Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00041

 

С.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03006 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00026 дугаар магадлалтай,

С.Э-н нэхэмжлэлтэй

“ЭТ” ХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/**** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 51,721,851 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд нийт 26,042,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

нэхэмжлэгч С.Э-н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.Э нь “ЭТ” ХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/**** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 51,721,851 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд нийт 26,042,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03006 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-н, хариуцагч “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/**** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51,721,851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26,042,170 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00026 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн зарим хэсэг, 82 дугаар зүйлийг баримталж дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх үүнийг буруутгаагүй, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 80 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй гэх гомдлыг хангах боломжгүй гэжээ. Иргэний хууль тогтоомжийн эрэмбэлсэн тогтолцоонд хамгийн дээд хүчин чадалтай нь Үндсэн хууль байдаг. Үүний дараа Иргэний хууль зүй ёсоор орох бөгөөд эрх зүйн үндсэн эх сурвалж болдог.

Иймд иргэний эрх зүйн харилцааг зохицуулж буй бусад хууль тогтоомж нь Үндсэн хууль болон Иргэний хуульд нийцэж байх ёстой юм. Үндсэн хуулийн 16-р зүйлд үндсэн эрхээ баталгаатай эдлэхийг, 19-р зүйлд төр нь иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хариуцахыг зохицуулсан. 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар төрийн өмчит хуулийн этгээдэд онцгой дэглэм тогтоох эрхийг зөвхөн БНМАУ-ын Засгийн газарт олгосон. Гэвч 1992 оны Үндсэн хуулиар улсын нэрийг Монгол Улс хэмээн тунхаглаж БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн 3-р зүйлд “БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан болно. Иймд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлж болох эсэхийг анхаарах нь зүйтэй. Засгийн газар нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээ буюу 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн Монгол Улсын иргэний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа үйлдэл, үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа бөгөөд Үндсэн хуулийн зөрчил болж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинтай холбоотой шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах үндэстэй гэж зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Бичгээр ажлаа тайлагнах үүрэггүй, цахим хаягаар тайлагнах үүрэгтэй ажилтны үүргийг хар дээр цагаанаар бичсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийлгүй, зөвхөн ажил олгогчийн аман тайлбараар нэхэмжлэгчийн бүтэн жилийн ажлыг үгүйсгэсэн шийдвэрийг хэвээр үлдээн зөвхөн нэг талд үйлчилж шийдвэрлэсэн шийдвэр, магадлал миний хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.15-ны өдрийн 001/ШХТ2024/00226 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Хариуцагч “ЭТ” ХК-д холбогдох 2022.12.09-ний өдрийн Б/**** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 51,721,851 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд нийт 26,042,170 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Э-н нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэр гаргахдаа “...иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн, улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангах зорилгоор 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу “ЭТ” ХК-д онцгой дэглэм тогтоосон, энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн А/737 тоот тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албыг татан буулгасан учир нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй, ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийг энэ тохиолдолд баримтлахгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын тайлан, ажил дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй, жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалинг олгох тухай шийдвэр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойно гарсан тул түүнд урамшуулал болон шагналт цалин олгох үндэслэлгүй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

8.Хяналтын шатны шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан хэдий ч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн.

9.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо 1) Шүүх хэрэглэх ёсгүй, Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэсэн, 2) Хөдөлмөрийн дотоод журам, байгууллагад дагаж мөрдөж байсны дагуу ажлаа заавал бичгээр тайлагнах бус цахим хаягаар тайлагнах үүрэг байхад нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн аман тайлбарыг үндэслэж дүгнэлт хийсэн учир шийдвэр магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9.1.Тэрээр нэхэмжлэгч нь 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн үйлчлэл 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаар дуусгавар болсон, уг хуулиар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгосон байсан болохоос Монгол Улсын Засгийн газарт эрх олгоогүй, Засгийн газар өөрт эрх олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, иргэний хөдөлмөрлөх эрхэд халдаж буй нь Үндсэн хууль зөрчсөн гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эхний үндэслэлээ тодорхойлсон байх боловч гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

С.Э нь 2021.09.06-нд тус компанид ажилд орж, “Алсын хараа-2050” стратеги А6-20 судалгааны төвд нийгмийн асуудал хариуцсан зөвлөх, Захиргаа удирдлагын газарт ахлах шинжээч, Барилга дэд бүтцийн газарт барилга-төсөл хариуцсан ахлах шинжээч, Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2022.12.09-ний өдрийн Б/**** тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ. Тушаалд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дахь заалт, 3 дахь заалтын 3.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримталжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, 2023.04.21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 6 сараар сунгасан байна.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр дэх хэсэгт “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж, 2 дугаар зүйлд “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1) Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох...” гэж заасан, Монгол Улсын Засгийн газар 2022.10.26-ны өдөр “ЭТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 358 дугаар тогтоол гаргасан, үүний дагуу “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн А/737 тоот тушаалаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулж, үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албыг татан буулгаж шийдвэрлэсэн байна.

Уг хуулийг Монгол Улсын Засгийн газар хэрэглэсэн нь Үндсэн хуулийн зөрчил эсэхийг Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх бөгөөд “ЭТ” ХК нь төрийн өмчит хуулийн этгээд болохоос гадна гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгахын тулд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангаж, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагаас үзвэл агуулгын хувьд онцгой дэглэм тогтоосон үйлдлийг буруутгахгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэв.

Харин бүрэн эрхт төлөөлөгч болох “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн А/737 тоот тушаал нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байх ёстой ба үүнийг зөрчсөн, улмаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан алба, албан тушаалыг үндэслэлгүйгээр татан буулгасан, эсвэл уг орон тоог дахин бий болгосон эсэх үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй тул уг хуулийг хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

“ЭТ” ХК-ийн ТУЗ-ийн 2022.05.25-ны өдрийн 27 дугаартай “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар тус компани нь 9 газар, 21 хэлтэс, 3 алба, 3 хороо, 1 уурхай гэсэн зохион байгуулалтын бүтцийг тогтоож баталсан атлаа 5 сарын дараа буюу 2022.10.17-ны өдрийн А/656 тоот тушаалаар Барилга дэд бүтцийн газрын харьяанд Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албыг нэмж байгуулан, албаны дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн 5 орон тоотой ажиллахаар баталсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай зөрчилдсөн байв.

9.2.Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж чадаагүйгээс жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалинг гаргуулах нэхэмжлэлийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Ямар мэдээлэл бүхий баримтыг хэрхэн буруу дүгнэсэн талаар гомдолд дурдаагүй боловч шүүхийн нотлох баримтын үнэлгээ шийдвэр, магадлалд нөлөөлсөн ноцтой зөрчил хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

Байгууллагын дотоод хэм хэмжээ болох хамтын гэрээний 3.3.1, Хөдөлмөрийн дотоод журам, “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан “ЭТ” ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан “ЭТ” ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журмыг шүүх хуульд зааснаар дүгнэж, нэхэмжлэгчийн ажлын үзүүлэлтүүдийг дүгнэсэн үнэлгээний хуудас, шагнал, урамшуулал олгох тухай нэгжийн удирдлагын санал, хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн нэгдсэн тайлан байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот “Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, түүний хавсралтаар нийт ажилтанд үндсэн цалингийн дунджаар тооцож жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг, А/753 тоот “Ажилтнуудад шагналт цалин олгох тухай” тушаалаар тус компанийн ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалинг тус тус олгохоор шийдвэрлэсэн боловч эдгээр тушаалаар нэхэмжлэгч урамшуулал, шагналт цалинг авах байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03006 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00026 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Э хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН