Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 918

 

2020           7              16                                           2020/ДШМ/918

 

     С.К, Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

шүүгдэгч С.К, түүний өмгөөлөгч С.Сүхболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.К-ы өмгөөлөгч С.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлоор С.К, Н.А нарт холбогдох эрүүгийн 1902009140147 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Ш овгийн С-ийн К Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Налайх, ял шийтгэлгүй, /РД: /;

 

  1. К овгийн Н-ы А, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ, ам бүл 6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, /РД: /

          С.К нь өөрийн төрсөн охин К.Жг Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.О-ийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр санаачилж, Н.А-тэй урьдчилан үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг “Хаан” банк дахь 5749467445 дугаар данснаас Н.Аийн эзэмшдэг Төрийн банк дахь 312500316666 дугаар дансанд 50,000 төгрөг шилжүүлж, нийт 1,050,000 төгрөгийг хахууль өгөх зорилгоор санал болгон өгсөн гэмт хэрэгт,

 

          Н.А нь Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд С.Кы охин К.Жг гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Оюунтуяагийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр С.Ктай урьдчилан үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь 312500316666 дугаар дансаар С.Кы “Хаан” банк дахь 5749467445 дугаар данснаас 50,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 1,050,000 төгрөгийн хахуулийг О.Оюунтуяад өгөх зорилгоор С.Кд амласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Налайх дүүргийн прокурорын газраас: С.К, Н.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн С-ийн Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ковгийн Н-ы Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.К, Н.А нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.К, Н.А нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.К, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.К нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Н.Аээс улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 1,050,000 төгрөгнөөс төлөөгүй үлдсэн 550,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Кы өмгөөлөгч С.Сүхболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс харгалзсан гэж шийтгэх тогтоолдоо тусгасан хэдий ч шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж бусдад мөнгө өгөхдөө хахууль өгч байна гэж ойлголгүй андуурсан, уг үйлдэл нь хээл хахууль өгсөн болох нь бүрэн идэвхитэй үйлдлээр төгссөн гэх санаа зорилго нь нотлогдоогүй, хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэж төгсгөх бүрэн боломжтой байсан хэдий ч уг үйлдлээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүй хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

С.Кын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.К нь захирал Оюунтуяатай ямар нэгэн байдлаар холбоо тогтоогоогүй, үгсэн холбогдоогүй. Зөвхөн өөрийнхөө ажил хэргийг бүтээхийн тулд Н.Ад тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Үүнээс цааш ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Оюунтуяагаас ч мөн ямар нэгэн амлалт өгөөгүй, мэдээгүй байсан. Тэгэхээр С.Кы үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл байна. С.К нь өрх толгойлсон 2 хүүхдийн эх. Тэгэхээр ял шийтгэл эдлээд явбал цаашдын амьдрал нь хүнд болно. Иймд давж заалдах шатны шүүхээс С.Кы ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.К тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед надад сургуульд хүүхдээ оруулах санаа байсан. Гэхдээ үүнийг хахууль өгөх гэмт хэргийн хэмжээнд хүртлээ хүндэрнэ гэж бодоогүй. Тэр мөнгийг хахууль гэж өгөөгүй. Н.А бид 2 ярилцсан байсан учраас би мөнгө өгсөн юм. Тухайн мөнгийг цааш нь өгсөн эсэхийг ч мэдээгүй байсан. Багшлах эрхийг хасна гэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байна” гэв. 

Прокурор Э.Халиун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.Кы үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч С.К нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Н.Ааас “сургууль дээр дэмий. Гадуур гарч байгаад авъя” гээд сургуулийн ойролцоо 1.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Н.Ааас “би захирлыг эргээгүй байгаа. Надад мөнгө байхгүй. 50.000 төгрөгөөр юм аваад очъё” гэхээр нь би дансаар нь шилжүүлсэн. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэсэн. Уг мэдүүлгээс харахад, шүүгдэгч С.К нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүрэхээс сайн дураараа татгалзсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч С.К нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гарын үсэг зурсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          Шүүгдэгч С.К нь өөрийн төрсөн охин К.Жг Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Оюунтуяагийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр санаачилж, Н.Атэй урьдчилан үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг “Хаан” банк дахь 5749467445 дугаар данснаас Н.Аийн эзэмшдэг Төрийн банк дахь 312500316666 дугаар дансанд 50,000 төгрөг шилжүүлж, нийт 1,050,000 төгрөгийн хахууль өгөх зорилгоор санал болгон өгөхөөр завдсан гэмт хэрэг,

          шүүгдэгч Н.А нь Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд С.Кы охин К.Жг гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Оюунтуяагийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр С.Ктай урьдчилан үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь 312500316666 дугаар дансаар С.Кы “Хаан” банк дахь 5749467445 дугаар данснаас 50,000 төгрөг шилжүүлэн авч, О.Оюунтуяад нийт 1,050,000 төгрөгийн хахууль өгөхийг С.Кд амлан, хахууль өгөхөөр завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

С.Кы яллагдагчаар өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Атэй сургууль дээр уулзаад “сургуульд орон тоо гарч байгаа юм байна. Цагийн багшаар ч хамаагүй охиноо сургуульд багшаар оруулмаар байна. Чи захирлын найз юм чинь захиралд хэлээд өгөөч” гэсэн. А “сургууль дээр дэмий, гадуур гарч байгаад авъя” гээд сургуулийн ойролцоо уулзаад 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин А “би захирлыг эргээгүй байгаа юм. Яаж хоосон очих юм бэ?, надад мөнгө байдаггүй, 50,000 төгрөгөөр юм аваад очъё” гэхээр нь 50,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Үүнээс 2 хоногийн дараа Атэй ярихад “захиралтай очиж уулзсан. Охиныг чинь хэлчихсэн шүү.” гэж хэлсэн. Ямар ч байсан хэлсэн гэж байсан. Авна, авахгүй гэж бол хэлээгүй. ...А надаас авсан мөнгөө захирал Оюунтуяад өгч амжаагүй гэж анх хэлсэн. Тэрнээс өмнө бол А захиралд мөнгийг дамжуулж өгсөн гэж хэлж байсан.” /2хх 27-28/,

Н.Аийн яллагдагчаар өгсөн “... би захиралтай уулзаад “К багш охиноо сургуульд багшаар оруулмаар байна гэсэн. Хэрвээ оруулаад өгвөл захиралд нэг сая төгрөг өгье гэж байна лээ” гэж хэлэхэд Оюунтуяа захирал “Юу яриад байгаа юм бэ?, өөрийнх нь ажилтай байх, үгүй нь яригдах гэж байхад юун охин, тэгээд ч охин нь шалгалтанд хамгийн муу оноо авсан гээ биз дээ, би тэр мөнгө өгнө гээд байна гэдгийг нь сонссон. Тийм юм байхгүй шүү. ...” гэсэн. Оюунтуяа захирлыг өөдөөс тэгж уурлахаар нь К багшийг надад мөнгө өгсөн байгаа гэж хэлж чадаагүй юм. Тухайн үед мөнгө надад байсан. Захирал мөнгө, төгрөгний асуудал байхгүй гэсэн болохоор К багшид буцааж өгөх гэснээ мөнгөний хэрэгцээ гараад хувийн хэрэгцээнд зарцуулчихаад хэд хоноод эргүүлээд өгье гэж бодож байгаад бүгдийг нь хэрэглээд дуусчихсан. ...би нэг сая төгрөгийг өөрт нь өгөх гээд авчихсан байгаа гэдгээ хэлж чадаагүй. Тухайн үедээ буцааж өгөөгүй явж байгаад үрээд дууссан. Гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /2хх 29-30/,

гэрч О.Оюунтуяагийн “... А “Кы охиныг авах боломж байна уу?, К багш гуйгаад байна” гэж хэлж байсан. Гэхдээ мөнгө төгрөг өгнө гэсэн юм ярьж байгаагүй” /1хх 53-55/,

гэрч Ч.Оюунхулангийн “... К багш “Ад мөнгө өгсөн, захиралд өгчихсөн гээ биз дээ” гэж байсан. А “...К багшаас мөнгө авсан, гэхдээ захиралд өгөөгүй хаячихсан. ...” гэсэн утгатай юм ярьж байсан.” /1хх 58-59/,

гэрч Ч.Одонтуяагийн “... би К багшаас та нэг сая төгрөг яг өгсөн юм уу?, хэзээ, хэнд өгсөн юм бэ?” гэж асуусан. К багш “...Ад өгсөн...” гэж хариулсан.  Тэгээд А “тиймээ, би тэр мөнгийг аваад алдчихсан. Тэгээд айгаад хэлж чадаагүй юм. ...” гэж хариулсан.” /1хх 60-61/,

гэрч Б.Туяагийн “... би 2018 онд сургууль амарсан байхад хүүхдээ ажилд оруулахаар захиралд өгөөрэй гээд нэг сая төгрөгийг Н.Ад өгсөн. ...” /1хх 246/ гэсэн мэдүүгүүд,

шүүгдэгч С.Кы эзэмшлийн “Хаан банк” дахь 5749467445 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 109-110/,

шүүгдэгч Н.Аийн эзэмшлийн “Төрийн банк” дахь 312500316666 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 115-116/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба дээрх баримтууд хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

            “Шүүгдэгч С.К нь өөрийн төрсөн охин К.Жг Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Оюунтуяагийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр санаачилж, улмаар 1,050,000 төгрөгийг дамжуулан өгүүлэхээр Н.Ад уг мөнгийг өгсөн, харин шүүгдэгч Н.А нь 1,050,000 төгрөгийн хахуулийг О.Оюунтуяад өгөх зорилгоор С.Кд амлан авсан боловч хээл, хахууль өгөх ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй байна.” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.К, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж заасан үндэслэлээр хахууль өгөхөөр завдсан гэм буруутайд тооцож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.К, Н.А нарыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж гэмт хэргийг төгс үйлдсэн гэм  буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул  давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Кы өмгөөлөгч С.Сүхболд“... нөхцөл байдлыг буруугаар төсөөлж бусдад мөнгө өгөхдөө хахууль өгч байна гэж ойлголгүй андуурсан, уг үйлдэл нь хээл хахууль өгсөн болох нь бүрэн идэвхитэй үйлдлээр төгссөн гэх санаа зорилго нотлогдоогүй, хахууль өгөх гэмт хэргийг бүрэн төгсгөх боломжтой байсан хэдий ч уг үйлдлээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3-д зааснаар гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэдэг нь “гэмт хэргээ төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзах, мөн татгалзах үед гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд байх гэсэн үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.К нь өөрийн төрсөн охин К.Жг гадаад хэлний багшийн ажилд оруулахаар “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн захирал О.Оюунтуяагийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр Н.Атэй урьдчилан үгсэн тохиролцож, Н.Ад 1,050,000 төгрөгийг өгсөн хэдий ч шүүгдэгч Н.А нь сургуулийн захирал О.Оюунтуяад тус мөнгийг өгөлгүй хувьдаа зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.Кыг гэмт хэрэг үйлдэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч С.Кыг тухайн гэмт хэргийг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Кы өмгөөлөгч С.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “... хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “... хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, ..., шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, ...,” гэснийг “....Шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, ..., шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, ...,” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Кы өмгөөлөгч С.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ