Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 919

 

2020           7              16                                          2020/ДШМ/919                        

 

     Б.Шт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Шт холбогдох эрүүгийн 1908026830807 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Б-ны Ш, Улаанбаатар хотод төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 ны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял,

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн;

          Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ггийн “Samsung S7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, бусдад 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Б-ны Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 2 (хоёр жил) 11 (арван нэг) сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Шт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 136 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Шын биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын цагдан хоригдсон 196 (нэг зуун ерөн зургаа) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шаас 110,000 (нэг зуун арван мянга) төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хохирогч Б.Гд төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Б.Ш Хархорин зах дээр хулдаасны наймаа хийж, бага насны охин, эхнэрийн хамт амьдардаг хувийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 11 сар 17 хоногийн хорих ялыг хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ял болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ш нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэжээ..

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Ш өмнө нь 3 удаа ял шийтгэгдсэн ба шийтгүүлсэн ялаас зайлсхийж бүрэн эдэлж дуусаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ш нь ялтай байх хугацаандаа өөрийн хувийн байдалдаа огт дүгнэлт хийлгүйгээр согтуугаар бусдын өмчлөх эрхийн эсрэг санаатай гэмт хэргийг дахин үйлдсэн. Иймд шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ггийн “Samsung S7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, бусдад 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч Б.Ггийн “...согтуу залуу намайг гараараа цохих гээд “утсаа өгчих, ганц ярьчихаад өгье” гэхээр нь би айсандаа өөрийн халаасанд байсан гар утсаа өгсөн. ...Нэг хүн нь “эндээс холдъё” гээд 10 дугаар байрны орцноос гараад “Депо” захын хойд талаар алхаад явсан. Би тухайн үед гар утсаа харангаа нөгөө согтуу хүнийг бараадаад алхаж байсан чинь миний гар утсыг авсан хүн ард хоцроод үлдсэн. Оргио миний гар утсыг авсан хүн дээр очоод тэр хүнтэй хамт таксинд суугаад явчихсан. ...тэр хүн намайг үг хэлээр дарамталж, “... чи надад томроод байвал ална шүү” гэж байсан. Хэрвээ гар утсаа өгөөгүй бол цохиж магадгүй байсан. ...” /хх 12-13/

гэрч О.Оргилболдын “... Баньдка нөгөө залуугаас “гар утсаа өгч бай, би ганц яриад өгье” гэсэн чинь нөгөө залуу гар утсаа гаргаж өгч байгаа харагдсан. ...Бид нар 58 дугаар байрны хажуугаар гараад явж байтал Баньдка ард хоцроод үлдсэн. Би урд алхаж байгаад буцаад Баньдка дээр ирсэн чинь такси зогсоогоод суухаар нь би дагаж суусан. Би “наад хүний гар утас өгөхгүй юм уу” гэсэн чинь Баньдка явж байсан таксигаа зогсоогоод намайг буулгаад цаашаа явчихсан. ... тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Харин үг хэлээр дарамталсан асуудал байж магадгүй. ...” /хх 23-24/,

 

гэрч Ү.Билгүүний “... Б.Ш тэр үл таних хүүхдээс “утсаар чинь нэг ярьчихъя”  гэхэд тэр хүүхэд “миний утас мобикомын сүлжээнд үнэгүй ярина” гэж хэлээд гар утсаа өгсөн. Тэгээд Б.Шинэрбаяр элдвээр хараагаад хүн рүү залгах гээд байх шиг байсан. ... Б.Ш ард үлдээд нөгөө хүүхдийн утсыг аваад байрны хажуугаар булан эргээд замаас таксинд суусан. Нөгөө хүүхэд “миний утсыг аваад явчихлаа, та аваад ирээч” гэж Оргилболдод хэлэхэд О.Оргилболд Б.Шын араас гүйсэн. ...” /хх 23-24/

 

Б.Шын яллагдагчаар өгсөн “... би тэр залууг элдвээр харааж дарамтлаад “гар утсаа өгчих, нэг яриад өгье” гэж хэлсэн. Тэр залуу надад “Samsung S7” маркийн ар талын шил цуурсан, цэнхэр өнгийн гадаргуутай, хар өнгийн гэртэй гар утас өгсөн. ...тэгээд хамт явж байсан хүүхдүүдийг урагшаа явахаар нь би тэд нарын ард үлдээд тэр хэдийг анзаараагүй байхад гар утсыг аваад зам руу гүйгээд 58 дугаар байрны булан эргээд такси бариад явсан. ...зодож цохисон асуудал байхгүй. Согтуу байсан тул хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн. ...” /хх 70-74/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Тэнгэр эстимэйт” ХХК-ийн “Самсунг эс 7 эджи” маркийн гар утасны үнийг 300,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

             Шүүгдэгч Б.Шын хохирогч Б.Ггийн гар утсыг “утсаа өгчих, ганц ярьчихаад өгье, томроод байвал ална шүү” гэж хэлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 жил 11 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх бүрэн боломжтой. Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 11 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ