Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/283

 

2024          4           09                                       2024/ШЦТ/283

 

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч Э.Х

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 10-нд Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “****” ХХК-д опериаторч ажлтай гэх, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** дугаарын регистртэй, Ц овогт Э-ын Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ** дугаар байрны ***3 тоотод иргэн Ц.А, Ж.Л, Э.Н нартай үл ялих зүйлээс болж маргалдан, тэднийг зодож, хохирогч Ц.Аын эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Ж.Л-ийн эрүүл мэндэд “зулайн хуйхны шарх, баруун ухархайн дотор ханын хугарал, зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Ны эрүүл мэндэд зулайд шарх, бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо*** зуслангийн задгай тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Г маргалдан, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхины цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хийсэн үйлдэлдээ буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Хохирогч А-той найзууд, Л нь А найз охин гэсэн. Намууныг бол танихгүй. Хохирогч Ггийн хувьд би түүнтэй үерхэж байсан нь үнэн. Мөн тэрээр жирэмсэн болсон гэдгээ надад хэлдэг байсан. Гэхдээ би одоо түүнтэй уулзахаа больсон.

Хохирогч Лгийн нэхэмжилсэн 140.000 төгрөгийг, хохирогч Намууны нэхэмжилсэн 162.000 төгрөгийг би төлөх болно. Хөдөө явж уурхайд ажил хийж, мөнгөтэй болоод төлнө. Хохирогч А, Г нар надаас нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн.

Эд мөрийн баримтаар хураагдсан хутга, сэлэмний хугархай ишийг би мэдэж байна. Хутга нь тэр айлд байсан юм. Намайг харж үзээд надад хөнгөн ял оногдуулахыг шүүхээс хүсье гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

НЭГ: хохирогч Ц-ийн А “... би Х, О хоёртой хороололд хамт өссөн найзууд байгаа юм. О бид хоёр Хүрэлхундагийн найз эмэгтэй Атой танилцаж байсан. Манай найз Лы найз нь Н бөгөөд Н Отай үерхдэг. А гэртээ ганцаараа амьдардаг ба О 2022 оны 07 сараас хойш тэдний гэрээр очиж архи уудаг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Л, Н бид гурав 22:00 цагийн үед уулзаад “Өргөө” кинотеатрын хажуу талын караоке орж 2 цаг дуулж байгаад гэр рүүгээ харих гэж байхад Н “Оыг Аийн гэрт байна уу, очиж үзээд байвал аваад харимаар байна” гэхээр нь бид гурав Аийн гэрт очоод хаалга нүдэхэд Х хаалга онгойлгосон ба Н Оыг асуухад “байхгүй” гэж хэлсэн. Н би өөрөө орж үзье гээд орох гэхэд Х хойш нь түлхээд байхаар нь би “болиоч” гээд хэлэхэд өөдөөс уурлаад хоолойноос боогоод унтлагын өрөө рүү авч ороод газар унагаагаад дээр гарч суугаад нэг улаан өнгөтэй урт юмаар нүүр рүү цохиход би ухаан алдаад унасан. Х нүцгэн, миний дээр гарчихсан сууж байхад Н, Л хоёр хойноос нь зулгааж татсан. Ингээд ухаан алдаад нэг сэрэхэд Н үүдэнд суучихсан толгойноос нь цус гарчихсан сууж байхаар нь би гал тогоо руу очсон чинь Х нэг хутга барьчихсан Лтай ноцолдоод байж байсан. Тэгээд би түрүүлж Нг лифт рүү гаргаад буцаж орсон чинь Хүрэлхундагийн гараас нь Л хутга булааж аваад газар шидсэн чинь Х Лгийн нүд рүү нь цохиод унтлагын өрөө рүүгээ гүйгээд орчихоор нь би Лг дагуулж гараад цагдаад дуудлага өгсөн” /хх-н 24, 180-181/ гэж,

хохирогч Ж-ын Л “... би Атой үерхдэг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бид хоёр 22:00 цагийн үед гэртээ байхад манай найз Н “караоке оръё” гэхээр нь бид гурав уулзаад Өргөө кинотеатрын хажуу талын караоке орж архи, пиво ууцгаасан. 2 цаг дуулж сууж байгаад гэр рүүгээ харих гэж байхад Н “манай найз залуу Аийн гэрт байх шиг байна, очиж үзээд байвал аваад харимаар байна” гэхээр нь бид гурав Аийн гэрт очсон. Очоод хаалга нүдээд Х гэх залуу хаалга онгойлгосон ба Н Оыг асуухад “байхгүй” гэж хэлэхэд Н би өөрөө орж үзье гээд орох гэхэд Х хойш нь түлхээд байхаар нь А өмөөрсөн чинь шууд өөдөөс нь уурлаад хоолойноос боогоод унтлагын өрөө рүү чирээд авч ороод газар унагаагаад дээр нь гарчихсан зодоод байсан. Болиулах гээд Н бид хоёр хойноос нь татаж, зулгаасан бөгөөд би татахдаа нурууных нь хойно шарх үүсгэсэн. Ингээд Х өөрөө босоод гал тогоо руу явж ороод хутга аваад  “одоо бүгдийг нь алаад өгье” гээд орилоход нь би хутгыг нь гараас нь аваад газар шидчихээд А руу очсон чинь ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би Нд хэлэх гээд гал тогоо руу очсон чинь Нгийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд шууд Х А хэвтэж байсан өрөө рүү орсон ба би хойноос нь яваад очсон чинь өөдөөс миний толгой руу заазуур 2-3 удаа цохисон. Миний толгой хагараад шокийн байдалд ороод заазуурыг нь гараас нь авч газар шидээд бид гурав гараад цагдаад дуудлага өгсөн” /хх-н 32, 184-185/ гэж,

хохирогч Э-ийн Н “... би Отай үерхдэг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22:00 цагийн үед найз Л, түүний найз залуу А нартай уулзаад Өргөө кинотеатрын хажуу талын караоке орж, архи, пиво ууцгаасан. 2 цаг дуулж суугаад гарсан ба манай найз залуу О гэртээ 2 хоног ирээгүй, алга болчихсон байхаар нь очиж архи уугаад байдаг Аийн гэрт нь очиж үзье гэж бодоод тэдний гэр рүү бид гурав явсан. Очоод хаалга нүдэхэд онгойлгохгүй байж байгаад удсаны дараа Х гэх залуу хаалга онгойлгосон ба Оыг асуухад “байхгүй” гэж хэлэхээр нь би ороод харчихъя гэхэд намайг түлхээд байсан. Тэгэхэд А намайг өмөөрсөн чинь шууд өөдөөс нь уурлаад хоолойноос боогоод унтлагын өрөө рүү чирээд авч ороод газар унагаагаад дээр нь гарчихсан зодоод байсан. Лхамаа бид хоёр болиулах гээд хойноос нь татаж зулгаасан бөгөөд би ерөөсөө маажиж, гэмтэл учруулсан зүйл болоогүй. Тэгээд Х босоод гал тогоо руу явж ороод хутга аваад “одоо бүгдийг нь алаад өгье” гээд орилоход нь би явж очоод “болиоч” гээд өөдөөс нь очиход шууд гартаа барьсан заазуураараа миний толгой руу цохиход нь би газар суугаад өгсөн” /хх-ийн 49, 187/ гэж,

 

ХОЁР: хохирогч Б-ийн Г “... 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би 13:00 цагийн үед найз Х-тай бид хоёр хорооллын эцэс ороод хүнээс Х юм авчхаад бид хоёр хоол идэнгээ нэг нэг лааз пиво уусан. Тэгээд Х бид хоёр Х дээр очъё гээд 21:00 цагийн үед очих гэж явж байхад Хаад архи захихаар нь бид хоёр Сэлхийн эцсийн дэлгүүрээс 0.75 л хэмжээтэй “Хараа” нэртэй архи авч очоод Х тэр хоёр хувааж уусан. Тэгээд 23:00 цагийн үед Х нэлээн согтчихоод хүүхдээ авхуул чи саяхан бүтэн наркозод орсон болохоор эрүүл хүүхэд төрүүлж чадахгүй, хүүхдээ авхуул гэж хэрүүл өдөж эхэлсэн. Тэгснээ миний хацраас гараараа чанга атгахаар нь би болиулах гээд түлхсэн чинь гараа атгаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохиход миний толгой эргээд байсан. Тэгээд хэвтэж байсан чинь Х аав ирэх гэж байна, чи яв, чиний ийм царайг аавд харуулмааргүй байна гэж хэлэхээр нь би гомдоод би ч бас аав, ээждээ ийм царайгаа харуулж чадахгүй гээд ээж рүүгээ залгаад “намайг Х зодоод миний нүүр, нүд хөхөрсөн би та нараас нуугаад энд байж байна, аав нь ирэх гэж байна гээд намайг хөөгөөд байна” гэсэн чинь ээж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирсэн” /хх-н 108-109, 113/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э-ын Х “... тухайн өдөр шөнийн 00:00 цагийн үед эхнэр Гтай хамт унтах гээд байж байхад хаалга нүдээд байхаар нь онгойлгоход А, Л, Намуун гурав согтуу, А машины араанд хийдэг улаан төмөр барьчихсан шууд миний гар руу цохисон. Миний гар өвдөөд доош суухад дээрээс тэр төмрөөр цохисоор байгаад би гэдрэг, хойшоо алхаж явсаар унтлагын өрөөний орон дээр тулахад би Аыг тэвэрч авч унагаагаад дээр нь гарсан. Тэгэхэд би А нүүр рүү цохисон, тэр үед 2 эмэгтэй нь хойноос маажиж, үсдэж, цохиод байсан бөгөөд А бид хоёрыг унахад салаад уначихсан ширээний хөлийг аваад Н миний нуруу руу цохихоор нь би хойшоо хараад Нгийн нүүрэн хэсэг рүү цохиход хойшоо багана мөргөөд унасан. Тэр үед Л гал тогоо руу манай эхнэр рүү яваад өгөхөөр нь би Аыг түлхчхээд би гал тогоо руу очиход манай эхнэрийг хоёр хүүхдийг чинь зулбатал зодно гээд дайрч байхаар нь тэр хоёрын гараас нь татаж болиулсан. Г зугтаад унтлагын өрөө рүү яваад орсон чинь Л ширээн дээрээс заазуур аваад над руу шидэхэд нь би гараараа хаахад миний гэдэс рүү оносон. А хойноос хүрч ирээд хувцас хатаагчийн төмрөөр миний хоолойг бооход би хөргөгчний урд бөөлжөөд ухаан алдсан. Ингээд Г гаргахгүй цагдаа дуудна гээд хаалга хаагаад зогсож байхад тэр гурав шууд гараад явцгаасан” /хх-н 78-79/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогч нарын гэмтэлтэй холбоотой Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн

“... Ц.А-ын биед тархи доргилт, дээд уруулд шарх, хүзүү, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, уруулын шарх гэмтэл нь дан дангаараа хөнгөн зэрэг бусад гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй /хх-н 26-27/ гэсэн 1688 тоот дүгнэлт,

“... Ж.Л-гийн биед зулайн хуйханд шарх, баруун ухархайн дотор ханын хугарал, доод зовхинд зулгаралт, дага, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун далны дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн хуйхны шарх, баруун ухархайн дотор ханын хугарал, зовхины зулгаралт гэмтэл хөнгөн зэрэгт бусад гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” /хх-н 34-35/ гэсэн 1694 тоот дүгнэлт,

“... Э.Н-н биед зулайд шарх, зүүн бугалгад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шархнууд сорвижиж эдгэрнэ” /хх-н 54-55/ гэсэн 1734 тоот дүгнэлт,

“... Б.Г-гийн биед зүүн зовхины цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна" /хх-н 119-120/ гэсэн 2572 тоот дүгнэлт,

Цагдаагийн ажилтны Илтгэх хуудас /хх-н 04/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 05/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 06-12, 45, 61/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 15/ гэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Э.Хүрэлхундагын гэм буруутайг нотолно.

 

Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Э.Х нь үл ялих зүйлээр шалтаглан 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө нэг цаг хугацаанд нэр бүхий 3 хүнийг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд тус бүрт нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн шинжийг,

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Б.Гг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах “... жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжүүдийг хангаж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Цагаан овогт Энхбаатарын Хүрэлхундагыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг”, “... жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Э.Х-ын үйлдсэн хохирогч Б.Гг зодсон үйлдэл нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн зуслангийн задгайд үйлдэгдсэн байх боловч шүүх “... хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг баримтлав.

 

Улсын яллагч Б.Тэгшбаяраас шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Э.Х-ын эрхэлсэн тодорхой ажилтай гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй, бусдад төлбөл зохих хохирлын 302.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй зэрэг нь түүнд “торгох” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд түүний аж амьдралаа зохицуулахад нь хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Х-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 82/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Э.Хас 140.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Лд, 162.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Нд тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Х цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж,

эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд ирүүлсэн ажлын хэсэг нь 19 см урттай, саарал өнгийн бариултай хутга 1 ширхэг, 27 см урттай улаан өнгийн хуванцар, сэлэмний бариул 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Э-ын Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг”, “... жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Х шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.А, Б.Г, Ж.Л, Э.Н нар гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Лд, 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Нд тус тус олгосугай.

 

6. Эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд ирүүлсэн ажлын хэсэг нь 19 см урттай, саарал өнгийн бариултай хутга 1 ширхэг, 27 см урттай улаан өнгийн хуванцар, сэлэмний бариул 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ