Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг БУ сумын ..........багт байрлах, /РД:........../, “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн БУ сумын ......... баг, “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-ын байранд үйл ажиллагаа явуулах, /РД:........./, “Т.Ж” ХХК -д холбогдох

 

“Үндсэн зээлийн төлбөр 127,600,000 төгрөг, хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөг, ашиглалтын болон түрээсийн зардал 1,465,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нь хариуцагч “Т.Ж” ХХК-тай харилцан тохиролцож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/01 дугаартай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээг байгуулан 136,600,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгосон. Хариуцагч “Т.Ж” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны төлөгдөх зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хувьд хамгийн бага хүүтэй зээл. Зээлдэгч өөрөө эрсдлээ тооцоолж, зээлээ цаг хугацаанд нь төлж чадна гэсний үндсэн дээр гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа. Олон удаа бичиг өгч, ямар гаргалгаа байгаа талаар хангалттай боломж олгосон боловч үгүйсгэж байгаа нь оновчтой биш байна. Өнөөдөр цаг үеийн байдал хүнд байгааг ойлгож байна. Бусад байгууллагууд гэрээндээ харилцан зөвшилцөж өөрчлөлт оруулсан. Гэтэл “Т.Ж” ХХК-ийн хувьд шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаас бусад өр төлбөрөө төлөхгүй өөрийгөө хамгаалаад байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд хариуцагч “Т.Ж” ХХК-иас Үндсэн зээлийн төлбөр 127,600,000 төгрөг, хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөг, ашиглалтын болон түрээсийн зардал 1,465,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цаг үеийн нөхцөл байдалтай уялдан амжилттай ажиллах нөхцөл бүрдээгүй учраас нэхэмжлэгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн үйл ажиллагаа сүүлийн 2-3 жилд зогсонги байдалтай байна. Гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйл болж буй “Covid-19” цар тахлын үед ажиллаж амьдарч байна. Бүх үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож байна. Манайх ч мөн адил энэ давалгаанд өртсөн. Засгийн газраас бүх арилжааны банк, банк, санхүүгийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа сангууд бүгд зээлийнхээ эргэн төлөлтийг зогсоосон. Ийм байхад манай паркийн удирдлагууд ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй, зээлийн хүү, алданги гаргуулахаар хандаж байгааг гайхаж байна. Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийг анхаарч үзэхийг хүсч байна.  Гэрээний 9.2-т “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл 60 хоног буюу түүнээс дээш үргэлжилсэн хэдий ч дуусах нь тодорхойгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгох эрхтэй гэж заасан байдаг. Үүн дээр яагаад уян хатан байж болохгүй байгаа юм. “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ санхүүгээр дэмжсэн боловч менежментээр дэмжээгүй. Энэ тал дээрээ нэхэмжлэгч тал хариуцлага хүлээх ёстой. Манай байгууллагын хувьд хайрцаг сав, хаяг, шошго үйлдвэрлэдэг болохоос доторх бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг байгууллага биш. Аргаа барахдаа хоосон хайрцаг борлогдохгүй байгаа тул дотор нь хийх бүтээгдэхүүнээ өөрсдөө хийж борлуулж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдоод бэлэг дурсгалын зүйл борлуулагдахгүй болчихлоо. Манай үйлдвэрийн хувьд дагаж явдаг дагавар үйлдвэр болохоос биш дагуулж явдаг үйлдвэр биш. Дагуулах ёстой 2 үйлдвэр тэг зогсож дампуурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ нь хариуцагч “Т.Ж” ХХК-д холбогдуулан  “Үндсэн зээлийн төлбөр 127,600,000 төгрөг, хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөг, ашиглалтын болон түрээсийн зардал 1,465,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь “Covid-19” цар тахлын улмаас тус компанийн үйлдвэр нь тодорхой хязгаарлалтын хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байгаа боловч нөгөө талаас дээрх нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн хэрэглэгчдээс захиалга ирэхгүй байх тул санхүүгийн орлогогүй болох нөхцөл байдал бий болж цаашид энэхүү биднээс үл шалтгаалах замаар үүсээд буй гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас тэг зогсолт хийж гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байх нөхцөл байдалд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч “Т.Ж” ХХК нь “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-тай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ байгуулан 136,600,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 3%/-ийн хүүтэйгээр зээлж авсан болох  нь зохигчдын тайлбар, 17/01 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлйин 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 13ы өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1-д заасан хугацаанд хариуцагч зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний 6.2-т зааснаар алданги төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр байдал, мөн ашиглалтын болон түрээсийн гэрээний зардалд 1,465,800 төгрөг гаргуулах тухай шаардлагын үнийн дүнгийн талаар маргахгүй байна.

 

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд хариуцагч “Т.Ж” ХХК-иас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 127,600,000 төгрөг, хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөг, ашиглалтын болон түрээсийн зардалд 1,465,800 төгрөг, нийт 200,590,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ”-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,160,904 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,160,904 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т.Ж” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 127,600,000 төгрөг, хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөг, нийт 199,125,000 төгрөг, ашиглалтын болон түрээсийн төлбөрт 1,465,800 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “С.Х.Ү.Т.П” ОНӨААТҮГ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,160,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,160,904 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ