Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/01863

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Т-д холбогдох

2,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Ө.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц- би Б.Т-д ажил үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 2,850,000 төгрөг авах ёстой байсан үүнийгээ авахаар шаардахад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 6 сарын хугацаанд дээрх мөнгийг төлж барагдуулахаар тохироод гэрээ хийж үүрэг хүлээсэн боловч нэг удаа Хаан банкны дансаар 500,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төлснөөс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй тул хариуцагчаас үлдэгдэл 2,350,000 төгрөгийг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Т- 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж.Ц-т 2,850,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сард багтаан төлж дуусгана гэж тохиролцсон байдаг. Түүнээс хойш  2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Ж.Ц-ийн Хаан банкны дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн.Би нэхэмжлэгчтэй хамт Б.Т-тай очиж уулзахад өөрөө хүлээн зөвшөөрч Баталгааг цагаан дээр хараар бичиж өгч байсан нь хэрэгт авагдсан байгаа. Урд нь шүүхэд хандсан гэтэл намайг шүүхийн хаалгаар орж ирэхэд хоцорч ирсэн гээд нэхэмжлэлийг буцааж, дараа нь хүлээн авахаас татгалзсан.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Ж.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ажил үйлчилгээ үзүүлсний хөлс 2,350,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна. Ямар ажил үйлчилгээ үзүүлсэн үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрсдөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж цуглуулж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хариуцагчтай уулзаж төрийн албан хаагчийг айлгаж сүрдүүлж төлнө гэж бичүүлr авсан. Намын сонгуультай холбоотой ресторанд хоол унд идсэний мөнгийг н.Отгонболд гэдэг хүний өмнөөс хариуцагч төлнө гэж бичиж өгсөн гэж тайлбарладаг. Н.Отгонболдыг гэрчээр асуулгана гэхээр нэхэмжлэгч зөвшөөрдөггүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус талуудын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .....зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн, хариуцагч өөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч бичиж өгснөөс хойш 500,000 төгрөг төлсөн... гэж хариуцагчийн төлөөлөгч ....талуудын хооронд ямар ч харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч айлгаж сүрдүүлж 2,850,000 төгрөг төлнө гэдгийг бичүүлж авсан, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул зөвшөөрөхгүй.... гэж маргасан.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Т- 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр .....Ж.Ц-т 2,850,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сард багтаан төлж дуусгахаар тохиролцлоо..... гэж хүсэл зоригийг илэрхийлж, гарын үсэг зурж, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар, Б.Т- уг хэлцэлд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй./хх-ийн 10 дугаар тал/

Хариуцагч Б.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ж.Ц-ийн Хаан банкны 500000017 дансанд 500,000 төгрөгийг Түмэнжаргал Батнасан гэж шилжүүлжээ. /хх-ийн 7 дугаар тал/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон43.2.2.-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зориг  илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс,эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан. 43 3-т нэг талын хүсэлт зоригийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн” хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж маргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, гэрч асуулгах хүсэлтийг тус тус шүүхэд гаргаагүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Т- нь өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 43 дугаар зүйлийн 43.1, 73 дугаар зүйлийн 73.1. дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй, нотолж чадаагүй болно.

Иймд хариуцагч Б.Т- нь  2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,8350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн, 09 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн зэрэг үйл баримтаас  үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул үлдэгдэл 2,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Б.Т-аас 2,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Андиа овогт Ж.Ц-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 52,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ