Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2024/00033

 

 “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02046 дугаар магадлалтай,

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХК-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12, алданги 15,071,097.56, нийт 45,213,292.68 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: Даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Л.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12, алданги 15,071,097.56, нийт 45,213,292.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “М” ХК нь нэхэмжлэгч “О” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХК-аас 45,187,792.68 төгрөг гаргуулж “О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,500 төгрөгт холбогдох хэсгийг болон даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай “М” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,016.46 төгрөг, хариуцагч “М” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,258 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “М” ХК-аас 383,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02046 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч Л.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

4.1.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: “О” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.12.01-ний өдрийн дохиолол хамгаалалтын гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнээс 8 сарын дараа байгуулагдсан тул Иргэний хуулийн 8.1, 187.1-д зааснаар ирээдүйд үүсэх эсэх нь тодорхойгүй байсан үүрэг даатгалын зүйл байх боломжгүй юм. “О” ХХК нь “Н” ХХК-тай байгуулсан 2017.11.08-ны өдрийн №NH17/208 тоот дохиолол хамгаалалтын гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу “Н” ХХК-ийн 21 объектыг дохиолол хамгаалалтад авч харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг бол 2019.12.01-ний өдөр “Н” ХХК-тай байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу “О” ХХК нь “Н” ХХК-ийн 49 объектыг дохиолол хамгаалалтад авч харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 2019.03.22-ны өдрийн 90С1920003931 тоот даатгалын гэрээний даатгалын зүйл нь 2017.11.08-ны өдрийн №NH17/208 тоот дохиолол хамгаалалтын гэрээний 1 дүгээр хавсралтад заасан “Н” ХХК-ийн 21 объектод явуулж буй дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээнээс үүсэх үүрэг, хариуцлага гэж ойлгоно.

Зөвшөөрөгдсөн талбай, цэгээс өөр байршлуудад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх асуудлыг талууд даатгалын гэрээгээр тохиролцсон бөгөөд даатгалын гэрээний 12.7.1-д даатгалын гэрээнд заасан байршлаас өөр газар албан ёсны зөвшөөрлөөр үйлчилгээ явуулахаар болсон тохиолдолд энэ тухай үйлчилгээг явуулахаас өмнө даатгагчид мэдэгдэх, мөн гэрээний 13.6.1-д “Байгууллагын үйл ажиллагааны чиглэлд гарсан өөрчлөлтийг цаг тухайд нь даатгагчид мэдэгдэх” гэж заасны дагуу даатгалын байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэгтэй байсан. Гэвч “О” ХХК нь “Н” ХХК-тай байгуулсан 2019.12.01-ний өдрийн дохиолол хамгаалалтын гэрээний дагуу даатгалын гэрээгээр зөвшөөрөгдсөн талбай, цэгүүдээс өөр нэмж 28 байршилд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа гэдгээ “М” ХК-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг. Даатгалын гэрээний хураамж нь тодорхой тооцооллын үндсэн дээр үнэлгээний үнийн дүнгээс бодогдон гардаг буюу даатгалын үнэлгээтэй шууд хамааралтай тогтоогддог бөгөөд даатгуулагч нэмж 28 байршилд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа гэдгээ даатгагчид мэдэгдсэн бол даатгалын зүйлийн үнэлгээ, хураамжид өөрчлөлт орно. Анхан шатны шүүх болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс даатгалын гэрээний төрөл, даатгалын гэрээний зүйл, хохирсон гэх гуравдагч этгээд, талуудын хооронд даатгалын гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлон, дүгнээгүй, үнэлээгүй, даатгалын гэрээтэй холбоотой хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй гэж үзэж байна.

4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хариуцагчийн зүгээс 2023.11.23-ны өдөр Б.Н, Б.О нарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнөх төлөөлөгчийг татгалзаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч хуульд заасан үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцуулалгүйгээр хянан шийдвэрлэсэн нь тус хуулийн зүйл заалтыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Холбогдох хуулийн заалтыг зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1 “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.” гэж заасны дагуу өөрт олгогдсон хууль ёсны эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шийдвэр, магадлал хууль ёсны шинжийг агуулахгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан явдал нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023.09.12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 210/МА2023/02046 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.25-ны өдрийн 001/ШХТ2024/00133 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12, алданги 15,071,097.56, нийт 45,213,292.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  үндэслэлээ “...тус компани  “Н” ХХК-тай дохиолол хамгаалалтын гэрээг байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Мөн “М” ХК-тай даатгалын гэрээ байгуулж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага болон бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагаа 1 жилийн хугацаатай, нийт үнэлгээ 180,000,000 төгрөгөөр даатгуулж, хураамжид 900,000 төгрөгийг төлсөн. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020.03.01-02-нд шилжих шөнө “Н” ХХК-ийн “Н” салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон, уг төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. Гэтэл “М” ХК нь даатгалын гэрээний дагуу манай компанид нөхөн төлбөрт 987,804 төгрөг олгож, үлдэх нөхөн олговрыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан,  Санхүүгийн зохицуулах хороонд хандахад хохирлын хэмжээг хохирол үнэлгээний  компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөг хүртэл  олгоогүй. Иймд дутуу олгосон даатгалын нөхөн төлбөрт 30,142,195 төгрөг, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар бодож алдангид 15,071,097 төгрөгийг тус тус гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Талуудын хооронд байгуулагдсан 2019.03.22-ны өдрийн даатгалын гэрээний 2 дугаар хавсралтаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоосон ба энэхүү хавсралтаар “Н” ХХК-тай 2019.12.01-ний өдөр байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн “О” ХХК-ийн үүрэг буюу уг гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагааг даатгаагүй юм. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ байгуулагдах үед “Н” ХХК болон “О” ХХК нарын хооронд 2019.12.01-ний өдрийн гэрээ байгуулагдаагүй байсан. Даатгалын гэрээний хавсралт 2-ын 109 дүгээрт заасан “Н” ХХК, Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүдэд явуулж байгаа “О” ХХК-ийн үйл ажиллагаа нь 2019.03.22-ны өдрөөс өмнө тухайн талуудын хооронд байгуулагдсан байсан дохиолол хамгаалалтын гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохоос бус хожим 2019.12.01-ний өдрийн гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохгүй юм. Даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг талууд тохиролцож, тодорхойлсноос хойш 8 сар 10 хоногийн дараа “Н” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнээс хохирол учирсан болох нь хэргийн баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хариуцагч “М” ХК нь нэхэмжлэгч “О” ХХК-д холбогдуулан 987,804.88 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж “...манай байгууллагын нөхөн төлбөрийн албанаас даатгуулагчийн бүрдүүлж ирүүлсэн нөхөн төлбөрийн баримт материал, хэргийн бодит байдлыг бүрэн судлалгүйгээр 2020.04.09-ний өдөр даатгалын гэрээний үнэлгээнд хувь тэнцүүлэн 987,804 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Даатгуулагчийн баримт материалыг дахин судлан үзэхэд даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч “О” ХХК-аас 987,804 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Даатгалын тохиолдол болсон даруйд  “М” ХК-д мэдэгдэж, улмаар тус компаниас шинжээчид ирж, газар дээр нь ажиллаж, шаардлагатай бүх ажиллагаануудыг хийсэн. Мөн манай компани өөрийн зүгээс холбогдох бүх материалуудыг бүрдүүлж өгсөн бөгөөд эдгээр материалуудыг хянан үзээд даатгалын тохиолдол болсон гэж үзэн даатгалын нөхөн төлбөр гэж 987,805 төгрөгийг манай компанид олгосон. Даатгагч нь даатгалын тохиолдол болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг бууруулж олгох тухай албан бичгүүдийг удаа дараа манай компанид ирүүлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9.Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглэх асуудлаар адил дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлж зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг  тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

11.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “О” ХХК болон хариуцагч “М” ХК-ийн хооронд 2019.03.22-ны өдөр даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан, уг гэрээгээр даатгагч нь даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг, мөн даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг тус тус даатгасан, даатгуулагч хураамжид 900,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тогтоогджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 900,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна.

12.Нэхэмжлэгч хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр шаардаж буй үндэслэлдээ ”...Н” ХХК-тай байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээний үүргээ гүйцэтгэх явцад тус компанид 31,113,000 төгрөгийн хохирол учирсныг төлсөн, дээрх хохирол нь даатгалын эрсдэлээс үүссэн даатгалын тохиолдол тул даатгалын гэрээнд зааснаар нөхөн төлбөр гаргуулна” гэснийг хариуцагч эс зөвшөөрөхдөө, тухайн хулгайн гэмт хэрэг гарсан дэлгүүр даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгчийн хамгаалах зүйлд хамаараагүй байсан тул  даатгалын тохиолдол үүсээгүй гэсэн агуулгаар маргасан.

13.Хэрэгт авагдсан баримтаар “О” ХХК нь “Н” ХХК-тай 2017.11.08-ны өдөр дохиолол хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээнд заасан нөхцөлөөр уг гэрээ 1 жилийн хугацаагаар сунгагдсан, улмаар талууд 2019.12.01-ний өдөр гэрээг шинэчилж байгуулсан байх тул эдгээр компаниудын хооронд тухайн төрлийн гэрээ анх байгуулсан үеэс тасалдаагүй үргэлжилсэн бөгөөд талууд гэрээгээр хамгаалагдах обьект, тэдгээрийн байршлыг тодорхой заасан, эхний гэрээнд 21 обьект, дараагийн гэрээнд 49 обьект тусгагдсан байна. Хулгайн гэмт хэрэг гарсан Б дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах “Н” салбар нь дээрх 2 удаагийн гэрээний аль алины хавсралтын 2-т “Н с” нэрээр тусгагдсан гэж нэхэмжлэгч тайлбарласан, харин хариуцагч үүнийг үгүйсгэж, хулгай гарсан газар нь хоёрдох гэрээний хавсралтын 42-т “Н” гэж тусгагдсан тул даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш нэмж хамгаалагдсан обьект гэж тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн “О” ХХК-д хүргүүлсэн 2023.05.22-ны өдрийн 03/192 тоот албан бичигт “...талуудын хооронд 2019.12.01-ний өдөр байгуулагдсан дохиолол хамгаалалтын гэрээний 1.4-т заасны дагуу тус гэрээний хавсралт №1-ээр обьект буюу харуул хамгаалалтын үйлчилгээ авах салбарын хаяг байршлыг талууд харилцан тохиролцсон байдаг, тус гэрээний хавсралтад заасан жагсаалтын 2-т “Н с” гэсэн нэршлээр 3-р хороололд байрлах “Н” салбарыг нэрлэж гэрээнд тусгасан болно.” гэжээ. Түүнчлэн талууд анхан шатны шүүх хуралдаанд хулгайн гэмт хэрэг гарсан обьект нь 2019.12.01-ний өдрийн дохиолол хамгаалалтын гэрээний хавсралтын 2-т тусгагдсан “Н с” эсхүл 42-т нэмж тусгагдсан “Н” салбар аль нь болох эсэхэд маргаж мэтгэлцсэн байх бөгөөд хэргийн баримт, зохигчийн тайлбараар 3-р хороололд байрлах “Н” салбар нь 2 удаагийн дохиолол хамгаалалтын гэрээний хавсралтад заасан “Н с” нэрээр тусгагдсан, үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Харин 2 дахь буюу шинэчилж байгуулсан 2019.12.01-ний өдрийн гэрээний 42-т тусгагдсан “Номин их дэлгүүр салбар” нь 2-т бичигдсэн обьекттой давхацсан буюу өөр өөр нэрээр бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар, “О” ХХК болон “М” ХК-ийн хооронд 2019.03.22-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан даатгалын гэрээний хавсралтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн дохиолол хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг өөр өөр нийт 164 компанийн обьектыг даатгалын зүйлд хамруулж даатгаснаас 109 дүгээрт “Н” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд” гэж бичигджээ.

14.Дээр дурдсан баримт, зохигчийн тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүх харьцуулан үнэлж, улмаар зохигчийн маргааны зүйлийн талаар дүгнэхдээ “М” ХК нь даатгалын үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд даатгалын гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгохдоо “Н” ХХК-ийн Улаанбаатар хот дахь хаана байршилтай, хэдэн салбарыг даатгалын гэрээнд хамааруулан даатгаж байгааг нарийвчилж заагаагүй, даатгалын гэрээ байгуулахдаа дохиолол хамгаалалтын гэрээнд үндэслэсэн нь тогтоогдоогүй, иймээс зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хавсралтад заасан “Н” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд” гэдгийг үгийн шууд утгаар тайлбарлавал Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх салбар дэлгүүр хамаарах агуулгатай байх тул тухайн хулгайн гэмт хэрэг гарсан Б дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах “Н” салбарыг даатгалын гэрээнд хамаарна гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нэг даатгалын гэрээгээр зөвхөн “Н” ХХК-ийн Улаанбаатар хот дахь дэлгүүрүүдээс гадна өмнө дурдсанаар өөр бусад нийт 163 компанийн обьектыг даатгалд хамруулж, улмаар  даатгалын нийт үнийг 180,000,000 төгрөг гэж тогтоосон, нэхэмжлэгч хураамжид 900,000 төгрөг төлсөн бөгөөд үүнд, ямар компанийн нийт хэдэн обьектыг ямар аргачлалаар тус бүрийн үнэлгээг тогтоосон, улмаар гагцхүү “Н” ХХК-ийн 21 обьектыг л тодорхой байршлыг зааж даатгалд хамруулсан гэх үндэслэл  хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч нотлох баримт гаргаагүй тул хариуцагчийн “даатгалын зүйлийн тооноос шалтгаалж үнэлгээ тогтоодог, “Н” ХХК-ийн нийт 21 обьектыг даатгалын гэрээнд хамруулсан, хэрэв нэмж обьект даатгуулах бол  үнэлгээ, хураамж нэмэгдэх байсан” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

15.Түүнчлэн нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “М” ХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээгээр олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хүрээнд даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учирсан хохирлын хариуцлагыг даатгасан тул  гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед буюу 2020.03.01-02-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг гарснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн хамгаалалтын үйлчилгээнд эрсдэл учирч, даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэх үндэслэлтэй.

16.Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн учирсан хохирлын хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрт олговол зохих  31,113,000 төгрөгөөс өмнө олгогдсон 987,804 төгрөгийг хасч тооцон 30,125,195 төгрөгийг хариуцагч “М” ХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн гэж дүгнэв.

17.Мөн 2019.03.22-ны өдрийн  даатгалын гэрээний 9.1-д алдангийн талаар тодорхой тусгасан байх бөгөөд хоёр шатны шүүх хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алдангийг гэрээний үнийн дүнгийн 50 хувиар тооцож, нийт 15,071,097 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Учир нь, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль болон гэрээнд заасан үндэслэл тогтогдоогүй атал хариуцагч “М” ХК нь даатгалын гэрээний 13.5.4-т заасан хугацаанд буюу нэхэмжлэгчийн бүрдүүлсэн даатгалын нөхөн төлбөрийн баримтад холбогдох хяналт хийж хуанлийн 14 хоногийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд нөхөн төлбөр олгох үүргийг хүлээсэн, гэвч 2020.04.09-ний өдөр  987,804 төгрөгийг олгож, бусад төлбөрийг олголгүй хугацаа хэтрүүлжээ.

18.Хариуцагчийн төлөөлөгчийн “...даатгалын гэрээ зөвшөөрөгдсөн талбай, цэгүүдээс өөр байршилд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа талаар мэдэгдээгүй, давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын “мэтгэлцэх, өмгөөлүүлэх” эрхийг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

18.1.Нэгэнт зохигч даатгалын гэрээ байгуулахдаа “О” ХХК, “Н” ХХК-ийн нийт хэдэн обьектын дохиолол хамгаалалтын үйлчилгээтэй холбоотой эрсдэлийг даатгасныг нарийвчлан заагаагүй, нийтлэг байдлаар “Н” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж заасан учир гэрээний 12.7.1-д заасан үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзэхэд өрөөсгөл болно.

18.2.Хэргийн баримтаас үзэхэд давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг анх 2023.11.17-ны өдөр зарласан боловч хариуцагчийн өмгөөлөгч Т.З “хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг 2023.11.24-ний өдрийн 08 цаг 30 минутад хийхээр  товыг зохигчид  мэдэгджээ. 

2023.11.24-ний өдрийн  шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О нараас “...өмнө нь оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан, өнөөдөр бид хоёрт итгэмжлэл олгосон тул хэргийн материалтай танилцах хүсэлттэй байна, иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтийг давж заалдах шатны шүүх хангахгүй орхихдоо, “хариуцагч талын мэтгэлцэх, өмгөөлүүлэх эрхийг өмнө нь хангасан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөрчилсөн шалтгаан нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэл болохгүй” гэж үзэн хэргийг хэлэлцсэнийг буруутгах үндэслэлгүй.

19.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02046 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Т-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн 2023.12.27-ны өдөр төлсөн 388,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                          ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                       Д.ЦОЛМОН