Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

2024        5             30                                            2024/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

Улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч Г.О, Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.О, Э.У нарт холбогдох эрүүгийн 2435000000099 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *****************суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ***************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69.1 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар эцэг эхийн хараа хяналтад өгөх албадлагын арга хэмжээ авагдсан,

-Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш ургийн овогт Г.О /РД:**************/;

Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн *************** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх 3 дүүгийн хамт ***************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б ургийн овогт Э.У/РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О, Э.У нар нь бүлэглэн Увс аймгийн **************тоотод байрлах хохирогч Г.Дийн хувийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч 25,000 төгрөг, дунд гарын нэг ширхэг мөнгөн аяга хулгайлж нийт 193,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О, Э.Унар нь бүлэглэн Увс аймгийн **************тоотод байрлах хохирогч Г.Дийн хувийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч 25,000 төгрөг, дунд гарын нэг ширхэг мөнгөн аяга хулгайлж нийт 193,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.У, Г.О нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-11 дүгээр тал), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дугаар тал), дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дугаар тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-22, 23-24 дүгээр тал), хохирогч Г.Дийн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53, 55 дугаар тал), гэрч П.Оийн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал), гэрч Б.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал), гэрч П.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал), гэрч Т.Оын мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал), Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Шинэбатын гаргасан дүгнэлт (хавтаст хэргийн 84-85 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.У, Г.О нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Г.Д “Манай гэрт 4 дүгээр сарын 14-нд хулгай орсныг цагдаагийн газарт мэдэгдэж, газар дээр нь шалгалт хийгээд тэр орой хулгайчдыг олсонд баярлалаа, хохирлыг бүрэн арилгаж өгсөн тул гомдолгүй” гэх хүсэлтийг нотариатчаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 47 дугаар тал) байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.У, Г.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Од 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Уд 1 жил 03 сарын хугацаагаар хорих ял тус тус  оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.5 грамм нимгэн металл, бор шаргал өнгийн тагш, дундаа нүхтэй төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Дт буцаан өгөх, 27 сантиметр урттай арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.О, Э.У нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 117,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 58,500 төгрөгийг хураан авч хохирол төлөгдсөн тул улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Г.О, Б ургийн овогт Э.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Од 1 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял, Э.Уд 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Э.Унарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нар нь хохирогч Г.Д, иргэний нэхэмжлэгч Т.О нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 117,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 58.500 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.5 грамм нимгэн металл, бор шаргал өнгийн тагш, дундаа нүхтэй төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Дт буцаан өгөх, 27 сантиметр урттай арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

                            ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН