Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 105

 

                                                                                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2017/0102/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б***жаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч С.Л***,
Хохирогчийн өмгөөлөгч А.Б***,
Шүүгдэгч Д.Э***, С.П***, Б.П*** нарын өмгөөлөгч Л.Ц***,
Шүүгдэгч Р.Н***ий өмгөөлөгч Л.О***,
Насанд хүрээгүй гэрч О.Т***,                     
Шүүгдэгч Р.Н***э, Д.Э***, С.П***, Б.П*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Н***, Д.Э***, С.П***, Б.П*** нарт холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Р.Н***, 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр хороолол ** тоотод оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатр гурил” ХХК-д савлагч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

2.Монгол Улсын иргэн, Д.Э***, 1969 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр хороолол ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

3.Монгол Улсын иргэн, С.П***, 1978 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дүгээр хороолол ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
1.Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

4.Монгол Улсын иргэн, Б.П***, 1979 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар хороолол ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Р.Н***э, Д.Э***, С.П***, Б.П*** нар нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байрлах Хавцал гэх газар Орхон голын усанд В.Т***ыг живснийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт хэрэгт холбогджээ.
                                                           
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Р.Н***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

2016 оны 7 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед би хуучин хорооллын **-р байранд байдаг түрээслэдэг байрнаасаа гараад хуучин хорооллын 3-р байранд байдаг ээж дээр очих гээд явж байсан. Тэгтэл 3-р байрны гадаа Т***тай таарсан. Тухайн үед В.Т***нэлээд халамцуу байсан. Тэгээд намайг ээжийнд ороод байж байтал араас В.Т***орж ирээд “хоёулаа Хавцал яваад ирье. Хавцалд манай гэр байдаг тэндээс хонь мал авч ирье гэж хэлэхээр нь би тийшээ явахгүй ээ чи согтуу байна" гэж хэлсэн чинь В.Т***миний үгэнд орохгүй “цуг явчихаад ирье” гээд байсан. Тэгээд Т***тай хамт Э***, П***, П***, хүүхдийнхээ хамт миний машинд суусан. 
...В.Т***захирлаасаа 20 000 төгрөг авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар Хавцал явах замдаа ШТС орж 10 000 төгрөгөнд бензин хийсэн. Үлдсэн 10 000 төгрөгөндөө биржийн доошоо уруудаад нэг дэлгүүрээс П***т мөнгийг нь өгч оруулаад 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архи авсан. Тэгээд бид нар дэлгүүрээс хөдлөж цаашаа явж Хараагийн  гүүр гараад Хараа голын эрэг дээр хэсэг зогссон. Тэнд дэлгүүрээс авсан архиа задалж тэд нар ууж эхэлсэн. Тэр архинаас Т***, Э***, П***, П*** нар хоёр хоёр татаад тэгээд цаашаа Хавцал руу явахаар болоод хөдөлсөн. Тэгээд Ширээ нуруу өнгөрөөд явж байгаад замын хажууд гарч хэсэг зогссон. Тэгж зогсож байхдаа В.Т***“Би голын усанд мундаг сэлдэг. Би Орхон гол дээр очоод усанд сэлж үзүүлнээ” гээд байсан. В.Т***нилээн согтчихсон байсан. Тэд нар үлдэгдэл архиа тойруулж уусан. Тэгж ууж байхад тэд нар усанд хэн мундаг сэлдэг болох талаар маргалдаж яриад байсан. Хавцал явах замаар явж байгаад зүүн тийш Орхон голын бирвааз руу явсан. Тийшээ явахыг Т***, П*** нар санаачилсан. Тэгээд бид нар Орхон голын бирвааз хаана байдаг талаар замд байсан айлаар заалгаж аваад цааш хөдөлсөн. Тэгээд бид нар Орхон голын эрэг дээр зогссон. Тэгсэн талийгаач В.Т***“би сайн сэлдэг” гээд машинаас буугаад голын эрэг дээр очиж хувцасаа тайлсан. Тэгэхээр нь бид нар “Хөөе чи согтуу байна болохгүй” гэж хэлэхэд талийгаач В.Т***хувцасаа тайлаад байсан. Тэгж байхад нь П*** очиж Т***ын гарнаас нь зулгааж зогсоосон. Тэгээд Т***ын хувцсыг нь өмсүүлээд машинд суулгаад тэгээд бид нар цаашаа Орхоны бирваазан дээр очсон. Бид нарыг Орхон голын бирваазан дээр очиход бирвааз нь голынхоо цаад талд нь байсан. Би голын эрэг дээр очоод самбар дээр байгаа бриваазаар явах үнэ ханшийг уншаад байж байтал талийгаач В.Т***хувцасаа тайлчихсан ус руу орж байсан. Тэгэхэд П*** Т***ын араас ороод усанд хөл алдаад буцаад уснаас гарч ирсэн. Би тэгээд “хүн усанд живчихлээ ш дээ” гэж орилж хашгираад тэнд байгаа бүх хүмүүст хэлсэн. Тэр үед П*** голын эрэг дээр хүүхдийнхээ толгойг норгоод зогсож байсан. Э*** ах миний машины хажууд тамхи татаад зогсож байсан. Тэгээд бид нар гол уруудаж зогсоод Т***ыг нилээд удаан дуудаж зогссон. Бид нар тэнд бараг 1 цаг болоод эрэг хавиар хайгаад олоогүй. Тэгээд голын цаад талд байгаа айлын хүнийг дуудаж орилсон. Тэгсэн голын эргийн цаад талд байсан гэрээс нэг хүн гарч ирсэн. Тэгэхээр нь бид "наадах руу чинь Т*** усанд сэлээд явчихлаа харагдана уу" гэж асуухад тэр хүн "харагдахгүй байнаа" гэх шиг болсон. Тэгээд бид Дарханд ирсэн. Би өөрөө гэрт нь болон бусад хүмүүст дуулгахаас айгаад хэлээгүй. Би хамт явсан П***, П***, Э*** нарт "хүн усанд живчихлээ ш дээ хэл дуулгая" гэхэд тэд нар "наадах чинь усанд сэлээд явчихсан, гараад ирнэ. Цагдаад битгий хэлээрэй" гээд байсан. Тэгээд би маргааш нь байрны гадаа Э*** ахтай таараад "В.Т***яасан юу болов, наадах чинь усанд живээд өнгөрчихсөн байгаа ш дээ ар гэрийхэнд нь мэдэгдье" гэхэд "цаадах чинь сэлээд гараад явчихнаа дуугүй бай" гээд цаашаа яваад өгсөн. Тэгээд би тайвшраад ар гэрийхэнд нь хэлье гэж бодоогүй. Тэрнээс хойш 3-4 хоногийн П***ийн эхнэр намайг ахтайгаа юм яриад зогсож байтал ирээд "Т***ыг ар гэрийхэн нь асууж сураглаад хайгаад байна" гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах Нямдорж "цаад В.Т***чинь Хавцалд малаа маллаад явж байгаа байлгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байлгүй гээд тайвширсан. Э***, П***, П*** нарыг цагдаад хэлэхгүй гээд байхаар нь би цагдаад хэлээгүй тэд нар согтуу байсан болохоор намайг хүнд битгий хэлээрэй гээд байсан тул би айгаад хүнд хэлээгүй. Би талийгаач Т***ыг живж осолдоход нь ар гэрийхэнд нь болон зохих байгууллагад мэдэгдээгүй буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 93-99, 212-213/, 

Шүүгдэгч Д.Э***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед би 30-р байрнаас дүүгийнхээ Хуучин хорооллын 3-р байр луу гэрлүүгээ ирж явахад 2-р байрны голын орцны үүдэнд сандал дээр талийгаач В.Т***О*** гэдэг эмэгтэйтэй нэг шил архи урдаа тавьчихсан сууж байсан. Би тэр 2 дээр очоод юм яриад сууж байхад П***ээ гэрээсээ хүүхэдтэйгээ гарч ирсэн. Тэгээд би П***ээг дуудаж тамхи байна уу гэж асуусан чинь П***ээ хүрээд ирсэн. Тэгээд байж байтал Н***э 39 дүгээр байрны тэндээс ирж явсан. 
... талийгаач В.Т***“Хавцал руу явмаар байна. 2 дахь гэрлүүгээ явж хонь авч ирмээр байна” гэж ярьж байсан. Тэгээд талийгаач Н***ийг “машин чинь байгаа юу“ гэж асуусан. Тэгсэн Н***э “байгаа бензингүй байгаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач В.Т***“би хүнээс бензиний мөнгө авъя” гэж хэлсэн. Тэгээд бид нар Хавцал руу Н***ий машинтай явахаар болсон. 
Тэгээд тэндээс хөдлөөд Хавцал руу явсан. Явж байхдаа Хараа голын гүүрний доор голын эрэг дээр зогсож авсан архиа задалж талыг нь хувааж уусан. Архиа ууж байхад талийгаач В.Т***“Би далайд сэлж байсан. Энэ Хараа гол шалбааг юм. Энд сэлэхгүй” гээд байсан. Би тэгэхээр нь "архи уучихсан байж усанд орж хэрэггүй ээ” гэж хэлж байсан. Замдаа хэд хэд зогсож байгаад Орхон голын бирваазан дээр очсон. Бид нарыг Орхон голын бирваазан дээр очиход бирвааз голынхоо цаана байсан. Бид нарыг Орхон гол дээр очиход нэлээн орой болчихсон байсан. Цаг хэд болж байгааг мэдээгүй. Ямар ч байсан нар доор орчихсон байсан. Тэгээд байж байтал нэг мэдсэн талийгаач В.Т***голын ус руу орчихсон дээшээ доошоо хараад сэлээд гараараа даллаад “Намайг голын доороос аваарай" гэж хэлж байсан. Тэгээд бид нар голын доор очоод Т***ыг дуудаад уснаас гарч ирээгүй. Т***ыг тэр хавиар хайгаад олоогүй. Бид нар “Энэ одоо хонь мал өгнө гээд байсан. Тэр хонь мал нь хаана ч байгаа юм. Аягүй бол худлаа хэлээд сэлээд голын цаашаа гараад явчихсан юм биш байгаа" гэж ярьж тэрүүгээр хайгаад олдохгүй болохоор нь бид нар Дархан луу яваад өгсөн. Дараа нь бид нар уулзалдаад "Т***аас сураг ажиг байна уу гэж асуухаар энд тэнд явж байна" гэж сонсогдож байна лээ гэхээр нь амьд яваа юм байна гэж бодоод яваад байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд Хавцал явсан талаараа ар гэрийхэнд нь хэлээгүй нь миний буруу. Надаас Т***г хоёр удаа асууж сураглаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 101-108, 211/,  

Шүүгдэгч С.П***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

2016 оны 07-р сарын 31-ны өдөр цагийн нь сайн санахгүй байна 13 цагийн орчимд байхаа би хуучин хорооллын 5-р байрнаас гэрээсээ гараад 3-р байшингийн тэнд явж байгаад Н***этэй таарсан. Би өглөө эрт гэрээсээ гараад гадуур явж байгаад архи уучихсан байсан. Н***ээс “Хаачих гэж байгаа юм “ гэсэн чинь Н***э “ Би юманд явлаа” гэж хэлээд 39-р байшингийн тийшээ явсан. Тэгсэн 2-р байрны голын орцны урд Э***, П*** хүүхэдтэйгээ, талийгаач В.Т***/Т***/ нар тамхи татаад сууж байсан. ...Тэгээд бид нар Н***ийн машинд суусан. Талийгаач В.Т***хүнээс очиж мөнгө авна гээд Хээтэй хорооллын 17-р сургуулийн хажууд байдаг хаусан барилгын тэнд очоод нэг байшингийн хажууд зогсож байгаа машинтай хүмүүс дээр очоод уулзаад байсан. Тэгсэнээ хүнээс 20 000 төгрөг авчихлаа гэж хэлж ирсэн. Тэгээд бид нар 10 000 төгрөгөөр ШТСтанцаас машиндаа бензин хийгээд үлдсэн 10 000 төгрөгөөр нь архи авна гэж хэлээд нэг дэлгүүрээс архи авсан. Тэгээд бид нар Хавцал явах замдаа Хараа голын эрэг дээр очсон. Тэнд очоод дэлгүүрээс авсан архиа задалж талыг нь уусан. Тэгсэн талийгаач хувцасаа тайлаад голын ус руу ороод сэлээд цаад талын эрэг дээр нь гараад буцаж сэлж гарч ирээд “Энэ гол биш шалбааг байна“ гээд байсан. Тэгэхээр нь би “Голын усыг басаж болдоггүй юм“ гэж хэлж байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад Хавцал руу Орхон голын бирвааз руу явсан. Би архи уучихсан нэлээн согтуу байсан болохоор замдаа хэд зогсож архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Талийгаач В.Т***Орхон голын бирвааз руу явж байхдаа очиж хонио авах юм яриад байсан. Би тэр ярианд нь оролцоогүй зүгээр л машинд нь суугаад явж байсан болохоор тэд нарын юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгээд бид нар Орхон голын бирваазан дээр очсон. Бид нарыг Орхон голын бирваазан дээр очиход орой болоод гэгээ тасарч байсан. Орхон гол дээр байдаг бирвааз нь голынхоо цаад талд нь байсан. Тэгээд бид нар голын цаад эрэг дээр байгаа бирваазын хүнийг гарч ирэх юм болов уу гэж бодоод наанаас нь дуудаад байж байсан. Тэгсэн нэг харсан чинь талийгаач В.Т***Орхон голын усанд сэлж байсан. Би тэгэхээр нь голын ус руу 2 алхаж орсон чинь хий гишгиж усанд унасан. Тэгээд би уснаас буцаад гараад ирсэн. Тэгэхэд талийгаач В.Т***Орхон голын усанд сэлээд нэлээн хол явж байсан. Тэгээд намайг машинд суулгаад голоо уруудаж яваад нэг газар очиж зогссон. Тэгсэн тэр хавиас П***ээ нэг хүнийг голын эргийн цаанаас дуудаад байсан. Ах нь гэлүү үү найз нь ч гэлүү нэг хүнийг дуудаад байсан. Тэгсэн тэр хүн голын цаанаас гар чийдэн барьчихсан ирсэн. Тэгсэн П***ээ тэр хүнээс “наагуур чинь хүн гарч ирсэн үү“ гэж асуусан. Тэгсэн тэр хүн “Энүүгээр хүн гарч ирээгүй ээ. Доогуур гарсан байж магадгүй“ гээд юм яриад байсан. Тэгээд бид нар тэнд хэсэг байж байгаад харанхуй болчихсон байсан болохоор Дархан руу буцсан. Зохих байгууллагад мэдэгдээгүй буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 110-114, 216/,  

Шүүгдэгч Б.П***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

2016 оны 7-р сарын 31-ний өдөр 12 цагийн үед манайд манай 2 найз болох А***, Б*** 2 ирсэн. Тэгээд манайд бид хэд нэг шил архи хувааж уусан. Тэгээд манай найз А***, Б*** хоёр 13 цаг өнгөрч байхад манайхаас харьлаа гээд гараад явсан. Би тэгээд гэртээ үлдээд хүү Т***ийн хамт дэлгүүр орох гээд гэрээс гарч явсан. Намайг хүүгийнхээ хамт гэрээс гарч ирэхэд хуучин хорооллын 2-р байрны голын орцны урд талд сандал дээр талийгаач В.Т***, Э*** ах бас нэг хүүхний хамт урдаа нэг шил Хараа архи, пивоны савтай айраг тавьчихсан сууж байсан. Намайг орцноос гарч ирсэн чинь Э*** ах намайг дуудаж надаас тамхи байна уу гэж асуусан. Би тэгэхээр нь тамхиа бариад тэд нар дээр очсон. Намайг тэд нар дээр очоод байж байтал Н***э **-р байрны тэндээс ирж явсан. Тэгээд Н***э бид нар дээр ирээд байж байтал П*** 5**р байрны тэндээс байшингийн булан тойроод гарч ирсэн. Тэгээд П*** бид нар дээр ирээд мэнд мэдээд тэгээд бид нар тэнд юм яриад байж байтал талийгаач В.В.Т***тэр архинаасаа бид нарт хийж өгсөн.
Тэгээд бид нар тэр архийг нь тойруулж хувааж уусан. Н***э тэр архинаас уугаагүй. Тэгээд бид нар ногоо цагааны талаар ярьж байгаад талийгаач В.Т***“Унаа байвал Хавцал руу 2 дахь гэр лүүгээ яваад ирье. Очоод 2 хонь авч ирж зарна“ гэж ярьж байсан. Тэгээд Н***ийг унаатай гэхээр нь “Хавцал яваад 3 хонь аваад 2-ыг нь зараад 1-ыг нь жолооч Н***эд өгье” гэж ярьсан. Тэгж ярьж байхдаа талийгаач В.Т***манай хүүхдэд нэг хурга, нэг ишиг өгнө“ гэж хэлж байсан. Тэгээд бид нар Н***ийн машинтай Хавцал явахаар болоод Н***э машинаа авчихаар явсан. 
...бид нар тосгон луу явдаг замаар явж байгаад Хараа голын эрэг дээр зогсож авсан архиа задалж талыг хувааж уусан. Тэгээд замдаа бид нар хэд хэд зогсож архинаас  ууж явсаар Орхон голын бирвааз дээр очсон. Бид нарыг очиход Орхон гол дээр байдаг бирвааз голынхоо цаана байсан. Тэгээд байж байтал машинаас манай хүүхэд В.Т***бууж ирсэн. Би хүүхдээ ус руу орчихвоо гэж хэлээд байж байтал нэг харсан чинь талийгаач В.Т***Орхон голын ус руу яваад орчихсон сэлээд явж байсан. Тэгсэн П*** араас нь гол руу орсоноо хөл алдаад буцаад уснаас гараад ирсэн. В.Т***ус руу ороод гараараа даллаад хойшоо нуруугаараа хөвөөд сэлж байсан. Би тэгэхээр нь Т***т “Уснаасаа одоо гараа наана чинь гэгээ тасарчихлаа“ гэж хэлсэн. Тэгсэн чинь В.Т***“Намайг доороос ирээд аваарай" гэж хэлээд цаашаа сэлээд бургас тойроод явсан. Тэгээд бид нар доошоо уруудаад нэг халцархай бургасгүй газар очсон. Тэгээд бид нар Т***ыг дуудаж нэлээн удаан хүлээсэн боловч В.Т***гарч ирээгүй. Бид нарын голын бургастай эрэг рүү очсон боловч 1-2 метр газар яваад бүрэнхий болоод харанхуй болж байсан болохоор буцаад бургасгүй халцархай газар луугаа очсон. Тэгээд Т***ыг гарч ирэхгүй болохоор нь голын цаана ногоо тарьж байгаа төрсөн ах Э***ыг хашгирч дуудсан. Тэгсэн манай ах Э*** гар чийдэн тусгаад голын цаад эрэгт ирсэн. Би Э*** ахад “Наад эрэг рүү чинь хүн гарч очив уу. Бид нартай цуг явж байсан хүн ус руу ороод наадах руу чинь явчихлаа“ гэж хэлсэн. Тэгсэн манай ах Э*** “Манай үүгээр хүн уснаас гарч ирсэнгүй. Доогуур гарсан байж магадгүй“ гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсэг хүлээж байгаад Дархан луу явчихсан. Буруугаа ухамсарлан ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 116-121, 214-215/,  

Хохирогч С.Л***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

Миний хүү В.В.Т***нь 2016.7.31-ний орой гэртээ ирж хоноогүй. Энэ өдөр манай хүү В.Т***байрныхаа гадаа байж байхыг би харж байсан. Мөн манай ач охин Н*** бас харсан юм байна лээ. Манай хүү В.Т***нь тэр өдөр байрныхаа тэр хавиар архи уугаад явж байсан гэж байдаг юм байна лээ. Гэхдээ би архи ууж байхыг нь хараагүй ээ. Тэгээд би 2-3 хоногийн дараа байна уу даа манай байрны Э*** гэдэг залуугаас “манай В.Т***/Т***/-г хаашаа явсаныг дуулсан уу. Хаашаа явсан юм бол” гэж асуусан. Тэгсэн Э*** надад “Мэдэхгүй ээ хөдөө явна гэсэн юм ярьж байсан” гэсэн үү, дуулсан гэсэн үү нэг тийм юм хэлсэн. Тэгээд Э*** “бид нартай нийлдэггүй ш дээ” гэж хэлсэн. Би тэр үед Э*** болон тэр байрны архи уудаг хүмүүстэй нийлээд байгааг мэддэг байсан. Тэгээд би яагаад манай хүү В.Т***/Т***/ хэл чимээ өгөхгүй байгаа юм бол доо гэж бодсон. Уг нь манай хүү В.Т***/Т***/ нь ийш тийшээ явахдаа утсаар болон хүний утсаар хэл дуулгаж хэлдэг юм. Би тэгээд В.Т***/Т***/-г хэл чимээ өгөхгүй удчихаар нь таньдаг мэддэг хүмүүс рүү утсаар ярьж, сураглаж эхэлсэн. Миний утаcдаж сурагласан хүмүүс хараагүй, үзээгүй, холбоо бариагүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2016.8.09-ний өдөр манай ач охин Н***ий төрсөн өдөр болсон. Манай В.Т***/Т***/-ийн охин Н*** нь бид 2 дээр байдаг. Тэгээд би  В.Т***/Т***/-ыг ийш тийшээ хөдөө гадаа явлаа гэхэд охиныхоо төрсөн өдөр ирэх л ёстой гэж бодож байсан боловч ирээгүй. Би хүү В.Т***/Т***/-г ядаж охиных нь төрсөн өдөр нь болж байхад ирж чадаагүй юм гэхэд утсаар ярих байх гэж бодсон чинь яриагүй. Тэгээд би юу болоод хэл чимээгүй болчихов гэж сэтгэл зовж эхэлсэн. Тэгээд охин Н***ий төрсөн өдрийн дараа хэд хоноод Э***тэй байрныхаа гадаа “Т*** манай Т***гөөс сураг чимээ байна уу хаашаа явсаныг нь мэдээгүй биз гэж асуусан. Тэгсэн Э*** “би мэдээгүй, хаашаа явсаныг сонсоогүй” гэж хэлсэн. Тэгээд би хажуугаар нь гараад явж байтал Э*** миний араас “Л*** эгчээ гэж дуудсан. Тэгэхээр нь би юм хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодоод “яасан” гэж асуусан чинь “уржигдар шөнө манай цонхон тушаа Т***гийн дуу нь гараад танийг дуудаад байсан шүү дээ. Ээжээ үүдээ онгойлгооч охиноосоо юм авах гэсэн юм” гэсэн үү тийм юм хэлээд байсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь “хачин юм даа би сэрээгүй юм байх даа ийш тийшээ яваад ирсэн бол өглөө ороод ирмээр юм даа” гэж хэлсэн. Тэгсэн Э*** “харин тийм” гэж хэлсэн. Тэр шөнө манай том хүү А*** шөнө 24 цагаас хойш манайд ирж хаалга тогшсон. Учир нь манай том хүүгийн 2 охин нь манайд хонож байсан. Манай хүү А*** нилээн орой шөнө ирж “Ээжээ үүдээ “гэж хаалга тогшихоор нь би онгойлгоогүй. Архи уучихсан орой болсон байхад охин хүүхдээ авч явна гэж халаад төвөг удаад байх болов уу гэж бодоод онгойлгоогүй. Тэгээд би цонхон дээрээ очиж харахад манай том хүү А*** орцноос гараад гэрлүүгээ явж байхыг би харсан. Тэгээд би Э***д тэр хүн чинь манай том хүү А*** байсан юм гэж хэлээгүй. Тэгээд чухам хэзээ юм болоо би би сайн өдрийг нь санахгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын дундуур байхаа би байрныхаа гадаа өглөө хүмүүстэй юм яриад сууж байхдаа хүү Т***г хаашаа явсан нь хэл чимээгүй болчихоор нь хүмүүст дуулгаж байсан юм. Тэгсэн нэрийг нь сайн мэдэхгүй байна манай 2-р байранд байдаг нэг хөгшин надад манай охин О*** надад ийм юм ярьсан гээд “Танай хүү В.Т***, О***, Ө***, Т*** нартай цуг хонинд яваад хонь нь бүтээгүй.Т*** Ө*** 2 эргэж ирсэн гэнээ. Т***, О*** 2 тэндээ үлдсэн гэнэ.Тэр авчрах хонио Хар төмөрлөгийн үйлдвэрийн гараашийн манаач А***гийнд янзлах байсан гэнэ” ярьсан шүү гэж хэлсэн. Тэгээд би энэ үйлдлийг сонсоод Улаанбаатар хотод байдаг хүү Б***аад хэлтэл Цагдаагийн газарт очиж мэдэгд гэж хэлэхээр нь манай өвгөн Ваанчиг 2016.9.04-ний өдөр Цагдаагийн газар ирж мэдэгдсэн. Тэгээд манай хүү Б*** Улаанбаатар хотоос 2016.9.23-ны өдөр ирж эрэл сурал болж Нэгдсэн эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд хэн болох нь танигдахгүй цогцос нь хадгалагдаж байна. Орхон сумын Энхтал баг 96-р точикын Хар эрэг гэх газраас голын уснаас хэн болох нь танигдахгүй цогцос олдсон гэж манай хүү Б***ад хэлсэн байсан. Тэгээд би өөрөө очиж цогцос хадгалах өрөөнд байсан цогцосыг үзсэн. Хэн болох нь танигдахгүй байсан. Тэр цогцсонд өмсөөтэй байсан дотоож, мөн цогцосны биеийн хэлбэрийг хараад өөрийн хүүгээ мөн байна гэж бодсон. Эдгээр хүмүүс цаг тухайд нь хэл дуулгасан бол бид нар талийгаачийг хугацаа алдаж хэн болох нь танигдахгүй хойно нь харж үзэхгүй байсан байх гэж боддог. Эдгээр хүмүүст би гомдолтой байна. Оршуулгын зардалд нийт 7 500 000 төгрөг зарцуулснаас 5 157 601 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 201/, 

Насанд хүрээгүй гэрч О.Т***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 7 дугаар сарын сүүлээр байх. Тэр хойд аав П***ээ ахтай хөдөө явдаг өдөр Хуучин хорооллын **-р байранд ээжийндээ ирцэн байхад үдээс өмнө хойд аав П***ээ ах, А*** ах, Б*** ахтай гаднаас 1 шил архи авчихсан орж ирж уусан. Тэгээд тэд нар архиа ууж дуусаад А***ах, Б*** ах 2 гараад яваад өгсөн. П***ээ ах гэртээ унтаад үлдсэн. Тэгээд би ээжийн ажилладаг дэлгүр лүү орж мөнгө авч дэлгүүр орохоор явсан. Тэгээд П***ээ ах бид 2 хуучин хорооллын 3-р байрнаас гарч ирэхэд хуучин хорооллын 2-р байрны голын орцны үүдэн дээр Э*** ах нэг эмэгтэй хүнтэй сууж байсан. П***ээ ах бид 2 байшингийн булан тойроод Парк тауны тэнд байдаг ээжийн ажиллаж байгаа супермаркет дэлгүүр лүү очиж ээж О***той уулзаад ээжээс мөнгө аваад буцаад хуучин хорооллын 3-р байрны тэнд байдаг хойшоо харсан хаалгатай хүнсний дэлгүүр рүү явсан. П***ээ ах бид хоёрыг хуучин хороололын 3-р байрны тэнд байдаг дэлгүүр орох гээд явж байхад хуучин хороололын 2-р байрны голын орцны урд талын сандал дээр Э*** ах, бас тэр эмэгтэй хүн хоёр дээр нэмэгдээд В.Т***/Т***/ ах бас нэг танихгүй ах нар нэмэгдчихсэн байсан. Тэгээд П***ээ ах бид хоёр 3-р байрны тэнд байдаг хүнсний дэлгүүр орж П***ээ ах өөртэй 100 граммын шилтэй архи аваад надад зайрмаг авч өгсөн. Тэгээд бид 2 дэлгүүрээс гарч ирэхэд П***ээ ах тэр авсан 100 граммын шилтэй архиа өөрөө ганцаараа уусан. Тэгсэн П***ээ ах тэр 2-р байрны орцны үүдэн дээр сууж байгаа хүмүүс дээр очиж тамхи татъя гэж хэлээд намайг дагуулаад очсон. П***ээ ах бид 2-ыг очиход Э*** ах савтай айраг урдаа тавьчихсан, В.Т***/Т***/ ах хагас шилтэй архи өвөртэй хийчихсэн байсан. Тэгээд тэд нар хоорондоо юм ярьж байгаад тэр архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд байж байтал Я*** гэдэг ах бид нар дээр хүрч ирсэн. Тэгээд тэд нар 1 цаг шахам хоорондоо юм ярьж сууж байгаад Э*** ах, Я*** ах хоёр хүнээс түлш аваад зарна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд П***ээ ах бид хоёр тэр Я*** ах Э*** ах 2-ын араас Төмөрлөгийн гарааш байдаг газар луу араас нь очсон. Тэнд очоод бид нар хэсэг байж байгаад буцаад 2-р байрны гадаа ирэхэд голын орцны үүдэн дээр В.Т***/Т***/ хамт үлдсэн нэг танихгүй ах, тэр эмэгтэй 2-той байж байсан. Тэгээд тэр танихгүй ах, тэр эмэгтэй 2 гэртээ орлоо гээд хуучин хорооллын 2-р байрны эхний орц руу орсон. Тэгээд байж байтал П*** ах 1а байрны тэндээс ирж байсан. Тэр үед Н***э ах хуучин хорооллын 3-р байрны голын орцноос гараад ирсэн. Н***э ах, П*** ах 2 бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд байж байтал В.Т***/Т***/ ах “Хавцалаас 3 хонь авч ирнэ“ гэж ярьсан. Тэгээд байж байгаад Н***э ах В.Т***ахтай цуг хуучин хорооллын **-р байрны тийшээ явж машинаа авч ирэхээр явсан. Тэгээд Н***э ах машинтайгаа В.Т***/Т***/ ахтай цуг 2-р байшингийн буланд ирэхэд нь бид нар очиж Н***э ахын машинд суусан. Тэгсэн Я*** ах манай ажлын гарааш дээр очиж сэрүүцье. Гадаа халуун байна гэж хэлсэн. Тэгсэн тэд нар тийшээ яваагүй Я*** ах яваад өгсөн. Тэгээд Н***э ахын машинд В.Т***/Т***/ ах, П***ээ ах, П*** ах, Э*** ах нар үлдсэн. Тэгээд В.Т***ах “Хүнээс мөнгө аваад машинд бензин хийгээд Хавцал руу хонинд яваад ирье“ гэж хэлээд тэгээд бид нар 17-р сургуулийн тэнд байдаг хаусан байшингуудын нэг хашаа байшингийн тэнд очсон. Тэгээд В.Т***ах Н***э ахтай цуг тэр нэг хаусан хашаа байшингийн гадаа зогсож байсан машинтай хүмүүс дээр очсон. Тэр хойгуур нь машин дотор байсан Э*** ах, П***ээ ах, П*** ах нар хоорондоо “Наадах чинь худлаа яриад шал дэмий тийшээ явчих юм биш үү. Дэмий бензин гарздаж тийшээ явж яадаг юм“ гэж хоорондоо яриад байсан. Тэгсэн В.Т***/Т***/ ах “бензиний мөнгө авчихлаа” гэж хэлсээр хүрч ирсэн. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд биржээс цаана байдаг ШТС дээр очиж бензин хийгээд тэндээс эргээд биржийн доошоо уруудаад явж байгаад зогсож нэг дэлгүүр рүү Э*** ах, В.Т***/Т***/ ах хоёр орж нэг шил “Түмний хишиг“ гэдэг архи бас нэг хайрцаг тамхитай аваад тэгээд тэндээс хөдлөөд Хараа голын эрэг дээр очиж зогссон. Тэнд зогсоод тэд нар дэлгүүрээс авсан архиа задалж уусан. Тэр үед П***ээ ах бид 2 Хараа голын усанд орж толгойгоо норгосон. Тэгсэн П***ээ ах “та нар уусан юмаа шингээхгүй юм уу” гэж хэлсэн чинь В.Т***/Т***/ “би ийм жижигхэн голд ордоггүй. Би Орхон голд усанд ордог” гэж хэлсэн. Тэгээд тэд нар машиндаа суугаад цаашаа Хавцал гэх газар луу явсан. Замдаа явж байхдаа В.Т***ах байсхийгээд машинаа зогсоо гээд зогсоолгоод авсан архи тойруулж уугаад явсан. Тэгж явсаар голын хажууд ирээд зогссон. Тэгээд бургасны захад байсан айл руу бүгдээрээ орж “Энэ бирвааз ордог зам мөн үү“ гэж асуусан. Тэгсэн тэр орсон айлын хүн нь бид нар зам мэдэхгүй байна. Цаад талын айлаас асуу” гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу айлд нь орсон чинь тэр айлд хүн байгаагүй, айлын хүмүүс нь цаана үнээгээ саагаад байж байсан. Тэгээд тэр эмэгтэй хүнээс энэ зам Орхон голын бирвааз орох зам мөн үү“ гэж асуусан чинь ”мөн, мөн” гэж хэлсэн. Тэгсэн тэд нар тэнд үлдсэн архиа ууж байхад В.Т***ах голын ус руу орох гээд байсан. Тэгэхэд нь П*** ах очиж барьж авч голын ус руу оруулахгүй гэж хориглоод тэгээд Э*** ах ирж В.Т***ахыг машинд суулгаад тэгээд бид нар цаашаагаа хөдлөөд явсан. Тэгээд бид нарыг цаашаа явж Орхон голын бирваазан дээр ирэхэд 

бирвааз нь голын цаанаа байсан. Бид нарыг голын эрэг дээр ирэхэд нар жаргаж үдшийн бүрий болж байсан. Тэгээд бид нар бирваазыг дуудахад бирвааз нь наашаа ирэхгүй байсан. Би тэгээд голын эрэг дээр нүүрээ угаагаад байж байсан. Тэгсэн П***ээ ах битгий голын ус руу ойрт гэхээр нь би голын уснаас холдоод өөрийнхөө гар утсаар голын ус, тэр хавьд байгаа эд зүйлийг болон тэд нарын байгаа байдлыг утсандаа бичээд байж байсан. Тэгсэн В.Т***ах хувцасаа тайлчихсан голын ус руу хурдан хурдан алхаж явахад нь би тэд нарт “Хөөе энэ ах чинь голын ус руу орох гээд байна ш дээ“ гэж хэлсэн чинь П*** ах В.Т***ахын араас гүйж  гараас нь бариад авсан чинь гар нь мултарч В.Т***ах голын ус руу яваад орсон. П*** ах В.Т***/Т***/ ахыг барьж авах гэхэд гараас нь мултарч ус руу тонгойж унахад нь П***ээ ах хувцасаа тайлаад ус руу орж П*** ахыг уснаас татаж гаргаж ирсэн юм. Тэгээд байж байхад В.Т***ах усанд сэлж байхдаа намайг доороос ирээд аваарай гэж хэлээд урсгал ус дагаад голын бургас чиглээд сэлээд яваад байсан. Тэгсэнээ голын хэсэг бургасны тэнд очоод бүүр цаашаа нөгөө талын эрэг чиглээд сэлээд биеийнхээ араар дээшээ хараад гараараа ус самардаж сэлээд явсан. Би тэр байдлыг өөрийнхөө гар утсанд бичлэг хийж байсан. Миний гар утас Galaxy Trend маркийн 2 сим ордог цагаан өнгийн гар утас байсан. Манай хойд аав П***ээ тэр гар утсыг архинд өгөөд зараад алга болгочихсон. Тэгээд бид нар машиндаа суугаад буцаж гол уруудаад анх зогссон газраа ирээд В.Т***/Т***/ ахыг дуудаад байсан боловч уснаас гарч ирээгүй. Тэгээд бид нар тэр хавиар голын бургас орчмоор хайгаад олоогүй буцаад Дарханд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, 

Гэрч Э.О*** мөрдөн байцаалтад өгсөн:

...Талийгаачийг живэлтийн улмаас амьсгалын дутагдлаар нас барсан байх боломжтой гэсэн нь тухайн талийгаачийн арьсны өнгөц давхраа хууларч хөндийрсөн, цэврүү үүссэн, 2 хөлийн шилбэ доод 1/3 арьс цайж, бэржийсэн гэдэг нь цогцос усанд байсныг нотлох шинж юм гэх мэдүүлэг /хх-ийн 49/, 

        Гэрч Б.Э***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

        Эд нар 2017 оны 7 дугаар сарын сүүлээр байхаа голын цаанаас харанхуй болсон байхад манай дүү П*** намайг дуудаад байсан. Манай ногооны талбай бирваазны ойролцоо Орхон голын эрэг дээр байдаг. Тэгээд тэр орой харанхуй болчихсон байхад манай дүү П*** намайг дуудаад орилоод байхаар нь би Орхон голын эрэг дээр очоод яасан бэ гэж асуухад “тань дээр хүн амьтан ирсэн үү" гэж асуусан. Би тэгэхээр нь ямар ч хүн ирээгүй гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Тэгсэн П***ээ намайг дахиад дуудаад байхаар нь голын эрэг дээр очтол "Наагуур чинь хүн гарч очив уу гэсэн тэгэхээр нь би хүн гарч ирээгүй. Ирэх бол дээгүүр бирваазаар юмуу доогуур гармаар гарч ирнэ дээ" гэж хэлсэн. Тэгээд тэд нар голын цаана нэг хүний нэр хэлээд дуудаад орилоод байсан. Нэлээн удаан орилж хашгирч байгаад чимээгүй болсон. Тэгээд би гэртээ орчихоод гараад хартал тэр хүмүүс явчих шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

    Гэрч Н.Ч***, Б***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

    2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр усны төвшин нэмэгдэж гол үерлэж голоор хүмүүс болон машин бирваазаар зөөвөрлөх боломжгүй болсон. Тэгээд бирваазаар 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 7-8-ны өдрийг хүртэл ажиллуулаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 63/, 

    Гэрч Р.Н*** мөрдөн байцаалтад өгсөн: 

    Энэ оны 8 дугаар сард байна уу П***ийн эхнэр нь надтай байрны гадаа таараад "энэ давхарын залуу харагдана уу" гэж надаас асууж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ энэ хавиар явж байгаа сураг байна лээ гэж хэлсэн. Тэгсэн П***ийн эхнэр яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 64/, 

    Гэрч С.С*** мөрдөн байцаалтад өгсөн: 

    Орхон голын урсац нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 секундэд 80.6 м3 секунт хурдтай урсаж байсан байна. Энэ нь голын урсгалын хурд ихтэй байсан байна гэсэн үг гэх мэдүүлэг /хх-ийн 208/, 

    Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлт: 
    1.Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 
    2.Талийгаач нь живэлтийн улмаас амьсгалын дутагдлаар нас барсан байх боломжтой. 
    3.Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчнийг тогтоох боломжгүй байна. 
    4.Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэжээ /хх-ийн 10-11/, 

    Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2016.12.26-ны өдрийн 8744 дүгнэлт:
    1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн металл аралтай хүрэн өнгийн тэлээтэй зүүн өвдөгний хэсэгт уранхай, цайралттай цагаан цэнхэр өнгийн жинсэн өмдний хоёр өвдөгний хэсэгт бүдэг ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон, шар өнгийн цэгэн хээтэй хар өнгийн үдээстэй, бор ногоон өнгийн илгэн, уулын гутал 1 хос, хар хөх өнгийн оймс 1 хос зэрэг цус, шүлс зэрэгт биологийн бусад ул мөр илрээгүй.
    2.Шүлс, цус зэрэг биологийн ул мөр илрээгүй тул асуулт №2-4-т хариулах боломжгүй байна. 
    5.Шинжилгээнд цогцосноос бэхжүүлэн авсан гэх үс, арьсны хэсэг нь өмхийрч муудан ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. 
    6.Шинжилгээнд цогцсоноос бэхжүүлэн авсан гэх үс нь хүний үс мөн байна. 
    7.Хүний биеийн аль хэсгийн үс болохыг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. 
    8.Асуулт №8 ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй байна. 
    9.С.В***аас авсан гэх үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. 
    10.С.В***аас авсан гэх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна.
•    ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S13588 TH018 D21S118 18S518 Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллериар тогтоов. 
    11.Цогцосноос авсан гэх арьс, үсний дээж нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байх тул асуулт №11-д хариулах боломжгүй байна. 
    12.Шүлс, цус зэрэг биологийн ул мөр илрээгүй тул асуулт №12-т хариулах боломжгүй байна гэжээ /хх-ийн 222-223/,   
  
    Гэрч Б.О*** /хх-ийн 50-15/, Т.Х*** /хх-ийн 53/, Б.А*** /хх-ийн 57-59/, Ж.Ц*** /хх-ийн 60/, М.Г*** /хх-ийн 62/, М.О*** /хх-ийн 205-206/, Б.Э*** /хх-ийн 207/, Т.О*** /хх-ийн 209/, П.Б*** /хх-ийн 210/  нарын мэдүүлэг,    

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, Цогцосны гадна үзлэг /хх-ийн 12-14/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-38/, Дархан-Уул аймгийн Дархан сумын цаг уурын элементийн түүвэр /хх-ийн 40/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 41-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторын шинжээчийн 2016.10.17-ний өдрийн 6135 дугаартай дүгнэлт /хх-ийн 66/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2016.10.12-ны өдрийн 6133 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144, 148, 152, 156/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 200/, ШШҮХКШинжилгээний газрын гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн 2016.12.20-ны өдрийн 0117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-йн 231/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 238/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 243/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 250 2-р хх-ийн 3/, CD бичлэг зэрэг болно.  
    
Шүүгдэгч Р.Н***э, Д.Э***, С.П***, Б.П*** нар нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байрлах Хавцал гэх газар Орхон голын усанд В.Т***ыг живснийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдээгүй болох нь шүүгдэгч нарын болон насанд хүрээгүй гэрч О.Т***, хохирогч С.Л*** нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгчийн "талийгаачийн хувцасыг эд мөрийн баримтаар хурааж аваагүй, шүүгдэгч нар болон насанд хүрээгүй гэрчээс үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэхэд  полиграфийн шинжилгээ хийлгээгүй" үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Талийгаач В.В.Т***нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Н***ийг "Хавцал явья. Манай гэр байдаг. Тэндээс хонь мал өгье" хэмээн гуйж талийгаач хүнээс 20 000 төгрөг авч, 10 000 төгрөгөөр бензин хийж, 10 000 төгрөгөөр "Түмний хишиг" архи авч улмаар уг машинд Дархан сумын хуучин хорооллын 3**р байрны гадаа архи ууж байсан Д.Э***, С.П***, Б.П*** нарыг авч Дархан-Уул аймгаас гарч Хараагийн гүүр, Ширээ нуруу өнгөрөн Орхон голын бирвааз байдаг газарт очиж улмаар талийгаач В.В.Т***усанд сэлж эргэж гарч ирээгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр тогтоогдож шүүгдэгч нар нь талийгаач В.Т***ыг Орхон гол руу ороод эргэж гарч ирээгүй талаар  зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон Прокурор, Цагдаагийн байгууллага хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох бүхий л арга хэмжээг авсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг нотцой зөрчөөгүй байх тул **** дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан тус бүрт албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Хохирогч С.Л*** нь хавтаст хэрэгт оршуулгын зардалд нийт 5 344 701 төгрөгийн баримт ирүүлснээс буяны ном хуруулсан гэх 141 600 төгрөг /хх-ийн 29, 31, 62-67, 75/, гар утасны дугаар цэнэглэлт 25 000 /хх-ийн 47, 68/, эм тарианы үнэ 3 600  төгрөг /хх-ийн 50/-ийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 5 174 501 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Л***д шүүгдэгч Р.Н***ээс 400 000 төгрөг, шүүгдэгч Д.Э***өөс 250 000 төгрөг, шүүгдэгч Б.П***ээс 250 000 төгрөг төлсөн болохыг дурдав.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Орхон голын усны төвшинг харуулсан CD бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Р.Н***ийн эзэмшлийн HONDA CIVIC маркийн ** ДАХ улсын дугаартай суудлын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.12.15-ны өдрийн  тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Р.Н***, Д.Э***, С.П***, Б.П*** нарыг бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-т зааснаар шүүгдэгч Р.Н***э, Д.Э***, С.П***, Б.П*** нарыг тус бүр 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Р.Н***э, Д.Э***, С.П***, Б.П*** нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Р.Н***ийн эзэмшлийн 2 500 000 төгрөгийн үнэ бүхий HONDA CIVIC маркийн ** ДАХ улсын дугаартай суудлын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

    7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Р.Н***ээс 893 625 /найман зуун ерэн гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, шүүгдэгч Д.Э***өөс 1 043 625 /нэг сая дөчин гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, шүүгдэгч С.П***аас 1 293 625 /нэг сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, шүүгдэгч Б.П***ээс 1 043 625 /нэг сая дөчин гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг тус тус гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух хохирогч С.Л*** /**** регистрийн дугаартай/-д олгосугай.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н***э, Д.Э***, С.П***, Б.П*** нарт урьд авсан Б***лан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ