Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2021/00046

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн дугаар 2003821, Баян-Өлгий аймгийн “Э“ ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Өлгий сумын 0 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Ө сумын сургуулийн захирал Г, хариуцагчийн өмгөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3526567 төгрөг оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 298405 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18660696 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 сарын халаалтын үнэ 26780892 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 28667940 төгрөг нийтдээ 77934440 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсэнээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 77934440 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Манай компани зүгээс уг 77934440 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч төлж өгөхгүй байна. Иймд хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиас дулаан эрчим хүчний үндсэн төлбөр болох 77934440 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн түлш, халаалтын хэрэглээний төлбөр тооцоог жил бүр Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ийн гэрээгээр нийлүүлж, аймгийн төрийн сангаас олгосон санхүүжилтээр төлбөр тооцоог хийж, ажиллаж ирсэн билээ. “Э” ХК нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7/368 тоот нэхэмжлэлээр 77934440 төгрөг гаргуулах тухай шаардлага хүргүүлсэн байна. Тус сургууль нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс өмнө Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон тарифаар м3-ийг 1430 төгрөгөөр /НӨАТ-тэй/ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тогтоолын тарифыг 9 дүгээр сарын 01-ээс эхэлж м3 1552 төгрөгөөр /НӨАТ-тэй/ тус тус мөрдөж ажилласан. Жич:

2017 онд: Санхүүжилт 228147900;

Шилжүүлсэн мөнгө 227849515

Нэхэмжилсэн нь сар бүр 32592560

Гэрээнд сар бүр:22792х1430=32592560 жилийн 228147920

2018 онд: Санхүүжилт 265316000;

Шилжүүлсэн мөнгө 264343009

Нэхэмжилсэн нь сар бүр 35375463

Гэрээнд сар бүр:22792х1552=35375463 жилийн 283003705

2019 онд: Санхүүжилт 225898800;

Шилжүүлсэн мөнгө 225490506

Нэхэмжилсэн нь сар бүр 35375463

Гэрээнд сар бүр:22792х1552=35375463 жилийн 283003705

2020 онд: Санхүүжилт 258240900;

Шилжүүлсэн мөнгө 201337180

Нэхэмжилсэн нь сар бүр 35375463

Гэрээнд сар бүр: 22792х1552=35375463 жилийн 283003705 

Иймд тус сургуулийн зүгээс олгогдсон санхүүжилтийг зүй ёсоор төлж барагдуулж байгаа ба бид төсөв батлах хүмүүс биш учраас “Э” ХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Э” ХК нь Баян-Өлгий аймгийн төвийн болон зарим сумуудын нутаг дэвсгэрт дулааны эрчим хүч үйлдвэрлэж хангадаг компани. Хариуцагч тал буюу Ерөнхий боловсролын сургууль манай компаниас байнгын түнш авдаг хамтран ажиллах байгууллагуудын нэг болж ирсэн. 2015 оноос хойш зарим нэг төлбөр тооцооны асуудал гарч тухай бүр манай компанийн зүгээс хариуцагч талд мэдэгдэж төлбөрөө төлөхийг шаардаж ирсэн. 2017 оноос хойш хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ нь 77934440 төгрөг болсон. Энэхүү өр төлбөрийг хариуцагч талаас төлөөгүй тул шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчаас өөрийнхөө байр сууриа илэрхийлээд шүүхэд хариу тайлбар ирүүлэхийн зэрэгцээ нотлох баримтуудаа бас гаргаж өгсөн байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас нэмэлт тайлбар гаргаад зарим нотлох баримтаа өнөөдөр гаргаж ирлээ. Эдгээр нотлох баримтуудын хүрээнд энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахад энэхүү 77934440 төгрөг хаанаас гараад ирсэн бэ гэхэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч тал нийт 258362845 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс тухайн жилдээ 208816990 төгрөг төлөөд 49545955 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн байдаг. 2016 оны эцсээр хариуцагч тал 239012007 төгрөг төлөх ёстой боловч өмнөх оны 49545955 төгрөгийг зарим хэсгийг төлсөн байгаа, өөрөөр хэлбэл 2015 оны үлдэгдэл болон 2016 оны төлбөрийг төлөхөд 285031550 төгрөг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2016 онд 46019448 төгрөг илүү төлсөн байгаа. Энэ нь  2015 оны өр төлбөрөө хаасан гэсэн үг. 2016 оны 12 сарын 31-ны байдлаар үлдэгдэл 3526507 төгрөг үлдэж байгаа. Энэ өр төлбөрийн манай программаар 2017 он болгоод шилжүүлдэг. Гэрээний дагуу 2017 онд хариуцагч 228147920 төлөх ёстой үүнээс 227849515 төгрөг төлж өгсөн. 2017 оны үлдэгдэл  298405 төгрөг байгаа. 2018 онд нийт төлбөл зохих дүн  283003706 төгрөг төлбөл зохих ёстой байтал хариуцагч 264343010 төгрөг төлж 18660696 төгрөгийн үлдэгдэл төлсөн байдаг. 2019 онд гэрээний дагуу 7,5 сарын дулааны төлбөр төлөх ёстой байсан боловч манай тал 7 сарын дулааны төлбөрийг л нэхэмжилж байгаа. 2019 оны хувьд төлбөл зохих дүн 247628242 төгрөг төлөх ёстой үүнээс 220847350 төгрөгийг төлж өгсөн ба 2019 оны 12 сарын 31 өдрийн байдлаар 26780892 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд 2019 оны сард төлбөл зохих дүн 35375463 төгрөг төлөх ёстой 0.5 сараар тооцвол 17647831 төгрөгийг манайх нэхэмжлээгүй байгаа. Энийг дараа нь жичдээ нэхэмжлэх болно. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх боломжтой байсан. Гэхдээ бид өнөөдрийн шүүх таслан ажлыг хүндрүүлэхгүйгээр дараа нь нэхэмжлэхээр шийдсэн байгаа. Хариуцагч тал тайлбарлахдаа 2017 оны хувьд дулаанд гарсан мөнгөнөөс санхүүжилтээр ирсэн мөнгийг хасахад 298385 төгрөг гэж байгаа. Үүнд бид  нарын тооцоо таарч байгаа. Тэгэхээр 2017 онд 298385 төгрөг дутуу шилжүүлсэн, 2018 оны хувьд 18660696 төгрөг дутуу төлсөн гэдэг талаар тооцоо нийлсэн баримтыг гаргаж өгсөн. 2019 оны хувьд хариуцагч тал 2258898800 төгрөгийн санхүүжилт орж ирсэн бид нар 225490506 төгрөг шилжүүлсэн гэж байна. Хариуцагч тал 2019 оны нэхэмжилж байгаа төлбөр үндэслэлгүй гэж байгаа боловч 2019 онд мөнгө шилжүүлж өгчхөөд 4648156 төгрөгийг цахилгааны төлбөр гэж бэлнээр буцааж авсан байна. Үүнийг хариуцагч өөрөө хэлэх байх. Энэхүү мөнгийг буцааж авсан учраас дулааны мөнгийг дутуу төлсөн гэж бидний зүгээс үзэж байгаа. Иймд 2020 оны хувьд 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний дагуу 123814121 төгрөг шилжүүлэх ёстой байтал 95146181 төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, 2018 оны 12 дугаар сарын 31 ний өдрийн байдлаар, 2017 оны 12 дугаар сарын 31 ний өдрийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дутуу шилжүүлсэн мөнгөнүүдийг нэмж үзэхэд 77934440 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “Э” ХК нь 2017 оноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх халаалтын мөнгө нэхэмжилсэн байна. Нэгдүгээрт талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “хуваарилагдсан төсвийн мөнгөний дагуу олгоно” гэсэн заалт оруулсан байдаг. Яагаад ингэж оруулсан бэ гэхэд жил бүр төсвийн хуваарилалтад тодорхой хэмжээгээр хүсэлт гаргадаг боловч санхүүжилт өгөхдөө дутуу олгодог. Тийм болохоор “хуваарилагдсан төсвийн мөнгөний дагуу гэдэг үгийг гараар бичиж оруулж хоёр тал гарын үсэг зурсан байгаа. 2018 онд 18660 төгрөг дутуу байна. 2019 онд 26780892 төгрөг дутуу. 2020 онд 22647940 төгрөг дутуу ингээд нийтдээ 77394440 төгрөг дутуу гэж нэхэмжилж байгаа. Гэхдээ тус байгууллагад манай зүгээс санхүүжилтэд орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг дутуу өгч байгаагүй. Санхүүжилтэд өгсөн мөнгийг тус нэхэмжилж байгаа компанид шилжүүлж байсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Тэгэхээр бид энэ нэхэмжлэлийн шаардлагад байгаа дутуу мөнгийг хариуцахгүй гэж үзэж байгаа. Мөн сая 4648156 төгрөг бэлнээр авсан гэж байна гэхдээ би ийм зүйл мэдэхгүй бид нар ийм мөнгө буцааж авсан удаа байхгүй. Хэрэв авсан гэж байгаа бол баримтыг гаргаж өгөх хэрэгтэй. Төрийн сангийн санхүүжилт болон төсөв баталж байгаа хурлын баталсан төсвийн хооронд зөрүү байна. Хоёрдугаарт энэ компани гэрээ байгуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, Баян-Өлгий аймгаас гаргасан тушаал, шийдвэрийн дагуу авч байгаа гэж хэлж байна. Урьд нь бид нар тийм нарийн судалгаа хийгээгүй гэрээнд байгаа мөнгийг л хараад төлөөд яваад байдаг байсан. Хэдэн жил өнгөрсний дараа ингэж нэхэмжилнэ гэдгийг мэдээгүй. Харин одоо ажиглаад байхад зарим жилд 7,5 сараар, зарим жилд 8 сараар, зарим нь 7 сараар гэх мэт ингэж янз бүрийн зөрүүтэй сараар нэхэмжилж байна. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь, Жилийн эцэс болоогүй учраас мөнгөнүүд дээрээс нь янз бүрээр хэлбэлзэж орж ирдэг. Тэр хооронд  ямар учраас 28667940 төгрөгийн зөрүү байгаа гэж нэхэмжилж байгаа нь вэ. Манай байгууллагын төсвийг дээд байгууллага баталж өгдөг болохоор бид нарын зүгээс уламжилж хэлдэг боловч ямар нэгэн хариу өгдөггүй. Дээрээс санхүүжилт олгохдоо асуудал үүсэж байгаа болохоос биш  өнөөдөр би төсөв зарцуулж, барьж байгаа хүний хувьд надаас шалтгаалж байгаа ямар ч зүйл байхгүй гэдгийг хэлье гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөрөөс 2017 оноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дутуу төлсөн нийт 77934440 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Э” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодруулан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургууль нь халаалтын дулааны эрчим хүчний төлбөрөөс дутуу төлсөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3526567 төгрөг; 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 298405 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18660696 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 сарын халаалтын дутуу төлбөр 26780892 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 28667940 төгрөг нийтдээ 77934500 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 Хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургууль нь батлагдсан төсвийн дагуу түлш халаалтын зардалд хуваарилагдсан мөнгийг сар бүр “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-г үндэслэн “Э” ХК-ийн дансанд шилжүүлж ирсэн, тус сургуулийн төсөвт дээрээс тусгаж өгсөн мөнгөнөөс өөр илүү зардал мөнгө гэж байхгүй, 2017 оноос эхэлж халаалтын тариф өөрчлөгдсөнөөс үүдэн түлш халаалтын зардлыг шинэ тарифаар жил бүрийн төсвийн төсөлд нэмж тусгаж баталж өгөх тухай саналыг удаа дараа оруулсан боловч төсөвт нэмж өгөөгүй тул үүссэн өр гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №125 дугаартай “Төсөвт байгууллага, ААН-ийн дарга, нягтлан бодогч нарт” гэсэн албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тариф шинэчлэн батлагдсан...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг хүссэн,  

мөн Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №71151 дугаартай “Өр барагдуулах тухай” албан бичгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сургуулийн захиралд хандсан албан бичигт:...2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 4 дүгээр сарын байдлаар 779344400 төгрөгийн үлдэгдэлтэй болсон...өрийн үлдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэлх хугацаанд сургуулийнхаа хэмнэж болох бусад зардлаар нэн тэргүүнд барагдуулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.

Энэхүү алба бичгийн дагуу ямар арга хэмжээ авсан тухай нотлох баримтаа хариуцагч талаас гаргаж өгөөгүй, мөн хариуцагч жил болгон халаалтын төсвийг нэмэгдсэн тарифаар нэмж батлуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд санал болгож гэж тайлбарласан боловч  энэ нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

1) Нэхэмжлэгч “Э” ХК нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дутуу төлсөн халаалтын зардал 49545955 төгрөгөөс  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар илүү төлсөн 46019448 төгрөгийг  хасаж тооцоход 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар халаалтын дутуу төлбөр 3526507 төгрөг байгаа гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаа өнгөрсөн байна.

2) Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоосон ба хэрэглэгчийн ангиллын 2-т: Төсвийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалт; Хэмжих нэгж - төг/м3;  Тариф (НӨАТ-гүй) - 1300 төгрөгөөр тогтоосон байна.

 Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоосон ба хэрэглэгчийн ангиллын 2-т: Төсвийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалт; Хэмжих нэгж - төг/м3;  Тариф (НӨАТ-гүй) - 1411 төгрөгөөр тогтоосон байна.

Нэхэмжлэгч “Э” ХК болон хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №24 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах хэрэглэх тухай” гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай ба энэхүү гэрээнд тусгасан “Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгт”-д 1.Объектын нэр:Сургуулийн барилга; Дулааны эрчим хүч авч эхлэх он.сар. өдөр: 2017.01.0.1-12.30; Халаалт авах эзлэхүүн м3: 22792;  1м3 үнэ: 1430 төгрөг; Нэг сард төлөх төлбөр: 32592560 төгрөг; Нэг жилд төлөх үнэ: 228147920 төгрөг гэж харилцан тохиролцсон байна.

Энэ нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дулаан эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар  тариф НӨАТ-гүй 1300 төгрөг гэж тогтоосон байхад талууд дулаан эрчим хүчний тарифыг НӨАТ-тай 1430 төгрөгөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан “Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны төсөв”-ийн ангиллын ...түлш халаалтын нийт төсөвт 228147900 төгрөг баталж өгсөн ба үүнээс 227849515 төгрөгийг  “Э” ХК-нд шилжүүлсэн болох нь хоёр талын тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

Талуудын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №24 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах хэрэглэх тухай” гэрээгээр хариуцагч нэг жилд төлөх халаалтын үнэ 228147920 төгрөгөөс 227849515 төгрөгийг төлсөн  ба дутуу 298405 төгрөг байсаар байхад энэхүү “Э” ХК-ийн ерөнхий ня-бо Т.Бирлесхан, Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ня-бо С нарын  гарын үсэг зурж, тус тусын санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан “Тооцоо нийлсэн акт”-нд өглөг авлага “О” гэж тусгасан, мөн  гэрээний үүрэгтэй холбоотойгоор 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацааг өнгөрүүлсэн байна.

3) Нэхэмжлэгч “Э” ХК болон хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №15 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан ба энэхүү гэрээнд тусгасан “Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгт”-д 1.Объектын нэр:Сургуулийн барилга; Дулааны эрчим хүч авч эхлэх он.сар. өдөр: 2018.01.0.1-12.31 хүртэл; Үргэлжлэх хугацаа: 8 сар; Халаалт авах эзлэхүүн м3: 22792; 1м3 үнэ: 155210 төгрөг; Нэг сард төлөх төлбөр: 35375463 төгрөг; Нэг жилд төлөх үнэ: 283003705 төгрөг гэж харилцан тохиролцсон ба доод талд нь “төсвийн дагуу (хуваарилагдсан төсвөөр) шилжүүлэг хийж тооцоо нийлнэ” гэснийг хариуцагч тухайн үед нэмж бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн болно. 

Эрчим хүчний сайдын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай “Халалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын 1-ийн “б”-д ...Баян-Өлгий... аймгуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр гэж тогтоосон байхад талууд  халаалтын улирлын хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж дээрх гэрээнд тодорхойлсон учир дутагдалтай болсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч “Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 12 дугаар сарын төсвийн хэлбэлзлийн тайлан”-гаар түлш халаалтын баталсан нийт төсөвт 265316000 төгрөг ба үүнээс 264343009 төгрөгийг  “Э” ХК-нд шилжүүлсэн болох нь “Э” ХК-ний ерөнхий ня-бо Б тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа ба энэ нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартай тус тус тохирч байна.

Харин хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ня-бо С 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Э ХК-тай тооцоо нийлсэн тухай акт”-нд ...бүгд 265154791 төгрөг шилжүүлсэн гэж тусгасан боловч “Э” ХК-ийн ерөнхий ня-богийн гарын үсэггүй, санхүүгийн тэмдэг дарагдаагүй тул хариуцагч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-тай тооцоо нийлсэн эсэх нь эргэлзээтэй ба 265154791 төгрөг шилжүүлсэн гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №15 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээгээр хариуцагч нэг жилд төлөх халаалтын үнэ 283003705 төгрөгөөс 264343009 төгрөгийг төлсөн  ба дутуу 18660696 төгрөг төлөгдөөгүй болох нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Э” ХК-ний ерөнхий ня-бо Б “Тооцоо нийлсэн акт” мөн хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

4) Нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №21 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай ба энэхүү гэрээнд тусгасан “Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгт”-д 1.Объектын нэр:Сургуулийн барилга; Дулааны эрчим хүч авч эхлэх он.сар. өдөр: 2019.01.0.1-12.31 хүртэл; Үргэлжлэх хугацаа: 8 сар; Халаалт авах эзлэхүүн м3: 22792; 1м3 үнэ: 155210 төгрөг; Нэг сард төлөх төлбөр: 35375463 төгрөг; Нэг жилд төлөх үнэ: 265315974 төгрөг гэж харилцан тохиролцсон ба доод талд нь “хуваарилагдсан төсвөөр шилжүүлж тооцоо нийлнэ” гэснийг хариуцагч тухайн үед нэмж бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн болно.

Уг нь гэрээнд зааснаар нэг сарын  35375463 төгрөг х 8 сар = 283003704 төгрөгийн тооцоо гарч байгаа боловч гэрээнд дулааны эрчим хүчний нэг жилийн төлбөр 265315974 төгрөг гэсэн нь 7,5 сараар харилцан тохиролцсон байна гэж дүгнэв.

Эрчим хүчний сайдын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын 1-ийн “б”-д ...Баян-Өлгий... аймгуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр гэж 8 сараар тогтоосон байхад талууд  халаалтын улирлын хугацааг дээрх гэрээнд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7,5 сараар гэж тодорхойлсон нь тушаалтай нийцээгүй байна.

Хариуцагч “Баян-Өлгий аймгийн ерөнхий сургуулийн 2019 оны 12 дугаар сарын төсвийн хэлбэлзлийн тайлан”-гаар түлш халаалтын баталсан нийт төсөв 225898800 төгрөг ба үүнээс 225490506 төгрөгийг  “Э” ХК-нд шилжүүлсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн боловч халаалтын мөнгө 225490506 төгрөгийг “Э” ХК-нд шилжүүлсний дараа хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  захирал, ня-бо нар тус компани санхүүгээс бэлнээр 4643156 төгрөгийг буцаан авсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа ба энэхүү үйл баримтыг нотлох баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №21 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээний дагуу халаалт авсан 7,5 сарын хугацаанаас энэ удаа 7 сарын төлбөр нийтдээ 247628242 төгрөг гэж тооцон нэхэмжилж, үлдсэн 0,5 сарын төлбөр 17647831 төгрөгийг жич нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тодорхойлсон болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагчийн тухайн жилд төлбөл зохих 7 сарын халаалтын үнэ 247628242 төгрөгөөс төлөгдсөн халаалтын үнэ 225490506 төгрөгийг хасаж тооцоход одоо халаалтад төлөх ёстой дутуу мөнгө 22137736 төгрөг байна.

5) Нэхэмжлэгч “Э” ХК болон хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №21 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээний хугацааг 1.3-д Эрчим хүчний сайдын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109 тоот тушаалын дагуу халаалтын эхлэх хугацаа тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж зааснаар 8 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба энэхүү гэрээнд тусгасан “Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгт”-д 1. Хэрэглээ: халаалт; хэмжих нэгж м.куб; Эзлэхүүн м.куб: 22792; Тариф (НӨАТ-гүй үнэ) 1411; Тариф (НӨАТ-тэй үнэ) 1552.10; Нэг сард төлөх төлбөр: 35375463.2 төгрөг гэж харилцан тохиролцсон ба халаах сар болон  халаалтын хөлс жилд гэдэгт юм бичигдээгүй хоосон үлдээсэн ба доод талд нь “хуваарилагдсан төсвийн дагуу тооцоо нийлүүлнэ” гэснийг хариуцагч тухайн үед нэмж бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн болно.

Мөн Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 тоот тушаал гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч “Э” ХК болон хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №10 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээний хугацааг 1.3-д Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 тоот тушаалын дагуу халаалтын эхлэх хугацаа тухайн  оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосны дагуу халаалтын үргэлжлэх хугацааг 8 /найман/ сар гэж заасан ба энэхүү гэрээнд тусгасан “Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгт”-д 1. Хэрэглээ: халаалт; хэмжих нэгж м.куб; Эзлэхүүн м.куб: 22792; Тариф (НӨАТ-гүй үнэ) 1411; Тариф (НӨАТ-тэй үнэ) 1552.10; Нэг сард төлөх төлбөр: 35375463.2 төгрөг; халаах сар 8 сар;  халаалтын хөлс жилд: 283003705.6 төгрөг гэж харилцан тохиролцсон ба доод талд нь “хуваарилагдсан төсвийн дагуу тооцоо нийлүүлнэ 2020.02.10” гэснийг хариуцагч тухайн үед нэмж бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн болно.

Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар халаалтын дутуу төлбөр 28667940 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч талаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 31865980 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 31280200 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 32000000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16140100 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1280200 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 32280200 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 56490500 төгрөг нийтдээ 201337180 төгрөгийг халаалтын төлбөр гэж нэхэмжлэгч “Э” ХК-ийн дансанд шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан Төлбөрийн хүснэгтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХК болон хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн  хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №10 дугаартай “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээний 3.5-д зааснаар хэрэглэгч нь дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн байгаа тул гэрээний хугацаа дуусаагүй байхад 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар халаалтын дутуу төлбөр гэж 28667940 төгрөг нэхэмжилсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Э” ХК-тай байгуулсан гэрээний дагуу халаалт дулааны эрчим хүчээр хангасан байхад хариуцагч төсөвт халаалтын мөнгийг нэмэгдсэн тарифаар баталж өгөөгүй гэж халаалтын дутуу төлбөрийг төлөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2018 оны халаалтын дутуу төлбөр  18660696 төгрөг, 2019 оны 7 сарын халаалтын дутуу төлбөр 22137736 төгрөг бүгд 40798432 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37136008[1] төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ 40798432 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 361,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2018 он, 2019 оны 7 сарын халаалтын  дутуу төлбөр бүгд 40798432 (дөчин сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 37136008 (гучин долоон сая нэг зуун гучин зургаан мянга найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547623 (таван зуун дөчин долоон мянга зургаан зуун хорих гурван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиас 361942 (гурван зуун жаран нэгэн мянга есөн зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНГИЛИК