Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0056

 

Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я:А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Я.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн. Ингээд 2017 оны 02 дугаар сард Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар өргөдөл гаргасан ба миний өргөдлийг хүлээн аваагүй. Улмаар уг орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт явуулж, би 88 оноо авч нэгдүгээр байранд орсон. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор намайг Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоор нэр дэвшүүлж, төрийн албаны сайтад байршуулсныг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би өөрөө олж мэдсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүд нь бямба, ням гараг буюу амралтын өдөр таарсан ба 03-ны өдрөөс 06-ны өдөр хүртэл ажлын 4 өдөр таарч, уг өдрүүдэд би Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон Төрийн албаны салбар Х аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Цэлмэгтэй уулзаж, ажилдаа орох талаар хүсэлт гаргахад “...Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь сонгуулийн ажилтай байгаа, одоохондоо ирэх боломжгүй байна, таныг ирснийг дамжуулж хэлнэ, таныг утсаар дуудна...” гэж  хэлсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон ба энэ өдрөөс хойш 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл улсын баяр наадам, 15, 16-ний өдрүүд нь мөн амралтын өдөр тохиосон.

Дараа нь буюу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Засаг даргын Тамгын газрын даргатай уулзах гэсэн боловч ээлжийн амралтаа аваад явсан, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ирэхгүй гэж хэлсэн.

Гэтэл намайг уг албан тушаалд томилохгүй байгаа үндэслэл нь төрийн албаны сайтад нэр дэвшүүлсэн тогтоолыг байршуулснаас хойш 1 сарын хугацаанд биеэр ирж уулзаагүй гэдэг ба би үүнийг мэдэж байсан болохоор аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн хурлын дарга Г.Пүрэвгандитай уулзаж, хүсэлтээ гаргаж байсан. Хуульд заасан 1 сарын хугацаа өнгөртөл Засаг даргын Тамгын газрын даргатай уулзах гэж олон удаа очсон.

Ингээд би Монгол улсын Төрийн албаны зөвлөл болон Улсын Их хурлын гишүүн Батнасанд хандсан. Төрийн албаны төв зөвлөлөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр намайг томилох тухай албан бичиг ирүүлсэн боловч намайг уг албан тушаалд томилоогүй.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.1.2-т зааснаар ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгэгч томилох бөгөөд энэ журмын дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нь түр орлон гүйцэтгэгчээ томилох ёстой гэж үзэж байна.

Иймд Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн гаргасан гэв.

 

Хариуцагч, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Я.А-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам” 6.2.1-д “Хэрэв нэр дэвшсэн иргэн “Мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэний төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухайгаа бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ...” гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд өрсөлдөн шалгарсан нэхэмжлэгч Я.А-ийг төрийн жинхэнэ албанд анх орох нөөцөд бүртгэж, уг шийдвэрийг мөн өдрөө www.csc.gov.mn сайтад байршуулжээ. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нь шалгарсан ажлын байранд томилогдохоор ирээгүй, томилох эрх бүхий субъект надтай уулзаагүй болно.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан Я.А нь өрсөлдсөн албан тушаалд томилогдохоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай биечлэн ирж уулзаагүй гэж сонссон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д “Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасан. Үүний дагуу Төрийн албаны төв зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх журмыг баталсан байдаг. Энэ журмын 6 дугаар зүйлд нөөцөөс нэр дэвшүүлэх талаар заасан. Энэ журмын дагуу Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны төв зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийг нэр дэвшүүлсэн байдаг. Нэр дэвшүүлсэн албан тушаалд нэр дэвшсэн иргэн нь томилогдохгүй байх, тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан бол хэрхэн дараагийн хүнийг нэр дэвшүүлэх бэ гэдгийг тодорхой заасан байдаг. Төрийн албаны төв зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшүүлсэн төрийн албаны шийдвэр цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр ирж уулзаагүй, эсвэл томилогдохоос татгалзсанаа бичгээр илэрхийлээгүй бол төрийн албаны нөөцөөс хасагдсанд тооцно гэж заасан. Энэ тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн албаны зөвлөл нь онооны дарааллыг баримтлан дараагийн хүнийг нэр дэвшүүлнэ гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн сайтаас үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоол гарсан өдрөө цахим хуудсанд байршсан байдаг. Энэ цахим хуудсанд байршсанаас хойш 2017 оны 09 дүгээр сар гартал нэхэмжлэгч нь 1 сарын хугацаанд ажил олгогчтой ирж уулзаагүй.

Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/50 дугаар албан бичгээр Төрийн албанд анх орох иргэдийн нөөцийг бүрдүүлэх журмын 6.2.1-д заасны дагуу нэр дэвшигчийг нөөцөөс хасагдсанд тооцож дараагийн хүнийг томилуулахаар захиалга өгсөн байдаг. Ингээд онооны дэс дарааллын дагуу дараагийн хүнийг томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өгсөн.

Нэхэмжлэгч Я.А-ийг нөөцөөс хасуулах албан бичгийг хүргүүлсэн байдаг. Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй байхгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн бол ус үйлдэхүйг тогтоолгохыг даалгах шийдвэр гарах ёстой. Захиргааны актыг гаргахгүй гэж татгалзсан эс үйлдэхүй байхгүй юм. Гэхдээ нэхэмжлэгч нь би биеэр ирж уулзаж байсан гэдэг боловч энэ нь хавтаст хэрэгт бүрэн дүүрэн тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргатай ирж уулзсан байхыг үгүйсгэхгүй. Мөн тухайн үед төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэлмэг нь нэхэмжлэгчийг ирж уулзсан зүйл байхгүй гэдгийг хэлдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй юм.

Тухайлбал, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон Төрийн албаны тухай хууль, Нөөцөөс нэр дэвшүүлэх журамд зааснаар 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр цахим хуудас дээр нэр нь гарсан гэдгийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Төрийн албаны тухай хууль болон нөөцөөс нөхөх журмын дагуу 1 сарын хугацаанд нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай биеэр уулзах гэж явсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон CD бичлэгээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчийг надтай уулзаагүй гэж хэлээд байдаг.

Харин албан үүргийг нь түр орлож байсан ажилтантай уулзаагүй гэж хэлээгүй. Гэтэл нэхэмжлэгч нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай биеэр уулзах боломжгүй байсан гэдгийг тайлбарласан. 2017 оны 7 дугаар сард ажлын 4-хөн хоног байсан. 07 дугаар сарын 03-наас 06-ний өдрүүдэд ажлын өдөр байсан ба Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Цэлмэгтэй уулзахад “дарга сонгуулийн ажилтай гадуур явж байгаа, утсаар тань холбогдоно” гээд нэхэмжлэгчийг явуулсан байдаг. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж бүх нийтээр амарсан. Мөн Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуульд заасан амралтын өдрүүд таарсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Тамгын газрын даргатай уулзахаар очиход аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ээлжийн амралтаа авсан гэж хэлсэн байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 07 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Гэтэл нэхэмжлэгчийг 2017 оны 7 дугаар сарын ажлын 4 өдрийн дотор ирж уулзаагүй гэж үзээд байгаа юм. Биеэр уулзах нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам буюу Засгийн газрын 62 дугаар тогтоолын 4 дүгээрт түр орлон гүйцэтгэх талаар зохицуулж өгсөн. Байгууллагын даргын эзгүй байх хугацаанд түр орлон гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд тусгайлсан шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Засаг даргын Тамгын газрын дарга амралттай байх хугацаанд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга албан үүргийг нь орлож байсан гэдгийг нотолж чадсангүй. Хэрвээ орлож байсан бол тусгайлсан шийдвэр гаргах эрхтэй байсан эсэхийг ярих ёстой юм. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай уулзахаар очсон гэдгийг CD бичлэгээр нотлогдож байна.

Иймд биеэр ирж даргатай уулзаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн төрийн албанд томилох эрхийг зөрчсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн биеэр очиж уулзах, томилох хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дууссан. Ингээд Төрийн албаны төв зөвлөлд хандсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн болох нь Төрийн албаны төв зөвлөлөөс ирүүлсэн баримтаар нотлогдсон. Тамгын газрын дарга нь шүүхэд маргаан үүссэний хойно Б.О-ийг албан тушаалд томилсон байна. Шүүх хуралдаан товлогдон зарлагдсанаас хойш гуравдагч этгээд Б.О-ийг томилсон үйл ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Мөн Төрийн албан зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолд өөрчлөлт ороогүй, нөөцөөс нэхэмжлэгчийн нэр нь хасалт хийгдээгүй болох нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1265 дугаар албан тоотоор нотлогдож байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 6.2.1-д заасныг өөрөөр тайлбарлаж байна. Нөөцийн жагсаалтаас хасах, хасагдсанд тооцох эрх нь Төрийн албаны зөвлөлд байдаг. Нөөцийн жагсаалтаас нэхэмжлэгчийг хассан нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь яагаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Улсын Их хурлын гишүүнд хандах болсон юм бэ гэдэг нь эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн тул боломжит байдлаар хандсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн телевизэд өгсөн ярилцлагад нэхэмжлэгчийг уулзах гэж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүхэд маргааныг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан юм. Төрийн албаны тухай тогтоол биелэгдэхгүй байх тул нэхэмжлэгч нь шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.А нь Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Я.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Я.А  нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт”-ын 1 дүгээрт бүртгэгдэж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолтой, мөн уг тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн цахим санд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байршуулсан  талаар аль аль нь маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч “...Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд өрсөлдөн шалгарсан Я.А-ийг төрийн жинхэнэ албанд анх орох нөөцөд бүртгэснээс хойш 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд уг ажлын байранд томилогдохоор ирээгүй, томилох эрх бүхий субъект надтай уулзаагүй болно...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.    

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын  хавсралт Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6.2.1-д “...Хэрэв нэр дэвшсэн иргэн “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн  шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн  ажлын байранд  томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол иргэнийг  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцогдсон иргэний мэргэшлийн шалгалтын эх материалыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.

Төрийн албаны зөвлөл дээр дурдсан материалыг хүлээн авмагц “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” шийдвэрт өөрчлөлт оруулан нөөцийн жагсаалтаас хасалт хийнэ” гэжээ.

Дээрх журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн 129 дүгээр тогтоолыг хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим санд байршуулсан ба нэхэмжлэгч Я.А  нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор хариуцагчтай уулзах байсан ба энэ журмыг зөрчсөн тул хариуцагч тухайн албан тушаалд томилох боломжгүй талаар тайлбарлаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 129 дүгээр тогтоол Төрийн албаны зөвлөлийн цахим санд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байршсанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.5-д зааснаар 7-р сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүд нийтээр амрах баярын өдөр байсан, мөн  хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18 хоногийн ээлжийн амралттай байсан болох нь Х аймгийн Засаг даргын амралтын хуудсаар нотлогдож  байна.

Мөн хариуцагчийн Х телевизийн “Иргэдийн санал, гомдлын мөрөөр” нэвтрүүлэгт  2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  өгсөн “... Я.А нь намайг амралттай байх хугацаанд  нэг удаа уулзах гэж ирсэн талаар манай нарийн бичиг хэлсэн. Би А-ийг одоо ирээд уулзсан ч тухайн албан тушаалд томилоход бэлэн байна...” гэсэн ярилцлагаас үзэхэд Я.А нь хариуцагчтай дээрх журамд заасан хугацаанд уулзахаар очсон болох нь нотлогдох ба нэхэмжлэгчийн хариуцагчтай уулзах боломжгүй байсан нөхцөл нь тухайн өдрүүдэд амралтын өдрүүд таарсан мөн хариуцагч ээлжийн амралттай байсан зэрэг шалтгаан нөхцөлүүд нөлөөлсөн  ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргасан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Х аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/266 тоот албан бичгийг хүргүүлсэн  нь Я.А-ийн “Тамгын газрын даргатай уулзах гэсэн боловч амарсан байсан тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөдөл гаргаж байсан ...”  гэснийг давхар нотолж байна.

Захиргааны ерөнхий  хуулийн 94 дүгээр зүйлд “Захиргааны актыг  энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор  гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч  Я.А нь хариуцагчийг тухайн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой өргөдлөө Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1031 дугаар албан бичгээр холбогдох хариуг Я.А болон Төрийн албаны зөвлөлийн Х аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 1031 дугаар албан бичигт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн зэргээс  харахад нэхэмжлэгчийг 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хариуцагчтай ирж уулзаагүй гэж буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь дээд шатны байгууллагад хандаж хуулийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Хариуцагч нь...Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын  04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.2.1-д заасны дагуу Я.А-ийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцсон..” гэж тайлбарлах боловч Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1265 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 129 дүгээр тогтоол, түүний хавсралтад Я.А-т холбогдох хэсэгт өөрчлөлт ороогүй, хасалт хийгдээгүй болох нь нотлогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нь Я.А-ийг албан тушаалд томилоогүй шалтгаанаа “1 сарын дотор томилох эрх бүхий албан тушаалтантай ирж уулзаагүй” гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн дээрх тайлбар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасныг зөрчжээ.  

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Я.А-ийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасантай нийцэж байх ба ийнхүү нэр дэвшүүлсэн иргэнийг зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргах нь хариуцагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.

Гэтэл хариуцагч Х аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь дээр дурдсан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан байх ба энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байх тул шүүх  хариуцагчийн  Я.А-ийг Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Засаг даргын тамгын газрын даргын   Я.А-ийг Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Х аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ