Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2024/00034

 

Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03316 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02057 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Г ийн нэхэмжлэлтэй,

Б д холбогдох

86,460,000 төгрөг гаргуулж, ипотекийн зээлийн гэрээнээс хамтран үүрэг гүйцэтгэгч Г ийг хасуулахыг даалгах, хуваарьт хөрөнгөө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, “Хас банк” ХХК-ийн Ирээдүйн саятан хадгаламжийн данс эзэмшигч А ийн ...  дугаар данс, В гийн ...  дугаар дансны хууль ёсны төлөөлөгчөөс Г ийг хасуулж, ...  дугаар данс, ...  дугаар дансны хууль ёсны төлөөлөгчөөр Б г бүртгүүлэхийг Г т даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г , түүний өмгөөлөгч О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , өмгөөлөгч Д , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г  нь хариуцагч Б д холбогдуулан 86,460,000 төгрөг гаргуулж, ипотекийн зээлийн гэрээнээс хамтран үүрэг гүйцэтгэгч Г ийг хасуулахыг даалгах, хуваарьт хөрөнгөө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтын амьдралтай байсныг тогтоолгож, “Хас банк” ХХК-ийн Ирээдүйн саятан хадгаламжийн данс эзэмшигч А ийн ...  дугаар данс, В гийн ...  дугаар дансны хууль ёсны төлөөлөгчөөс Г ийг хасуулж, ...  дугаар данс, ...  дугаар дансны хууль ёсны төлөөлөгчөөр Б г бүртгүүлэхийг Г т даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03316 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б гоос хуваарьт хөрөнгөө гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Г  татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Б гоос 34,014,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г т олгож, “Хас банк” дахь А ийн ... , В ы ...  тоот Ирээдүйн саятан хадгаламжийн дансны хууль ёсны төлөөлөгчийн нэрийг Б д шилжүүлэхийг Г т даалгаж, Г ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 52,446,000 төгрөг гаргуулах болон ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс Г ийг хасахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 730,650 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 328,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02057 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гоос 68,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г т олгож, “Хас банк” дахь А ийн ... , В ы ...  тоот Ирээдүйн саятан хадгаламжийн дансны хууль ёсны төлөөлөгчийн нэрийг Б д шилжүүлэхийг Г т даалгаж, Г ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 17,500,000 төгрөг гаргуулах болон ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс Г ийг хасахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “... 328,020” гэснийг “... 502,750” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 2057 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсгийн 4.4-т “зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамт уг орон сууцанд хамтран сууж үр шимийг хүртсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ” гэж дүгнээд зээл, зээлийн хүүд төлсөн 34,274,062 төгрөгийг хариуцагчаас нэмж нийт 68,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх маргааныг бүхэлд нь хянан шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргах мөнгөн дүнгийн тооцоолол алдсан, дүгнэлт үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Орон сууцны зээлийн урьдчилгаанд төлсөн 34,014,000 төгрөг дээр зээл, зээлийн хүүд төлсөн 34,274,062 төгрөгийг нэмээд нийт 68,960,000 төгрөг гэж тооцоолсон боловч дээрх хоёр тооны нийлбэр 68,284,062 төгрөг болж байна. Зөрүү нь 675,938 төгрөг хаанаас яаж нэмсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас үндэслэлгүйгээр 675,938 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэргийн зохигч нар маргаан бүхий орон сууцанд 8 жил 8 сар хамт амьдарсан ба хамтран амьдрах хугацаанд Хаан банкны ипотекийн зээл, хүүд нийт 34,274,062 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2, 108.5-д заасны дагуу нэхэмжлэгч банкны хүүд төлсөн 34,274,062 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, орон сууцанд зохигч нар хамтран амьдарч үр шимийг хүртсэн байж банкны хүүд төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчимд нийцэхгүй юм. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 2057 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.01.25-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00168 тогтоолоор хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Г нь хариуцагч Б д холбогдуулан 86,460,000 төгрөг гаргуулж, ипотекийн зээлийн гэрээнээс хамтран үүрэг гүйцэтгэгч Г ийг хасуулахыг даалгах, хуваарьт хөрөнгөө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Б той 2010 оноос хамт амьдарсан. Бидний дундаас хүү А, В  нар төрсөн. Бид ...  тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ...  дугаарт бүртгэлтэй хуучны 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба урьдчилгаа 34,014,000 төгрөгийг би төлж, Хаан банкны ипотекийн зээлийн гэрээгээр үлдэх хэсгийг төлсөн. Б нийгмийн даатгал төлдөг байсан тул үндсэн зээлдэгчээр гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б гийн нэр дээр гарсан. ...шүүгчийн захирамжаар намайг Б гоос тусдаа амьдрахыг даалгасан тул байрнаас 2022.05.10-нд нүүсэн. Зээлээр авсан байрандаа амьдрах боломжгүй, үр шимийг нь хүртэхгүй болсон тул 2013.09.06-ны өдрийн орон сууцны ипотекийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулна, улмаар 2013.10.10-ны өдрөөс 2020.04.10-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүд төлсөн 34,946,000 төгрөг, урьдчилгаанд төлсөн 34,014,000 төгрөг, нийт 68,960,000 төгрөгийг Б гоос гаргуулна, 2019.01.16-ны өдөр иргэн ... ээс 17,500,000 төгрөгөөр худалдаж авсан Тоёота Виш автомашиныг түүний эцэг ... ын нэр дээр авч, Б  одоо ашиглаж байгаа тул машины үнэ 17,500,000 төгрөгийг Б гоос гаргуулах, гэрээс явахдаа өөрийн хуваарьт хөрөнгийг бүрэн аваагүй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б  “... 2013 оны 9 сард ипотекийн зээл авах боломж гарсан. Урьдчилгаа мөнгийг хоёр талаасаа бүрдүүлсэн. Урьдчилгаанд зээлсэн мөнгийг би цалингаасаа төлж байсан. Мөн миний эцэг машинаа зарж байрны урьдчилгаанд өгсөн тул сүүлд авсан машиныг аавд бэлэглэхээр болсон. Ипотекийн зээлийн гэрээнээс хасах эрх бүхий этгээд би биш. Уг орон сууцанд 2 хүүхэд нь амьдарч байгаа, хариуцагч нь үр хүүхдээ орон байраар хангах үүрэгтэй тул байрны урьдчилгаа болон зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргасан.

Тэрээр хамтын амьдралтай байсныг тогтоолгож, “Хас банк” ХХК-ийн “Ирээдүйн саятан” хадгаламжийн данс эзэмшигч А ийн ...  дугаар данс, В гийн ...  дугаар дансны хууль ёсны төлөөлөгчөөс Г ийг хасуулж, ...  дугаар данс, ...  дугаар дансны хууль ёсны төлөөлөгчөөр Б г бүртгүүлэхийг Г т даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба “...хүү А, В нарын ирээдүйн боловсролд зарцуулна гэж “Хас” банканд анх хуримтлалын данс нээлгэсэн. Гэвч энэ мөнгийг өөрсдөд нь зарцуулах биш нэхэмжлэгч барьцаалж зээл авч ашиглаад байгаа учраас Г ийг хууль ёсны эзэмшигчээс хасуулж, Б г хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгаж, уг мөнгийг хүүхдүүдэд зориулж ашиглана” гэж үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тухайд “.. хуримтлалын дансыг хүүхдүүдийн ирээдүйн боловсролд нь зарцуулна гэж нээсэн. 2021 оноос хойш бид тусдаа амьдарч байсан. Миний эцэг байх эрхийг хасаагүй. 2021 оноос хойш дансанд орсон бүх мөнгийг ээжийнх нь данс руу шилжүүлье. Өмнөх байсан мөнгийг би өөрийнхөө дансанд үлдээнэ”  гэсэн тайлбар гаргасан байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Хаан банк” ХХК оролцсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар 2013.09.06-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр 77,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай, ...2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан нь Монголын ипотекийн корпораци руу шилжсэн тул банк дангаараа гэрээний оролцогчдын талаас гаргасан хүсэлтийн дагуу бие даан шийдвэрлэх боломжгүй, ...банкны хувьд зээлдэгч нар хүсэлтээ гаргаад МИК зөвшөөрсөн тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасах боломжтой гэжээ.

8. Г, Б  нар 2010 оноос хамтран амьдарсан, тэдний дундаас хүү А, В  нар төрсөн, орон сууц худалдан авахаар урьдчилгаанд 34,014,000 төгрөг төлсөн, үлдэх мөнгийг 2013.09.06-ны өдөр “Хаан банк” ХХК-аас үндсэн зээлдэгчээр Б , хамтран үүрэг гүйцэтгэгчээр ... , Г  нар оролцож, 13/244 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 77,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн, үүргийн гүйцэтгэлд уг зээлээр авсан Б гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан, автомашиныг 17,500,000 төгрөгөөр худалдан авсан, хоёр хүүхдэд хуримтлалын данс нээсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ.

9.1. Нэхэмжлэгчийн 2013.10.10-ны өдрөөс 2020.04.10-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүд төлсөн 34,946,000 төгрөг, урьдчилгаанд төлсөн 34,014,000 төгрөг, нийт 68,960,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангахдаа “... талууд гэрлэлтийн бүртгэлгүй тул худалдан авсан орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгөд хамаарахгүй харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан дундын өмчид хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй,  ...банкнаас авсан зээлийн үлдэгдэл нь 61,063,747 төгрөг, ...зохигчид үндсэн зээлээс 15,936,253 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 34,946,000 төгрөгийг Б гийн дансаар дамжуулж төлсөн гэх боловч нийт 34,274,062 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн байх ба үүний 6,941,638 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, 27,332,424 төгрөг нь зээлийн хүүд төлөгдсөн байна. Банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрт төлсөн 34,274,062 төгрөгийг хариуцагч хүлээн аваагүй, уг мөнгөөр хариуцагч хөрөнгөжөөгүй. Мөн нэхэмжлэгч тухайн орон сууцанд өөрөө амьдарч байх хугацааныхаа зээлийн төлбөрөөс төлөлцөж, зээлээр авсан орон сууцыг өөрөө болон үр хүүхдийн хамт амьдран суух зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь хүртсэн байх тул банкны өмнө төлөхөөр хүлээсэн зээлийн хүүний төлбөрийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, харин дундаа хэсгээр өмчлөх эрхтэй орон сууцнаас нэхэмжлэгч нь ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй тул хариуцагчаас хөрөнгийг бий болгоход оруулсан 34,014,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

9.2. Автомашины үнэ 17,500,000 төгрөг гаргуулах тухайд “...... ын нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг Б  эзэмшиж, ашиглаж байгаа гэх байдал баримтаар тогтоогдохгүйгээс гадна тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ...  байхад Б гоос автомашины үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, түүнчлэн Б уг автомашинаар хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

9.3. Орон сууцны зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь нөгөө үүрэг гүйцэтгэгчээ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнөөс түүний зөвшөөрөлгүйгээр чөлөөлөх, гэрээний оролцогчоос хасах боломжгүй буюу энэ шаардлагыг хариуцагч Б  хариуцах боломжгүй” гэж дүгнэжээ.

9.4. Нэхэмжлэгч Г  нь хариуцагч Б гоос хуваарьт хөрөнгөө гаргуулах шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

9.5. Сөрөг нэхэмжлэлийг хангахдаа “...хамтын амьдралтай байсан талаар маргаагүй, энэ тухай дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, “хамтын амьдралтай байсныг тогтоолгох” энэ шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн татгалзалд хамааралтай байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэлбэрээр шийдвэрлэх үндэслэлгүй, харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр хүү А, В  нарыг эх Б гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн, хариуцагч нь хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар хүүхдүүдийн эзэмшдэг дансны хууль ёсны төлөөлөгчөөр бүртгүүлэхээр шаардах эрхтэй” гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч Б гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь тухайн данснуудын хамтран эзэмшигчээс Г ийг хасуулж, хууль ёсны төлөөлөгчийн хувьд өөрийгөө хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр шаардсан байх тул шүүхийн шийдвэрийг “дансны хамтран эзэмшигчээр бүртгэх” гэж ойлговол зохино.

10. Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх орон сууцнаас нэхэмжлэгч нь ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн, үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход оруулсан 34,014,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч худалдаж авсан орон сууцны үндсэн үнээс нэхэмжлэгч 6,941,638 төгрөгийг төлсөн байх ба банкны өмнө төлөхөөр хүлээсэн зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд амьдарч байх хугацааны зээлийн төлбөрөөс төлөлцөж, уг орон сууцанд өөрөө үр хүүхдийн хамт сууж үр шимийг хүртсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь орон сууцнаас өөрт ногдох хэсгээ оруулсан хөрөнгийн хэмжээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн орон сууцны зээл, зээлийн хүүд төлсөн 34,274,062 төгрөгийг хариуцагчаас нэмж нийт 68,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох”-оор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн 9.4.1-д заасныг баримталсан нь оновчгүй гэсэн үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.  

11. Хяналтын шатны шүүхээс хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Маргааны зүйлийн үндэслэл болж буй хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл хариуцагч Б гийн нэр дээр байх боловч хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэсэн зохицуулалтын дагуу уг орон сууц нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хэсгээр өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д нийцсэн гэж үзнэ.  

Талууд тухайн орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаанд 34,014,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөхдөө 77,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд үндсэн зээлдэгчээр хариуцагч Б  бүртгэлтэй, тэрээр хоёр хүүгийн хамт орон сууцанд амьдарч байна. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд зохигчийн дундын хөрөнгө болох уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэдэн хувиар хэсэгчлэн өмчлөх талаар тухайлан тохиролцсон баримтгүй байх тул өмчлөгч бүрийг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д нийцнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөр хэмжээгээр хангасан нь учир дутагдалтай,  дундын өмчийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.   

Нэхэмжлэгч нь уг орон сууцыг худалдан авахад урьдчилгаанд төлсөн 34,014,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу 2013.10.10-2020.04.10 хүртэл хугацаанд төлсөн 34,946,000 төгрөг, нийт 68,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон боловч тэрээр 50 хувиас дээш хэмжээгээр дундын өмчийг шаардах эрхтэй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. Иймээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар маргааны зүйл болж буй орон сууцыг худалдан авсан 110,000,000 төгрөгийн 50 хувь болох 55,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Харин 2013.09.06-ны өдрийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул талуудын зээлийн гэрээний үүрэгт өөрчлөлт ороогүй, зээлийн гэрээний үүргийг шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02057 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гоос 55,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г т олгож, үндсэн нэхэмжлэлээс 31,460,000 төгрөг гаргуулах болон ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс Г ийг хасахыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “Хас банк” дахь А ийн ... , В ...  тоот Ирээдүйн саятан хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн нэрийг Б д шилжүүлэхийг Г т даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “328,020” гэснийг “432,950” гэж тус тус өөрчилж, шийдвэр,  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 502,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ   

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                               Н.БАТЧИМЭГ  

                                                                                                              Н.БАЯРМАА

                                                                                                Д.ЦОЛМОН