Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 08

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр

Нарийн бичгийн дарга Г.Баттулга нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Б.Б, Бовогт Х.П нарт холбогдох эрүүгийн 201613010040 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн,  төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... оршин суугч, урьд ял шийтгэлгүй, Бовогт Б.Б, /РД: МЗ83121676/,   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...................... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, 1 хүүхдийн хамт ......... тоотод оршин суугч, урьд ял шийтгэлгүй, Бовогт Х.П /РД:........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нар нь зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр буюу “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газраас нийт 3,7657м3 куб хар мод /шинэс/ бэлтгэж, тус модыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-нд шилжих шөнө Б.Баярболдын эзэмшлийн 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд 264.352 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нар нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газраас 4 метрийн урттай 52 ширхэг, нийт 3,7657м3 куб хар мод /шинэс/ бэлтгэн Б.Баярболдын эзэмшлийн 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар тээвэрлэж ойн санд 264.352 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн явцыг бэхжүүлсэн фото зурагнууд,

Хохирогч Б.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ойн санд учруулсан хохирол болох шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлын мөнгөн дүнг нэхэмжилмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг

Гэрч Г.Галбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед хадам ээж Ш.Лхагва нь миний 98982851 дугаарын утас руу залгаад манай өвөлжөө буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Урд шивэртийн эх Ар эрээн” гэдэг газраас ЗИЛ-131 маркийн машинтай хүмүүс мод бэлтгэж ачаад явлаа гэж хэлэхээр нь сумын төвөөс замыг нь тосоод явж байтал 12-45 СЭҮ гэсэн улсын дугаартай 4 метрийн хэрэглээний мод ачсан ЗИЛ-131 маркийн машинтай үл таних 4 залуу явж байхаар нь зогсоогоод хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад Шивэртий гэх газраас мод бэлтгэсэн гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Дараа нь би өвөлжөөн дээрээ очоод тухайн үед мод бэлтгэсэн гэх газрыг үзэхэд ЗИЛ-131 машины мөр ой мод руу орсон шинэ мөр байсан. Уг мод бэлтгэсэн газар буюу Баян-Улаан багийн “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газарт мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл болон тусгаарлалт хийгдээгүй газар. Уг газрыг нутгийн иргэд нөхөрлөл болон хамгаалдаг байсан. Уг газраас хичнээн хэмжээний мод бэлтгэснийг мэдэхгүй байна. Хадам ээжийн хэлснээр 2 өдөр дарааллан мод ачиж явсан гэсэн. Тухайн газарт мод бэлтгэснийг нь Г.Мягмаржаргал гэдэг хүн хараад хадам ээжид хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 5 дугаар сард хаваржаандаа буюу Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Байцын хотгор” гэх газарт нутаглаж байхад манайхтай айл байсан Г.Мягмаржаргал гэх хүү хонинд явж ирээд танай өвөлжөөний дээрээс буюу Баян-Улаан багийн “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газарт ЗИЛ-131 машинтай хүмүүс мод бэлтгэж ачаад явлаа гэж хэлсэн. Тэгтэл  маргааш нь дахиад ЗИЛ-131 машинтай хүмүүс ирээд тухайн газраас мод бэлтгэж ачаад явлаа гэхээр нь би хүү Г.Галбаярт утсаар залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,   

 Гэрч Г.Мягмаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газарт үхрээ хайгаад явж байтал модон дотор бор ногоон өнгийн чиргүүлтэй ЗИЛ-131 маркийн автомашинтай хүмүүс мод бэлтгэж байсан. Гэртээ ирсэн чинь Ш.Лхагваа эгч моторт хөрөөний дуу гараад байх юм хаана мод хийж байна гэж асуухаар нь тус газар мод бэлтгэж байсныг нь хэлсэн. Тэр мод бэлтгэж байсан газар нь Ш.Лхагваа эгч болон Г.Галбаяр хоёрын өвөлжөө байдаг юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Сольжирохын Булууны ар” гэх газар мод бэлтгэх талбай авч тусгаарлалт хийлгүүлсэн. Эдгээр хүмүүс тусгаарлалт хийгдээгүй талбайгаас мод бэлтгэн ирж уг асуудалд холбогдсон. Уг модыг бэлтгэсэн өдрийн өглөө тусгаарлалт хийгдсэн талбайд хүрч чадахгүй буцаж байна гэж Б.Баярболд мэдэгдсэн. Уг тусгаарлалт хийсэн талбай руу явахад Урд шивэртээр дайрахгүй. ...Б.Баярболд утсаар залгаад “мод бэлтгээд ирж байтал танихгүй хүн ирчихээд явуулахгүй байна” гэхээр нь очиход Б.Баярболд, Х.Пүрэвтөр, П.Амгаланбаатар, Д.Алтанхуяг нар нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас биш өөр газраас мод бэлтгээд ирсэн нь Г.Галбаяр болон бусад хүмүүсийн ярианаас тодорхой байсан. Цагдаа ирж мод болон машиныг журамласан. Би Б.Баярболд, Х.Пүрэвтөр, П.Амгаланбаатар, Д.Алтанхуяг нарыг мод бэлтгэхээр явуулахдаа компаний тусгаарлалт хийгдсэн талбайгаас мод бэлтгэж ирэх үүргийг өгсөн. Тоо хэмжээг нь мэдэхгүй байна. ЗИЛ-131 машины 1 тэвш мод байсан. Ачсан мод нь унасан мод байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн “Сольжирохын Булуу” гэх газарт 5 га талбайд мод бэлтгэхээр “Товгорын нуруу” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тусгаарлалт хийлгүүлсэн. Уг талбайгаас хэрэглээний мод 91.2 м3, 25,6 м3 хэмжээтэй галын мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон ба 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тусгаарлалтын талбайгаас 7 м3 хэмжээний хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар тээвэрлүүлэхээр Ж.Гансүхэд өгсөн. “Товгорын нуруу” ХХК нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсан ...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Ө.Чинсэтгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.Баярболд болон түүнтэй хамт явсан хүмүүс нь мод бэлтгэх эрхийн бичгийг хуулийн дагуу авсан байсан боловч эрхийн бичигт заагдсан газраас мод бэлтгэхгүйгээр өөр газраас мод бэлтгэсэн үйлдэл нь мод бэлтгэлийн журам технологийн горим зөрчсөн гэж дүгнэлтийг гаргасан...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч П.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтанхуяг, Б.Баярболд, Х.Пүрэвтөр бид дөрөв Б.Баярболдын эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 12-45 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Сольжирох” гэх газраас мод бэлтгэхээр явсан боловч зам намаг, шавар ихтэй байсан тул очих газраа очиж чадаагүй. Тосонцэнгэл сум руу буцаад явж байтал ой руу автомашин орсон шинэ зам байхаар яваад очтол мод бэлтгэсэн газар байсан. Бид дөрөв хоосон буцаж байхаар ядаж шатахууны зардал хийе гээд тэр ойд газарт булгарч унасан моднуудаас 4 метрийн урттайгаар 52 ширхэг мод бэлтгэж, автомашинд ачаад Тосонцэнгэл сум руу явсан. Тухайн үед бид нар мод бэлтгэх эрхийн бичигтэй явж байсан ч тухайн мод бэлтгэсэн газраас мод бэлтгэх эрхийн бичиг байсан эсэхийг би мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Д.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Х.Пүрэвтөр, Б.Баярболд, П.Амгаланбаатар бид дөрөв Б.Баярболдын эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 12-45 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэхээр явсан. Шавар ихтэй байсан болохоор очих газраа очих боломжгүй болсон. Сумын төв рүү буцаад явах замд ой руу орсон шинэ зам байхаар нь орж бид дөрөв 4 метрийн урттай, 52 ширхэг мод бэлтгэсэн ...” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Х.Пүрэвтөрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтанхуяг, Б.Баярболд, П.Амгаланбаатар бид дөрөв Б.Баярболдын эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 12-45 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Сольжирохын Булуу” гэх газраас мод бэлтгэхээр явсан. Шавар, намаг ихтэй байсан болохоор тусгаарлалт хийсэн талбайд очиж чадалгүй буцаж явтал замд ой руу автомашин орсон мөр байхаар нь бид хэд хоорондоо шатахууны зардал хийх мод хийе гэж ярьж тохиролцоод тэр ойгоос газарт үндсээрээ булгарч унасан модноос 52 ширхэг, 4 метрийн урттай мод тайрч ачаад Тосонцэнгэл сум руу явж байтал замд мотоциклтой нэг хүн таарсан. Тэр хүн та нар манай өвөлжөөний хажуу талаас мод хийсэн байна яагаад тэндээс мод хийж байгаа юм бэ? гэсэн. Д.Алтанхуяг, Б.Баярболд, П.Амгаланбаатар бид дөрөв тухайн модыг бэлтгэж, автомашинд ачиж тээвэрлэсэн. Цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөөг ашиглан мод бэлтгэсэн. Тэр хөрөө нь Б.Баярболдын эзэмшлийн хөрөө...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Баярболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө “Товгорын нуруу” ХХК-аас мод хийх эрхийн бичиг аваад Х.Пүрэвтөр, П.Амгаланбаатар, Д.Алтанхуяг бид дөрөв “Товгорын нуруу”  ХХК-ны тусгаарлалт хийсэн гэх “Сольжирохын Булуу” гэдэг газар луу мод хийхээр явсан. Тэгтэл тусгаарлалт хийсэн газар шавар ихтэй байсан учраас очиж чадалгүй буцсан. Бид нар буцаж явж байгаад хүний бензин хий үрж байхаар өөр газраас мод хийгээд бензиний мөнгө болгоё гэж бодоод “Шивэртийн ам” гэх газар луу орж 52 ширхэг 4 метрийн урттай мод бэлтгэсэн. Модоо ачаад явж байтал замд нэг мотоциклтой хүн таарсан. Тэр хүн та нар манай өвөлжөөний хажуу талаас мод бэлтгэсэн байна гэсэн. Тэр газраас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Д.Алтанхуяг, Х.Пүрэвтөр, П.Амгаланбаатар бид дөрөв тухайн модыг бүгд адилхан хөрөөдөж, цагаалаад миний машинд ачсан. Миний цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөөг ашиглан мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгүүд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай “...Б.Баярболд нь Ойн тухай хууль тогтоомж зөрчөөгүй, харин мод бэлтгэлийн технологийн горим зөрчсөн байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 39000 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин 70200-аар бодож 3,7657 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 264352 төгрөг болж байна. Ойгоос 3,7657 метр куб /хуурай, шатсан шинэс/ бэлтгэж, тээвэрлэсэн байна. Мод бэлтгэсэн Баян-Улаан багийн нутаг “Хойд шивэртийн эх Ар эрээн” гэдэг газар нь ойн сангийн 2 дугаар мужид хамрагдана...” гэсэн шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газраас зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр Б.Баярболдын эзэмшлийн 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ойгоос 4 метрийн урттай 52 ширхэг, 3,7657м3 куб хэрэглээний хар мод /шинэс/ бэлтгэсэн үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарын зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай, 52 ширхэг, 3,7657м3 куб хэрэглээний хар мод /шинэс/ бэлтгэж, ойн санд 264352 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх бөгөөд Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хас банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлнө.” гэж заасан байх тул 4 метрийн урттай 52 ширхэг 3,7657м3 куб хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 264352 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 793056 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Баярболд нь 528704 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн 100090400952 тоот дансанд төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Иймд үлдэгдэл 264352 төгрөгийг шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нараас гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Баярболдын эзэмшлийн 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн бор ногоон өнгөтэй автомашин мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 52 ширхэг 3,7657м3 куб хэрэглээний мод зэргийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт ББ, Бовогт ХП нарыг ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарт тус бүр оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарт тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус  бүрийг 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг тэдний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтнууд нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нараас 264.352 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100090400952 тоот дансанд оруулсугай.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт  заасныг журамлан мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Баярболдын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн бор ногоон өнгөтэй ачааны автомашин, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 52 ширхэг 3,7657м3 куб хэрэглээний мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 150.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ӨЛЗИЙХИШИГ