Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0048/з |
Дугаар | 125/ШШ/2017/0051 |
Огноо | 2017-11-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0051
Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн дүгнэлттэй,
Хариуцагч: Х аймгийн МХГ УБ Т.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн МХГ УБ Т.О-ын иргэн Т.Б торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000010 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Х аймгийн Б сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар дүгнэлтэндээ: Х аймгийн МХГ УБ Т.О “...Х аймгийн Б сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших “ЭА” ХХК-ний хүнсний дэлгүүрийн худалдагч Т.Б нь 46 ширхэг 53800 төгрөгийн үнэлгээтэй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1737000010 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүтээгдэхүүнийг устгах акт үйлдэхдээ зөрчилд холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсгийг зөрчсөн гэжээ.
Зөрчилд холбогдогч Т.Б нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан зөрчилд холбогдогчийн тайлбар, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгч Г.Сайханбилэг нарын илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэтэл улсын байцаагч зөрчилд холбогдогч Т.Б нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн бол 2 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байх тул улсын байцаагчийн шийдвэрийг өөрчилж зөвтгүүлэх шаардлагатай байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Х аймгийн МХГ УБ 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000010 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 болгон өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Х аймгийн МХГ УБ Т.О шүүхэд гаргасан тайлбартаа: Б сумын цагдаагийн хэсгээс “Сарын аян”-ы хүрээнд “ЭА” ХХК-ий хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг түр саатуулсан тухай материалыг Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газраас харьяаллын дагуу манай газарт 2017.09.07-ны өдөр шилжүүлсэн. Уг материалтай танилцахад тус дэлгүүрээс хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдагч Т.Б-ийг байлцуулан хяналтыг хийж түр саатуулан хураан авсан байсан. Миний бие зөрчил гаргасан худалдагч Т.Б-тэй утсаар холбогдож гарсан зөрчлийн талаар лавлахад илэрсэн зөрчилтэй нь уялдуулан “Зөрчлийн тухай” хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг танилцуулсан. Иргэн Т.Б нь зөрчил гаргасан нь миний буруу гэхдээ гомдолтой байна, учир нь Б сум 80 гаруй хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг, сарын аяны хүрээнд хяналт шалгалтыг явуулахдаа мэргэжлийн байцаагчгүй ажлын хэсэг гарган мухлагийн хэмжээтэй 7 жижиг дэлгүүрт шалгалт хийж цөөхөн хэдэн хүнсний бүтээгдэхүүн хураалгасныхаа төлөө 500.000 төгрөгөөр торгуулах хэцүү байна. Ажиллаж байгаа бүх дэлгүүрүүдэд хяналтыг жигд хийсэн бол гомдол алга, мөн тэр цагдаа ажлаа хийх явцдаа надад шинэ хуулийн талаар мэдээлэл өгөөгүй, ажлаа танилцуулаагүй, торгох тухай юу ч хэлээгүй, одоо л би сонсож байна, энэ ажил шударга бус байна би гомдолтой байна гэж мэдээлсэн. Энэ дэлгүүр нь 500.000 төгрөгийн торгууль төлөх чадваргүй жижигхэн мухлагийн хэмжээтэй дэлгүүр байдаг тул би мөнгөн дүнг багасах гэж “Зөрчлийн тухай” хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг судлахдаа торгуулийн заалтын нэгжийг төгрөгт шилжүүлж буруу тооцоолоод 200.000 мянгаар торгосон юм.
Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь заалт нь 2.000.000 сая төгрөгийн нэгжид шилжүүлсэн үнийн дүнтэй байсан байна. Дээрх зөрчлийг тус дэлгүүр нь өөрийн дотоод хяналтаар буцаан татан авалт хийн зөрчлийг таслан зогсоож цаашид давтан гаргахгүй байх дотооддоо арилгах боломжтой. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, завсар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно гэж заасан байхад Б сумын Цагдаагийн хэсэг нь “Сарын аян”-ны хүрээнд хамтарсан хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг зөрчсөн, хяналт шалгалтын удирдамжгүй, хамтарч ажиллах ажлын төлөвлөгөө гаргасан боловч төлөвлөгөөнд хүнсний чиглэлийн байцаагчийг хамруулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар дээр нь арилгах боломжтой байхад хүндрүүлсэн, зөрчилд холбогдогчид хууль танилцуулаагүй, энэхүү ажил нь миний ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, өргөдөл гомдлоор ирээгүй зэрэг нь тус шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байна гэжээ.
Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 12 дахь хэсгүүдэд заасны дагуу Т.Б-т холбогдох зөрчлийн 1737000010 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. Х аймгийн МХГ УБ Т.О Х аймгийн Б сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших “ЭА” ХХК-ний хүнсний дэлгүүрийн худалдагч Т.Б нь 46 нэр төрлийн 53800 төгрөгийн үнэлгээтэй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүтээгдэхүүнийг устгах акт үйлдэхдээ зөрчилд холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглэл үйлдсэн. Зөрчилд холбогдох Т.Б нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан зөрчилд холбогдогчийн тайлбар, мэдүүлэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгч Г.Сайханбилэг илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэтэл Улсын байцаагч нь зөрчилд холбогдогч Т.Б-т Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, хуулийн уг заалтаар бол торгуулийн хэмжээ нь 2000000 /хоёр сая/ төгрөг торгохоор заасан байдаг. Хэргийн материалд байгаа баримтуудаар зөрчлийн нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил байхад Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил болгон шийдвэрлэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн, зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул улсын байцаагчийн шийтгэлийг өөрчилж, зөвтгүүлэх шаардлагатай байна.
Х аймгийн МХГ УБ 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000010 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 болгон өөрчлүүлэн шийдвэрлэх саналыг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газраас аймгийн Х аймгийн МХГ УБ Т.О нь иргэн Т.Б-т Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000010 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчлүүлэхээр ирүүлсэн прокурорын дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.
Х аймгийн МХГ УБ Т.О нь иргэн Т.Б-ийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хорих мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” заасны дагуу шийтгэл ногдуулж, 200.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь Х аймгийн Б сумын Бүрэнхайрхан багийн нутагт орших “ЭА” хүнсний дэлгүүрийн худалдагч Иргэн Т.Б нь нэг төрлийн 46 ширхэг 53800 төгрөгийн үнэлгээтэй хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчил нь зөрчилд холбогдогч Т.Б-ийн тайлбар, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Х аймгийн Б сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч Г.Сайханбилэгийн илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэн Т.Б-ийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг, нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.... торгоно” гэж хариуцлагад хамаарч байх бөгөөд Х аймгийн МХГ УБ Т.О нь иргэн Т.Б-ийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчилд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 200.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан нь буруу байна.
Учир нь Хэрэглэгчийн эрхийн хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Хэрэглэгч баталгаат болон эдэлгээний хугацааны дотор барааны чанар, аюулгүй байдлаар хангагдах эрхтэй” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.“баталгаат хугацаа” гэж үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацааг” хэлнэ гэж зааснаас үзвэл баталгаат хугацаанд бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс гарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийг хэрэглэх хуулийн заалттай байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “....гэрээнд заасан чанар, аюулгүй байдлыг шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 2000.000 төгрөгөөр, .... торгоно” заасан байхад 200.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Иймд Х аймгийн МХГ УБ Т.О-ын иргэн Т.Б-т Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000010 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж өөрчлөх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ - ийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг баримтлан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Х аймгийн МХГ УБ Т.О-ын иргэн Т.Б-т Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000010 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт заасны дагуу 500.000 төгрөг торгох шийтгэл ногдуулсугай гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ