Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/945

 

З.Г-д холбогдох эрүүгийн

                                                                              хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаатар,

цагаатгагдсан этгээд З.Г-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/583 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр З.Г-д холбогдох эрүүгийн 20537361 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            З.Г-, 1982 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            З.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2005 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Мах Импекс”-ийн ар талын үерийн сувагт иргэн Б.Баатарчулуунтай маргалдаж улмаар нүүр, толгойд чулуу, тоосгоор цохиж “гавал тархины гэмтэл, зулай, дух, чамархай, дагзны ясны цөмөрсөн, салаалсан хугарал, зүүн хацрын яс цөмөрсөн хугарал, суурь ясны салаалсан хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, зүүн хөмсгөн дэх шарх, хамар хоншоор ясны цөмөрсөн хугарал, шарх, дээд уруулын дээд хэсэг дэх шарх, 2 өвдөг дэх шалбаралт, зүүн шилбэ, зүүн тохой дахь шалбаралт, зүүн тохой дахь цус хуралт, баруун сарвуун дахь шалбаралт, зулгаралт” бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                  

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Г-г холбогдуулан 20537361 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч З.Г- нь энэ хэрэгт 774 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Г- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Ууганбаатар тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хохирогч гадны нөлөөтэй нас барсан, шүүгдэгч хохирогч нар 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг хүртэл хаана, юу хийж байсан, хаагуур явсан маршрут нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг 21 цагаас хойш үйлдэгдсэн гэдэгт шүүх огт дүгнэлт хийлгүй, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааг тооцоолон хохирогч, шүүгдэгч нарыг уулзаагүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Шүүгдэгч хохирогч нар нь гэрч Г.Гантуяагийн утсаар ярьж уулзахаар тохиролцсон ба хамтдаа “Хөх чоно” бааранд орж согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн нь гэрч Б.Баярмаа, Г.Өнөржаргал нарын мэдүүлэг, хэргийн газраас хураан авсан тамхины иш болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог тул дээрх нотлох баримтуудыг нотолгооны хувьд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

            Шүүх гэрч Б.Отгонбатын “...бид нар 22 цаг өнгөрч байхад унтсан, баримжаагаар 01 цагийн орчимд Ганаа алнаа гэх дуу чимээг сонссон...” гэх цагийг баримжаалан мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагчийн өөрийнх нь “...23 цагийн үед гэртээ орж амарсан...” гэх мэдүүлгийг үнэлж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн бусад мэдүүлгийг үнэлэлгүй орхигдуулсан ба шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийн зөвхөн цагаатгах талын мэдүүлгийг хэсгийг авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

            Яллах дүгнэлтэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг гэрч Б.Отгонбат, Б.Баярмаа, Г.Өнөржаргал нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоон бичсэн байхад яллах талын үндэслэл болж буй баримтуудад үндэслэл бүхий няцаалт дүгнэлтийг шүүх хийгээгүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

            Цогцост хийсэн үзлэгээр хохирогчийн хэдэн цагт нас барсан болохыг хөдөлбөргүй тогтоох боломжгүй ба одоогоор криминалистикийн шинжлэх ухаанд хохирогчийн нас барсан цаг хугацааг цаг, минутаар нь тогтоох боломжгүй юм.

            Гэрч Г.Гантуяа, Ч.Болортуяа нар нь шүүгдэгч З.Г-ас 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед салж явсан ба тэд гэртээ 22 цагийн үед орсон талаар тодорхой мэдүүлсэн байхад шүүх гэрч Б.Баярмаа, Г.Өнөржаргал нар өмнө нь үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нараа таниагүй, хохирогчийн зүс царайг тодорхой илэрхийлж чадаагүй гэх үндэслэлээр гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Гэрч Б.Баярмаа, Г.Өнөржаргал нар нь өөр өөрийнхөөрөө цагийг баримжаалж мэдүүлэг өгсөн нь нотолгооны хувьд эргэлзээ төрүүлж худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй ба гэрч нарын мэдүүлгийн гол нотолгоо нь хохирогч, шүүгдэгч нар хамт явж байсан, согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн, THIS нэртэй тамхи ширхэгээр худалдан авсан, хамт гарч явсан болохыг гэрчилсэн. Мөн дээрх гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хэргийн газраас хураан авсан тамхины иштэй таарч байгаа баримтыг шүүх няцаан үгүйсгээгүй орхигдуулжээ.

            Шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу зөрчилд тооцогдоно.

            Мөрдөгч нь гэрч Б.Баярмаа, Г.Өнөржаргал нараас мэдүүлэг авах үед таньж олуулах ажиллагаа хийх шаардлагагүй байсан бөгөөд яллагдагчийн явсан маршрутыг тогтоож, гэрчээр мэдүүлэг авахдаа энэ талаар тодруулж асуусан байх тул хууль зөрчиж хөтөлж асуусан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч З.Г- нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 3 хоногийн дараа сэжигтнээр баривчлагдсан ба гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хувцаснуудаас болон шүүгдэгчийн биеэс авсан биологийн дээж нь хэргийн газраас хураан авсан эд зүйлтэй тохироогүй нь шүүгдэгчийг цагаатгах шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

            Гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 хоногт хувцас гутлаа солих, шүүгдэгчийн биед үлдсэн байж болох биологийн дээжийг цэвэрлэх бүрэн боломжтой хугацаа байсан тул шүүх шууд хэргийн газар дээрээс шүүгдэгчийг баривчилж биологийн дээж авсан мэтээр ойлгож дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Хэргийн газраас олдсон хар цоохор өнгийн панда алчуурыг 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс 1 хоногийн өмнө шүүгдэгч З.Г- зүүсэн явж байсан талаар гэрч О.Эрдэнэ-Очир “...панда алчуур бол Г- зүүдэг юм. Хар цоохор өнгийн панда зүүсэн явдаг байсан. Өмнө нь бас улаан өнгийн панда зүүж байсан юм. Г- бол ер нь панда зүүх дуртай хүн шүү. Харин талийгаач Баатарчулуун панда зүүж байсныг бол би хараагүй. ... 17-ны өдөр бол Г- панда зүүсэн байсан...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч З.Г- нь хамгийн сүүлд 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдөр уг алчуурыг зүүчихээд буцаагаад амь хохирогч Б.Баатарчулуунд өгсөн гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг батлах баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

            Мөн хэргийн газраас хураан авсан алчуурыг тойргийн хэмжээ нь шүүгдэгчийн толгойн тойргийн хэмжээнээс 0,3 см-р илүү байгаа талаар шүүх дүгнэлт хийхдээ алчуурыг тэгш эсвэл далий, хазгай зүүж болох талаар огт дүгнээгүй хийсвэр дүгнэлт хийжээ.

           Амь хохирогчийн хувцас хэдийд ямар байдлаар алдагдсан нь тодорхойгүй, хэн авсныг тогтоож чадаагүй, хохирогчийн хувцас алдагдсан асуудалтай шүүгдэгч З.Г-г холбогдуулан шалгасан ч ямар нэгэн сэжүүр, сэжигтэй ул мөр илрүүлээгүй тул хохирогчийн эд зүйл алдагдсан асуудал нь шүүгдэгч З.Г-н үйлдэлтэй холбоогүй гэж үзнэ гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хохирогч Б.Баатарчулууны өмсөж явсан хувцас алдагдсан гэх үйлдлийг 2006 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 416 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранчимэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба прокурорын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

            Хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэлэлцсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5067 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний акт, протокол 248, гэрч О.Баатаржавын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар гэрч Л.Энэбиш, З.Батжаргал нарын мэдүүлэг давхар нотлогддог бөгөөд шүүх гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж буй үндэслэлээ зөвхөн эрүүдэн шүүсэн гэх өмнө нь Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж, прокурор эцэслэн шийдвэрлэсэн асуудалд тулгуурлан дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ.

            Шүүх шүүгдэгч З.Г- нь хэргийн газарт байгаагүй, амь хохирогч Б.Баатарчулууны амь насыг хохироосон гэх асуудал нь дээрх байдлаар үгүйсгэгдэж, няцаагдсан гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тухайгаа тодорхой бичих хуулийн шаардлагыг хангалгүй эрүүдэн шүүсэн, хэргийн газарт байгаагүй гэж таамаглах байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

            Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас хэлэлцүүлсэн 46 нотлох баримтад дүгнэлт хийлгүй, зөвхөн таамаглах байдлаар хэргийг шийдвэрлэж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд З.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би найзынхаа амь насанд хүрээгүй. 21-ний өдөр би үнэн зөв мэдүүлэг өгсөн. Харин 22-ны өдөр гараа заагаад зогс гэж байгаад зураг авсан. Манай эгчийг хорьсон байхыг надад харуулж, намайг нясалж, хүзүүнээс боож хэрэг хүлээлгэсэн. Надад найзынхаа амь насанд хүрэх шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Цагаатгагдсан этгээд З.Г-н өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амь хохирогч Б.Баатарчулуун нь гэрч Ж.Болдынхоос гарч явснаас хойш хаагуур юу хийж явсан нь тодорхойгүй. Харин З.Г- хаагуур явж байсан нь тодорхой байсан. 17 цаг 30 минутаас хойш 21 цаг хүртэл З.Г-тай уулзаагүй болох нь гэрч Ч.Болортунгалаг, Г.Гантуяа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч З.Ганчимэг З.Г-г нүүрс, түлээгээ авч ирээд бааранд орж нэг шил пиво авч уугаад 23 цагт орж ирж унтсан болохыг гэрчилсэн. Талийгаачийн цогцост үзлэг хийхэд ходоодонд нь хоолны үлдэгдэл байсан. Шинжээчийн дүгнэлтээр 2 цагийн өмнө хоол идсэн болохыг тогтоосон. Иймд шүүхээс З.Г- талийгаачтай уулзаагүй гэж дүгнэсэн болох нь үндэслэлтэй байна. Гэрч Б.Баярмаа, Г.Өнөржаргал нартай маршрут шалгаж байгаад тааралдсан гэж хэлж байгаа боловч тэр үед энэ прокурор уг хэрэгт хяналт тавьж байгаагүй. Харин Б.Баярмаа, Г.Өнөржаргал нартай уулзуулсны дараа гэрч нараас мэдүүлэг авсан. Энэ ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн болох нь магадлал, тогтоолд тодорхой тусгасан байгаа. “THIS” нэртэй тамхи ганц тэр бааранд зараагүй Монгол Улсын хэмжээнд бүх газраар зарж байгаа. Тамхины ишнээс шүдний хазалт, шүлсний бүлэг, хурууны хээ илэрсэн ямар ч баримт байхгүй. 2013 оны 9 дүгээр сард хуралдсан шүүх хуралдаанд гэрч “З.Г-г харж байгаагүй” гэдгээ мэдүүлсэн. Гэрч Б.Баярмаа, Өнөржаргал нараас амь хохирогч ямар зүс царайтай болохыг асуухад гэрч нар хариулж чадаагүй. Харин З.Г- амь хохирогч нар 2005 оны 3 дугаар сарын 12, 15-ны өдөр “Хөх чоно” бааранд орж үйлчлүүлж байхдаа Г.Гантуяа, Ч.Болортунгалаг нартай танилцсан талаарх баримт хавтас хэрэгт авагдсан. 23-ны өдөр өгсөн мэдүүлгийг бичлэгээр баталгаажуулсан. Уг мэдүүлгийг авахад өмгөөлөгч Ш.Оюумааг байлцуулсан гэдэг боловч бичлэгт өмгөөлөгч Ш.Оюумаа байгаагүй. Мөрдөгч нар эгчийг чинь хорьсон байгаа, одоо эцэг, эхийг чинь хорино гэж хэлээд зодож цохиж хэрэг хүлээлгэсэн болохыг 15 жилийн турш хэлж байна. Ийм мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй. Задлан шинжилгээгээр нас бараад 72 цаг болсон гэсэн хэрнээ хэдэн цагт үзлэг эхэлсэн, дууссан болох нь тодорхойгүй. Талийгаач гадны нөлөөтэй нас барсанд маргаагүй. Хэрэг хэзээ гарсан цаг хугацааг прокурор нарийн хяналт тавих үүрэгтэй. Энэ хэрэгт прокурор мөрдөн байцаагчийн гаргасан алдаа маш их. Энэ хэрэгт анхнаасаа хайнга хандаж З.Г-н эрх ашгийг 15 жилийн хугацаанд зөрчиж байна. З.Г- нь хувцсаа цэвэрлэж, биологийн дээжийг устгасан гэх баримт хавтас хэрэгт байхгүй. 3 хоногийн дараа З.Г-г баривчлахад өмнөх хувцастайгаа явж байсан. Энэ хүнд өөр солиод өмсөөд байх хувцас байхгүй. Энэ хувцсыг хураан авч шинжлэхэд ямар нэг биологийн дээж илрээгүй. 1 дүгээр хавтас хэргийн 74 дүгээр талд О.Эрдэнэ-Очирын өгсөн мэдүүлэгт “З.Г- алчуур зүүгээгүй байсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг өгсөн. 2 дугаар хавтас 98 дугаар талд “З.Г- алчуур зүүгээгүй байсан” гэх мэдүүлэг. Панда алчуурыг эгц, ташуу байдлаар зүүхэд ийм байна гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байгаа юм бэ. З.Г-н эгчийг хорьсон асуудлыг Улсын Дээд шүүхээс шалгах шаардлагатай гэж үзэж 2017 онд Сүрэн, Пүрэвсүх нарыг шалгаж байгаа. Тэр хүмүүс нээрээ би зодож байгаад хэрэг хүлээлгэсэн гэж хэлэх үү, мөн цаг хугацааны хувьд аль хэдийн ач холбогдлоо алдсан. Өмгөөлөгч Ш.Оюумааг байлцуулаагүй мэдүүлэг авсан болох нь нотлогдсон. Өмгөөлөгч Ш.Оюумаа “Сүрэн, Пүрэвсүх нар хүнийг дарамталж мэдүүлэг авдаг” гэж хэлснийг Хүний эрхийн үндэсний комисст өгсөн өргөдөлдөө маш тодорхой бичсэн байсан. Талийгаач хувцасгүй олдсон. Ойр орчмоос олдсон мөрийг шалгахад З.Г-н гутлын мөртэй таараагүй. Л.Энэбиш, З.Батжаргал гэх хүний мэдүүлгийг 2019 онд Архангай аймгийн Хангай сумаас мэдүүлэг авсан байсан. Л.Энэбиш, З.Батжаргал нарын мэдүүлэг нь 15 жилийн өмнөх үйл явдлыг өчигдөрхөн харсан мэтээр санаж мэдүүлэг авсан байсан. Манай мөрдөгч нар хэрэг илрүүлээд урамшуулал авах гээд ийм зүйл хийчихдэг. Шүүх сэтгэц судлалын төвийн шинжээчийн дүгнэлтээр З.Г- хэргээ хүлээсэн байна гэж үзсэн. Гэхдээ тэр дүгнэлт нь хэргээс хуулж бичсэн байсан. Хөндлөнгийн хоёр гэрчийг бүтэн 3 жилийн хугацаанд хайгаад олоогүй. Эдгээр баримт нь эзэнгүй хэргийг эзэнтэй болгох гэж нэг хүний амьдралаар тоглож байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 154 дүгээр тогтоолд “З.Г- нь Б.Баатарчулууныг санаатай алсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” учир гээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Талийгаачийг дээрэмдсэн эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэснийг шалгаж тогтоогоогүй. Улсын Дээд шүүхийн энэ заалт биелэгдээгүй байна гэж энэ хэргийг 3 удаа буцааж байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар З.Г- энэ хэргийг хийсэн гэх баримт байхгүй учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос З.Г-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2005 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Мах Импекс”-ийн ар талын үерийн сувагт иргэн Б.Баатарчулуунтай маргалдаж улмаар нүүр, толгойд чулуу, тоосгоор цохиж “гавал тархины гэмтэл, зулай, дух, чамархай, дагзны ясны цөмөрсөн, салаалсан хугарал, зүүн хацрын яс цөмөрсөн хугарал, суурь ясны салаалсан хугарал, хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, зүүн хөмсгөн дэх шарх, хамар хоншоор ясны цөмөрсөн хугарал, шарх, дээд уруулын дээд хэсэг дэх шарх, 2 өвдөг дэх шалбаралт, зүүн шилбэ, зүүн тохой дахь шалбаралт, зүүн тохой дахь цус хуралт, баруун сарвуун дахь шалбаралт, зулгаралт” бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг асуудлуудыг шалгаж тодруулахаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс урьд нь хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байсан бөгөөд 15 жилийн хугацаанд явагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хамааралтай байж болох бүхий л нөхцөл байдлуудыг шалгасан байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр З.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.

Прокурор Б.Ууганбаатар тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ “...анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас хэлэлцүүлсэн 46 нотлох баримтад шүүх дүгнэлт хийлгүй, зөвхөн таамаглах байдлаар хэргийг шийдвэрлэж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн...” гэжээ.

Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-6, 7-8, 17-18/, З.Г-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 24-25/, толгойн өмсгөлийн хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл /1хх 33-34/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35/, мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл /3хх 120-122/, хохирогч Л.Сэрээндорж /1хх 38-42/, Б.Гэрэлчулуун /4хх 43-44/, гэрч Б.Отгонбат /1хх 55-57/, Ж.Болд /1хх 60-62, 2хх 97/, О.Эрдэнэ-Очир /2хх 98/, Г.Гантуяа /1хх 70-71/, Ч.Болортунгалаг /1хх 72-73, 2хх 6/, Б.Баярмаа /1хх 101-102/, Г.Өнөржаргал /1хх 103/, Б.Анхбаяр /1хх 74, 5хх 75-76/, Л.Энэбиш /5хх 77-78/, З.Батжаргал /5хх 79-81/, О.Баатаржав /5хх 156-157/, амь хохирогч цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №416 дугаартай дүгнэлт /1хх 116-122/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд юмст шинжилгээ хийсэн биологи, химийн шинжээчийн 2005 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн №1220, 21, 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №1222, 2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн №1552 дугаартай дүгнэлт /1хх 130, 144, 153/, баримт бичигт шинжилгээ хийсэн криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №5067 дугаартай дүгнэлт /5хх 77-78/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний акт, протокол №248 /5хх 108-109, 168-169/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийхэд;

2005 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Мах Импекс” ХХК-ийн арын үерийн далан дотор 21 настай, эрэгтэй Б.Баатарчулуун нь биедээ “гавал тархины гэмтэл, зулай, дух, чамархай, дагзны ясны цөмөрсөн салаалсан хугарал, зүүн хацрын яс цөмөрсөн хугарал, суурь ясны салаалсан хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, зүүн хөмсгөн дэх шарх, хамар хоншоор ясны цөмөрсөн хугарал, шарх, дээд уруулын дээд хэсэг дэх шарх, 2 өвдөг дэх шалбаралт, зүүн шилбэ, зүүн тохой дах шалбаралт, зүүн тохой дах цус хуралт, баруун сарвуун дах шалбаралт, зулгаралт” бүхий шарх, гэмтлийг авч нас барсан байдалтай олджээ.

            2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед амь хохирогч Б.Баатарчулуун нь З.Г-, О.Эрдэнэ-Очир, н.Баярсайхан, З.Батжаргал нарын хамт З.Болдын гэрт очиж хамтдаа архи уусан гэх бөгөөд 17 цагаас хойш З.Г-, Б.Баатарчулуун нар тодорхой хугацааны давтамжтай уг айлаас гарч явсан, ингэхдээ тэд хоорондоо таараагүй, зөрсөн ба З.Г- нь 20 цагийн үед Г.Гантуяа, Ч.Болортунгалаг нартай уулзсан, 21 цагийн үед Г.Гантуяа, Ч.Болортунгалаг нар түүнээс салж явсан, 22 цаг 30 минутын үед З.Г-  өөрийн төрсөн эгч З.Ганчимэгийнд түлээ нүүрс авчирч өгөөд, 23 цагт унтаж амарсан талаар гэрч Ж.Болд, О.Эрдэнэ-Очир, З.Ганчимэг, Ч.Болортунгалаг, Г.Гантуяа нар тодорхой мэдүүлсэн.

            Эдгээр мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд харилцан уялдаатай байх ба өөр хоорондоо зөрчилдөөгүй тул үнэлэх боломжтой байна.

            Өөрөөр хэлбэл, З.Г- Ж.Болдын гэрээс гарч явснаас хойш буюу өөр газар, өөр хүмүүстэй хамт байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул гэмт хэрэг гарсан өдрийн орой амь хохирогч Б.Баатарчулуун, шүүгдэгч З.Г- нар хоорондоо уулзалдаагүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Харин тухайн өдрийн орой “Хөх чоно” нэртэй баараар 2 залуу үйлчлүүлсний нэг нь З.Г- мөн хэмээн тус баарны ажилтан гэрч Б.Баярмаа, Г.Өнөржаргал нараас мэдүүлдэг боловч тэдгээрийн өгсөн мэдүүлэг цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэйгээс гадна, уг хоёр залуугийн гадна төрх байдлыг урьдчилан тодорхойлж чадаагүй тул тэдний мэдүүлгээр “шүүгдэгч, амь хохирогч хоёр хамт явж байсан байна” хэмээн нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх боломжгүй юм.

            Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад буюу 2005 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ З.Г- үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ба 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн газраа заасан гэх боловч эдгээр нотлох баримтууд нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон ул мөр, хураан авсан эд зүйлсд хийсэн биологи, хими, криминалистикийн шинжилгээний үр дүн нь З.Г-нхтай тохироогүй байна. 

            Шүүгдэгч З.Г- хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэх болсон шалтгаанаа “...надад хэрэг хүлээлгэх зорилгоор хууль бус арга хэрэглэн эрүүдэн шүүж, төрсөн эгч З.Ганчимэгийг түр саатуулах байранд саатуулсан байгаа дүр зургийг харуулсан...” хэмээн шүүх хуралдаануудад тайлбарладаг бөгөөд энэ нь 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн З.Ганчимэгийг түр саатуулах байранд хүлээж авсан бүртгэл /2хх 62/, албаны шалгалт явуулсны үр дүнд мөрдөн байцаагч Д.Сүрэнд хариуцлага тооцож, сахилга ёс зүйн арга хэмжээ авсан тухай Цагдаагийн Ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын албан бичиг /2хх 58/-ээр тогтоогдсон тул дээрх мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.     

            Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хүрэлцээгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

            Дээрх байдлаас дүгнэхэд, Б.Баатарчулууны амь нас хохирсон явдал нь З.Г-н үйлдэлтэй холбоогүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/583 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН