| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00154/И |
| Дугаар | ШШ2021/00299 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар ШШ2021/00299
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр баг, 834 тоотод оршин суудаг, Х.С-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Ариун-25 тоотод оршин суудаг, Ш.С-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан бэлэн мөнгө 150000 төгрөг, зээлээр авсан барааны үнэ 448500 төгрөг нийтдээ 598500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.С нь Өлгий сумын 10 дугаар багт байршилтай “Домбыра” хүнсний дэлгүүрийг түрээслүүлж ажиллуулдаг байсан. Иргэн Ш.С надаас байнга сарын эхэнд бараагаа зээлээр авч, сарын сүүлд нь тооцоогоо хийж дуусгадаг аман гэрээтэй байсан. Өмнөх тооцоогоо хугацаанд нь төлдөг байсан. Гэвч надаас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой утсаар яриад надад одоо яаралтай мөнгө хэрэгтэй байна, маргааш найдвартай дансанд шилжүүлж өгнө гэж 5197027271 тоот ХААН банкны дансанд 150000 төгрөг бэлэн бусаар авсан. Дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 19-нд утсаар яриад танайхаас авдаг бараа дууссан байна одоо бараагаа хүргээд өгчих би өмнөх тооцоонд нэмж маргааш өгье одоо манай худалдагч Х сууж байгаа гэж ярьсан. Миний бие хугацаанд нь 448500 төгрөгийн үнэ бүхий бараагаа худалдагч нь болох Х-д хүлээлгэж өгч зарлагын баримтад гарын үсэг зуруулж авсан. Тохиролцсон хугацаа дууссан боловч мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Миний бие зээлсэн мөнгө болон өгсөн барааны үнэ болох нийт 598500 төгрөгийг Ш.С-аас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ш.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа үед Х.С-оос 4 сард 448000 төгрөгийн тамхи зээлээр авсан. Дараа нь 150000 төгрөгийг миний нэр дээр байгаа 5197027271 данс руу шилжүүлсэн. Нийтдээ 598000 төгрөгөөс Х.С-д 50000 бэлэн өгч, 2020 оны08 дугаар сарын 23-ны өдөр 200000 төгрөгийг данс руу шилжүүлсэн болно. Одоо миний төлөх 348000 төгрөг байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Анх хариуцагч бид хоёр тохиролцоход хариуцагч надаас бараа аваад тухайн бараа нь борлуулагдсаны дараа тооцоогоо хийж байхаар амаар хэлэлцсэн. Тэгээд 4 дүгээр сарын 08-ны өглөө над руу залгаад танаас авдаг тамхи дууссан байна. Одоо манай дэлгүүрт Хыргауыл сууж байна, тамхиа хүргээд өгчих одоогоор бэлэн мөнгө байхгүй гэхээр би 448500 төгрөгийн үнэтэй тамхийг нь хүргэж өгөөд явсан. Худалдагч Хыргауылаас мөнгийг нь төлөх үү гэхэд үгүй, би худалдагч нь болохоор төлөх боломжгүй гэхээр нь би бараа өгсөн падаанд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд 10-ны өдөр оройн цагаар Ш.С ах над руу залгаад мөнгө яаралтай хэрэг боллоо гээд 150000 төгрөг явуулаач гэхээр нь би гялс Балапан дэлгүүрийн хажууд байдаг 384 дугаартай АТМ-д очиж мөнгө шилжүүлж байсан. Би завгүй явж байгаад 3 хоногийн дараа залгаад 150000 төгрөгөө та маргааш өгчихнө гэж авсан, хэзээ явуулах бэ гэхэд, Ш.С ах надад ах нь покер тоглож байгаад зөндөө мөнгө алдчихлаа мөн машинаа бас ломбардад тавьсан. Одоо ах нь чамд тэр 150000 төгрөг мөн тамхины мөнгийг ч өгөх боломжгүй болчихлоо. Цаашдаа ах нь чамаас мөнгө авахад бэлэн мөнгөөр авч байна, харин өмнөх 150000 төгрөг болон тамхины мөнгийг дараа нь боломжтой үедээ өгье гэж хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш Ш.С ахад байнга тооцоогоо хийж наймаагаа хийдэг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сүүлийн тамхиа аваад түүнээс хойш Ш.С ахын дэлгүүр хаагдсан. Тэгээд утас руу холбогдоход авдаггүй, холбогдох боломжгүй байдаг байсан болохоор гэрт очиход эхнэр нь манай нөхөр хөдөө явсан, хот руу явсан гэж хэлж байсан. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ш.С ах над руу залгаад манай эхнэр сууж байгаа, өмнөх тооцоогоо байж байгаарай. Одоо очиж тамхи хүргээд өгөөрэй, кассад байгаа бэлэн мөнгийг аваарай үлдсэнийг би явуулъя гэснээр 312500 төгрөгийн бараа өгөөд 112500 төгрөгийг бэлэн аваад 200000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Энэ нь маргаж байгаа 548500 төгрөгт хамааралгүй болно. Харин 50000 төгрөгийг 8 дугаар сарын 15-ны үед Ш.С-аас бэлнээр авсан, одоо үлдэгдэл 548500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.С шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч рүү залгаад 150000 төгрөг асуусан нь үнэн. Тэрнээс биш нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг асуугаагүй. Чи бас миний нэр төрд халдаад байна. Тухайн үед мөнгө хэрэгтэй болоод асууж авч байсан. Тэгээд хоорондоо тохироод тамхи бөөнөөр нь зардаг явуулын худалдаа хийдэг 2,3 газар байна. Бүгд адилхан бөөнөөр зээлээр өгдөг. Тэгээд би энэ дүүтэй тохироод авч байхаар болсон. Залгаж асууж авдаг 150000 төгрөгийн 50000 төгрөгийг нь нэг өдөр тамхи авахад өгч байсан. Дараа нь надад удаа дараа залгахад би өмнөөс нь чиний өмнө буруутай, чиний мөнгийг удахгүй олж өгнө гээд чи жоохон хүлээцтэй байгаарай гэж хэлсэн. Би чамд шилжүүлсэн 200000 төгрөг өрнөөс хасаарай гэж шилжүүлсэн мөнгө харин үлдсэн 300000 төгрөгийн төлөө яагаад шүүхэд өгч байгаа бэ гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч надад бараа өгөхөд зээлээр өгсөн, бэлэн тооцоогүй худалдаанд ч гэлээ гарын үсэг зуруулдаг байсан. Харин нэхэмжлэгч 200000 төгрөгтэй холбоотой тайлбарлахад тэр өдөр танай эхнэр байсан гэж тайлбарлаж байна. Тэр өдөр манай эхнэр байсан тухай, эсвэл би байсан тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Мөн эхнэр байсан бол эхнэрээс гэрчийн мэдүүлэг авч болно. Энэ 200000 төгрөг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасагдах ёстой гэж үзэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч Ш.С-ы ХААН банк дахь 5197027271 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээл 150000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч Ш.С-ы ажиллуулдаг дэлгүүрийн худалдагчид 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нийтдээ 448500 төгрөгийн үнэтэй тамхины төрлийн барааг зээлээр хүлээлгэн өгсөн боловч энэхүү бэлэн мөнгө болон барааны үнийг төлөөгүй тул нийтдээ 598500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.С нэхэмжлэлийн шаардлагаас бэлэн мөнгө 150000 төгрөг, мөн 448500 төгрөгийн барааг тус тус нэхэмжлэгч Х.С-оос зээлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, нийтдээ 5985000 төгрөг төлөх ёстойгоос 50000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн мөнгөөр, мөн 200000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5006827109 тоот дансанд шилжүүлсэн, одоо үлдэгдэл 348500 төгрөгийг төлж өгнө гэж маргажээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч хариуцагч Ш.С-ы ХААН банк дахь 5197027271 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээл 150000 төгрөгийг шилжүүлснээр нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ш.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан ба зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч түүнийг буцаан төлөхөөр байна.
Мөн хариуцагч Ш.С-ы ажиллуулдаг дэлгүүрийн худалдагчид 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нийтдээ 448500 төгрөгийн үнэтэй тамхины төрлийн барааг үнийг төлөхөөс өмнө шилжүүлж өгснөөр нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ш.С нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ш.С нар нь зээлийн гэрээ болон зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр үйлдээгүй, мөн төлбөл зохих хүүгийн хэмжээг бичгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д зааснаар нэхэмжлэгч зээлийн хүү авах эрхээ алдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Х.С 50000 төгрөгийг хариуцагчаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хариуцагчийн банкаар шилжүүлсэн 200000 төгрөгийг банкаар шилжүүлсэн мөнгө нь 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ш.С-ны ажиллуулдаг дэлгүүрт 312500 төгрөгийн барааг хүлээлгэн өгөөд мөнгийг дэлгүүрийн кассаас бэлэн 112500 төгрөг, мөн банкаар 200000 төгрөгийг бэлэн шилжүүлж авсан гэж №38 “Зарлагын баримт” гаргаж өгсөн боловч энэхүү “Зарлагын баримт”-ыг нэхэмжлэгч өөрөө үйлдсэн ба 312500 төгрөгийн барааг хэзээ хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхой бус буюу хариуцагчийн (барааг хүлээн авсан хүний) гарын үсэг байхгүй байна.
Үүгээр нэхэмжлэгч Х.С-ын 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ш.С-ы ажиллуулдаг дэлгүүрт 312500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гэдэг нь хөдлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй үгүйсгэгдэж байна.
Харин хариуцагч Ш.С нь 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 200000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5006827109 тоот дансанд шилжүүлсэн болох нь банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд эдгээр хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ш.С-аас зээлээр авсан бэлэн мөнгө болон зээлээр авсан барааны үнээс үлдсэн 348500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 250000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18605 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 11105 төгрөгийг хариуцагч Ш.С-ыаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1, 262 дугаар зүйлийн 262.1-ийг тус тус баримтлан хариуцагч Ш.С-аас зээлээр авсан бэлэн мөнгө болон зээлээр авсан барааны үнээс үлдсэн 348500 (гурван зуун дөчин найман мянга таван зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 250000 (хоёр зуун тавин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18605 (арван найман мянга зургаан зуун таван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.С-аас 11105 (арван нэгэн мянга нэг зуун таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК