Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2021/00280

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Т газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Т газрын даргын үүргийг гүйцэтгэгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016, 2017, 2018, 2019, онуудад дутуу авч байсан цалингийн зөрүү болох 8871500 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т газрын штабт орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицероор ажилладаг. Цэргийн албанд нийт 24 жилдээ алба хааж байгаа ба тус Цэргийн штабт 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний цалинг хууль тогтоомжийн дагуу олгохгүйгээр өдийн хүртэл хохироосоор байна. Сар бүр цалингаа дутуу авахаас гадна тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход асар их хохиролтой байна. Холбогдох албан тушаалтнуудад байнга хандаж байсан ба тухайн үед аймгийн Засаг даргын Т газрын дарга Т нь “Бид өөрсдийн төсвийнхөө боломжийн дагуу цалинжуулна. Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгох албагүй” гэх мэтчилэн хариу өгснөөр өнөөдрийг хүрлээ. Иймд 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу авч байсан цалингийн зөрүү болох 8871500 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Т газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Баян-Өлгий аймгийн Т газар  нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хугацааны цалинг тогтоосон хууль журмын дагуу олгохгүй байсан. Энэ тухай дээд удирдлагадаа болон Төрийн албаны зөвлөлд амаар болон бичгээр гомдол, хүсэлтээ гаргаж байсан. Цэргийн штабын офицер нь ТТ-13 зэрэглэлээр цалинжина гэж хуульд заасан байхад Баян-Өлгий аймгийн Т газрын дарга болохоор би одоо танд ТТ-13-аар цалин олгож чадахгүй, бид өөрсдийн төсөв бололцоонд захирагдана гэж ТТ-11-ээр цалин өгч байсан. Эхэндээ ТТ-9-ээр өгч байгаад сүүлд ТТ-11 болгосон. Энэ зэрэглэлийг Батлах хамгаалах яамны сайдын тушаал тогтоосон байдаг. Энийг цалин олгогч нь доошоо бууруулж өгөх нь ямар ч үндэслэлгүй байсан. Хоёрдугаарт, жишээлэхэд би хошууч цолтой хүн байхад ахлах дэслэгчийн цалингаар цолны нэмэгдлээр цалин олгож байсан. Энэ дашрамд дурдахад Батлан хамгаалах яамнаас манай аймагт ирээд ажиллаж явсан мэргэжилтэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогтоосон цолыг нэг аймгийн Т газрын дарга өөрөө дур мэдэн өөрчилж цалин өгдөг, түүхэнд байгаагүй зүйл байна” гэж гайхаж явсан. Миний хувьд байгууллагын даргын өөрсдийн эрх хэмжээний хүрээнд нэмдэг хасдаг цалин, урамшууллыг хүсээгүй. Зөвхөн хуулиар батлагдсан зэрэглэлээр цалинжихыг хүссэн. Ийм учраас шүүхэд хандсан. Өнөөдрийн хувьд хариуцагчаар оролцож байгаа тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч намайг дуудаад “Нийгмийн даатгалын шимтгэлийг чинь төлж өгье, харин тэр 9 сая төгрөгийг чинь гаргаж өгөх боломжгүй байна” гэж санал тавьсан. Нэгэнт би авах ёстой цалингаа нэхэмжилж байгаа болохоор хариуцагчийн тавьсан саналыг хүлээж аваагүй. Мөн нийгмийн даатгал маань цэргийн албан хаагчийн нийгмийн даатгалын төрөөс хариуцуулан явж байгаа. Ажилтан болон ажил олгогч байгууллага бас төлдөггүй, цаанаасаа тухай хүний авч байгаа цалингаараа тооцоод төр төлсөн гэдгээрээ тооцогдоод явдаг байна. Тийм болоод би тохиролцох боломжгүй болоод хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Өмнө би амаар болон бичгээр дутуу цалингаа нөхөж өгөөч гээд хангалттай өргөдөл гаргаж байсан. Миний хувьд хуулийн дагуу салбар зөвлөлд гаргадаг болохоос биш хуулийн хэлтсийн даргад хандаж гаргаагүй. Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н гэдэг хүнд өргөдлөө 2 жилийн өмнө  2019 онд өгч байсан. Хэдэн сард өгснөө сайн санахгүй байна. Харин Т газрын даргад өчнөөн удаа өгсөн боловч өрөөнд замхраад алга болсон байна. Тэгээд сүүлд Санхүүгийн хяналт, аудитын албанд хандсан нь үнэн. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Б нь хадам ахынхаа эхнэр гэдэг нь үнэн хариуцагчийн хэлж байгаа хуульд заасан хамаарал бүхий этгээд гэдэгт орохгүй. Улсын байцаагч Б-тэй энэ хуулийн заалттай хамаарал бүхий этгээд гэж би үзэхгүй байна. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний тухай хэллээ. Миний хувьд хөдөлмөрийн гэрээний субъект биш, төрийн тусгай албан хаагч. Хариуцагчийн тайлбарлаж байгаа 3 сарын хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа нь надад хамааралгүй гэж би бодож байна. Миний хувьд төрийн тусгай албан тушаалд 25 жил ажиллаж байна, удахгүй өндөр насны тэтгэвэрт гарна. Тэгээд энэ хугацааны дутуу олгож байсан цалин миний насаараа авдаг тэтгэвэрт нөлөөлж, асар их хохирол учруулаад байна. Тамгын газрын дарга төрийн хуулийг ингэж зохицуулаад, зөрчиж байгаа нь их муухай байна. Ийм учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний миний байгууллагын түр ч гэсэн удирдлагын хувьд байгууллагын нэг ч гэсэн ажилтнаа хохирохгүйн төлөө өөрт хэд хэдэн санал тавьсан. Гэхдээ нэхэмжлэгч миний тавьсан саналаас татгалзсан. Хоёрдугаарт, энэ хүний эрх нь зөрчигдсөн бол 2016, 2017, 2018, 2019 онуудад байгууллагын удирдлагад гаргаж байсан хүсэлт, гомдол, өргөдөл байхгүй байна. Би өмнө Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэст ажиллаж байсан хүний хувьд өргөдөл гаргаж байсныг мэдэхгүй. Мөн энэ хавтаст хэрэгтэй танилцахад Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан, тамгын газрын даргад гаргаж байсан өргөдөл, гомдол өнөөдөр энэ цаг хүртэл хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч Н-ийн авч байсан цалинд аудитын байгууллага шалгалт хийгээд акт тогтоосон байна. Энэ актыг үйлдсэн, хяналт шалгалт хийсэн Санхүү хяналт, дотоод аудитын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б гэдэг хүн нэхэмжлэгч Н-ийн хамаарал бүхий этгээд байна. Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заалтад зааснаар “хамаарал бүхий этгээд гэж, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн,  хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий этгээд” гэж тодорхойлсон. Тэгэхээр энэ Б гэдэг улсын байцаагч нь нэхэмжлэгч Н-ийн төрсөн хадам ахын эхнэр байгаа учраас шууд энэ хүнд хамаарал бүхий этгээдээр тооцогдохоор иргэн байна. Энэ хүний дутуу цалинтай байсныг он оноор нь гаргасан тооцооны баримтад мөн Б гарын үсэг зурсан байна. Актад гарын үсэг зурсан болон тооцог нь нийлж өгсөн гарын үсэг бол адилхан байгаа учраас хамаарал бүхий этгээд маань ашиг сонирхлын зөрчил гаргаад нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан гэж хэлэх боломжтой байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч 2016 онд авах ёстой цалин ТТ-13 байхад ТТ-11-ээр олгож байна, Батлан хамгаалах яамны сайдын тушаал гарсан боловч тухайн тушаалаар цалин олгоогүй, сүүлд аудитын байгууллага акт тогтоож өгсөн гэдэг байдлаар шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэ хүн сар бүр цалин авч байгаа, бүхэл бүтэн 3 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн цалин авах ёстой, одоо хэдэн төгрөгийн цалин авч байгааг сайн мэдэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны хувьд дууссан гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “төрийн тусгай албан тушаал” гэж төрийн албан тушаалын ангиллыг зааж өгсөн ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна:..13.1.4-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага” гэж зааж өгсөн байна.

Үүгээр нэхэмжлэгч Н Баян-Өлгий аймгийн Т газрын штабт орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицер буюу төрийн тусгай албан хаагч мөн гэдэгт хариуцагч маргаагүй болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар халдвар өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд  буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдол болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасан байна.

Иймээс нэхэмжлэгч Н-ээс аймгийн Санхүүгийн хяналтын даргад өргөдөл гаргаснаар аймгийн Т газрын 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчлэн хяналт шалгалт хийж, Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай “Дутуу олгосон цалин, хөлсийг эргүүлэн олгох тухай” актад Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний  Н/05 тоот тушаалаар аймгийн Т газрын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер Н-ийн цалингийн зэрэглэлийг ТТ-13-аар тогтоож өгсөн боловч үндсэн цалинг 2016 онд ТТ-11-ийн 3 дугаар шатлалаар, 2017 онд ТТ-11-ийн 3 дугаар шатлалаар, 2018 оны 09 дүгээр сар хүртэл, ТТ-11-ийн 3 дугаар шатлалаар, 2018 оны 09,10 дугаар сард ТТ-12-ийн 5 дугаар шатлалаар, 2018 оны 12 дугаар сард ТТ-11-ийн 3 дугаар шатлалаар олгосон байна. Удаан жилийн нэмэгдлийг Засгийн газрын 2000 оны 02 дугаар тогтоолоор баталсан Зэвсэг хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын дагуу 20-24 жил алба хаасан бол 20%-иар тогтоож өгсний дагуу шалгахад 2016 онд 15%, 2017 онд 15%, 2018 онд 15%, 2019 онд 15% олгож ирсэн байна. Цолны нэмэгдлийг Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолоор баталсан Зэвсэг хүчин, бусад цэргийн албан хаагчдын цэргийн цолны цалингийн хувь хэмжээг тогтоож өгөх тухай журмын дагуу шалгахад Н-д Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаар тушаалаар ахмад цолыг, Зэвсэг хүчний жанжин штабын даргын 2017 оны 7 дугаар сарын Б/499 тоот тушаалаар хошууч цолыг олгосон ба Зэвсэг хүчний жанжин штабын ахмад цолд 30%-ийн, хошууч цолд 32%-ийн нэмэгдэл олгох боловч 2016, 2017, 2018, 2019 оны 1, 2 сар хүртэл 28%-иар, 2019 оны 3 сараас 32%-иар олгосон байна. Онцгой нөхцөлийн нэмэгдлийг Засгийн газрын 2004 оны 123 дугаар тогтоолын 3 албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож сар бүр олгоно гэж заасны дагуу шалгахад 2018 оны 9 дүгээр сараас эхлэн олгоогүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41.2.2 “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах. 16.5.3 “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэснийг болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол, 2018 оны 264 дугаар тогтоол, 2019 оны 24 дүгээр тогтоолуудыг тус тус зөрчиж хувь хүнийг хохироож ирсэн байдал илэрсэн болно. Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 6.3-т заасныг үндэслэн аймгийн штабын ажилтан Н-д дутуу олгосон хавсралтад заасан нийт 8871,5 мянган төгрөгийг эргүүлэн олгож хохиролгүй болгох ....аймгийн Засаг даргын Т газрын дарга Т, нягтлан бодогч Б нарт актаар хариуцуулсан байна...хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Энэхүү актын агуулгаас үзэхэд ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т газар нь Н-ийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоогүй асуудал нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ажилтан нь...цалин хөлс авах..., хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах...эрхтэй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д “ажилтан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтооно”, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд нь энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Н нь хуулийн дээрх заалтуудаар цалин хөлсний бүрдэлд хамаарах цалин хөлсний зэрэглэл шатлалын дагуу олгохгүй дутуу олгосон өдрөөс болон онцгой нөхцөлийн нэмэгдлийг  авах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд ажил олгогчоос 10 хувийн зэргийн нэмэгдэл олгохыг зогсоосныг мэдсэнээс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байхад энэ эрхээ эдлэхгүйгээр 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай “Дутуу олгосон цалин, хөлсийг эргүүлэн олгох тухай” актыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Х, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б нар үйлдсэн боловч актыг танилцаж зөвшөөрсөн гэдэгт Баян-Өлгий аймгийн Т газрын дарга Т, нягтлан бодогч Б нар гарын үсэг зураагүй нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3-т “Дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь энэ журмын 6.1, 6.2-т зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 6.1.3-т “санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах”, 6.3.2-т “хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж, гарын үсэг зурах”, 6.3.3-т “хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлгэх тухай хуулийн 3 дугаар 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн,  хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий этгээд” гэж тодорхойлсон бөгөөд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай “Дутуу олгосон цалин, хөлсийг эргүүлэн олгох тухай” актыг тогтоосон Санхүү хяналт, дотоод аудитын хэлтсийн Санхүүгийн хяналт шалгалт аудитын албаны улсын байцаагч Б нь нэхэмжлэгч Н-ийн төрсөн хадам ахын эхнэр гэдгийг үгүйсгээгүй тул Н болон Б нар нь нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий этгээд гэж дүгнэх нь зүйтэй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай “Дутуу олгосон цалин, хөлсийг эргүүлэн олгох тухай” акт нь хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Н нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156894 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д  заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Т газраас 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу олгосон цалингийн зөрүү болох 8871500 (найман сая найман зуун далан нэгэн мянга таван зуун) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  156894 (нэг зуун тавин зургаан мянга найман зуун ерэн дөрвөн) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК