Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/02208

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.У-д холбогдох

2,500,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.О-, нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 онд ...иргэн Д.У- миний хүүд Солонгос улсын виз гаргаж өгнө гэхээр итгээд түүний Хаан банкны 500000061 дансанд өөрийн Хаан банкны 50000014 данснаас 6 удаагийн үйлдлээр нийт нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Д.У- виз гаргаж өгөөгүй. Би 2019 оны 5 дугаар сар хүртэл хүлээгээд түүнтэй уулзаж мөнгөө буцааж авахаар хэлсэн. Миний бие олон удаа Д.У-гийн гэрт болон энд тэнд очиж уулздаг. Мөнгө өгнө, өгнө гэж хэлсээр 1,500,000 төгрөгийг миний хүү Э.Энх-Эрдэнэд өгөөд үлдсэн мөнгийг өгөөгүй. Түүнийг өдрийн цагаар олж уулзана гэж байхгүй аргаа бараад оройн цагаар гэрт нь очиж уулзахаар яах нөхөр, хүүхдүүд байхад гэрт ирдэгийн гээд л  загнадаг. Би  дахин 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр уулзахаар очтол надаа мөнгө төлөх Баталгаа”-г бичиж өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй  өнөөдрийг хүрлээ. Иймд Д.У-гаас  үлдэгдэл 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Д.У-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Д.У-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид гардуулан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтын хамт ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан, тэрээр Баримт№4-т гарын үсэг зуржээ./хх-ийн 19-23 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.“Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.”72.3.“Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”,  72.4.-т “Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ.” гэж хуульчилсан.

Шүүх тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 13.30 цагт товлон зарлаж, хуралдааны товыг хариуцагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэн/өөрөө шүүхэд өгсөн хаяг/-аар Монгол шуудангаар хүргүүлэхэд, Уг хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тус хорооны Засаг даргын тамгатай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн хүргэгчийн тэмдэглэлээр тогтоогдов./хх-ийн 33-34 дүгээр тал/

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний гардан авсан атлаа шүүхээс тогтоосон хугацаа 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж зааснаар хариуцагч хаягаа өөрчилсөн тухайгаа шүүхэд мэдэгдэх үүргийг биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар Шүүгчийн туслах 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Д.У-гийн 99260753 дугаар луу холбогдож 7 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч ...За ойлголоо гэж, 7 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 59 минутад түүний 99260753 дугаарт холбогдон 13 цаг 30 минутад хянан хэлэлцэх хуралдааны товыг мэдэгдэхэд .....За ойлголоо  гэж хариулж, 13 цаг 33, 13 цаг 34, 13 цаг 36, 13 цаг 38, 13 цаг 39, 13 цаг 41 минутад тус тус залгахад утсаа аваагүй болох Баримт №3 тусгагдсан байна./хх-ийн 37-38 дугаар тал/

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгч хариуцагчийг хүлээж, 2021 оны 13 цаг 43 минутад хуралдааны танхимд орж хуралдааныг эхлүүлсэн болно.

 Хариуцагч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслахад утсаар болон факсаар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар мэдэгдээгүй ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.

2. 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Д.У-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс хариуцагч Д.У-д нэхэмжлэлийн хувийг 6 дугаар сарын 14-ний өдөр гардуулан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтын хамт ирүүлэх үүрэгтэйг танилцуулж Баримт№4-т гарын үсэг зурсан атлаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өөрийн татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Ш.О- хүү Энх-Эрдэнэд Солонгос улсын виз гаргуулахаар хариуцагчтай амаар тохиролцсон байгааг талууд маргахгүй байх бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч  Д.У-гийн Хаан банкны 5000061 дансруу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 1,900,000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 5 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгөрг, 5 дугаар сарын 30-ны өдөр 540,000 төгрөг нийт 6 удаагийн үйлдлээр 99374684, 99734684 утаснаас Оюунаа, Энхээ гэж бичиж мобайл гүйлгээгээр нийт 4,290,000 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 6-9 дүгээр тал/

Хэргийн үйл баримтаар зуучлуулагч буюу Ш.О- нь шшагнал, хөлсийг төлсөн, зуучлагч буюу Д.У- нь хүлээн авсан, харин Солонгос улсын виз гаргаж өгөхөд зуучлах үүргээ биелүүлээгүй улмаас түүнд /хүүд/1,500,000 төгрөгийг буцаан төлснийг нэхэмжлэгч маргахгүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч Д.У- 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр...2020 оны 7 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 8 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг үлдсэн мөнгийг сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд 575,000 төгрөгөөр төлж дуусгана. гэх Баталгаа-г  нэхэмжлэгч Ш.О-д бичиж өгчээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1.”хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч 4,290,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Д.У-гаас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид оргох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан  хариуцагч Г.У-аас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Т.ГАНЧИМЭГ