Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

2024        5             31                                            2024/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2435000000120 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ************* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ********************************ажилтай, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт ******************************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З ургийн овогт Д.Д /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********************багийн нутагт 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Г.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********************багийн нутагт 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Г.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Г.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8,10 дугаар тал), гэрч Б.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал), гэрч Т.Уын мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал), Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Одбаярын  гаргасан дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Г.А “Д овогтой Д нь надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй цаашид санал хүсэлт гомдол байхгүй болно” гэх хүсэлтийг нотариатчаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 58 дугаар тал), дансны хуулга зэргээр шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

                            ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН