| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2021/00203/И |
| Дугаар | 133/ШШ2021/00314 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2021/00314
| 2021 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 133/ШШ2021/00314 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ё.Г
Хариуцагч: А.Н нарт холбогдох
Засварын зардалд Ё.Г-с 522,500 төгрөг, А.Н-с 522,500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ё.Г, иргэдийн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие эхнэр С.Э, 3 хүүхдийн хамт амьдардаг. Энэ байранд 12 айл оршин суудаг. 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хүчтэй шуурганы улмаас байшингийн дээвэр унаж, их хэмжээний хохирол гарсан. Дээвэр хууларсан шалтгааныг байгалийн онц аюултай, давагдашгүй хүчин зүйлээс болсон гэж дүгнэлт гарсан. Онцгой байдлын газар, цаг уур шинжилгээний газраас дүгнэлтийг гаргуулж авсан. Есөнбулаг сумын орон сууцны холбоо болон гамшгаас хамгаалах санд хүсэлт гарган засварлах тооцоо хийсэн баримт, дээврийн зургийн хамтаар баримтжуулан хандсан. Уг ажлыг 2021 онд багтаан хийж, гүйцэтгэх ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ байдлаа аймгийн Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ-ын гамшгаас хамгаалах санд хүсэлт гаргаж хандсан боловч ямар нэгэн тусламж авч чадаагүй тул байшингийн дээврийг өөрсдөө хариуцан засварлахаас өөр аргагүй болсон. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой 2020 оны 11 дүгээр сард байрны хүмүүсийг цуглуулж, 8 айлын бүрэлдэхүүнтэй хуралдсан. Байрны оршин суугчид хуралдаж өөрсдийн хөрөнгөө нийлүүлж, засвар хийхээр тохиролцоод биднийг төлөөлж, №11-ийн Б, Э нар төсөв төлөвлөгөө гарган ажилла гэж оршин суугчдын олонх нь шийдвэрлэсэн болно. 2008 онд ашиглалтад орсон тул дээврийн төмрийг солих цаг болсон байсан. Доод талд баригдсан барилга дээврийн төмрөө хэсэгчилж, олон удаа сольсон. Нийтэд нь дээврийн төмрийг солихоор болж, тооцоо гаргахад 44 төмөр орохоор байсан. Туслах материалыг нийлүүлэн тооцоход 6 сая, мэргэжлийн хүнээр хийлгэхэд нийт 8 сая төгрөгийн төсөв гарч байсан. Аймгийн засварын бригадаас асуухад зөвхөн ажлын хөлс 2 сая гэж хэлсэн. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Улаанбаатараас 3 мэргэжлийн хүн ирж дээврийн засварын ажлыг хийсэн. Мэргэжлийн төсөвчин П.А-р төсвийг хийлгэсэн. Манай байрыг барьсан Р гэх хүний хүүхдийн бригад ирж янзалсан. Ажлын хөлс гэхгүйгээр 3 хүнийг явуулж, дээврийг 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажлын 6-7 хоногт багтаан хийж гүйцэтгэсэн. Нийт дүнгээр дээврийн засварт 6,273,250 төгрөгийн бараа материал орж, нэг өрхөд 522,500 төгрөг оногдсон. Засвар хийсэн хүмүүст зөвхөн унааны зардал төдий зүйл өгсөн байгаа. Тэр хүмүүст ажлын хөлс өгөөгүй. Ашиглах бололцоотой хуучин дээврийн төмрийг өгсөн. Ажлын хөлсөнд 2,400,000 төгрөг хэмнэсэн гэж бодож байгаа. Эхний ээлжинд өөрөөсөө материалын зардлыг гаргаад дээврийг засварласан. Зарим оршин суугч оногдсон мөнгөө бэлнээр өгч зарим нь Баянмөнх миний хувийн данс руу мөнгөө хийж, захаас авах материалыг тасалдуулахгүйгээр авч өгч байв. Бодит 6,273,250 төгрөгийн зарлага гарч, үүнээс оршин суугчид 4,683,250 төгрөг өгч үлдэгдэл 1,590,000 төгрөгийг Б би өөрөө төлж дээврийн засвараа хийж дуусгалаа. Үлдэгдэл 1,590,000 төгрөгөөс №05 тоот Б 322,500, №07 тоот С 222,500 төгрөгийг бололцоотой болохоороо өгнө гэдэг. Харин №6 тоотод оршин суугч Ё.Г, №8 тоотыг түрээслэгч А.Н нар тус бүр 522,500 төгрөгийг өгөхгүй гэж байгаа болно. Иймд зохих хууль, журмын дагуу Ё.Г, А.Н нараас байрны засварын нэг өрхөд ноогдох 522,500 төгрөгийг тус тус гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ё.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 06 дугаар сард хүчтэй шороон шуурга шуурч байшингийн дээвэр хууларч унасан нь үнэн боловч байшингийн дээвэр хууларч унахдаа миний эзэмшлийн приус-20 маркийн 21-92 ГАА улсын дугаартай автомашин дээр унасан. Миний машинд их хэмжээний эвдрэл гэмтэл үүсч, хохирол учирсан. Уг барилгыг Б.Б хүргэн дүү Х болон ах дүүстэйгээ нийлж барьсан. Барилгын чанар маш муу, чанарын шаардлага хангаагүй. Барилгын дээврийг засварлана гээд 2015 онд айл бүрээс 250,000 төгрөгийг авсан. Тухайн үед 250,000 төгрөгийг авсан ч дээврийн 3 ширхэг төмрийг л сольсон байдаг. Мөн 2017 онд траншейны таг янзална гээд нэг айлаас 220,000 төгрөг, нийт 2,640,000, үүдний тампур барина гээд айл бүрээс 320,000 төгрөг, нийт 3,840,000 төгрөгийг хурааж авч байсан. Засвар хийнэ гэж мөнгө авдаг ч огт хийдэггүй. Барилгын чанар муу, ус их алдаж, ариун цэврийн өрөө байнга бөглөрдөг. Шарга сумын айлууд нийлж барьсан. Манай байрны ихэнх нь Шарга сумын хүмүүс амьдардаг. Ах дүүсээрээ нийлж, барьсан учраас намайг байнга гадуурхдаг. 2008 онд барилга баригдаад 12 жил болж байхад мансардны дөрвөн цонх онгорхой байдаг байсан. Шороо шуурч, тагтаа орж гарч байдаг. Чанарын шаардлага муу учраас л дээвэр унасан. Энэ талаар Б.Б ахад хэлэхэд чамд ямар хамаатай юм, Онцгой байдлын албанд ханд гэж хэлсэн. Онцгой байдлын газарт өргөдөл өгөхөд барилга барьсан хүнтэй нь ярь гэж хэлсэн. Даатгалын компани дээр очиход эд хөрөнгийн даатгал хийгдээгүй байсан. Барилга баригдаад 12 жил болж байхад мансардны цонхыг янзалж битүүлээгүй. Дутуу баригдсан барилгад айл оруулаад 12 жил болж байна. 2020 оны 11 дүгээр сард дээвэр хийнэ гэж айлуудаас мөнгө авчихаад цонх ч хийгээгүй тоосгоор бөглөж, тагласан байгаа. Б.Б хийсэн зүйлээ тоо баримттай тооцож гаргасан байна. Ийм их юм сольсон бол би харахгүй байна гэж байхгүй. Бүтэн машин төмөр сольж байхад хараагүй байна гэж байхгүй. Тийм зүйл харагдаагүй. Хуучин төмрүүдийг тэгшилж хадаад янзлаад яваад байсан. Муу барилга барьсан учраас л янзлаад байна гэж бодсон. Янзалж дуусаад гэнэт 522,500 төгрөг өг гэж хэлсэн. Миний машин дээр дээврийн төмөр унаад надад хохирол учирсан байхад яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм гэхэд тэр хамаагүй дээвэр янзалсан өг гэж хэлсэн. Хажууд баригдсан Б эмчийн барилга 12 жил болж байхад зүв зүгээр байгаа юм. 2015 онд дээвэр сольж байна гэж айл болгоноос 250,000 төгрөг авсан. Нэхсэн болгоныг нь өгөөд байхад давраад байх юм. Онцгой байдлын газраас Б гэх хүнээс дүгнэлт гаргуулж авсан байна лээ. Хэзээ авсан дүгнэлт юм бүү мэд. Өчигдөр намайг гэртээ ирэхэд гарын үсэг зурсан цаас бариад айлын хаалга нүдээд явж байсан.Та юу хийж байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд айлын хаалга нүдээд ороод явчихсан. Ах дүүсээрэ биш оршин суугаа хүмүүсээрээ нийлж, асуудлыг шийддэг байсан бол би оролцоод явах л байсан. Иймд Б.Б-н нэхэмжилж байгаа засварын мөнгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Навчаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А овогтой Н миний бие нь Жинст баг 9-4-8 тоот хаягт оршин суудаггүй, байрны гэрчилгээ өөр хүний нэр дээр байдаг болно. Энэ байр нь надад хамаагүйг улсын бүртгэлийн лавлагаанаас харж болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ё.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр аймагт хүчтэй шороон шуурга шуурсны улмаас барилгын дээвэр хуурч унан байрны гадаа байсан миний эзэмшлийн 21-92 ГАА улсын дугаартай приус 20 маркийн автомашин дээр унаж, их хэмжээний гэмтэл гарсан юм. Энэ барилгыг Б.Б ах дүүстэйгээ нийлж барьж ашиглалтад оруулсан юм билээ. Машин дээр унасан төмрийг харахад хэдий хэмжээний төмөр унасан нь харагдана. Зургаан сая төгрөгийн материал орохоор хэмжээнд унаагүй. Миний автомашины дээр нь барилгын дээврийн төмөр банз унаж, машины дээвэр буюу орой хэсэг, копут, баруун зүүн талын карлан, урд гупер эвдэрч гэмтсэн юм. Би тухайн үед Б.Б-с машины төлбөрөө нэхэхэд би өгөхгүй, даатгалын байгууллагаас гаргуулж ав гэж хэлсэн юм. Тэгээд би автомашинаа Баяншанд багийн 7-13 тоотод байдаг машин засварын үйлчилгээ явуулдаг Э.Г гэдэг хүнтэй уулзахад машины зүүн хаалганы дээд багана хэсэг, копут, урд талын баруун, зүүн талын карланы эвдэрсэн хэсгүүдийг гаргаж, замаск тавьж, будаж засварлуулсан юм. Э.Г-д будаг, замаск, засварын хөлсөнд 450,000 төгрөг төлсөн юм. Урд гупер засах боломжгүй гэхээр нь захаас 400,000 төгрөгөөр худалдан авч солиулсан юм. Миний машин өмнө нь ямар нэг будаг, замаск байхгүй байсан. Ер нь тэр чигт нь будганд оруулсан. Би замаск хийлгэсэн мөнгийг л нэхэмжилсэн. Машины гэрэл бүгд шатсан. Иймд машин засварын 850,000 төгрөгийг Б.Б-с гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дээвэр аваад шидсэн биш. Байшингийн дээвэр надаас шалтгаалж унаагүй. Бүх айл л машинтай. Энэ хүний машин дээр дээвэр унасан нь үнэн. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалж дээвэр унасан учраас би төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Уг барилгыг Улаанбаатар хотоос Р.Т хэсэг нөхдийн хамт ирж барьж өгсөн. Төмөр рүү утсаар ярьж дээвэр хуурч унасан, машин дээр унасан гэж тухай үед нь хэлж байсан. Р.Т байшингийн дээврийг хөлс авахгүйгээр зөвхөн материалын зардлыг биднээс авч, дээврийн төмөр, зарим хэсгийн тулгуур мод, бусад зүйлийг захаас авч хийж өгсөн. Машины хохирол 850,000 төгрөгийг миний бие гаргаж төлөх боломжгүй үндэслэлгүй учир Ё.Г-н нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ё.Гармаабазар байрны засварын төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Машинд учирсан хохирол 850,000 төгрөг дээр тохиролцоод аль аль тал нь зардлаа гаргуулах гэсэн дүгнэлт гаргасан байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Ё.Г-т холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хариуцагч А.Н-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ё.Г-н нэхэмжлэгч Б.Б-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Б нь Ё.Г-с 522,500 төгрөг, А.Н-с 522,500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас унасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны дээврийг засварлуулахад 6,273,250 төгрөгийн зардал гарсныг уг байрны оршин суугч 12 айлд хуваахад нэг айлд 522,500 ногдсон. Дээврийн засварын зардал 6,273,250 төгрөгөөс 4,683,250 төгрөгийг уг байрны оршин суугчид төлж, үлдэх 1,590,000 төгрөгийг би төлсөн тул уг байрны 6 тоотод оршин суугч Ё.Г, 8 тоотын оршин суугч А.Н нар нь тус бүртээ 552,500 төгрөгийг хариуцах ёстой гэжээ.
Хариуцагч Ё.Г нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны дээвэр унасан нь үнэн. Гэхдээ уг барилгыг нэхэмжлэгч ах дүү нартайгаа хамтран чанар муутай барьсан, тэрээр 2015 онд ах, дүү нартайгаа хамтран дээврийг засварыг чанаргүй хийсэн учраас шуурганд хууларч унасан, байрны оршин суугч нар дээвэр засуулах гэж буйгаа надад мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Зохигчийн тайлбараас үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хүчтэй шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны дээвэр /төмөр, банз/ унаж, тус байрны оршин суугч нарт дээврээ засах шаардлага үүсчээ.
Тус байрны оршин суугч, нэхэмжлэгч Б.Баянмөнх нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд орон сууцны дээврийг бусдаар засуулсан нь тухайн орон сууцанд амьдарч буй сууц өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцжээ.
Орон сууцны байшингийн дээвэр нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасны дагуу сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарна.
Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна гэж Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заажээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны дээврийг засварлах үед тухайн орон сууцны оршин суугч нар сууц өмчлөгчдийн холбоог байгуулаагүй.
Харин 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгч нар Хөршүүд нэртэй сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан нь үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, дүрэм, удирдах болон хяналтын зөвлөл сонгосон баримтаар нотлогдож байна.
Энэ тохиолдолд тухайн орон сууцны өмчлөгч Б.Б нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болсон байшингийн дээвэрт засвар хийлгэсэн нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Энэ хуулийн 14.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгч өөрөө хийж, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцжээ.
Хариуцагч Ё.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны 6 тоот орон сууцыг өмчилдөг болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй тул тэрээр орон сууц өмчлөгчийнхөө хувьд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.
Харин нэхэмжлэгч Б.Б нь сууц өмчлөгч тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг заасны дагуу дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Орон сууцны дээвэрт засвар хийлгэхдээ надад мэдэгдээгүй гэсэн хариуцагч Ё.Г-н тайлбарыг нэхэмжлэгч Б.Б нь баримтаар үгүйсгээгүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгө болсон дээвэрт засвар хийлгэсэн зардлыг төлөх хариуцагчийн үүргийг нэхэмжлэгч даалгаваргүйгээр биелүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь орон сууцны дээвэрт засвар хийлгэхэд гарсан зардлыг ногдох хэмжээгээр хариуцагч Ё.Г-с шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Б нь орон сууцны дээврийн засварын зардалд 6,273,250 төгрөгийн бараа материал хэрэглэгдэж, нэг сууц өмчлөгч 522,500 төгрөгийн зардал төлөх тооцоо гарсан нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, 2 ширхэг зарлагын баримтыг эх хувиар нь гарган өгчээ.
Уг зарлагын баримтаас банз, прүүс зэрэг модон материал худалдан авахад 952,500 төгрөг, хадаас, дээврийн төмөр зэрэг төмөр материал худалдан авахад 4,385,750 төгрөг, нийт 5,338,250 төгрөгийн зардал гаргажээ.
Энэхүү модон болон төмөр материалын зардал 5,338,250 төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны 12 сууц өмчлөгчид хувааж, нэг сууц өмчлөгчид ногдох хэмжээ нь 444,854 төгрөг байна.
Иймд хариуцагч Ё.Г-с орон сууцны дээврийн засварын зардал 444,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, үлдэх 77,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч А.Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байранд миний бие оршин суудаггүй, үл хөдлөх хөрөнгө өмчилдөггүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзан, энэхүү үндэслэлээ нотлохоор А.Н нь үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гарган өгчээ.
Орон сууцны байшингийн дээвэр нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг сууц өмчлөгч гэж үздэг.
Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны 8 тоот орон сууцыг хариуцагч А.Н өмчилдөг, өөр хүнд түрээсэлсэн гэх тайлбараа шүүхэд баримтаар нотолсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэнгүй.
Иймд нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч А.Н-с орон сууцны дээврийн засварын зардал 552,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улмаар хариуцагч Ё.Г нь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан Чанаргүй барьсан барилга, чанаргүй хийсэн дээврийн засварын улмаас 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шороон шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны дээвэр хууларч, миний эзэмшлийн 21-92 ГАА улсын дугаартай приус-20 маркийн автомашин дээр унасан гэж 850,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн тайлбараас үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шороон шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрны дээвэр хариуцагч Ё.Г-н өмчлөлийн 21-92 ГАА улсын дугаартай приус-20 маркийн автомашин дээр унаж, тодорхой хэмжээний хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Гэвч хариуцагч Ё.Г нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Б.Б нь чанаргүй барьсан барилга барьж, 2015 онд дээврийн засварыг чанаргүй хийсэн гэж тайлбарлажээ.
Харин нэхэмжлэгч Б.Б нь орон сууцыг н.Р гэх хүн барьсан, түүний хүүхдүүд дээврийг зассан, байгалийн хүчин зүйлийн улмаас дээвэр унасан гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт юм.
Зохигч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрч болно. Харин үгүйсгэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Энэ тохиолдолд хариуцагч Ё.Г нь нэхэмжлэгч Б.Б-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрыг чанаргүй барьсан, 2015 онд дээврийн засварыг чанаргүй хийсэн гэх баримтыг нотлох үүрэгтэй.
Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.
Гэвч хариуцагч Ё.Г нь нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 9-4 дүгээр байрыг чанаргүй барьсан, 2015 онд дээврийн засварыг чанаргүй хийсэн, үүний улмаас шороон шуургыг тэсэлгүй орон сууцны дээвэр унаж, тээврийн хэрэгсэл гэмтсэн гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолсонгүй.
Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй хариуцагчийн татгалзал тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримт цуглуулах, гарган өгөх үүргээ хариуцагч биелүүлсэнгүй.
Иймд хариуцагч Ё.Г-н нэхэмжлэгч Б.Б-с эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.
Хариуцагч А.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Ё.Г нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.Н-н эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,630 төгрөг, хариуцагч Ё.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Г-с улсын тэмдэгтийн хураамж 13,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Г-с орон сууцны дээврийн засварын зардал 444,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,646 төгрөгийг хариуцагч Ё.Г-с гаргуулах тухай болон 522,500 төгрөгийг хариуцагч А.Н-с гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Г-н нэхэмжлэгч Б.Б-с эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,630 төгрөг, хариуцагч Ё.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Г-с 13,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ