| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00153/И |
| Дугаар | 130/ШШ2021/00337 |
| Огноо | 2021-03-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2021/00337
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, М.Е-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газрын дарга Б.Е, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Е-ийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох тухай.
Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/05 тоот “М.Е-г ажилд томилох тухай” тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эхлэн Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалын байнгын ажлын байранд томилогдож, ажлын байрны чиг үүргийг хэвийн хэмжээнд гүйцэтгэж ажлын хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн билээ. Гэтэл ажил олгогч Цэнгэл сумын Засаг даргын Т газрын дарга Б.Е нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай “Н.Е хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаалаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг үндэслэн М.Е намайг Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан”-ны албан тушаалаас чөлөөлж, тухайн орон тоонд Н.Е гэдэг хүнийг томилсон юм. Гомдол гаргагч М.Е миний бие ажил олгогч Цэнгэл сумын Засаг даргын т газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Б/01 дугаартай “Е-г хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаалыг дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхий акт гэж үзээд гомдол гаргаж байна.
1.Гомдол гаргагч М.Е намайг Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалаас чөлөөлөх тухай Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай “Е хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” талаар хуулийн заалтын холбогдох хэсгийг баримтлаагүй, ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд заагаагүй байна.
2.Цэнгэл сумын ЗДТГ-ын бүтэц орон тоонд “хэвлэл мэдээллийн ажилтны” ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ба тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2021 оны төсөв батлах тухай” 18 дугаар тогтоолоор баталсан Цэнгэл сумын ЗДТГ-ын төсөвт “хэвлэл мэдээллийн ажилтны” цалин хөлс 504.0 сая төгрөгөөр батлагдсан, орон тоо ажлын байр хэвээр байхад үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, тухайн орон тоонд Н.Е-ийг хууль бус томилогдсон гэж гомдол гаргаж байна.
3.Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтны байранд томилогдож, бүтэн нэг жил ажилласан байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байхад гэрээ байгуулаагүй явдал нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар намайг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Т газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Цэнгэл сумын Засаг даргын Т газрын даргын Б/05 дугаар тушаалаар Т газрын хэвлэл мэдээллийн мэргэжилтнээр томилогдсон. Ажиллаж байгаа хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, гэтэл намайг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Тухайн үед Цэнгэл сумын Засаг дарга хэд хэдэн удаа Н.Е-г дагуулж ирээд намайг ажлаас чөлөөл гэж Засаг даргын Тамгын газрын даргад шаардлага тавьж байсан. Дараа нь Тамгын газрын дарга нь Н.Е-ийг ажиллуулах тухай тушаал гаргасан. Тэгээд намайг ажлаас чөлөөлөх ямар нэгэн үндэслэл байхгүй байхад ажлаас халсан. Тийм учраас намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгохыг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Т газрын дарга Б.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэнгэл сумын Засаг даргын Т газрын даргаар ажилладаг. 2020 оны сонгуулийн үр дүнгээр манай сумын шинээр томилогдсон Засаг дарга энэ нэхэмжлэгчийг ажлаас хал гэж удаа дараа шаардсаны дараа ажлаас халсан. Засаг дарга төсвийг ерөнхийлөн захирагч байдаг бол миний бие төсвийн шууд захирагч хүн. Өөрөөр хэлбэл шинээр томилогдсон Засаг дарга Тамгын газрын хэвлэлийн мэдээллийн ажилтныг өөрчилж, Н.Е-ийг томил гэсэн удаа дараа шаардсаны дараа би Засаг даргын хэлснээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Н.Е-ийг томилсон. Хэвлэл мэдээллийн ажилтан бол Засаг даргын Т газрын ажилтан байна. Уг орон тоог сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд ямар нэгэн ажил төрлийн дутагдал гаргаагүй байгаа. Тийм хүнийг хамаагүй чөлөөлж болохгүй байхад Засаг дарга Н.Е-ийг 3,4 удаа дагуулж ирээд Н.Е-ийг ажилд ав гэж дарамт, шахалт үзүүлж нэхэмжлэгчийг ажлаас халуулсан. Тухайн үед нэхэмжлэгчид өөр ажил олж өгөх байх гэж бодсон. Хэвлэлийн мэргэжилтэн улс төрийн ажилтан биш байхад Засаг дарга нь удаа дараа шаардлага тавьж, ажиллуулахыг хүссэн байна. М.Е-ийг хуулийн дагуу авсан. Өөрөө Казахстан улсад сураад төгсөж ирсэн. Ажиллаад эхэлснээс хойш монгол хэл болон ажлаа сураад эхэлсэн, сайн ажилтан байсан. Миний бие ажлаас халсан тушаал буруу гэж үзэж байгаа ч нэхэмжлэгчийн өмнөх ажилд эргүүлэн тогтоох эсэх асуудлыг шүүхээр хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Е шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Цэнгэл сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар бүхий тушаалаар тус сумын ЗДТГ-т хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдсон билээ. Танай шүүхэд буй М.Е-ийн нэхэмжлэлтэй Цэнгэл сумын ЗДТГ-ын дарга Е-д холбогдох тухайн иргэний маргаанд миний эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул энэхүү иргэний маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй байна...гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Е-ээс хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газрын даргад холбогдуулан Цэнгэл сумын Т газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Цэнгэл сумын Т Газрын дарга Б.Е нь тус сумын Засаг даргын шаардлага шахалтаар нэхэмжлэгч М.Е-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүссэн болно.
Иймд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа боловч энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Е-ийн эрх ашиг нь хөндөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-ийг хэрэглэх боломжгүй болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь, нэхэмжлэгч М.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/05 дугаартай “М.Е ажилд томилох тухай” тушаалаар нотлогдож байна.
Хариуцагч (ажил олгогч) Цэнгэл сумын Т газрын дарга Б.Е-ын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/01 дугаартай ”Н.Е хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтаар Т газрын хэвлэл мэдээллийн ажилтан М.Е-ийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхөд дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1) Хариуцагч Цэнгэл сумын Т газрын дарга Б.Е шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч М.Е-тэй байгуулсан гэх “Хөдөлмөрийн гэрээ”-нд ажилтан М.Е-ийн гарын үсэг байхгүй, ажилтанд гардуулаагүй, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр энэхүү хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч (ажилтан) хариуцагч (ажил олгогч) нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй болно.
Иймд хариуцагч (ажил олгогч) Цэнгэл сумын Т газрын дарга Б.Е нь нэхэмжлэгч (ажилтан) М.Е-тэй хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ зөрчсөн байна.
2) Хариуцагч Цэнгэл сумын Т газрын дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тодорхой бус байна. Шүүх хуралдаанд хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын шахалтаар чөлөөлсөн гэх боловч үүнийгээ хөдлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
3) Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хариуцагч (ажил олгогч)-ийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хариуцагч (ажил олгогч) цуцалж болно. Гэтэл хариуцагч (ажил олгогч) Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад М.Елеусизийг ажлаас чөлөөлж хууль зөрчсөн.
4) Хариуцагч (ажил олгогч) Цэнгэл сумын Т газрын дарга Б.Е 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/01 дугаартай тушаалд үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг болон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийг (ажилтныг) ажлаас чөлөөлөхөд хамааралгүй байна.
Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно” гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан бол; Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийг заасан байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоолын хавсралтаар Засаг даргын тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтны цалин 5040,0; НДШ /мян.төг/ 630,0; бүгд /мян.төг/ 5,670,0 баталж өгсөн болох нь нотлогдож байна.
5) Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Е-ийн өмгөөлөгч нь Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтны цалин 5040,0; НДШ /мян.төг/ 630,0; бүгд /мян.төг/ 5,670,0 баталж өгсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын №472 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9 дүгээр хавсралт “Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээ”-г зөрчсөн байна гэх боловч нэхэмжлэгч хариуцагч нар цалин хөлстэй холбоотой маргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч М.Е анх ажилд томилогдсон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420000 төгрөгөөр сар бүр цалинжиж байсан нь түүний НДД№А01299758 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоолоор Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтны орон тоо, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт баталж өгсөн байхад нэхэмжлэгч М.Е-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж ажлаас чөлөөлсөн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч М.Е-ийг Цэнгэл сумын Т газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Цэнгэл сумын Т газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Е-г Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Т газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК