Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 07

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа

Улсын яллагч Б.Сансарбаяр

Шүүгдэгч Ц.Чүлтэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтын Чүлтэмбаярт холбогдох 201713010001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 26-нд Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Цогтын Чүлтэмбаяр /РД:ИЧ97032614/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Чүлтэмбаяр нь Завхан аймгийн Асгат сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөнд цагдаагийн дэд ахлагч Ө.Ядамсүрэнг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь баруун шанаа тус орчим нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. \яллах дүгнэлтээр\

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Ц.Чүлтэмбаяр нь төрийн албан хаагч болох цагдаагийн байгууллагын албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ө.Ядамсүрэнгийн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг 50 минутын орчим Мөнх-Эрдэнэ гэгч хүнээс Чүлтэмбаярыг агсан тавиад байна гэсэн дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч Э.Бямбадоржийн хамт очиж Чүлтэмбаяр гэх хүнийг нийтийн хэв журам зөрчиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан агсан тавьж байхад нь үйлдлийг нь таслан зогсоож Цагдаагийн хэсэг дээр авчирсан. Цагдаагийн хэсэг дээр авчираад асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөхөөр ээжийг нь дуудсан ба энэ хугацаанд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Би ээжийг нь ирэх хооронд Чүлтэмбаярт архи согтууруулах ундаа хэрэглэж, агсан согтуу тавьж болохгүй талаар ухуулга яриа хийсэн. Тэгээд ээж нь болох Мягмарсүрэн, хойд эцэг болох Батбаяр нар ирэх үед Чүлтэмбаяр нь над руу дайрч миний өмсөж явсан куртикнээс зуурч, сугыг нь оёдлоор нь ханз татаж, баруун шанаан тус газарт 1 удаа цохьсон. Би хоёр гарыг нь хориглон барих үед хэсгийн төлөөлөгч болон эцэг эх нь Чүлтэмбаярыг салгаж авсан гэх мэдүүлэг,

Гэрч Э.Бямбадоржийн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн иргэн Мөнх-Эрдэнэ гэгч эмэгтэйгээс ...Чүлтэмбаяр агсан тавиад байна. Энэ хүнээ ирж ав Цэнд-Очирынд байна... гэсэн. Би хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Ядамсүрэнг дагуулаад тус айлд очиход Цэнд-Очир, Мөнх-Эрдэнэ нар байсан. Мөнх-Эрдэний нөхөр цаад өрөөнд нь унтаж байсан. Цэнд-Очирын эхнэр нь гоожуурынхаа хажууд унтаж байсан. Чүлтэмбаяр гэгч нь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйтэй хэрэлдээд Цэнд-Очир орон дээр тэврээд сууж байсан. Чүлтэмбаярыг тухайн айлаас гаргаад Цагдаагийн хэсэг дээр дагуулж ирэхэд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, тавьсан шаардлагыг биелүүлж байсан. Тэгээд ээж Мягмарсүрэнд нь хүлээлгэж өгөх гээд дуудчихаад хүлээж байсан. Хэсгийн цагдаа Ө.Ядамсүрэн архи согтууруулах ундаа хэрэглэж, агсан согтуу тавьж болохгүй талаар ухуулга яриа хийж байсан. Гэтэл Мягмарсүрэн, Батбаяр нар ирээд асран хамгаалагч нарт нь хүлээлгэж өгөх гэж байтал Чүлтэмбаяр нь Ядамсүрэн рүү ална шүү хэмээн дайрч хувцаснаас нь зууран, цохиод авах шиг болохоор нь би Чүлтэмбаярыг салгасан. Тэгээд Чүлтэмбаярыг Мягмарсүрэн, Батбаяр нарт хүлээлгэж өгөөд явуулсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Батбаярын: ... 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын төвд гэртээ амарч байтал Чүлтэмбаярыг Цагдаагийн хэсгээс ирж ав гэж байна гэж Мягмарсүрэн надад хэлсэн. Би Мягмарсүрэнтэй Цагдаагийн хэсэг дээр ирэхэд Цагдаагийн хэсгийн байрны гадаа Бямбадорж байсан. Байрны дотор хэсгийн цагдаа Ө.Ядамсүрэн, Чүлтэмбаяр нар тайван сууж байсан. Тэгээд Чүлтэмбаяр бид хоёрыг хараад цагдаатай муудалцаад барьцалдсан. Хэн хэнийгээ цохьсон гэдгийг би сайн хараагүй. Тэгээд тэр хоёрыг салгахад тэр хоёр хэрэлдээд байсан. Би Мягмарсүрэнтэй Чүлтэмбаярыг аваад гэрт нь хүргэж амраасан. Миний ойлгосноор цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд ийм байдалд хүрлээ гэж ойлгосон.....гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Чүлтэмбаярын: ...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим цагдаа нар намайг архи ууж агсан согтуу тавилаа гээд чанга чанга дуугаар дээрэнгүй харьцаад байсан. Тэгээд аав ээж хоёрыг ороод ирэхээр нь би цагдаа Ядамсүрэнгийн баруун шанаа тус газарт зүүн гараараа нэг удаа цохиод хувцаснаас нь татахад куртикных нь суганы оёдол ханзарсан. Тэгээд аав, ээж болон хэсгийн төлөөлөгч намайг болиулаад аав ээж хоёрт намайг хүлээлгэж өгөөд би гэртээ харьж амарсан. Би тухайн үед жаахан согтуу байсан боловч болсон явдлыг бүгдийг нь сайн санаж байна. Тухайн үед Ядамсүрэнг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг мэдэж байсан... гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн:

1. Ө.Ядамсүрэнгийн биед баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

4. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №172006 дугаар дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Чүлтэмбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Чүлтэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Чүлтэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтын Чүлтэмбаярыг төрийн албан хаагч болох цагдаагийн байгууллагын ажилтныг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чүлтэмбаярыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чүлтэмбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чүлтэмбаярын өмчлөлийн эм хонь 5, эм ямаа 5 буюу нийт 600000 төгрөгийн бог малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Чүлтэмбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, ялтанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР