Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/144

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000128 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1-д  зааснаар 1 жилийн хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Shot food beer” ресторанд хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь банкны карт уншуулдаг пос машиныг шидэж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би “Shot food beerресторанд зохион байгуулагчаар ажилладаг байсан. Тухайн өдөр 23 цаг 20 минутын орчимд нэмж архи худалдаж авах тухайгаа хэлсэн. Би “та манай байнгын үйлчлүүлэгч. Манайх 23 цагаас хойш нэмэлт захиалга авдаггүй гэдгийг мэднэ” гэж хэлж тайлбарласан. Тэр үед “чи захирлынхаа дугаарыг өг, чи юу юм бэ, эгч нь юм уу” гэх зэргээр хэлэхэд нь би “миний хэн болох, ямар байх нь хамаагүй, манайх хаах болсон тул хүндрэл учруулах хэрэггүй” гэж хэлсэн. Энэ үед янхан, гичий гэх зэрэг хараалын үг хэлж салаавч гаргахаар нь би адилхан салаавч гаргахад ширээн дээр байсан таблетийг над руу шидсэн. Би түүнийг алгадах гэсэн боловч миний гар хальт шүргээд өнгөрсөн. өөрийнх нь нүүрэнд хүрсэнд уурлаад над руу пос машин шидсэн. Тэгээд миний толгой хэсэг эргээд сонин болсон ба хэсэг хугацааны дараа цус гарсан. над руу пос машин шидсэнээс болж миний нүүрэнд язарсан шархтай болсон. Би шархаа эдгээгээд сорвигүй л болох хүсэлтэй байна, ******* ял эдлүүлэх бодолгүй байна. Би сард 1,200,000 төгрөгийн цалинтай. Миний шарх эдгээгүй байсан учир ажилдаа орж чадахгүй байна, бүтэн сар эмчилгээ хийлгэсэн. Сорви арилгах лазер эмчилгээ хийлгэхэд 1,800,000 төгрөг болдог гэсэн. Би 58,000 төгрөгийн үнэтэй сорвины тос хэд хэдийг баримтгүйгээр авч хэрэглэсэн.  надад эхлээд эмчилгээний зардалд 860,000 төгрөг өгсөн. Дараа нь ажилгүй байсан хугацааны цалинд 800,000 төгрөгийг тус тус төлсөн. Миний нүүр сорвитой болсон бөгөөд дарж явахгүй бол хүн, амьтан яагаад ийм болсон юм гэж асуугаад байхаар хүнд зодуулсан гэж хэлэлтэй биш, унаад ийм болсон гэж худлаа хэлэх шаардлага гардаг. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэгдлээ нэхэхгүй...” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг 17 минутын орчимд манай ресторанаар үйлчлүүлж байсан залуу ирээд архи худалдаж авмаар байна гэхээр нь би түүнд манай ресторан нь 23 цаг өнгөрч байхад архи, согтууруулах ундааны зүйл зардаггүй учраас зарахгүй гэж хэлсэн. ...тухайн залуу надаас манай захирлын дугаарыг асуухаар нь би түүнд өгөхгүй гэсэн чинь “чи юм бэ, чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ” гэх зэргээр уурлаж миний биед зөвшөөрөлгүй хүрэх зэрэг үйлдэл гаргаад байхаар нь би түүнд битгий хүрээд бай гэхэд чиний биед хүрэхээр яадаг юм янхан минь чамайг энд байнга ажиллаж байхыг чинь харна гэх зэргээр олон удаа хараагаад байсан тул би түүнд уурлаж түүний нүүр хэсэгт алгадсан юм. Намайг түүнийг алгадсан үйлдлийн хариуд тухайн залуу надад уурлаж текэн дээр байсан пос машин авч миний нүүр рүү шидсэн юм. Ингээд тухайн залуу явсан бөгөөд миний нүүрийг дагаад нэг халуун шингэн гоожоод байхаар нь дараад үзсэн чинь миний гар цус болсон байсан. ...Миний толгой өвдөж байна. Баруун хөмсөгний дээр язарсан шархтай. Уг шархан дээр 12 оёдол тавьсан. Одоо бол нүд бүрэлзэж толгой манарч өвдсөн байдалтай байна. ...Миний хувьд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хийх боломжгүй болсон. ...сарын 1,200,000 төгрөгийн цалинтай учир ажиллаж чадаагүй хоногийн цалингаа нэхэмжлэх болно. Мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаанд Итгэл ивээлт эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн төлбөр нь 750,000 төгрөг болсон. Тухайн төлбөрийг надад дансаар 860,000 төгрөг төлж барагдуулсан. ...Миний сэтгэцэд их хор уршиг учирсан гэж бодож байна. ...миний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх маягтыг хүлээн зөвшөөрч үүний дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 09-10, 12-13/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ байсан бөгөөд манай зөөгч над руу утсаар залгаж гээд байдаг ах манай зохион байгуулагч толгой хэсэг рүү юм шидэж толгойг нь хагалсан, та хүрээд ирээч гэхээр нь би ажил руугаа яваад очсон. ...Текэн дээр байсан Самсунг маркийн таблетийг хүчтэй түлхэж газарт унагааж байгаа харагдах бөгөөд удалгүй араас нь текний ширээн дээр байсан пос машин авч гартаа барьж байгаад нүүр хэсэгт шидэж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тухайн үйлдлийн улмаас 850,000 төгрөгөөр худалдан авч байсан Самсунг маркийн таблетний дэлгэц нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай зохион байгуулагч нь үйлчлүүлж байсан гэх залуутай юм яриад зогсож байсан ба намайг ойртоод ирэхэд гэгч нь манай зохион байгуулагч ыг  “пизда, янхан” гэх зэргээр харааж байсан. ... гэгч нь банкны карт уншуулж тооцоо хийх пос машин гартаа барьж байгаад эгчийн нүүр хэсэгт нь шидсэн. ... эгчийн баруун хөмсөгнөөс нь их хэмжээний цус гоожиж байсан учир эгч өөрөө эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. ... гэгч нь 23 цаг өнгөрсөн хойно архи худалдаж авмаар байна гэхэд нь эгч түүнд үгүй гэсэн хариулт өгснөөс болж тэр 2 маргалдах болсон гэж сүүлд нь ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд ...Шот нэртэй ресторанд найз , , нарын хамт орж үйлчлүүлсэн бөгөөд 2 шил архи ууж дуусгасан. Ингээд орой 23 цаг өнгөрч байхад миний хувьд текэн дээр очиж зохион байгуулагч эмэгтэйд хандаж “нэг шил архи худалдаж авмаар байна” гэхэд манай байгууллага 23 цаг гээд хаадаг гэсэн тул би түүнд танайхыг хаахад нь авсан архиа бариад гарна гэж хэлсэн боловч өгөхгүй гээд байхаар нь би түүнээс захирлынх нь дугаарыг авах гэсэн боловч би та нар шиг архичин хүмүүст юу гэж өгч байдаг юм гэхээр нь би  салаавч гаргаж бид нар архичин биш шүү гэж хэлсэн чинь над руу уурлаж миний нүүр хэсэгт алгадсан. Ингээд би түүнд алгадуулсан уурандаа текэн дээр байсан дөрвөлжин дэлгэцтэй таблет шиг зүйлийг түлхсэн. Тухайн таблет нь газар унасан бөгөөд дараагаар нь текэн дээр байсан пос машиныг авч тухайн эмэгтэй рүү чиглүүлэн шидсэн чинь түүний нүүр хэсэгт нь оносон бөгөөд тухайн эмэгтэй нүүрээ бариад доошоо суусан тул би дахин биед нь халдалгүйгээр ширээн дээрээ очиж суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 163 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед баруун хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бүрдэл байдлаараа болон гэмтэл тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 35-36/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

- Дүрст бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06/

- Итгэл-Ивээлт эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 15/

- Өөдөө манд ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 16/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 41-42/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 57-59/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 62-89/

- *******ын нэр дээрх Хаан банкны дансны хуулга /хх-ийн 95-109/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Shot food beerресторанд хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь банкны карт уншуулдаг пос машиныг шидэж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б., иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 163 тоот “...*******ын биед баруун хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бүрдэл байдлаараа болон гэмтэл тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Итгэл-Ивээлт эмнэлгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.  

            Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт “...сорви арилгах лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай учир тэр зардлаа мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол, төлбөрөө нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн ба иргэний нэхэмжлэгч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...шүүх хуралдаанд оролцохгүй, таблет хэвийн ажиллаж байгаа тул хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэж тэмдэглүүлсэн  байна.

            Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******д эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1,660,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлжээ. Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэн, өвдөлт, шаналлын улмаас ажил хийх боломжгүй болсон, баруун хөмсөгт нь ил харагдах сорви үүсэж эмэгтэй хүний гоо сайхан  алдагдаж, сэтгэл санаанд нь сөрөг үр дагавар үүссэн байна гэж үзэж Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 4,620,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д  олгохоор шийдвэрлэлээ.

            Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээ болон авах байсан цалинд нь нийт 1,660,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.           

6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээ болон авах байсан цалинд нь нийт 1,660,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

                                                                                                                                                                     

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА