Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/284

 

2024         4          09                                        2024/ШЦТ/284       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч Э.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 25-нд Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 2; эхнэрийн хамт *** дүүргийн 20 дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ял шийтгэл: Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

**** дугаарын регистртэй О овогт Э-ын Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2024 оны 2 дугаар сарын 19-ний шөнө 00:15 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хороо Тумбааш дэлгүүрийн хойд замд “Тоёота кроун” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Б-ийн Б “... би Г-ийн багын найз нь юм. Манай найз Г надад хэд хоногийн дараа утсаар залгаж согтуу машин жолоодож яваад цагдаад баригдсан гэж хэлж байсан” /хх-н 19/ гэж,

гэрч Ч-ын Б “... манай нөхөр Г колонкод ажилладаг юм. 2024 оны 02 дугаар сарын 19-ний шөнө ээлжтэй байж байгаад ажлынхаа нэг хүнийг гэрт нь хүргэж өгөх гээд миний эзэмшлийн “Тоёота кроун” маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байтал цагдаа тааралдаад драйгер багаж үлээлгэхэд согтолттой гарсан байсан” /хх-н 22/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э-ын Г “... би 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал манай найз Бат-Ирээдүй ирээд би түүнийг хүргэж өгөхөөр эхнэрийн нэр дээр байдаг “Тоёота кроун” маркийн, *** улсын дугаартай машиныг жолоодоод гэрт нь очсон. Очоод 3-4 аяга айраг уучхаад машинаа жолоодоод найз Бат-Ирээдүйг буулгах гээд хорооллын замаар явж байтал “Тумбааш” дэлгүүрийн урд цагдаа нар үлээлгэж, 0.78%-ийн согтолттой гарсан.

Би 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад жолоо барих эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан” /хх-н 32/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-н 4/, Баримт бичиг хураан авах тухай ЭБАТ-ны тогтоол /хх-н 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6/, Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 8/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 9/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, … бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Г урьд өмнө нь буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01:00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн замд тээврийн хэрэглэж жолоодож, энэ зөрчлийн улмаас түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасжээ. /хх-н 35-42/

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч О овогт Э-ын Г-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Г-гийн хувийн байдалтай холбоотой:

Жолоодох эрхийн лавлагаа /хх-н 40/, шийтгэлийн хуудас /хх-н 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 46-50/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 52/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Э.Г “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргажээ. /хх-н 57/

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Э.Ггийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол гаргаж /хх-н 60/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-н 61/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Гд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин 3.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын саналыг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

Энэ байдал нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд тэрээр цаашид өөрийн хувийн байдлаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

   

                            ТОГТООХ нь:

 

1. О овогт Э-ын Г-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Г шүүхээс оногдуулсан 3.000.0000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “торгох” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Гд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ