| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
2024 6 04 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
Улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Нандинцэцэг,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2435000540101 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ********************** төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ********************** сумын 9 дүгээр багийн 1331 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шангас ургийн овогт Ц.Б /РД:******************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 23-ны шөнө ********************** сумын нутаг дэвсгэрт согтуугаар “Киа спектра” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 23-ны шөнө ********************** сумын нутаг дэвсгэрт согтуугаар “Киа спектра” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Ж.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал), гэрч Д.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал), гэрч У.Шын мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 хугацаагаар тэнсэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, мөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид сануулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангас ургийн овогт Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН