Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/577

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч А.Намдаг, шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 0266дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Т.У, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүрэг ** дугаар хороо, Алтан Овоо ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:

-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 1 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан овооны ** тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Ү-тай хоол хий хэмээн маргалдаж нүүр хэсэгт нь духаараа мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч,Т овгийн Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан овооны ** тоотод, гэртээ хамтран амьдрагч Б.Ү-г “хоол хий” хэмээн маргалдаж нүүр хэсэгт нь духаараа мөргөж,биед нь“тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын завжинд язарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал,хохирогч Б.Ү-гийн “...Т.У намайг хоол хий гэхээр нь би мах гэсээгүй байна, жаахан байж байгаад хийе гэсэн чинь “яахаараа ингэж өөдөөс муухай ааш гаргаж байдаг юм” гээд бид хоёрын дунд маргаан гарсан. Би архи нэлээн уучихсан согтуу байсан учир сайн санахгүй байна. Т.У бид хоёр зууралдаад Т.У миний хамар хэсэгт нэг удаа мөргөж миний хамар цөмөрсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1881 дугаартай: “Б.Ү-гийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих цохигдох өшиглөх үйлчлэлээр 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.Цаашид         ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13 дахь тал)зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.У нь яллагдагчаар “...Б, түүний эхнэр У, Б.Ү бид дөрөв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...намайг унтаж байхад Б.Ү согтчихсон дүү У болон Б нар луу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би босоод унтуулах гээд ноцолдож  байгаад хамар хэсэгт  нь мөргөчихсөн...” гэж (хавтаст хэргийн 22 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...урьд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй..” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.     

 

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.У нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1881 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.У-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ү-ийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Т.У, хохирогч Б.Ү нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Т.У нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ү нь сэтгэцийн гэм хорыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.У-ыг бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй,шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.У-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 70-76 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал),Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэрийн 29-38 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг үнэлэв.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгохшийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Т.У-д оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний цалин, орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

           2.3.      Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т овгийн Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-д оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.У-д сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин  төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА