Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/542

 

   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Э.Мөнхболд,  

Шүүгдэгч Ц.С , түүний өмгөөлөгч О.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц ын С д холбогдох эрүүгийн 2309000002145 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С  нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай тээврийн хэрэгслээс макита брэндийн зөөврийн хөгжим, макита брэндийн гар дрилл, макита брендийн гар дриллийн батерей 2 ширхэг, дорцовын ком, дугуй хийлэгч, джититал циркул, машины хөгжим, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3,053,400 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 3 дугаар орцны 7 давхраас О.Н ын эзэмшлийн Волф брэндийн саарал өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ц.С  нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай тээврийн хэрэгслээс макита брэндийн зөөврийн хөгжим, макита брэндийн гар дрилл, макита брендийн гар дриллийн батерей 2 ширхэг, дорцовын ком, дугуй хийлэгч, джититал циркул, машины хөгжим, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3,053,400 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 3 дугаар орцны 7 давхраас О.Н ын эзэмшлийн Волф брэндийн саарал өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 330,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч О.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед би гэрээсээ дэлгүүр орох зорилготой гартал манай хүүхдийн Wolf брэндийн саарал өнгөтэй дугуй байхгүй болсон байсан. Манай хүү тухайн үед хөдөө явчихсан 10 гаруй хоног тухайн дугуйг унаагүй бөгөөд орцонд шатнаас гинжээр цоожлоод тавьчихсан байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

 

Хохирогч Д.М ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэр бүл 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хөдөө аяллаар яваад хотод өөрсдийн гэр болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрандаа ирсэн бөгөөд манай хүүхэд хөдөөнөөс ирсэн ачаа таваарыг гадна ил зогсоол дээрх ...улсын дугаартай Хюндай Старекс маркийн тээврийн хэрэгслээс зөөж оруулж ирсэн. Маргааш нь буюу 7 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Т.А нь өглөө 08 цаг 40 минутын үед гадаа зогсоолд тавьсан машин доторх эд зүйлс алдагдсан байна гэснээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд байрныхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд гадаа зогсоол дээр байх манай машин руу 7 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед цэнхэр майктай, хар бараан цамц нэг мөрөө давуулж уясан, өндөр хамартай, эрүүндээ сахалтай, цайвар сортой үстэй, хар өмдтэй, хар пүүзтэй хүн алхаж очоод онгойлгож харагдсан бөгөөд манай машин доторх эд зүйлсийг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Машин яаж онгойлгосон тал дээр манай хүү тухайн өдөр ачаа зөөгөөд орох үедээ түгжихээ мартаад онгорхой орхисон юм шиг байсан. Ингээд л манай хүүг гэртээ орж ирсний дараа тэр хүн манай машин доторх эд зүйлсийг хулгай хийсэн байсан. Маргааш өглөө 07 цагийн үед тэр хүн дахиж ирээд үлдсэн эд зүйлсийг зөөж аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №СБ1-23-1749 дугаартай: “...Wolf брэндийн том унадаг дугуйг 330,000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №СБ1-23-1573 дугаартай: “...хохирогч Д.М ы алдагдсан эд зүйлсийг нийт 3,053,400 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-82 дугаар тал/,

 

2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22, 98-100 дугаар тал/,

 

            Шүүгдэгч Ц.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны урд байх авто угаалгын газар цагийн ажил хайгаад орсон боловч олдоогүй бөгөөд би бага зэрэг ядраад 21 дүгээр байрны гадаа суух гэж байтал орцны хаалга нь цоожгүй онгорхой байсан. Тэгэхээр нь би 21 дүгээр байрны 3 дугаар орц руу ороод дугуйг нь аваад цахилгаан шат дуудаад дугуйг дээш нь босгоод цахилгаан шатанд хамгийн дээд давхарт нь гараад шатан дээр суугаад 2 ширхэг тамхи татсан. Би хамгийн дээд давхраас явган шатаар алхаж буусан бөгөөд 7 дугаар давхарт “Wolf” гэсэн бичигтэй унадаг дугуй шатны бариулаас цоожилсон байсан. Би дугуйны хажууд очоод цоожноос нь зүүн гараараа барьж байгаад хүчтэй дугтраад таттал цоож нь салчихсан. Тэгэхээр нь би хийгээд байрнаас аваад гарсан. ...Би 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын хойно байрлах байрны граж руу бие засах гэж ортол уг гражид хар өнгийн Старикс маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд уг машин руу хартал жолоочийн эсрэг талын урд талын цонх онгорхой байхаар нь хаалганых нь бариулыг татаж үзтэл хаалга онгорхой байсан тул хаалгыг нь онгойлготол том дуу өсгөгч, хайрцагтай багажны ком зэрэг зүйл байхаар нь аваад явсан. Тэгээд би уг машинаас авсан эд зүйлсээ бусдад зарж борлуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 107-108 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С гээс: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.С  нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай тээврийн хэрэгслээс макита брэндийн зөөврийн хөгжим, макита брэндийн гар дрилл, макита брендийн гар дриллийн батерей 2 ширхэг, дорцовын ком, дугуй хийлэгч, джититал циркул, машины хөгжим, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3,053,400 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 3 дугаар орцны 7 давхраас О.Н ын эзэмшлийн Волф брэндийн саарал өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.С , түүний өмгөөлөгч О.Эрдэнэсувд нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Ц.С  нь хохирогч Д.М , О.Н  нарын эд зүйлсийг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.С г “Үргэлжилсэн үйлдлээр хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.М д 3,053,400 төгрөгийн, хохирогч О.Н ад 330,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Ц.С  нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Ц.С гээс 3,053,400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М д, 330,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Н ад тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ц.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 8 сарын хугацаагаар ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Эрдэнэсувд эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.С гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Ц.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С гийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б  овогт Ц ын С г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.С г 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С гийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С гээс 3,053,400 /гурван сая тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М д, 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Н ад тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.С д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН