?” гэхэд “Б.Шинэбилэг эмчид үзүүлчихлээ, түгжрээ байж магадгүй гээд гелизем тавина гэж байна” гэсэн. Б.Шинэбилэг эмч 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Төгсбат гэдэг хүний зовиур арилахгүй байна. Тосонцэнгэл сум руу явуулъя гэхэд эмнэлгийн автомашинаар Тосонцэнгэл сум руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Шинэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Төгсбат гэх хүн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, хэвлийн хэсгээр өвдөлт ихтэй байсан ба дээшээгээ бага зэрэг огиулж, ам хатсан, гэдэс цардгар, ухаан санаа эрүүл, орчиндоо харьцаатай байсан. Тухайн үед өөрөө өтгөн бага зэрэг доошоо гарч байгаа гэж хэлж байсан. Гэдэсний түгжрэл гэсэн онош тавиад гелизем тавихад доошоо бага зэрэг шингэн зүйл гарсан. Маргааш нь ажил тарсны дараа 19 цагийн үед Б.Төгсбат эмнэлэгт ирээд үзүүлэхээр нь эрхлэгч эмч Б.Ариунзаяатай яриад Тосонцэнгэл сум руу явуулсан...”  гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Б.Төгсбат гэх хүн гэдэсний хурц түгжрэл гэсэн оноштой эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Би 22 цаг 30 минутын үед үзээд гэдэсний хурц түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл бие организмын хордлогын хүнд хэлбэр гэсэн онош тавьж эмийн эмчилгээ хийгээд Завхан аймгийн төвөөс мэс заслын болон норкозны эмчийг дуудаж мэс заслын эмчилгээ хийхээр төлөвлөсөн. Шөнө 05 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс мэс заслын эмч Д.Загдбазар, норкозны эмч н.Ганчимэг нар ирж, өглөөний 08 цагийн үед Б.Төгсбатад хагалгааг эхэлж, 10 цаг 45 минутад хагалгаа амжилттай болж дууссан. Хэвлийг зүсэж нээн үзэхэд хэвлий, сэмж, гэдэс нилэнхүйдээ наалдаж өнгөр тогтож хучигдсан, нарийн гэдэс дунд хэсэгт цоорч өнгөрөөр хучигдсан байсан. Цоорсон гэдсийг 3 давхар оёдол тавьж битүүлж оёсон. Нарийн гэдсэнд нь ямар нэгэн шархлаа байгаагүй учир өөрөө цоорох боломжгүй, гадны хүчин зүйлийн улмаас цоорсон байх магадлал өндөр байсан. Гэдэсний бохирдол нь нарийн гэдсээр дамжиж буй өтгөн нь цоорсон хэсгээр гадагшилж хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэнээс болж гэдэснүүд хоорондоо наалдан үрэвсэж, гэдэсний түгжрэл үүссэн байсан. Мухар олгой хоёрдогчоор үрэвссэн байсан учир энгийн аргаар авсан. ...Түгжрээ нь гэдэс цоорсноос болж үүссэн. Нарийн гэдэс нь гэдэсний үрэвсэлт өвчин, гэдэсний шархлаат өвчнөөс болж цоорч болдог боловч Б.Төгсбатад гэдэсний үрэвсэлт болон, шархлаат өвчин байхгүй байсан. Нарийн гэдэс цоорсон үеэс зовиур эхэлнэ. Гэдэс хэвлийн хөндийн эрхтэн учраас гэдэс цоорсон тохиолдолд бохир зүйл хэвлийн хөндийд гарч маш хүчтэй өвдөж булчингийн чангарал явагддаг. Б.Төгсбатад гэдэсний гялтангийн хананы үрэвсэл буюу наалдцын түгжрэл үүссэн байсан. Энэ үрэвсэл наалдац нь нарийн гэдэс цоорсноос болсон байсан. Цооролтыг хуучин болон шинэ гэж ангилдаг шинэ цооролт нь улаан ягаан өнгөтэй байдаг. Харин Б.Төгсбатын гэдэсний цооролт нь хуучин цооролт буюу цагаан өнгөрөөр хучигдсан байсан. Ийм учраас наалдац салгахад нарийн гэдэс цоороогүй харин өмнө нь цоорсноос болоод гэдэс нь наалдсан байсан. Гэдэсний үрэвслээс болж мухар олгой бохирлогдоод үрэвссэн байсан. Ийм тохиолдолд мухар олгойг авах заалттай байдаг учир авсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Загдбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмч н.Ганчимэг, жолооч Т.Пүрэвдорж нарын хамт Тосонцэнгэл суманд очиж иргэн Б.Төгсбатад ерөнхий унтуулгатай, хэвлийг нээж шалгах, нарийн гэдэсний цоорхойг оёж битүүлэх, хэвлийг угаах, гуурс тавих, мэс засал хийсэн. Б.Төгсбатын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Биеийн байдлыг үзэхэд хэвлийгээр эмзэглэл ихтэй байсан. Б.Төгсбатын биед мэс засал хийж, эмийн эмчилгээ хийсэн. Б.Төгсбатын эхнэр нь түүнийг хүүхдийн үсний найрнаас ирж яваад хүнд өшиглүүлээд гудамжинд эвхрээд хэвтэж байсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Байгальцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...11 дүгээр сарын эхээр Б.Төгсөө, Г.Баянмөнх, н.Отгоо гурав харанхуй болж байхад буюу ойролцоогоор 18  цаг өнгөрч манайд согтуу орж ирсэн. Манай гэрт 1 шил архийг талд нь ортол уучихаад удалгүй явсан. Тэр гурав архи уусан байснаас биш яахаа алдталаа согтоогүй, зодоон цохион хийсэн зүйл харагдаагүй, Б.Төгсбатын биед ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй бие нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би Г.Баянмөнхтэй цуг Б.Төгсбат ахынд очиход Б.Төгсбат ах цэргээс ирсэн залуутайгаа байсан. Бид 3 нэг шил архи хувааж уугаад Г.Баянмөнх бид хоёр тэднийхээс гарсан. Бид хоёр н.Гансүхийн хүүхдийн үсний найран дээр очоод байж байхад Б.Төгсбат ах над руу залгаад “Би гудамжиндаа гараад ирсэн байна” гэхээр нь очиж аваад хүүхдийн үс авч байсан айлд буцаж ирсэн. Тэр айлаас Г.Баянмөнх, Б.Төгсбат ах бид гурав 16 цаг өнгөрч байхад гараад миний мотоциклтой МТ шатахуун түгээх станц дээр ирсэн. Г.Баянмөнх, Б.Төгсбат хоёр буугаад мотоциклоо асааж унаад хойшоо явсан. Тэр өдөр Б.Төгсбат ахын бие зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Г.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед Г.Батсайханы хамт Баянзүрх дэлгүүрээс 0.75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи аваад Б.Төгсбат ахынд очсон. Бид гурав архиа хувааж уучихаад Г.Батсайхан бид хоёр тэднийхээс гараад сумын баруун хойд талын дэнж дээр айлын хүүхдийн үсний найранд ороод байж байтал Б.Төгсбат ах Г.Батсайханы утас руу залгасан. Г.Батсайхан мотоциклтойгоо явж Б.Төгсбат ахыг авчирсан. Бид 3 тэр айлаас 16 цаг өнгөрч байхад гарч МТ шатахуун түгээх станц дээр ирээд Г.Батсайхан гэр лүүгээ явсан. Б.Төгсбат ах бид хоёр н.Мөнхөө ахын дэлгүүрээс 0,5 грамм “Ерөөл” нэртэй архи авч н.Отгоогийн машинд суугаад зүүн дэнж дээр гарч хувааж уучихаад эргэж н.Мөнхөөгийн дэлгүүрийн үүдэнд Б.Төгсбат ах бид хоёр бууж үлдсэн. Бид хоёр Баянзүрх дэлгүүрээс 0,5 граммтай нэг шил архи худалдаж аваад н.Дамба гэдэг айлд очсон. Тэднийд 1 шил архиа н.Дамбатай хувааж уусан. Харанхуй болсон хойно Б.Төгсбат гэрлүүгээ явсан. Б.Төгсбат ахтай уулзахад бие нь зүгээр байсан. н.Дамба гэх айлаас гарахдаа Б.Төгсбат ах өөрийн гэсэн ухаантай байсан. Тэр өдөр би 11 цагийн үед Б.Төгсбат ахтай уулзаад шөнө харанхуй болсон хойно салсан надтай хамт байхад ямар нэгэн хүнтэй зодоон цохион хийгээгүй...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Д.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цаг өнгөрч байхад манай аав н.Дамбынд Б.Төгсбат, Г.Баянмөнх хоёр согтуу нэг шил архи задалчихсан манай аавд өгөөд тэр гурав юм яриад сууж байсан. Би аавынд жаахан байж байгаад хөрөө рам руугаа явчихаад буцаад ирэхэд Б.Төгсбат нь явчихсан, Г.Баянмөнх сууж байсан. Г.Баянмөнх манай аавынхаас 21 цагийн орчимд явсан. Б.Төгсбатын биед ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Г.Баянмөнх, Б.Төгсбат 2 нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Төгсбатын биед үүссэн нарийн гэдэсний цоорол гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд зодуулах үедээ үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Зодуулсан шөнөөсөө эхлээд эмнэлэгт үзүүлсээр байгаад Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт ирж хагалгаанд орсон байдаг. Б.Төгсбатын биед үүссэн гэмтэл амь насанд аюултай буюу амь тэнссэн байдалд хүргэсэн нарийн гэдэсний цоорол болон түүний суурин дээр үүссэн хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нарийн гэдэсний цоорол гэмтэл нь амь насанд аюултай учир дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь мэс засал хийгээгүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Тухайн биед нь үүссэн гэмтлүүдийг нийтэд нь хамруулж 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан. Нарийн гэдэс цоорсон гэмтэл нь хэвлийн хөндийд монгол гуталтай хүн хөлөөрөө 1 удаа өшиглөх болон өвдөглөх үеийн аль алинд нь үүсэх боломжтой. Гэхдээ аль үед нь үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 162161 дугаартай “...Иргэн Б.Төгсбатын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Нарийн гэдэсний цоорол, хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл, хэвлийн хөндийн гэмтэл, хоёрдогчоор үүссэн мухар олгойн үрэвсэл, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Б.Төгсбатын биед архаг хууч өвчин тогтоогдохгүй байна. Б.Төгсбатын биед учирсан гэмтэл нь гадны нөлөөтэй байна. Б.Төгсбатын биед учирсан гэмтэл нь тухайн үед зодуулах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.3.8 дахь хэсгүүдэд зааснаар амь насанд аюултай буюу амь тэнссэн байдалд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэрлүүгээ дүү Э.Сумъяагийн хамт мотоциклтой явж байхад гудамжны өнцөгт Б.Төгсбат ах мотоциклын урдуур ороод ирэхээр нь хажуугаар нь зөрөхөд араар сууж явсан Э.Сумъяаг өшиглөхөөр нь буцаж эргээд “Та яаж байгаа юм бэ?” гэхэд “Яадгийн пизда минь” гээд намайг цохих гээд далайхаар нь би гарыг нь бариад авсан, өшиглөх гэхээр нь би өвдөгөөрөө хамгаалж гэдэс рүү нь өвдөглөсөн.  Би гэртээ ороод хоолоо идэх гэж байтал манай дүү н.Мөнхбаяр тантай хүн уулзъя гэж байна гэхээр нь гарахад Б.Төгсбат ахын хүүхэд “Манай аавыг та нүдчихлээ” гэхээр нь болсон үйл явдлыг хэлээд аав дээр нь очиход ганцаараа бөөлжөөд байж байсан. Би зодуулсан гээд байгаа бол цагдаа дуудъя гэхэд дуудаагүй. 11 дүгээр сарын 05-ны өдөр хэсгийн төлөөлөгчид дээрх байдлыг хэлэхэд “дуудсан цагт бэлэн ирээрэй” гээд явуулсан. Б.Төгсбат ах согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, биеэ авч явах чадвартай, гуйвж, дайвсан зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь мотоциклын араар сууж явсан дүүг өшиглөлөө гэсэн шалтгаанаар хохирогч Б.Төгсбаттай маргалдан, хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний гэдэс рүү өшиглөсөн үйлдэл, хохирогчийн бие махбодид учирсан нарийн гэдэс задарсан, хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл үүссэн гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ц.Мөнхбатын үйлдэл нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын  газраас шүүгдэгч Ц.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалсан болох нь эргэлзээтэй, хохирогч архи ууж явахдаа уг гэмтлийг өөр байдлаар авсан, эсхүл хохирогчид хагалгаа хийх явцдаа гэдэсний наалдацыг салгах үед үүссэн байх боломжтой...”гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч нь шүүгдэгчид өшиглүүлсний дараагаас эхлэн түүний биед зовиур шаналгаа, өвдөлт эхэлсэн болох нь гэрч Р.Наранчимэг, Т.Раднаасэнгэ, Г.Жаргалсайхан, Б.Ариунзаяа, Б.Шинэбилэг нарын мэдүүлэг болон “нарийн гэдэсний цоорол нь хагалгааны явцад үүссэн шинэ гэмтэл биш, хуучин гэмтэл байсан” гэсэн гэрч Т.Пүрэвдорж, шинжээч эмч Б.Сэргэлэнбаяр нарын мэдүүлгээр өмгөөлөгчийн гаргаж байгаа дээрх үндэслэл няцаагдаж байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохиролд 1.500.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Төгсбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалд нийт 2.272.158 төгрөг нэхэмжилсэн байх ба 1.643.860 төгрөгийн буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 300.000 төгрөг, эм тарианы зардал 664.360 төгрөг, Улаанбаатар хотод “Нандин-Ухаан” сувилалд хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 385.000 төгрөг, шинжилгээний төлбөр 115.000 төгрөг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт цуллаг эрхтний оношилгоо хийлгэсний төлбөр 20.000 төгрөг, “Дакал Фарма” ХХК-ны “Ангел Эс” салбараас 44.900 төгрөгийн эм, тариа худалдаж авсан, Завхан аймгийн Их-Уул сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардалд Б.Төгсбат, түүний хүү Т.Гарамсэнгэ нарын 38200х2=76400 төгрөг, Б.Төгсбатын Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сум хүртэл явсан замын зардалд 38.200 төгрөг төлсөн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай баримт гэж үнэллээ. Харин Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явсан Нямсүрэнгийн замын зардалд 38200 төгрөг, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сум руу явсан Санж-Осорын замын зардалд 38200 төгрөг төлсөн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх үнэлээгүй ба 551.898 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох баримт ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Б.Төгсбатын 2.272.158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс баримтаар тогтоогдож буй 1.643.860 төгрөгийг шүүгдэгч Ц.Мөнхбатаас гаргуулах нь зүйтэй байх боловч мөрдөн байцаалтын шатанд хохирогчид өгсөн 1.500.000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 143.860 төгрөгийг шүүгдэгч Ц.Мөнхбатаас гаргуулан хохирогч Б.Төгсбатад олгож, 628.290 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Төгсбат нь шүүгдэгч Ц.Мөнхбатын гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Мөнхбатын хувьд ногдох эд хөрөнгө болох 20 тооны ямаа буюу 1.600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоос 143.860 төгрөгт тохирох хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, тогтоолын 1.456.140 төгрөгт тохирох хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Мөнхбатад өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  283, 285, 286 дугаар зүйлийн 286.1, 290

дүгээр зүйлийн 290.3, 291.1, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Цэрэндоржийн Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хариад овогт Цэрэндоржийн Мөнхбатыг 5 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатаас 143.860 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Төгсбатад олгож, 628.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Хохирогч Б.Төгсбат нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Мөнхбатын хувьд ногдох эд хөрөнгө болох 20 тооны ямаа буюу 1.600.000 төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоос 143.860 төгрөгт тохирох хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, тогтоолын 1.456.140 төгрөгт тохирох хэсгийг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Ц.Мөнхбатад өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдэлсэн хугацааг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН

 

                                               ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР

 

                                                                                            Б.ӨЛЗИЙХИШИГ