Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2021/00068/и |
Дугаар | 216 |
Огноо | 2021-07-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............... сумын 1 дүгээр баг ............... оршин суух З.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “....................” гэх газарт оршин суух Б.С-д холбогдох
“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.950.000 / далан сая есөн зуун тавин мянга / төгрөг гаргуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Г, түүний өмгөөлөгч У хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 47.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлиийн шаардлага гаргасан. Би өөрийн өмчлөлийн БНХАУ-аас оруулж ирсэн ............ ДОР улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг Б.С-д худалдсан юм. Тээврийн хэрэгслээ 2018 онд Б.С-д өгсөн. Тэр үед гэрээ байгуулаагүй, мөнгөө өгнө гэж хэлсэн учраас итгэсэн. Гэтэл өгөхгүй удаад байхаар нь 2019 онд уулзаж гэрээ байгуулсан. Анх бид 75.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцоод надад бэлнээр 15.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 60.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд цувуулж өгөхөөр болсон. Гэрээний дагуу 1 жилийн хугацаанд төлбөрөө төлж дуусгах байтал, 2019.11.29-нд 5.000.000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 1 сарын 20-нд 2.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөг өгсөн. Утсаар ярихаар өгнө гэдэг боловч өгөхгүй 2 жил шахуу болж байна. Гэрээний дагуу үндсэн үүрэгт 47.300.000 төгрөг, алданги 23.650.000 төгрөг, бүгд 70.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С, Г нарын хооронд иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэхүү гэрээг хариуцагч тал зөвшөөрч хийсэн байдаг. Шүүх хуралдаан дээр Г болон С нар нь татгалзах зүйлгүй гэснээрээ гэрээ хийсэн болох нь нотлогдож байгаа юм. 2019 онд уулзаж гэрээ байгуулсан байдаг. Анхны үнэ болох 75 сая төгрөгнөөсөө 2019 оны 11 сарын 29-ний өдөр 5 сая төгрөг, 2019 оны 12 сарын 31-ний өдөр 5 сая төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдөр 2.700.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг шилжүүлсэн гэдэг дээр талууд маргахгүй байна. Ингээд үлдэгдэл болох 47.300.000 төгрөг, алданги 23.650.000 төгрөг, бүгд 70.950.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2019 оны 02-03 саруудад ковид 19 цар тахалт өвчин гарч улс хоорондын болоод хөдөө орон нутгийн хил хязгаарыг хязгаарласан. Энэ хил хязгаар гарснаас хойш гэрээний үүргийн дагуу алданги тооцуулахаар 47.300.000 төгрөгөнд алданги тооцоолсон. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс алданги тооцохоор болсон. Бүтэн нэг жил гаруй хугацаанд анз тооцогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэсний дагуу 23.650.000 төгрөгийг алдангид тооцож нэхэмжилж байна. Үлдэгдэл 47.300.000 төгрөг дээр иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 50 хувь болох 23.650.000 төгрөгийг нэмж, нийт 70.950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4066 ДОР улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг худалдан авахад оролцоогүй бөгөөд миний нөхөр болох Ж.Г-той утсаар яриад харилцан тохиролцож, 75.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож бэлнээр 15.000.000 төгрөгийг өгсөн. Энэ машины дугуйнууд нь муу, эхний ачаанд 80 км-т яваад мотороос нь масло гоожиж БНХАУ-руу орон моторын ээлж хийлгэхэд 5.800.000 төгрөг болсон, мөн 5 сая төгрөгийн дугуй авч тавиулсан. Ингээд ажилд явах гэтэл “Босоо хөх Монгол” гэх хөдөлгөөнийхөн ирж уул уурхайнуудыг зогсоосон. Үүнээс болоод ажилгүй болсон учир бид Г санал тавиад машинаа буцаая, бэлэн өгсөн 15.000.000 төгрөгөө авна, харин машинд зарцуулсан 10.800.000 төгрөгийг нь авахгүй гэсэн боловч Г аваагүй юм. Үүний дараа бид харилцан тохиролцож гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ Сүхбаатар аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Холбоо транс компани дээр машинаа шилжүүлж, төмрийн хүдэр зөөж ажлын хөлс болох болох 5.000.000 төгрөгийг сар болгоны 25-28-ны хооронд төлөхөөр тохиролцсон. Гэтэл Ковид 19 өвчин гарч гадаад болон орон нутгийн тээвэр бүрэн зогсож ажилгүй болсон. 2019.11.29-нд 5.000.000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 1 сарын 20-нд 2.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш бид ямар ч ажилгүй зогссон. 2020 оны 7 сард ахин мотор нь цохиж эвдэрсэн, мотор авахын тулд чиргүүлээ 15.000.000 төгрөгөнд өгч Эрээнээс каргогаар 12.000.000 төгрөгөөр мотор авч тавьсан. Алдангийг бол төмрийн хүдэр зөөж байх үедээ төлөхгүй бол 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон тул төлж чадахгүй. Харин 47.300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүрэг 47.300.000 төгрөг, алданги 23.650.000 төгрөг, нийт 70.950.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Анх автомашин худалдах, худалдан авах гэрээ хийснээр иргэний харилцаа үүссэн гэж үзэж байна. 2019 оны 10 сарын 03-ны өдөр иргэний эрх зүйн харилцаа үүсчээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээрхи гэрээн дээр 40-66 ДОА улсын дугаартай автомашиныг 50 сая төгрөгөөр Г нь С-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний нөхцөл бол 50 сая төгрөг төлөгдсөн гэсэн гэрээ хийгдсэн. Яагаад бичиг баримтаа шилжүүлсэн гэхээр гэрчээр оролцож байгаа Г-ын хувьд миний машин хувиараа яваад бол ачаа олдохгүй юм байна. Иймд Цахиур овоо ХХК-ний төмрийн хүдэр зөөе гээд 10 сарын 03-нд машинаа аваад 10 сарын 11-ний өдөр авчирч бүртгүүлсэн. Иймээс ДОА дугаараа сольж байж СҮА дугаартай болж байгаа. Үүнийг Г бол мэдэж байгаа. Ямар ч хүн нэг ч төгрөг аваагүй байж өглөг, авлагагүй гэж гэрээ хийхгүй гэж үзэж байна. Ийм учраас төмрийн хүдэр зөөж, төлбөр хийе гэж тохирсон гэж үзэж байна. Харамсалтай нь 11, 12 сард тус бүр 5.000.000 төгрөг төлсөн байдаг. Сүүлдээ төлж чадахгүйд хүрч 2.700.000 төгрөг төлсөн байдаг. Энэ нь ХААН банкны баримтаар нотлогдож байгаа. Ингээд Ковид-19 өвчин гарч ачаа тээвэр нь зогссон. Талуудын хооронд иргэний хуулийн 221 дугээр зүйлийн 221.2-т заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзахаар, 221 дүгээр зүйлийн 221.2-т “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж зааж өгсөн байдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь онцгой нөхцөл байдал гэж хэлмээр байна. 75 сая төгрөгний хэлцэл дээр маргасан зүйл байхгүй. Хамгийг гол нь гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Г, хариуцагч Б.С-аас “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.950.000 / далан сая есөн зуун тавин мянга / төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Харицагч Б.С ачааны автомашин худалдах, худалдан авах гэрээг анх надтай хийгээгүй, манай нөхөр Г-той хийсэн гэсэн тайлбар гаргасан боловч худалдах, худалдах авах гэрээ хийсэн болон машиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн зэргийн талаар маргаагүй юм..
Хариуцагч Б.С энэ шаардлагаас машины үнээс төлөгдөөгүй үлдсэн 47,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 23,650,000 төгрөгийг тээвэр явж төлнө гэж тохирсон учраас төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч З.Г, хариуцагч Б.С нар 2019.10.03-нд 40-66 ДОР улсын дугаартай, ачааны зориулалттай автомашиныг худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 10 сарын 3-д байгуулж, машиныг 75,000,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 15,000,000 өгч ба үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2019 оны 10 сарын 28-нд 2000,000 төгрөг, дараа нь 11 сараас эхлэн сар бүрийн 28-нд 5,000,000 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцож, дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 %-ийн алданги төлөхөөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.
Энэ гэрээний дагуу машиныг С-ийн нэр дээр шилжүүлж, машины үнээс 15,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 60,000,000 төгрөгнөөс 2019.11.29-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-нд 5,000,000, 2020 оны 1 сарын 20-нд 2,700,000 төгрөг, нийт 12,700,000 төгрөг өгсөн. Одоо машины үнээс 47,300,000 төгрөг төлөгдөөгүй байгаад талууд маргадаггүй бөгөөд хариуцагч үүнийг төлөхийг зөвшөөрч байгаа юм.
Харин худалдан худалдан авах гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээнд тохиролцсон байгаа боловч хариуцагчаас шалтгаалахгүй /цар тахал гарсан / шалтгааны улмаас тээвэрт явах боломжгүй болжээ.
Дэлхий нийтэд Ковид 19 цар тахал гарсантай холбоотойгоор манай улсад хорио цээрийн дэглэм тогтоож, хил гааль хааж, аж ахуйн нэгжүүдийн болон хувийн хэвшлийнхний үл ажиллагааг зогсоох арга хэмжээ авснаас болж эдийн засгийн байдал доройтож байгаа энэ үед 23,650,000 төгрөг нэхэмжилж байгааг шүүх их байна гэж үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагчаас алдангид 3.650,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагын алдангиас 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,700.00 төгрөгийг УТО-д хэвээр үлдээж хариуцагч Б.С-с улсын тэмдэгтийн хураамж 412700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Г-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.С-с машины үнийн үлдэгдэл 47,300,000 төгрөг, алданги 3,650,000 төгрөг нийт 50,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Б.С-н өмчлөлийн автомашиныг битүүмжилсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 сарын 29-ны өдрийн 352 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 412700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Гад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ