| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 117.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх,
Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн 2330002230107 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ********* оны *********дугаар сарын **********-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дугаар баг ******* 16-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар *******, ******* ургийн овогт ******* ******* ,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ял оногдуулах насанд хүрээгүй, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, 13 настай ашиглан Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хотхоны 102 дугаар байрны гадна талаас ийн эзэмшлийн “Wolf” бичиглэл бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, д 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед өөрийн хариуцаж цэвэрлэдэг ******* хотхоны 3 дугаар байранд цэвэрлэгээ хийж байгаад байрны гадна шатны хажууд хар өнгийн дугуй харагдахаар нь хадам дүү Сумъяабазар руу залгаад “******* хотхоны гадна шатны хажууд унадаг дугуй байна.Ирээд авчих” гэж хэлсэн. Сумъяабазар дүү маань манай гэрт 9 сартай байхдаа ирсэн. Аав ээж 2 нь хөдөө мал малладаг. Тэр цагаас хойш нөхөр бид 2-ыг аав, ээж гэж дууддаг болсон. Надад дугуйтай болох юмсан гэж их ярьдаг байсан болохоор дүүгээ унадаг дугуйтай болгож баярлуулах санаатай ирээд авчих гэж хэлээд тухайн үед унадаг дугуйг өгч явуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч " Манай хүү 13 настай, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 8В ангид сурдаг юм. Манай хүү өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын үед эмээ гэр болох ******* 18-р гудамжнаас гараад өөрийн гэр болох “*******” хотхоны 102 дугаар байрны гадаа ирээд шатны хажууд унадаг дугуйгаа цоожлоогүй тавьсан байсныг үл таних хүн хулгайлсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан унадаг дугуй нь аль улсад үйлдвэрлэгдсэн талаар сайн мэдэхгүй,ардаа 9 араатай, хар өнгийн арамтай, дээгүүрээ улаан өнгийн оруулгатай, арамны суудлын доод хэсгээс жолоо хүртэл нарийн арам дээр саарал өнгөөр “Wolf” гэх бичиглэлтэй, урд талын тоормос ажиллахгүй, түшүүлээд тавих данхраад байхгүй, худалдаж аваад жил гаруй болж байсан унадаг дугуй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дахин өгсөн...Энэ унадаг дугуй миний хулгайд алдсан унадаг дугуй мөн байна. /Унадаг дугуйг биетээр харуулахад/. Миний алдагдсан унадаг дугуй нь урд талын дугуйны гол нь шар өнгөтэй/ хамгийн гол содон шинж тэмдэг нь/, хар улаан өнгөтэй “Wolf” гэх бичиглэлтэй арамтай, 27 инчийн дугуйтай, урдаа 3 араатай, хойд талдаа 9 араатай унадаг дугуй байсан. Миний алдсан унадаг дугуйны эдгээр содон шинж тэмдэгтэй нь яг тохирч байна.Унадаг дугуйгаа олж авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
гэрч “ Манай ач хүү Ц.Сумъяабазар нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр урьд өмнө харагдаагүй унадаг дугуй унаад ирэхээр нь хаанаас авсан юм гэж асуухад манай бэр болох *******ыг өгсөн гэж надад хэлсэн юм. Манай ач хүү Ц.Сумъяабазар нь уг унадаг дугуйг унаж хэрэглэж байхад урд талын тоормос нь ажиллахгүй, урд дугуйны хий нь гардаг дугуй байсан. Сумъяабазар бид 2 дэлгүүрээс хэрэгтэй зүйлсийг нь авч тоормосыг нь барьдаг, олгой хаймрыг нь сольж тавьсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
Гэрч “тус бичлэг дээр унадаг дугуй унаад явж байгаа шар цамцтай хүүхэд манай төрсөн хүү Сумъяабазар мөн байна. Манай хадам дүү эхнэр ******* нь Сумъяабазарт тус унадаг дугуйг өгсөн гээд хөдөө гэр рүүгээ зуны амралтаараа явахдаа аваад явсан юм. ...Би одоо бичиг үсгийг нь сайн санахгүй байна. Хар өнгөтэй унадаг дугуй байсан. Сургуульд сурахдаа өвөө Идэрбаатарын хамт аймгийн төв дээр байгаа хүүхэд юм. .Манай хүү одоо 8 дугаар анги бөгөөд 7 жил онц сурсан сэтгэцийн хувьд цоо эрүүл хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч “ Манай аав, ээж ******* сумын 2-р багт байгаа тул мэдүүлэг өгөх ажиллагаандаа өвөө Д.Идэрбаатарыг оролцуулж байна. Би Сүхбаатар аймгийн ******* сумын 4-р баг Өнөр хорооллын 2 тоотод өвөө хамт амьдардаг. ******* сумын 2-р бүрэн дунд сургуулийн 8Б ангид сурдаг. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай өвөө Идэрбаатартай хамт манай аавын дүү Ган-Эрдэнэ ахын эхнэр ******* эгч цуг ирээд “эгчийнх нь ажлын хүн дүүдээ унадаг дугуй өгөөрэй гээд эгчид нь нэг унадаг дугуй өгсөн байгаа. Эгч нь маргааш очоод унадаг дугуй нь байвал чамайг дуудъя” гэж хэлсэн. Маргааш нь ******* эгч миний дугаар руу залгаад “ Цайртын байрны энд хүрээд ир, унадаг дугуйгаа ав” гэж хэлсэн. Тэгээд би очиход ******* эгч Цайртын байрны хойд талын засмалаар өөдөөс амдаж ирээд “3-н орон сууцны хамгийн зүүн хойд талын орцны үүдэнд байх унадаг дугуй руу гараараа заагаад тэр унадаг дугуйг очоод аваарай, дугуйгаа аваад байрныхаа хойд талаар гараад яваарай” гэж хэлэхээр нь би уг унадаг дугуйг очиж аваад байрных нь хойд талаар гараад цагдаагийн газрын хойгуур явах засмал замаар явж гэртээ ирсэн. Хар улаан өнгөтэй, Wolf гэх бичиглэлтэй, урдаа 3 араатай, хойноо 9 араатай унадаг дугуй байсан. Урд талын дугуйных нь гол араа нь шар өнгөтэй байсан. Мөн урд талын тоормос нь барихгүй, гардаа эвэргүй, урд талын унадаг дугуйных нь хий гараад байдаг унадаг дугуй байсан. Өвөө Идэрбаатартай цуг тоормосыг янзалж, урд талын дугуйны олгойг шинээр янзалж тавьсан. .******* эгч хэлэхдээ “ажлын газрын хүн унадаг дугуй өгч байгаа. Маргааш унадаг дугуй нь байвал чамайг дуудъя. Ирээд аваарай” гэж байсан. Тэгээд л маргааш нь намайг дуудаад тэр унадаг дугуйг аваад яваарай гэж хэлсэн. Яг хэн гэдэг хүн өгч байгаа талаар надад хэлээгүй. Тухайн унадаг дугуй манай хөдөө гэр болох ******* сумын Давхар гэх газар байж байгаад хөдөөгөөс авчруулж өвөө Д.Идэрбаатараар цагдаагийн алба хаагчид бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. ******* эгч СӨХ-ийн цэвэрлэгч хийдэг болохоор нь нэг хүн хэрэглэхгүй унадаг дугуйгаа өгсөн байх гэж бодсон...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/
Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2302150 дугаартай "Wolf" маркийн унадаг дугуй нь 700.000 төгрөгийн үнэтэй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-77 дугаар хуудас/
Хяналтын камерт бичигдсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дугаар хуудас / зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган насанд хүрээгүй хохирогч ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2302150 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Wolf” маркийн унадаг дугуй нь 700,000 төгрөгийн үнэтэй төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч ийн “Wolf” маркийн унадаг дугуйг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ял оногдуулах насанд хүрээгүй, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, 13 настай ашиглан Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хотхоны 102 дугаар байрны гадна талаас насанд хүрээгүй хохирогч ийн эзэмшлийн “Wolf” бичиглэл бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, д 700,000 төгрөгийн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч *******ын, хохирогч ийн “Wolf” бичиглэл бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, д учруулсан 700,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч ийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хохирогч ийн “Wolf ” маркийн унадаг дугуйг хулгайлж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирлыг нөхөн төлсөн буюу Хар өнгийн арамтай Wolf загварын унадаг дугуйг 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 13.30 цагт хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл/баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Унадаг дугуйгаа олж авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.
Прокуророос *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг “ Унадаг дугуй 233000223” гэсэн бичвэртэй, CD-R загварын сарнай цэцгийн зурагтай, цагаан өнгийн Cиди дүрс бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн үндсэн харьяат иргэн тул түүнд оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтооно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд ялтан *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ Унадаг дугуй 233000223” гэсэн бичвэртэй, CD-R загварын сарнай цэцгийн зурагтай, цагаан өнгийн CиДи дүрс бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Алтантуяа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН