Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2010

 

 

Ч.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01374 дүгээр шийдвэртэй, Ч.Уийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Сд 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Н.С нь 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансанд өмнө нь зээлсэн байсан 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 10 000 000 төгрөгийг хүүгийн хамтаар нийт 15 307 000 төгрөгийг шилжүүлж төлсөн. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би данснаасаа 40 000 000 төгрөг аваад үүнээс 10 000 000 төгрөгийг нь 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй Н.Сд дахин зээлдүүлсэн. Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй байна, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин 10 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч мөн л 1 сараар сунгах хүсэлт гаргасныг хүлээн авч, гэрээний хугацааг дахин 1 сараар сунгасан. Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сараас хойш хүү төлөхөө больсон тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжийн хүүгээр тооцож 2 жилийн хүү 6 000 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 10 400 000 төгрөгийг буцааж төлсөн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 00 төгрөгийг зээлсэн гэх гэрээ байгаа хэдий ч мөнгийг авсан гэх баримт байхгүй. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээг 3 сараар сунгаж, хүүг тухай бүр нь төлдөг байсан. Тухайн үед Ч.У нь чамд дүүгээсээ мөнгө зээлж өгсөн шүү гэж хэлж байсан болохоор дүүгийн мөнгө гэж шилжүүлсэн тул 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн гүйлгээний утга дээр “Сгаас Уийн дүүгийн үндсэн зээл” гэж бичсэн. Н.С нь Ч.Уийн дүүтэй ямар нэг харилцаа байхгүй. Иймд зээлдэгч үүргээ бүрэн биелүүлж, төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 225 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Сгаас 5 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчид 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 5 сарын хүү төлсөн, үндсэн зээлээ төлөөгүй. Анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэчимэгээс гэсэн гүйлгээний утгатай баримтыг үндэслэн Н.Сгийн “Эрдэнэчимэгээр дамжуулан 4 400 000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг үнэлэн үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлгүй. ...Эрдэнэчимэгээс гэсэн гүйлгээ хийгдсэн байгаа нь Эрдэнэчимэгтэй өглөг, авлага байсныг нотолж байгаа болно. Заавал гэрээг гаргаж өгснөөр нотлогдоно гэж үзэхгүй байна. Хэрэгт Эрдэнэчимэг нь Сгийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэх баримт огт байхгүй. Мөн 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний банкны данс руу 10 000 000 төгрөгийг хариуцагчаас “Уийн дүүгийн үндсэн зээл” гэсэн гүйлгээний утгатай хийсэн байдаг. Миний дүү Ч.Батсүхээс авсан мөнгөө миний дансаар дамжуулан хариуцагч хийсэн, надаас авсан зээлээ төлөөгүй болно. ...Хариуцагч нь миний дансны хуулгаас ямар байдлаар татгалзлаа нотолсныг шүүх үнэлснийг огт ойлгохгүй байна. Хариуцагч миний зээлийг төлсөн юм бол яах гэж “Уийн дүүгийн үндсэн зээл” гэж төлөх юм бэ, өөр өөр харилцаа учраас зориуд утгаар нь ялгасан байгаа нь илт байхад хохироосон шийдвэр шүүх гаргасан. Шүүхэд хариуцагч Н.Стай холбоотой зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болохоос Эрдэнэчимэг, дүү Ч.Батсүхтэй холбоотой мөнгөний маргааны асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй гэдгийг анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ч.У нь Н.Сд холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 26 287 950 төгрөг гаргуулахаар /хх.1-4/ шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч зээл төлж дуусгасан гэж маргажээ. /хх.22/

Хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү тооцох нөхцөлтэй 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, тус зээлийн гэрээнд нэмэлт бичиглэлээр тусгагдсан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү тооцох нөхцөлтэй 10 000 000 төгрөг /хх.6, 126 /, 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1 сарын хугацаатай сарын 6 хувийн хүү тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг хожим талууд тохиролцсоноор гэрээний хугацааг 1 сараар сунган 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлж /хх.7/, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээнүүд авагдсан байна.   

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ч.Уийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 464008567 тоот дансанд “С-с зээл төлөлт” гэсэн гүйлгээний утгатай 15 307 000 төгрөг /хх.111,119/ төлсөн бөгөөд уг төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөгийг зээлийн /хх.6/ үүрэгт төлсөн болох нь зохигчдын хэн алины тайлбар, уг зээлийг төлсөн цаг хугацааны байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зааж буй 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн болон мөн оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэргийн 111,118 дугаар талд нэхэмжлэгч Ч.Уийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 464008567 тоот дансанд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэчимэгээс” гэсэн гүйлгээний утгатай 4 400 000 төгрөг шилжүүлсэн банкны баримт авагдсан. Энэ баримтаар шилжүүлсэн мөнгийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгчид төлбөл зохих зээлийн төлбөрийг н.Эрдэнэчимэг өмнөөс нь төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь мөнгө шилжүүлсэн хүн н.Эрдэнэчимэг нэхэмжлэгчид өөр төлбөрүүдийг төлж байсан болох нь нэхэмжлэгчийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь дансны хуулгаар /хх.56,111/ тогтоогдож байна. Энэ тохиолдолд хариуцагч Н.Сгийн төлөх ёстой төлбөрөөс хасч тооцох боломжгүй юм.

Иймд дээр дурдсан 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн 15 307 000 төгрөг /хх.111,119/, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд н.Эрдэнэчимэгээс шилжүүлсэн 4 400 000 төгрөг /хх.111,118/ нь талуудын хооронд үүссэн зээлийн маргаанд шууд хамааралтай баримт гэж үзэх боломжгүй.  

Хэргийн 6, 126 дугаар талд авагдсан гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү тооцох нөхцөлтэй зээлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч үндсэн зээл 10 000 000 төгрөг, 2 сарын хугацааны зээлийн хүү 800 000 төгрөг нийт 10 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байна. Түүнчлэн 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг /хх.7/ 1 сараар сунгасан тухай бичилт гэрээний ар талд бичиж гарын үсэг зурсан байх тул хариуцагч нь үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 1 200 000 төгрөг нийт 11 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн. Өөрөөр хэлбэл, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид зээл, хүүгийн хамт нийт 22 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүссэн байна.  

Нэхэмжлэгч Ч.Уийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 464008567 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг “Сгаас Уийн дүүгийн үндсэн зээл” гэсэн гүйлгээний утгатай төлсөн байдлын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн үед Ч.У нь өөрийн дүүгээс авсан мөнгийг чамд зээлсэн гэж ярьсан” гэх тайлбар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар талд /хх.129/ авагдсан байх бөгөөд тухайн цаг үед зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа байсан зэргээс үзэхэд Н.Сгаас уг мөнгийг Ч.Ут зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх зориулалтаар шилжүүлсэн гэж үзэж зээлийн төлбөрт оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Мөн хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Уийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 464008567 тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Н.Сгаас төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 400 000 төгрөг /хх.120/, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Сгаас төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 400 000 төгрөг /хх.121/, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Сгаас” гэсэн гүйлгээний утгатай 400 000 төгрөг /хх.122/, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сгаас өглөг” гэсэн гүйлгээний утгатай 600 000 төгрөг /хх.123/, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Сгаас хүү” гэсэн гүйлгээний утгатай 800 000 төгрөг /хх.116, 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Сгаас” гэсэн гүйлгээний утгатай 400 000 төгрөг /хх.117/ төлөгдсөн байх тул хариуцагч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөх нийт төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

Иймд зээлийн гэрээний уг үүргээс гүйцэтгээгүй үлдэгдэл 7 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01374 дүгээр шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 800 000 төгрөг” гэснийг “7 000 000 төгрөг” гэж, “20 400 000 төгрөг” гэснийг “19 000 000 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “107 750 төгрөг” гэснийг “126 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 259 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ТУЯА

 

                ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ